3.1.1.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж хэрэглэснээр хүний төв мэдрэлийн тогтолцоог сэргээх, эсхүл дарангуйлах нөлөө үзүүлж, хөдөлгөөн, сэтгэхүй, мэдрэхүй, зан үйлд өөрчлөлт үүсгэх, бие махбод болон сэтгэцийн хамаарал үүсгэх үйлчилгээтэй, хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу Монгол Улсад төрийн хяналтад байлгахаар тогтоосон нийлэгжүүлсэн болон байгалийн гаралтай бодис, түүнийг агуулсан эм, эмийн түүхий эд, бүх төрлийн бодис, бүтээгдэхүүн, эд, зүйл, материал, ургамлыг;
3.1.2.“мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамал, мөөг, мод, бут, тэдгээрийн үндэс, иш, навч, цэцэг, үрийг;
3.1.3.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын угтвар бодис” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэхэд ашигладаг, эсхүл түүний молекул бүтцэд ордог, эсхүл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын угтвар бодис гэж олон улсын гэрээнд заасан байгалийн болон нийлэг гаралтай бодисыг;
3.1.4.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт" гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хилээр нэвтрүүлэх, импортлох, экспортлох, реэкспортлох, худалдах, худалдан авах, олгох, тээвэрлэх, илгээх, хадгалах, хэрэглэх, ашиглах, устгах, олж авах, бусдад өгөх, бусдад болон өөртөө хэрэглэх, бусдад хэрэглүүлэх, дамжуулах, түүгээр үйлчлэх, эдгээрт зуучлах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал тарималжуулах, түүх болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох аливаа үйл ажиллагааг;
3.1.5.“мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал тарималжуулах” гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын үр хөрсөнд суулгах, соёолуулах, ургах нөхцөлийг бүрдүүлэх, үржүүлэх, ургуулах гэх зэрэг тарихтай холбогдсон аливаа үйл ажиллагааг;
3.1.6.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх” гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг түүх, тарих, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулах, гадны хольцоос цэвэрлэх, ангижруулах, бодисоос шинэ төрлийн бодис ялгаж авах, бодис ашиглан өөр төрлийн бодис гаргаж авах, бодисын тун, орц, найрлагыг нэмэгдүүлэх, хувирган өөрчлөх, багасгах, бодис агуулсан бүтээгдэхүүн, түүхий эд гаргаж авах, боловсруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эд найруулах, гаргаж авах аливаа үйлдлийг;
3.1.7.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх” гэж үйлдвэрлэлийн дамжлага, зориулалтын тоног төхөөрөмж ашиглан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис бий болгох, бэлтгэх, боловсруулах үйл ажиллагааг;
3.1.8.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис реэкспортлох” гэж гадаад улсад үйлдвэрлэсэн бөгөөд Монгол Улсад нэмэлт боловсруулалт хийгээгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гаалийн горимын дагуу хилийн чанадад буцаан гаргахыг;
3.1.9.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдах” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаанд гаргах, ханган нийлүүлэх, борлуулах, арилжих, солилцох, үүргийн гүйцэтгэлд тооцож бусдад өгөх, түгээх, хүргэх зэргээр хариу төлбөртэйгөөр бусдад шилжүүлэхийг;
3.1.10.“мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм” гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан жагсаалтад орсон бодис агуулсан эмийг;
3.1.11.“мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх” гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг эмчилгээ, үйлчилгээ, яаралтай тусламжийн үед өвчтөнд хэрэглэхийг;
3.1.12.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд хүлээн авахыг;
3.1.13.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад өгөх” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдахаас бусад арга, хэлбэрээр бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэхийг;
3.1.14.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад хэрэглүүлэх” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад хэрэглэхийг санал болгох, хэрэглэхэд туслах, дэмжих, аргыг нь заах, заавар өгөх, худалдан авч өгөх, мэдсээр байж эс хориглох, хууран мэхлэх, худал мэдээлэл өгөх, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон бусад байдлаар бусад этгээд тухайн бодисыг хэрэглэхэд хүргэх болон хүргэсэн нөхцөл байдал бүхий үйлдэл, эс үйлдэхүйг;
3.1.15.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад хэрэглэх” гэж бусад этгээд өөрөө хэрэглэх чадваргүй, боломжгүй, мэдэхгүй, хүсэхгүй байхад нь өөрийн болон гуравдагч этгээдийн үйлдлээр хүнийг мансууруулах, мансуурах нөхцөл байдалд хүргэх үйлдэл, эс үйлдэхүйг;
3.1.16.“урвуулан хэрэглэх” гэж зориулалтын бусаар, зүй бус хэлбэрээр, эмнэлзүйн заалт, эмчилгээний аргачлал, хэрэглээний журмыг зөрчин, тун хэмжээг хэтрүүлэн хэрэглэж мансуурахыг;
3.1.17.“эм” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.1, эсхүл Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 4.1.1-д заасныг;
3.1.18.“эмийн түүхий эд” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.36-д заасныг.
3.1.19.“эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага” гэж хуульд заасан зөвшөөрөл бүхий, хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг.