4.1.1. .“дата төв” гэж өгөгдлийг боловсруулах, дамжуулах, солилцох, хадгалах, нөөцлөх үүрэг гүйцэтгэж байгаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж болон тэдгээрийг байрлуулах физик болон виртуал дэд бүтэц бүхий барилга байгууламжийн стандарт шаардлага хангасан орон зайг;
4.1.2. “дата төвийн үйлчилгээ үзүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.1-д заасан үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг;
4.1.3. “гадаадын дата төв” гэж энэ хуульд заасан тусгай дэглэм үйлчлэх энэ хуулийн 4.1.1-д заасан дата төвийг;
4.1.4. “гадаадын дата төвийн үйлчилгээ үзүүлэгч” гэж гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж энэ хуулийн 4.1.2-т заасан үйлчилгээ үзүүлэхээр энэ хуулийн 13.12-т заасан гэрээ байгуулсан этгээдийг;
4.1.5. “мета өгөгдөл” гэж өгөгдлийн эх сурвалж, бүтэц, агуулга, үүсгэсэн болон өөрчлөлт, шинэчлэлтийн огноо, гарал үүслийн бүртгэл, өгөгдлийн эзэмшигч, ашиглах нөхцөл зэргийг тодорхойлсон тайлбарыг;
4.1.6. “нээлттэй өгөгдөл” гэж машин унших боломжтой хэлбэрээр түгээгдсэн хэсэгчилж авах боломжтой бүтэцлэгдсэн нийтийн мэдээллийг;
4.1.7. “өгөгдөл” гэж хүн, хуулийн этгээд, эд зүйл, үйл явдал, үйл ажиллагаатай холбоотой баримт, шинж чанар, төлөв байдлыг цахим системд боловсруулах, дамжуулах, хадгалахад зориулан бичвэр, тэмдэгт, тоо, дүрс, дуу авиа болон бусад хэлбэрээр илэрхийлсэн техникийн дүрслэлийг;
4.1.8. “өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн” гэж өгөгдлийг нэгтгэх, ангилах, дүн шинжилгээ хийх болон бусад аргаар боловсруулсан, тодорхой хэрэглээ, үнэ цэн бүхий, ашиглах, солилцох, түгээх, дахин ашиглах боломжтой мэдээллийг;
4.1.9. “өгөгдлийн дэд бүтэц” гэж өгөгдөл, мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох зориулалт бүхий техник, программ хангамж, мэдээллийн сүлжээ, мэдээллийн системийн цогцыг;
4.1.10. “өгөгдлийн каталог” гэж өгөгдлийн бүрдэл, мета өгөгдөл, эх сурвалж, эзэмшигч, хариуцагч, ангилал, чанарын үзүүлэлт, гарал үүслийн бүртгэл, ашиглах нөхцөл, хандах эрх, хэрэглээний программчлалын интерфейс холболтын мэдээллийг нэгтгэн хадгалах, хайлт хийх боломж бүхий системийг;
4.1.11. “өгөгдлийн сан” гэж мета-өгөгдөл, хандалтын хязгаарлалт, солилцох болон дахин ашиглах боломжийг хамарсан цогц өгөгдлийг;
4.1.12. “өгөгдлийн эзэн” гэж тухайн өгөгдлийг анх үүсгэсэн, эсхүл хууль болон гэрээний үндсэн дээр хувийн бус өгөгдлийг өмчлөх, захиран зарцуулах эрхийг шилжүүлж авсан этгээдийг;
4.1.13. “өгөгдөл эзэмшигч” гэж өгөгдлийн эзнээс олгосон зөвшөөрөл, эсхүл хуульд заасан чиг үүргийн дагуу өгөгдлийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрх бүхий этгээдийг;
4.1.14. “өгөгдөл хариуцагч” гэж хууль, гэрээ, эрх бүхий этгээдийн шийдвэр, эсхүл хууль ёсны бусад үндэслэлээр өгөгдлийн харилцааны зорилго, нөхцөл, шаардлагыг тодорхойлж, түүний хууль ёсны байдал, аюулгүй байдал, чанар болон өгөгдлийн эргэлтийн хэрэгжилтийг бие даан, эсхүл бусадтай хамтран зохион байгуулж байгаа этгээдийг;
4.1.15. “өгөгдөл хэрэглэгч” гэж хуульд заасан үндэслэл, нөхцөлийн дагуу өгөгдлийг ашиглаж байгаа этгээдийг;
4.1.16. “өгөгдөл боловсруулагч” гэж өгөгдөлд дүн шинжилгээ хийх, системчилсэн хэлбэрт оруулж байгаа эрх бүхий этгээдийг;
4.1.17. “өгөгдөл нийлүүлэгч” гэж өгөгдлийг өгөгдлийн хэрэглэгч, өгөгдлийн дэд бүтцэд нийлүүлж байгаа энэ хуулийн 4.1.12, 4.1.13, 4.1.14, 4.1.16-д заасан этгээдийг;
4.1.18. “өгөгдөл зуучлагч” гэж хүн, хуулийн этгээдээс өгөгдлийг өгөгдөл хэрэглэгчид хүргэх шаардлага хангасан этгээдийг;
4.1.19. “өгөгдөл зуучлалын үйлчилгээ” гэж өгөгдөл эзэмшигч болон өгөгдөл хэрэглэгч талуудын хооронд хууль зүйн болон техникийн харилцан хамаарал тогтоох замаар өгөгдлийг хамтран ашиглах, солилцох, нэгтгэх боломжийг олгож байгаа, өгөгдөл хэрэглэгчээс хараат бус дижитал платформ болон техникийн дэд бүтцийн үйлчилгээг;
4.1.20. “хэрэглээний програмчлалын интерфейс” гэж мэдээллийн систем, програм хангамж хооронд өгөгдлийг автоматаар, тасралтгүй солилцох, харилцан ажиллагааг хангах зориулалттай цахим холболтын шийдлийг.