Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2026 оны 9-р сарын 30 өдөр
Ulaanbaatar city
"ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Монголбанкнаас ирүүлсэн санал
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙН 7 ДАХЬ ЗААЛТ, ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛИЙН 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.
2. Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай:
1/. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захын арилжааг хөгжүүлж, өгөөжийн муруйг бий болгох, хөрөнгийн захын хөгжлийг дэмжих, төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний Засгийн газрын дунд, урт хугацаатай тусгай үнэт цаас гаргаж Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөх;
2/. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдлаас үүдэлтэй үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор факторинг, худалдааны санхүүжилт, агуулахын бичгийн санхүүжилт зэрэг зах зээлийн зарчимд тулгуурласан нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг оролцогч талуудад ил тод бүртгэлжүүлэн оновчтой зохион байгуулах
3/. Уул уурхайн компаниудаас улсын төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) болон Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг дотоодын зах зээлд төгрөгт хөрвүүлэхгүйгээр Монголбанк дахь Засгийн газрын гадаад валютын дансанд шууд төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4/. Монголбанк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн биржийн бүртгэл, арилжааны дэд бүтцийг холбож, Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захын арилжааг идэвхжүүлэх замаар төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруйг бүрдүүлэх;
5/. Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газарт бүрэн шилжүүлэн авах;
6/. Гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээг олон улсын аргачлалын дагуу үнэлж, нөөцийн аюулгүй байдлыг хангах, улсын зээлжих зэрэглэлийг баталгаажуулах, нэмэгдүүлэхэд чиглэсэн макро эдийн засгийн бодлогын уялдааг хангах;
7/. Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль болон эдгээртэй холбогдуулан боловсруулах бусад хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Актив удирдлагын компанийн тухай анхдагч хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
3. Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанк /С.Наранцогт/, Санхүүгийн зохицуулах хороо /Т.Жамбаажамц/-нд даалгасугай:
1/. Төв банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлж, хараат бус байдал, засаглал, хариуцлага, ил тод байдал болон макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын институцийн тогтолцоог тодорхой болгох зохицуулалтыг тусгасан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн саналыг боловсруулж, хууль санаачлагчид уламжлах;
2/. Төв банк төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэх болон хэрэгжүүлэхийг хориглосон эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулан хууль санаачлагчид уламжлах, орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлэх;
3/. Банкны чанаргүй активыг шийдвэрлэх хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор актив удирдлагын тогтолцооны зориулалт, өмчлөл, засаглал, тусгай эрх, хяналт болон үйл ажиллагааг дуусгавар болгох нөхцөлийг олон улсын сайн туршлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулж, хууль санаачлагчид уламжлах;
4/. Хууль сахиулах байгууллага, банк, банк бус санхүүгийн байгууллага болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээлэл солилцох шуурхай тогтолцоог бүрдүүлж, санхүүгийн цахим залиланг илрүүлэх, сэжигтэй гүйлгээг түр саатуулах, хохирол даамжирч, эрсдэл тархахаас урьдчилан сэргийлэх нэгдсэн цахим системийг хөгжүүлэн, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулж, хууль санаачлагчид уламжлах;
5/. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмж, үр дүнтэй байдлын 11 шууд хэрэгжилтийн шалгуурын дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоог үнэлж, Үндэсний эрсдэлийн үнэлгээг шинэчилж, илэрсэн эрсдэл, дутагдлыг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, ФАТФ-ын харилцан үнэлгээнд бэлтгэх;
6/. Иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлт, өрийн дарамтаас үүдэх санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг хязгаарлах зорилгоор өр, орлогын харьцааны хязгаар тооцох аргачлал, мэдээллийн эх үүсвэр болон тайлагналын шаардлагыг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагын хүрээнд нэгдмэл байдлаар тогтоож, мөрдүүлэх.
4. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Заяабал/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

S. Tegshjargal

. Монголбанк

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх