Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11-р сарын 10 өдөр
Ulaanbaatar city
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Авлигын эсрэг хууль , Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаанд үйлчилнэ.
3.2. Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:
3.2.1. гүйцэтгэх ажил явуулах байгууллага, ажилтны Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу олж авсан мэдээлэл;
3.2.2. Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээлэл.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “шүгэл үлээх” гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөх /цаашид “мэдээлэл өгөх” гэх/-ийг;
4.1.2. “шүгэл үлээгч” гэж энэ хуулийн 4.1.1-д заасны дагуу шүгэл үлээсэн хүн, хуулийн этгээдийг;
4.1.3. “хамгаалалтын арга хэмжээ” гэж Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан болон энэ хуульд заасан арга хэмжээг;
4.1.4. “хамаарал бүхий этгээд” гэж Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5.3-т заасныг;
4.1.5. “даруй” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.7-д заасныг;
4.1.6. “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг;
4.1.7. “хүнийг тодорхойлох боломжгүй болгох” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.14-т заасныг;
4.1.8. “орлого” гэж шүгэл үлээсний үр дүнд улсын төсөвт оруулсан орлогыг;
4.1.9. “гүйцэтгэх ажил явуулах байгууллага” гэж Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгууллагыг.
5 дугаар зүйл. Шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1. Шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1. хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
5.1.2. нууцлалыг хамгаалах;
5.1.3. хамтран ажиллах;
5.1.4. хүртээмжтэй, байнгын сүлжээг бий болгох;
5.1.5. нийтийн ашиг сонирхлын төлөө оруулж байгаа шүгэл үлээгчийн хувь нэмрийг даруй үнэлэх, урамшуулах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ
6 дугаар зүйл. Шүгэл үлээж мэдээлэл өгөх
6.1. Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж, мэдээллийг монгол хэл, өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл дээр бичгээр өгнө. Бичгээр өгөх мэдээлэл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна.
6.2. Энэ хуулийн 6.1-д заасан мэдээлэлд дараах зүйлийг дурдсан байна:
6.2.1. нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй үйлдэл, эс үйлдэхгүйг гаргаж байгаа этгээдийн нэр, албан тушаал;
6.2.2. нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн тухай тайлбар, түүнд холбогдох баримт;
6.2.3. шүгэл үлээгчийн холбоо барих мэдээлэл.
6.3. Шүгэл үлээгч нь мэдээллийг амаар гаргаж болох бөгөөд амаар гаргасан мэдээллийг хүлээн авсан этгээд, эсхүл эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл хөтөлж, боломжтой тохиолдолд тэмдэглэлд мэдээлэл өгсөн хүний гарын үсгийг зуруулна. Мэдээллийг амаар гаргахдаа энэ хуулийн 6.2.2-т заасан баримтыг гаргаж өгнө.
6.4. Шүгэл үлээгч нь мэдээлэл өгөхдөө энэ хуулийн 6.2.3-т заасан өөрийн мэдээллийг нууцлах эсэх талаар тодорхой дурдсан байна.
6.5. Шүгэл үлээгч нь энэ хуулийн 6.2.3-т заасан өөрийн мэдээллийг ил болгохгүйгээр түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан өөрийн нэрийн өмнөөс нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж мэдээлэл өгч болно.
6.6. Энэ хуулийн 6.5-д заасан тохиолдолд түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь өөрийн эцэг, эхийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарын мэдээллийг шүгэл үлээгчийн нэрийн өмнөөс шүгэл үлээх мэдээлэлд дурдсан байна.
6.7. Шүгэл үлээгч нь өөрийн мэдээллийг ил болгохгүйгээр нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх болсон үндэслэл, өөрийн хувийн мэдээллийг агуулсан захидлыг шүгэл үлээх мэдээлэлд хавсаргаж болох бөгөөд мэдээлэл болон захидлыг хүлээн авсан байгууллага захидлыг битүүмжлэн хадгална. Шүгэл үлээгчийн зөвшөөрөлгүйгээр захидалд дурдсан мэдээлэлтэй танилцахыг хориглоно.
7 дугаар зүйл. Мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх
7.1. Шүгэл үлээгч энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
7.2. Энэ хуулийн 7.1-д заасан эрх бүхий байгууллагад прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамаарна.
7.3. Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээгчийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
7.4. Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээсэн мэдээлэлтэй холбогдуулан дараах мэдээллийг шүгэл үлээгчээс нэмж тодруулж болно:
7.4.1. энэ хуулийн 6.2.3-т заасан мэдээллийг ирүүлээгүй бол тодруулах;
7.4.2. шүгэл үлээсэн мэдээлэл нь нийтийн ашиг сонирхлын төлөө гэж үзэх үндэслэл, тайлбар.
7.5. Эрх бүхий байгууллагууд нь шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авах, хяналт шалгалт явуулах, нууцлалыг хангах нэгжтэй байх, мөн мэдээллийг хүлээн авах өөрсдийн нэгдсэн мэдээллийн хэрэгслийг ажиллуулж болно.
8 дугаар зүйл. Мэдээлэлд хяналт шалгалт явуулах, явуулахгүй байх үндэслэл
8.1. Эрх бүхий байгууллага нь мэдээллийн дагуу нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар хяналт шалгалт явуулна.
8.2. Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээсэн мэдээлэлд 30 хоногийн дотор хяналт шалгалт явуулж, шалгалтын үр дүнг шүгэл үлээгчид даруй мэдэгдэх бөгөөд шүгэл үлээгч нь шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд энэ талаар гомдол гаргаж болно.
8.3. Эрх бүхий байгууллага нь дараах тохиолдолд мэдээлэлд хяналт шалгалт явуулахгүй:
8.3.1. илт худал мэдээллээр шүгэл үлээсэн;
8.3.2. өмнө нь шалгуулж, үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар дахин шүгэл үлээсэн;
8.3.3. цахим орчинд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болгосон үйл баримтаас өөр шинэ баримтгүйгээр шүгэл үлээсэн;
8.3.4. шүгэл үлээсэн мэдээллийг хүлээж авахаас өмнө нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл үүсгэсэн үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу хянан шалгах ажиллагаа явуулж эхэлсэн, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.
8.4. Эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 8.3-т заасан үндэслэл байгаа тохиолдолд энэ талаар шүгэл үлээгчид бичгээр мэдэгдэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН БАТАЛГАА
9 дүгээр зүйл. Шүгэл үлээгч эрхээ хэрэгжүүлэх
9.1. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэнтэй холбоотойгоор шүгэл үлээгч, түүний хамаарал бүхий этгээд бусдын өс хонзон, ялгаварлан гадуурхалт, хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн хууль бус үйлдлээс ангид байна.
9.2. Шүгэл үлээгч нь хувийн мэдээллээ бусдад ил болгох зөвшөөрөл олгосон, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд шүгэл үлээгчийн талаарх мэдээллийг тодорхойлох боломжгүй болгож, нууцална.
9.3. Шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг энэ хуулийн 9.2-т зааснаас бусад үндэслэлээр задруулсан гэж үзвэл шүгэл үлээгч нь хуульд заасны дагуу гомдол гаргаж болно.
9.4. Шүгэл үлээгч, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь шүгэл үлээгчийг хамгаалахтай холбоотой энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээ болон хуульд заасан шаардлагатай бусад арга хэмжээг авахыг Авлигатай тэмцэх газар, эсхүл шүгэл үлээсэн мэдээллийг шилжүүлж авсан байгууллагаас шаардаж болно.
9.5. Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсний дараа энэ хуулийн 14.1.6-д заасан хууль зүйн болон сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно.
9.6. Шүгэл үлээгч энэ хуулийн 9.5-д заасан зөвлөгөө авах тухай хүсэлтийг эрх бүхий байгуулагад гаргах бөгөөд хүсэлтийн дагуу шаардлагатай арга хэмжээ авна.
9.7. Шүгэл үлээгч хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө авсан тухай нууцлахыг хүссэн тохиолдолд эрх бүхий байгууллага нууцлалыг хангана.
9.8. Шүгэл үлээгчийн эрхээ хэрэгжүүлэх, түүнд хамгаалалтын арга хэмжээ авахад саад учруулсан аливаа хэлцэл, тохиролцоо, хөдөлмөрийн дотоод журам хүчин төгөлдөр бус байна.
9.9. Шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мэдээлэл өгсөн асуудлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага нь шүгэл үлээсэн асуудлыг мэдээлсэн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
10 дугаар зүйл. Шүгэл үлээгчид хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй үйлдлийг хориглох
10.1. Шүгэл үлээгчид шүгэл үлээсэнтэй холбоотойгоор хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй дараах үйлдлийг хориглоно:
10.1.1. шүгэл үлээсэнтэй холбогдуулан албан тушаалыг нь бууруулах, албан тушаал дэвшүүлэхийг хязгаарлах, сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас халах, ажлаас чөлөөлөгдөхийг шаардах;
10.1.2. өөрийн зөвшөөрөлгүй албан үүргийн хуваарилалтыг өөрчлөх, шилжүүлэх;
10.1.3. цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулах, ажлын үр дүнг үнэлэх болон шагнал, урамшуулал олгоход ялгаварлан гадуурхах;
10.1.4. шүгэл үлээгчийн ажилд хууль бусаар хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын үр дүнг ил болгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох;
10.1.5. бараа, ажил, үйлчилгээний гэрээг цуцлах, шүгэл үлээгчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх захиргааны болон эдийн засгийн бусад арга хэмжээ авах;
10.1.6. шүгэл үлээгчийн ажлын байр, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй бусад үйлдэл, эс үйлдэхүй.
10.2. Шүгэл үлээгч энэ хуулийн 10.1-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзвэл эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно.
10.3. Энэ хуулийн 10.1-д заасан арга хэмжээг авсан байгууллага шийдвэрийн үндэслэлээ нотолно.
10.4. Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шийдвэрийн үндэслэл нь нотлогдоогүй тохиолдолд тухайн байгууллага шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдлийг зогсоож, учруулсан хохирлыг нөхөн төлж энэ талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
11 дүгээр зүйл. Шүгэл үлээгчийг хариуцлагад татахгүй байх
11.1. Төрийн албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн бол төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүвь хүний мэдээллийг хамгаалах хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалт хамаарахгүй.
11.2. Энэ хуулийн 11.1-д зааснаас бусад этгээдийн нийтийн ашиг сонирхлын төлөө өгсөн мэдээлэл түүний ажилтай нь холбоотой байгууллагын болон хувь хүний нууцын мэдээллийг агуулсан бол шүгэл үлээгчийг бусад хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ажил мэргэжлийн хүрээнд нууц хадгалах үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.
11.3. Шүгэл үлээгчийн өгсөн мэдээлэл нь нийтийн ашиг сонирхолд холбогдох хуулиар хамаарахгүй болохыг тогтоосон, бусад хууль тогтоомж зөрчөөгүй бол шүгэл үлээгчийг мэдээлэл өгсөнтэй нь холбогдуулан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хуульд заасан хууль зүйн хариуцлагад татах үндэслэл болохгүй.
12 дугаар зүйл. Хамгаалалтын арга хэмжээ авах
12.1. Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэнтэй холбоотойгоор түүнд болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд халдсан, эсхүл халдаж болзошгүй тохиолдолд энэ хуулийн 7.2-т заасан байгууллагад хамгаалалтын арга хэмжээ авах талаар хүсэлт гаргаж болно.
12.2. Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн талаар шүгэл үлээж мэдээлэл өгсөн шүгэл үлээгчийн хүсэлтийг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 6.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 13.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2.6-д заасны дагуу хамгаалалтын арга хэмжээг авна.
12.3. Шүгэл үлээгч нь өөрийн байгууллагын үйл ажиллагаа нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй талаар байгууллага дотроо шүгэл үлээсэн тохиолдолд тухайн байгууллага шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах арга хэмжээг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу авна.
13 дугаар зүйл. Хамгаалалтын арга хэмжээ авахаас татгалзах
13.1. Дараах тохиолдолд эрх бүхий байгууллага хамгаалалтын арга хэмжээ авахаас татгалзаж болно:
13.1.1. хамгаалуулах хүсэлтийг шүгэл үлээгч, түүнийг төлөөлөх эрх бүий этгээдээс бусад хүн гаргасан;
13.1.2. энэ хуулийн 8.3-т заасан үндэслэл бий болсон;
13.1.3. өмнө нь цуцалсан хамгаалалтын арга хэмжээний талаар дахин хүсэлт гаргасан;
13.1.4. хуульд заасан бусад.
14 дүгээр зүйл. Эрх бүхий байгууллага шүгэл үлээгчийг дэмжих талаар хэрэгжүүлэх арга хэмжээ
14.1. Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээгчийг дэмжихтэй холбоотой дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
14.1.1. Эрх бүхий байгууллага нь шүгэл үлээгчийг дэмжихтэй холбоотой дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
14.1.2. шүгэл үлээсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
14.1.3. шүгэл үлээгч эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалалтын арга хэмжээ зохион байгуулах;
14.1.4. шүгэл үлээгчид урамшуулал, нөхөн төлбөр олгох үндэслэлийг хянаж шийдвэрлэх;
14.1.5. хуулийг сурталчлан таниулах, шүгэл үлээгчийн талаарх сургалт зохион байгуулах;
14.1.6. шүгэл үлээгчид хууль зүйн болон сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах;
14.1.7. хуульд заасан бусад.
15 дугаар зүйл. Дундын мэдээллийн сан бүрдүүлэх
15.1. Эрх бүхий байгууллага нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн мэдээллийг хүлээн авсан, бүртгэсэн, шилжүүлсэн, хянан шалгасан, шүгэл үлээгчид хамгаалалтын арга хэмжээ авсан, цуцалсан, хохирлыг нөхөн төлсөн, мөнгөн урамшуулал олгосон тухай мэдээллийг агуулсан дундын мэдээллийн сантай байна.
15.2. Дундын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, аюулгүй байдлыг хангах журмыг Авлигатай тэмцэх газар, цагдаагийн төв байгууллагын дарга энэ хуулийн 7.2-т заасан эрх бүхий байгууллагуулын саналыг харгалзан хамтран батална.
15.3. Авлигатай тэмцэх газар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн талаарх мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, дараа оны нэгдүгээр улиралд багтаан нийтэд мэдээлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд мөн хугацаанд хүргүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ, НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ
16 дугаар зүйл. Шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал олгох
16.1. Дараах тохиолдолд шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргаж болно:
16.1.1. Авлигын эсрэг хуулийн 33.2-т заасны дагуу улсад хохирол учруулсан этгээдийн эд хөрөнгө, орлогыг хураасан;
16.1.2. хуульд заасны дагуу зохих торгох ял, торгох шийтгэл оногдуулсны дүнд төлөх ёстой байсан төлбөрийг төлүүлсэн.
16.2. Эрх бүхий байгууллага шүгэл үлээгчийн ирүүлсэн өргөдлийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор Мөнгөн урамшууллын зөвлөлөөр өргөдлийг хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
16.3. Мөнгөн урамшууллын зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар батална. Бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл байна.
16.4. Мөнгөн урамшууллын зөвлөл нь энэ хуулийн 16.1-д заасан орлогод хамаарах үнийн дүнг дараах хувь, хэмжээгээр тооцон мөнгөн урамшуулал олгоно:
16.4.1. тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг;
16.4.2. тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг;
16.4.3. хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг;
16.4.4. нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 113 сая төгрөг дээр 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувийг;
16.4.5. хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 173 сая төгрөг дээр 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувийг.
16.5. Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл байна.
16.6. Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллээр шүгэл үлээсэн тохиолдолд энэ хуулийн 16.4-т заасан мөнгөн урамшууллын хэмжээний 50 хувийг тооцож олгоно.
16.7. Эрх бүхий байгууллага мөнгөн урамшуулал олгох эсэх асуудлыг шүгэл үлээгчийн өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж, шүгэл үлээгчид албан бичгээр мэдэгдэнэ.
16.8. Эрх бүхий байгууллага мөнгөн урамшуулал олгох эсэхтэй холбогдуулан нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 16.7-д заасан хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
16.9. Энэ хуулийн 16.8-д заасан нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд холбогдох материал, тайлбар ирүүлэхийг мөнгөн урамшуулал хүссэн өргөдөл гаргагч, лавлагаа, тодорхойлолт гаргах эрх бүхий этгээд, холбогдох байгууллагаас хүсэж болно. Мөнгөн урамшуулал авахыг хүссэн өргөдөл гаргагч, лавлагаа, тодорхойлолт гаргах эрх бүхий этгээд, холбогдох байгууллага энэхүү хүсэлтийг хангах үүрэгтэй.
16.10. Энэ хуульд заасны дагуу шүгэл үлээгчид мөнгөн шагнал олгоогүй тохиолдолд шүгэл үлээгч энэ талаар эрх бүхий байгууллага, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.
16.11. Нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй үйлдлийн талаар шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал олгохтой холбогдсон журмыг Мөнгөн урамшууллын зөвлөл батална.
17 дугаар зүйл. Мөнгөн шагнал, урамшууллыг буцаан авах, хасаж тооцох
17.1. Шүгэл үлээгч энэ хуульд заасантай адил үндэслэл, шалтгаанаар бусад хууль тогтоомжийн дагуу мөнгөн урамшуулал авсан тохиолдолд Мөнгөн урамшууллын зөвлөл уг авсан хэмжээгээр мөнгөн урамшууллын мөнгөн дүнгээс хасаж тооцно.
17.2. Эрх бүхий байгууллага дараах тохиолдолд олгосон мөнгөн урамшууллыг буцаан авах талаар шүгэл үлээгчид мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээс хойш гурван сарын дотор шүгэл үлээгч нь мөнгөн урамшууллыг буцааж өгнө:
17.2.1. мөнгөн урамшууллыг хуурамч баримт бичиг бүрдүүлж, эсхүл үндэслэлгүйгээр олж авсан;
17.2.2. энэ хуулийн 16 дугаар зүйлд заасныг зөрчиж мөнгөн урамшуулал олгосон;
17.2.3. мөнгөн урамшууллын дүнг буруу тооцож олгосон.
17.3. Шүгэл үлээгч энэ хуулийн 17.2-т заасан хугацаанд мөнгөн урамшууллыг буцааж өгөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага энэ асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлж болно.
18 дугаар зүйл. Шүгэл үлээгчид нөхөн төлбөр олгох
18.1. Шүгэл үлээгч, түүний хамаарал бүхий этгээдэд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалтын арга хэмжээ авахад гарах зардлыг холбогдох хуульд заасны дагуу зохицуулна.
18.2. Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдэд хамгаалалтын арга хэмжээ авснаас гадна болон хамгаалалтын арга хэмжээ аваагүйн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр авах хүсэлтээ доор дурдсан үндэслэлээр гаргаж болно:
18.2.1. шүгэл үлээсэнтэй холбогдуулан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого илтэд буурсан;
18.2.2. тухайн гэмт хэргийн хохирогч болж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
19 дүгээр зүйл. Санхүүжилт
19.1. Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр үйлдсэн гэмт хэрэг, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг энэ хуульд заасны дагуу хамгаалалтын арга хэмжээ авах, мөнгөн урамшуулал олгоход зориулан тухайн байгууллагын дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.
19.2. Энэ хуулийн 19.1-д заасан тухайн жилийн төсвөөс мөнгөн урамшууллыг олгох боломжгүй тохиолдолд дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.
20 дугаар зүйл. Хориглох зүйл
20.1. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээхэд саад хийх, шүгэл үлээгчийг мэдээллээ татаж авахыг хүчээр тулгахыг хориглоно.
20.2. Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан мөнгөн урамшууллыг адил үндэслэлээр бусад хууль тогтоомжийн дагуу давхардуулан олгохыг хориглоно.
20.3. Шүгэл үлээгч нь өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал олж авах, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах зорилгоор шүгэл үлээхийг хориглоно.
20.4. Дараах тохиолдолд шүгэл үлээгчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ:
20.4.1. мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан;
20.4.2. өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал бий болгох зорилгоор шүгэл үлээсэн, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан.
21 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
21.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
21.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
22.1. Энэ хуулийг 2022 оны .. дугаар сарын … өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Хэлэлцэх эсэх -Нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлт
9. Хэлэлцэх эсэх -Олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналын нэгтгэл /МУИХЧХДТХ/

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх