4.1.1. “төмөр замын тээвэр” гэж иргэн, хуулийн этгээдэд төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангахад зориулагдсан дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, бусад байгууламж, тоног төхөөрөмж бүхий тээврийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээний технологийн иж бүрдлийг;
4.1.2. “төмөр замын тээвэрлэлт” гэж ачаа, зорчигчийг явуулах өртөөнөөс хүрэх өртөө хүртэл тээвэрлэх технологит үйл ажиллагааг;
4.1.3. “төмөр замын өртөө” гэж галт тэрэг хүлээн авах, явуулах, зөрүүлэх, зорчигчдод үйлчлэх, ачаа, тээш, ачаан тээшийг хүлээн авах, олгох болон сэлгээний ажлыг тасралтгүй, хэвийн гүйцэтгэх зам, төхөөрөмж, байгууламж бүхий төмөр замын дэд бүтцийн хэсгийг;
4.1.4. “хөдөлгөөний нэгдсэн зурмаг” гэж Монгол Улсын төмөр замын нийт дэд бүтцийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан, зохицуулах төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.5. “дэд бүтэц дэх хөдөлгөөний зурмаг” гэж дэд бүтцийн хүрээнд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг цагийн сүлжээгээр илэрхийлэх төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.6. “галт тэрэг” гэж тээвэрлэлт гүйцэтгэх, сүүлийн дохио бүхий зүтгүүртэй хөдлөх бүрэлдэхүүнийг;
4.1.7. “ачаа” гэж төмөр замын тээвэрт хүлээн авч, бүртгэн түүний хүргэлт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг төмөр замын байгууллага энэ хуулийн хүрээнд хариуцан тээвэрлэх эдлэхүүн, бүтээгдэхүүн, эд зүйлсийг;
4.1.8. “ачаан тээш” гэж ачаа илгээгч тээвэрлэлтийн гэрээний дагуу шуудан, тээшийн вагоноор тээвэрлүүлэх ачааг;
4.1.9. “тээш” гэж вагоноор зорчигчтой хамт тээвэрлэх ачааг;
4.1.10. “аюултай ачаа” гэж тээвэрлэлт, ачилт, буулгалт, хадгалалтын явцад хүний эрүүл мэнд, мал, амьтанд хор хөнөөл учруулах, хүрээлэн буй орчин, тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламжид эвдрэл, гэмтэл үүсгэх, улмаар тэсэрч, дэлбэрэх, шатах шинж чанартай, үхэл, хордлого, түлэгдэлт, өвчин, ослыг үүсгэж болзошгүй химийн бодис, бүтээгдэхүүн, эд зүйлс түүний хаягдлыг;
4.1.11. “төмөр замын дэд бүтэц” гэж төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой, инженерийн байгууламж, өртөө, зөрлөг, салбар зам, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол, холбоо, мэдээлэл, сүлжээний барилга байгууламж, техник, технологийн иж бүрдлийг;
4.1.12. “төмөр замын чиг” гэж техник, эдийн засгийн үндэслэлээр тогтоосон чиглэлийн дагуух төмөр замын шугамыг;
4.1.13. ”төмөр замын шугам” гэж төмөр замын өртөө хоорондын зам болон өртөөн дэх түүний шууд үргэлжлэлийг;
4.1.14. “төмөр замын чиглэл” гэж төмөр замын эхлэх, дайран өнгөрөх, төгсөх цэгийн шугамыг ерөнхийлөн заасныг;
4.1.15. “төмөр замын цариг” гэж төмөр замын хоёр зам төмрийн доторх ажлын ирмэг хоорондын зайг;
4.1.16. “нийтийн хэрэглээний зам” гэж галт тэрэг хүлээж авах, явуулах, ялгах болон сэлгээний ажил гүйцэтгэх, зорчигч болон ачаа, ачаан тээш ачих, буулгах, хүлээн авах, олгох зориулалттай нийтэд үйлчлэх замыг;
4.1.17. “нийтийн бус хэрэглээний зам” гэж эзэмшигчийн өөрийн хэрэгцээг хангах, эсхүл гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх, ачилт, буулгалт хийхэд зориулагдсан замыг;
4.1.18. “нийтийн хэрэглээний талбай” гэж ачаа, ачаан тээшийг ачих, буулгах, ялгах, хадгалах, ашиглахад зориулагдсан техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тусгайлан бэлтгэсэн талбайг;
4.1.19. “нийтийн бус хэрэглээний талбай” гэж эзэмшигчийн өөрийн, эсхүл гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх агуулах, талбайг;
4.1.20. ”төмөр замын дэд бүтэц өмчлөгч” гэж төмөр замын дэд бүтцийг захиран зарцуулах эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.21. “төмөр замын дэд бүтэц эзэмшигч” гэж төмөр замын дэд бүтцийг тодорхой хугацаанд гэрээний дагуу эзэмшиж, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ажил, үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.22. “төмөр замын дэд бүтэц ашиглагч” гэж төмөр замын дэд бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, хуулийн этгээдийг;
4.1.23. “төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч” гэж төмөр замын дэд бүтцээр ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;
4.1.24. “салбар зам” гэж өртөөний замаас салбарласан, ачаа илгээгч болон хүлээн авагчид үйлчлэх зориулалт бүхий замыг;
4.1.25. “салбар зам эзэмшигч” гэж салбар зам, төхөөрөмж, байгууламжийг тодорхой хугацаанд гэрээний үндсэн дээр өөрийн мэдэлд байлгаж, түүний аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа этгээдийг;
4.1.26. “төмөр замын гарам” гэж гэж нэг түвшинд огтлолцсон авто зам, төмөр замын уулзварыг;
4.1.27. “төмөр замын аюултай бүс” гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачих, буулгах ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг;
4.1.28. “төмөр замын аюулгүйн бүс” гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангасан зурвас газрыг;
4.1.29. “төмөр замын тээврийн байгууллага” гэж төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, засварлах, техникийн үзлэг хийх тээврийн ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;
4.1.30. “тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч” гэж төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангаж, төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэг бүхий төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор, тээвэр зууч, ачаа тээвэрлүүлэгч, нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбай эзэмшигч, иргэн, хуулийн этгээдийг;
4.1.31. “тээвэр зуучлагч” гэж ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэрлэгч хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.32. “хөдлөх бүрэлдэхүүн” гэж тээвэрлэлтэд ашиглаж байгаа зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон, төмөр замаар явдаг тусгай зориулалтын техникийг;
4.1.33. “хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор” гэж хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг өмчлөгчөөс хууль, гэрээний дагуу эзэмшүүлэх, ашиглуулах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцуулах үйлчилгээ үзүүлэгчийг;
4.1.34. “төмөр замын зураг төсөл” гэж төмөр замын дэд бүтцийг шинээр болон шинэчлэн барьж байгуулах, засварлахад шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, хайгуул, геологийн дүгнэлт, геодезийн хэмжилтийн тайлан, байгаль орчны судалгаа, нарийвчилсан зураг, өртөг зардлын тооцооны нэгдсэн баримт бичгийг;
4.1.35. “төмөр замын зураг төслийн магадлал” гэж төмөр зам, төмөр замын дэд бүтэц, барилга байгууламжийн зураг төслийн хийц, инженерийн шийдэл, тооцоо нь байгаль, цаг уур, газар орны нөхцөлд зохицож байгаа эсэх, галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалт, тээврийн болон техникийн аюулгүй байдал нь техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангасан эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;
4.1.36. ”овор” гэж галт тэрэгний хөдөлгөөн, хөдөлмөрийн, техникийн аюулгүй байдлыг хангах, ачааг бүрэн бүтэн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, төмөр замын ойролцоох барилга байгууламж, ачааны байршлын зайн хязгаарыг тогтоосон хэмжээг;
4.1.37. “хатуу тооцоот багаж, хэрэгсэл” гэж хяналт, бүртгэлгүйгээр ашиглахад төмөр замын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх багаж, хэрэгслийг;
4.1.38. “төмөр замын тээврийн сүйрэл” гэж галт тэрэг өөр галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн, бусад техник хэрэгсэл, гадны биетэй мөргөлдөх болон хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас хүний амь нас эрсэдсэн, хөдлөх бүрэлдэхүүн эвдэрч дахин засварлах боломжгүй болсон байгалийн, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас төмөр замд их хэмжээний хохирол учирсан, тохиолдлыг;
4.1.39. “төмөр замын тээврийн осол” гэж галт тэрэг нь өөр галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүнтэй мөргөлдсөн, замын байгууламж эвдэрсэн, хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас их засварт орохоор эвдэрсэн, хүний эрүүл мэнд хохирсон тохиолдлыг;
4.1.40. “аюулгүй байдал алдагдсан” гэж Төмөр замын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдлыг.