4.1.1. “алдагдлаас хамгаалах сан” гэж тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанаас үүсч болзошгүй санхүүгийн алдагдлыг шингээх, даатгагчийн төлбөрийн чадвар болон даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүрдүүлсэн нөөц санг;
4.1.2. “босго үзүүлэлт” гэж даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор тогтоосон, индексийн утгын өөрчлөлтөөс хамааран нөхөн төлбөрийг хувь тэнцүүлсэн эсхүл шаталсан байдлаар олгох түвшнийг;
4.1.3. “давхар даатгалын компани” гэж Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компанийг;
4.1.4. “даатгалын нэгж” гэж даатгагч, даатгуулагч нар харилцан тохирч гэрээнд заасан индексжүүлсэн даатгалд хамруулах таримлын төрөл, талбайн хэмжээ, байршил, тариалангийн бүс дэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, талбар, даатгалын хугацаагаар тодорхойлогдох, даатгалын үнэлгээ тогтоох суурь нэгжийг;
4.1.5. “даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн төлбөрийг;
4.1.6. “даатгалын тохиолдол” гэж тариалангийн индексийн үзүүлэлт нь энэ хууль болон даатгалын гэрээнд заасан босго нөхцөлийг хангасан байдлыг;
4.1.7. “даатгалын үнэлгээ” гэж даатгуулагчийн сонгосон даатгалын нэгжид ногдох бөгөөд даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох суурь үзүүлэлт болох мөнгөн дүнг;
4.1.8. “даатгалын хамрах хугацаа” гэж даатгалд хамрагдах тухайн төрлийн таримлын тариалалтаас ургац хураалт хүртэлх хугацаа болон Засгийн газраас тогтоосон бусад хугацааг;
4.1.9. “индекс” гэж хур тунадас, температур, хөрсний чийг, гангийн индекс, тариалангийн бүс дэх ургацын сумын дундаж индекс зэрэг тариалангийн эрсдэлийг төлөөлөх статистик үзүүлэлтийг;
4.1.10. “нөхөн төлбөрийн хүснэгт” гэж индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг тооцох зорилгоор индексийн босго, өөрчлөлтийн түвшин бүрд харгалзах нөхөн төлбөрийн хувь, хэмжээ, дээд хязгаар, шаталсан болон хэсэгчлэн олгох нөхцөлийг урьдчилан тогтоосон хүснэгтэн илэрхийллийг;
4.1.11. “суурь зөрүү” гэж индексийн үзүүлэлт болон даатгуулагчид бодитоор учирсан хохирол хооронд бүрэн нийцэл үүсэхгүй байх эрсдэлийг;
4.1.12. “тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа” гэж даатгуулагчид учирсан бодит хохирлоор бус, даатгалын хамрах хугацаанд тухайн нэгжид тооцогдох индексийн үзүүлэлт босго хэмжээнээс давсан тохиолдолд нөхөн төлбөр олгох даатгалын үйл ажиллагааг;
4.1.13. “хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт” гэж индексийн мэдээлэл, холбогдох өгөгдлийг цуглуулах, хэмжих, түүнд үндэслэн тооцоолол хийж тайлагнах, итгэмжлэгдсэн хараат бус хянан баталгаажуулагчийн дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр даатгуулагч болон олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааны цогцыг;
4.1.14. “хамтын эрсдэлийн сан” гэж Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 4.1.13, 26 дугаар зүйлд заасан санг;
4.1.15. “эрсдэлийн дунд түвшин” гэж энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан хоёрдугаар босго хүртэлх, даатгагч хамтын эрсдэлийн сангаар хариуцах эрсдэлийн түвшнийг;
4.1.16. “эрсдэлийн дээд түвшин” гэж хоёрдугаар босгоос давсан, давхар даатгалын компани болон түүний сан, давхар даатгалаар хариуцах эрсдэлийн түвшнийг.