Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 5-р сарын 14 өдөр
Ulaanbaatar city
Төмөр замын тээврийн тухай /шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь төмөр замын тээврийн дэд бүтцийг шинээр барих, хөгжүүлэх, дэд бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, төмөр замын ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

3 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замын тээвэртэй холбоотой бүх төрлийн харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй үйлчилнэ.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “төмөр замын тээвэр” гэж иргэн, хуулийн этгээдэд төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангахад зориулагдсан дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, бусад байгууламж, тоног төхөөрөмж бүхий тээврийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээний технологийн иж бүрдлийг;
4.1.2. “төмөр замын тээвэрлэлт” гэж ачаа, зорчигчийг явуулах өртөөнөөс хүрэх өртөө хүртэл тээвэрлэх технологит үйл ажиллагааг;
4.1.3. “төмөр замын өртөө” гэж галт тэрэг хүлээн авах, явуулах, зөрүүлэх, зорчигчдод үйлчлэх, ачаа, тээш, ачаан тээшийг хүлээн авах, олгох болон сэлгээний ажлыг тасралтгүй, хэвийн гүйцэтгэх зам, төхөөрөмж, байгууламж бүхий төмөр замын дэд бүтцийн хэсгийг;
4.1.4. “хөдөлгөөний нэгдсэн зурмаг” гэж Монгол Улсын төмөр замын нийт дэд бүтцийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан, зохицуулах төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.5. “дэд бүтэц дэх хөдөлгөөний зурмаг” гэж дэд бүтцийн хүрээнд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг цагийн сүлжээгээр илэрхийлэх төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.6. “галт тэрэг” гэж тээвэрлэлт гүйцэтгэх, сүүлийн дохио бүхий зүтгүүртэй хөдлөх бүрэлдэхүүнийг;
4.1.7. “ачаа” гэж төмөр замын тээвэрт хүлээн авч, бүртгэн түүний хүргэлт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг төмөр замын байгууллага энэ хуулийн хүрээнд хариуцан тээвэрлэх эдлэхүүн, бүтээгдэхүүн, эд зүйлсийг;
4.1.8. “ачаан тээш” гэж ачаа илгээгч тээвэрлэлтийн гэрээний дагуу шуудан, тээшийн вагоноор тээвэрлүүлэх ачааг;
4.1.9. “тээш” гэж вагоноор зорчигчтой хамт тээвэрлэх ачааг;
4.1.10. “аюултай ачаа” гэж тээвэрлэлт, ачилт, буулгалт, хадгалалтын явцад хүний эрүүл мэнд, мал, амьтанд хор хөнөөл учруулах, хүрээлэн буй орчин, тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламжид эвдрэл, гэмтэл үүсгэх, улмаар тэсэрч, дэлбэрэх, шатах шинж чанартай, үхэл, хордлого, түлэгдэлт, өвчин, ослыг үүсгэж болзошгүй химийн бодис, бүтээгдэхүүн, эд зүйлс түүний хаягдлыг;
4.1.11. “төмөр замын дэд бүтэц” гэж төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой, инженерийн байгууламж, өртөө, зөрлөг, салбар зам, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол, холбоо, мэдээлэл, сүлжээний барилга байгууламж, техник, технологийн иж бүрдлийг;
4.1.12. “төмөр замын чиг” гэж техник, эдийн засгийн үндэслэлээр тогтоосон чиглэлийн дагуух төмөр замын шугамыг;
4.1.13. ”төмөр замын шугам” гэж төмөр замын өртөө хоорондын зам болон өртөөн дэх түүний шууд үргэлжлэлийг;
4.1.14. “төмөр замын чиглэл” гэж төмөр замын эхлэх, дайран өнгөрөх, төгсөх цэгийн шугамыг ерөнхийлөн заасныг;
4.1.15. “төмөр замын цариг” гэж төмөр замын хоёр зам төмрийн доторх ажлын ирмэг хоорондын зайг;
4.1.16. “нийтийн хэрэглээний зам” гэж галт тэрэг хүлээж авах, явуулах, ялгах болон сэлгээний ажил гүйцэтгэх, зорчигч болон ачаа, ачаан тээш ачих, буулгах, хүлээн авах, олгох зориулалттай нийтэд үйлчлэх замыг;
4.1.17. “нийтийн бус хэрэглээний зам” гэж эзэмшигчийн өөрийн хэрэгцээг хангах, эсхүл гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх, ачилт, буулгалт хийхэд зориулагдсан замыг;
4.1.18. “нийтийн хэрэглээний талбай” гэж ачаа, ачаан тээшийг ачих, буулгах, ялгах, хадгалах, ашиглахад зориулагдсан техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тусгайлан бэлтгэсэн талбайг;
4.1.19. “нийтийн бус хэрэглээний талбай” гэж эзэмшигчийн өөрийн, эсхүл гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх агуулах, талбайг;
4.1.20. ”төмөр замын дэд бүтэц өмчлөгч” гэж төмөр замын дэд бүтцийг захиран зарцуулах эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.21. “төмөр замын дэд бүтэц эзэмшигч” гэж төмөр замын дэд бүтцийг тодорхой хугацаанд гэрээний дагуу эзэмшиж, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ажил, үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.22. “төмөр замын дэд бүтэц ашиглагч” гэж төмөр замын дэд бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, хуулийн этгээдийг;
4.1.23. “төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч” гэж төмөр замын дэд бүтцээр ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;
4.1.24. “салбар зам” гэж өртөөний замаас салбарласан, ачаа илгээгч болон хүлээн авагчид үйлчлэх зориулалт бүхий замыг;
4.1.25. “салбар зам эзэмшигч” гэж салбар зам, төхөөрөмж, байгууламжийг тодорхой хугацаанд гэрээний үндсэн дээр өөрийн мэдэлд байлгаж, түүний аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа этгээдийг;
4.1.26. “төмөр замын гарам” гэж гэж нэг түвшинд огтлолцсон авто зам, төмөр замын уулзварыг;
4.1.27. “төмөр замын аюултай бүс” гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачих, буулгах ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг;
4.1.28. “төмөр замын аюулгүйн бүс” гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангасан зурвас газрыг;
4.1.29. “төмөр замын тээврийн байгууллага” гэж төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, засварлах, техникийн үзлэг хийх тээврийн ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;
4.1.30. “тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч” гэж төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангаж, төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэг бүхий төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор, тээвэр зууч, ачаа тээвэрлүүлэгч, нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбай эзэмшигч, иргэн, хуулийн этгээдийг;
4.1.31. “тээвэр зуучлагч” гэж ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэрлэгч хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.32. “хөдлөх бүрэлдэхүүн” гэж тээвэрлэлтэд ашиглаж байгаа зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон, төмөр замаар явдаг тусгай зориулалтын техникийг;
4.1.33. “хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор” гэж хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг өмчлөгчөөс хууль, гэрээний дагуу эзэмшүүлэх, ашиглуулах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцуулах үйлчилгээ үзүүлэгчийг;
4.1.34. “төмөр замын зураг төсөл” гэж төмөр замын дэд бүтцийг шинээр болон шинэчлэн барьж байгуулах, засварлахад шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, хайгуул, геологийн дүгнэлт, геодезийн хэмжилтийн тайлан, байгаль орчны судалгаа, нарийвчилсан зураг, өртөг зардлын тооцооны нэгдсэн баримт бичгийг;
4.1.35. “төмөр замын зураг төслийн магадлал” гэж төмөр зам, төмөр замын дэд бүтэц, барилга байгууламжийн зураг төслийн хийц, инженерийн шийдэл, тооцоо нь байгаль, цаг уур, газар орны нөхцөлд зохицож байгаа эсэх, галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалт, тээврийн болон техникийн аюулгүй байдал нь техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангасан эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;
4.1.36. ”овор” гэж галт тэрэгний хөдөлгөөн, хөдөлмөрийн, техникийн аюулгүй байдлыг хангах, ачааг бүрэн бүтэн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, төмөр замын ойролцоох барилга байгууламж, ачааны байршлын зайн хязгаарыг тогтоосон хэмжээг;
4.1.37. “хатуу тооцоот багаж, хэрэгсэл” гэж хяналт, бүртгэлгүйгээр ашиглахад төмөр замын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх багаж, хэрэгслийг;
4.1.38. “төмөр замын тээврийн сүйрэл” гэж галт тэрэг өөр галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн, бусад техник хэрэгсэл, гадны биетэй мөргөлдөх болон хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас хүний амь нас эрсэдсэн, хөдлөх бүрэлдэхүүн эвдэрч дахин засварлах боломжгүй болсон байгалийн, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас төмөр замд их хэмжээний хохирол учирсан, тохиолдлыг;
4.1.39. “төмөр замын тээврийн осол” гэж галт тэрэг нь өөр галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүнтэй мөргөлдсөн, замын байгууламж эвдэрсэн, хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас их засварт орохоор эвдэрсэн, хүний эрүүл мэнд хохирсон тохиолдлыг;
4.1.40. “аюулгүй байдал алдагдсан” гэж Төмөр замын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдлыг.

5 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРТ БАРИМТЛАХ ЗАРЧИМ
5.1. Төмөр замын тээвэрт дараах зарчмыг баримтална:
5.1.1. хөдөлгөөний нэгдсэн зурмагтай байх;
5.1.2. тээврийн үйл ажиллагаа тасралтгүй байх;
5.1.3. тээврийн аюулгүй байдлыг хангасан байх;
5.1.4. байнгын хяналттай байх;
5.1.5. үйлчилгээний чанар, хүртээмжийг хангасан байх;
5.1.6. тээвэрлэлтэд тэгш оролцоог хангах, үл ялгаварлах;
5.1.7. эдийн засгийн үр ашигтай байх;
5.1.8. зорчигчийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ээлтэй байх
5.1.9. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа тээврийн бусад салбартай уялдаатай байх;

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

6 ДУГААР ЗҮЙЛ
УЛСЫН ИХ ХУРЛЫН БҮРЭН ЭРХ
6.1. Улсын Их Хурал төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт, шалгалт хийх;
6.1.2. төмөр замын тээврийн талаарх олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
6.1.3. энэ хуулийн 18.1-т зааснаас бусад тохиолдолд төмөр замын царигийн сонголтыг шийдвэрлэх;
6.1.4. төмөр замын зурвас газарт төмөр замын тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагаа эрхлэхээр газар эзэмшиж, ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг чөлөөлөх асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэх;

7 ДУГААР ЗҮЙЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХ
7.1. Засгийн газар төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг батлах;
7.1.2. төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, төмөр замын тээврийн хөгжлийн болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлах;
7.1.3. төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах;
7.1.4. энэ хуулийн 6.1.3-т заасан царигийн сонголтын асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;
7.1.5. төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэлд тусгагдсан төмөр замын чигийг батлах;
7.1.6. төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдуулан улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, батлан хамгаалах шаардлагад үндэслэн нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлах;
7.1.7. төмөр замаар тээвэрлэх нийгэм, эдийн засгийн, стратегийн ач холбогдол бүхий ачааны жагсаалтыг батлах;
7.1.8. төмөр замын зурвас газрыг эзэмших, ашиглах журмыг холбогдох хуульд нийцүүлэн батлах;
7.1.9. төмөр замын тээврийн байгууллагын ашиглах төмөр замын зурвас газрын хэмжээ, хугацааг тогтоох;
7.1.10. төмөр замын зурвас газар эзэмшигч, ашиглагч хуулийн этгээдийн газрын төлбөрийг хөнгөлөх асуудлыг Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх;
7.1.11. төмөр замын дэд бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох;
7.1.12. хилийн боомтын бүсэд төмөр замын дэд бүтцийг барих, ашиглахтай асуудлыг шийдвэрлэх;
7.1.13. хууль тогтоомжид заасан бусад эрх.

8 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
8.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах;
8.1.2. олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах, хилийн төмөр замуудын зөвлөгөөнд оролцох, санал, зөвлөмжийг дэвшүүлэх;
8.1.3. төмөр замын тээврийн салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн хяналт-шинжилгээг 2 жил, хөндлөнгийн үнэлгээг 4 жил тутамд зохион байгуулж, тайланг Засгийн газарт хүргүүлэх;
8.1.4. төмөр замын тээврийн салбар дахь төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг төлөөлөх болон төрийн захиалгаар хийгдэх тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу төрийг төлөөлөн хэрэгжүүлэх;
8.1.5. төмөр замын дэд бүтцийг ашиглалтад оруулахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах;
8.1.6. төмөр замын тээврийн салбарт мөрдөх дүрэм, журам, норм, заавар, технологийн горим, аргачлал, техникийн даалгаврыг батлах;
8.1.7. төмөр замын тээврийн салбарын техникийн зохицуулалт, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагатай хамтран батлах;
8.1.8. төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацийг нэвтрүүлэх хөтөлбөрийг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.9. төмөр замын дэд бүтцийн эд анги, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох;
8.1.10. төмөр замын тээврийн салбарын статистик, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хөтлөх журмыг батлах;
8.1.11. тусгай тээвэрлэлтийн журмыг эрх бүхий байгууллагатай хамтран батлах;
8.1.12. төмөр замын гармыг нээх, хаах, ашиглах, хамгаалалтын дохио, тэмдэг, төхөөрөмж суурилуулах, тоноглох, засварлах, арчлах журмыг нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагатай хамтран батлах;
8.1.13. төмөр замын тээврийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, сургах, давтан сургах чиглэлийн бодлогоор хангах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журам батлах;
8.1.14. төмөр замын тээврийн салбарын ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
8.1.15. төмөр замын дэд бүтцийн магадлашгүй ажлын зардлыг тооцож, ажил гүйцэтгэгч байгууллагад олгох журмыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
8.1.16. төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийн дэглэмийг батлах;
8.1.17. төмөр замын тээврийн салбарт заавал баталгаажуулах бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг боловсруулж, холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;
8.1.18. галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд ба шууд бус холбоотой ажилтны ажил мэргэжлийн жагсаалт, тодорхойлолтыг батлах;
8.1.19. төмөр замын тээврийн салбарт шударга бус өрсөлдөөн үүсэхээс сэргийлэх зорилгоор төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгчээс тарифын өөрчлөлтийн талаар ирүүлсэн саналыг хянан үзэж, дүгнэлт гаргах;
8.1.20. төмөр замын дэд бүтцийн төсөвт өртөг, жишиг үнэ, үнэлгээг батлах.
8.2. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага ажиллана.
8.3. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллуулж, зөвлөлийн ажиллах журмыг батална.
8.4. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
8.5. Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журмыг Тагнуулын ерөнхий газартай хамтран батална.
8.6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын төрийн тэргүүн зорчих тусгай галт тэрэгний аялах журмыг Тагнуулын ерөнхий газартай зөвшилцөн батална.
8.7. Төмөр замаар дахин экспорт \реэкспорт\ хийх журмыг Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.
8.8. Төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг ашиглахтай холбоотой бүртгэл, гэрчилгээжүүлэлт, оношлогоо, засвар, үйлчилгээний тарифыг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.
8.9. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа төмөр замын тээврийн дэд бүтэц, барилга, байгууламж, хөдлөх бүрэлдэхүүнд нэвтрэх, холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээ, судалгаа, тайлан гаргуулах эрхтэй.

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН БҮРЭН ЭРХ
9.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга төмөр замын тээвэртэй холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. аймаг, нийслэлийн зорчигч тээвэрт зорчигчийн галт тэрэг, метро болон эдгээртэй адилтгах төмөр замын бусад хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах;
9.1.2. тухайн нутаг дэвсгэрт орших төмөр замын зурвас газар, түүний гадна байрлах төмөр замын байгууламжид нийгмийн хэв журам сахиулах ажлыг төмөр замын тээврийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
9.1.3. хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, сэргээн босгох үйл ажиллагаа болон цэргийн албанд татах, цэргийн дайчилгаанаас бусад дайчилгаанд хамруулахгүй байх;
9.1.4. байгалийн гамшиг, сүйрэл, ослын улмаас төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдал алдагдсан тохиолдолд учирсан хор уршгийг арилгахад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал, мод, ус ашиглах зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай олгох;
9.1.5. төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, төмөр замын сүйрэл, ослын улмаас учирсан хор уршгийг арилгахад тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эзэмшил, ашиглалтад байгаа техник, тоног төхөөрөмжийг нөхөн олговортойгоор дайчлах, хүн хүчний туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
9.1.6. төмөр замын шугам, гүүр, хоолойн хоёр талаас тодорхой зайд худаг, усан сан, далан, суваг, хайрга олборлох ажил нь төмөр замын хиймэл байгууламжийн тогтвортой аюулгүй байдалд нөлөөлсөн бол төмөр замын тээврийн байгууллагатай хамтран үүнийг албадан зогсоох арга хэмжээ авч, тодорхой хугацаанд буруутай этгээдээр нөхөн сэргээх, анхны байдалд нь оруулах арга хэмжээ авна.
9.1.7. төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэхийн тулд ижил бус түвшний байгууламжийг барьж ашиглах;
9.1.8. төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой газар олгох, чөлөөлөх асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах;
9.1.9. төмөр замын аюултай бүсийн дэглэмийг төмөр замын тээврийн байгууллагатай хамтран мөрдүүлэх.

10 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ДЭХ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ХЯНАЛТ
10.1. Төмөр замын тээвэрт тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд тавих захиргааны хяналтыг Төмөр замын тээврийн аюулгүй ажиллагааны хяналтын алба хэрэгжүүлнэ.
10.2. Хяналтын алба нь төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
10.3. Хяналтын алба нь ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагчтай байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно.
10.4. Байцаагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.4.1. төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
10.4.2. төмөр замын тээвэрт ашиглаж байгаа дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ажил, үйлчилгээ, технологийн горим нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, техникийн зохицуулалт, төмөр замын тээврийн дүрэм, журам, стандарт, техникийн нормын шаардлагад нийцэж байгаа эсэхийг өмчийн хэлбэр, байршил харгалзахгүйгээр шалгах;
10.4.3. шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл, гэрчилгээг олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох, сэргээх талаар холбогдох байгууллагад санал гаргах;
10.4.4. зорчигч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, ачаа, ачаан тээш, тээштэй холбоотой баримт бичиг, бодит мэдээллийг шалгах;
10.4.5. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
10.5. Хяналтын албаны байцаагч зөвхөн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа төмөр замын тээвэрт ашиглаж байгаа барилга байгууламж, хөдлөх бүрэлдэхүүнд саадгүй нэвтрэх, зорчих эрхтэй.

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН НЭГДСЭН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГА
11.1. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг уялдуулах, төмөр замын сүлжээний хүрээнд галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн зурмагийг боловсруулж батлах, судалгаа-шинжилгээ, сургалт, техникийн зохицуулалт, төмөр замын тээвэр дэх осол, зөрчлийг шинжлэн шалгах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
11.2. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.2.1. төмөр замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
11.2.2. төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосны дагуу олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах;
11.2.3. төмөр замын тээврийн салбарт мөрдөх техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийг боловсруулах, сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
11.2.4. төмөр замын сүлжээн дэх галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийг боловсруулах, батлах, гүйцэтгэлд хяналт тавих, шинжилгээ хийх;
11.2.5. төмөр замын дэд бүтэц эзэмшигч хооронд ачаа солилцох гэрээг бүртгэх, технологийн нэгдмэл бодлогоор хангах;
11.2.6. төмөр замын зангилаа, өртөөдийн технологийн нэгдсэн горимыг баталж, техникийн нормативын биелэлтэд хяналт тавих;
11.2.7. хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, дугаар, гэрчилгээ олгох, баталгаажуулах;
11.2.8. төмөр замын дэд бүтэц, салбар замын хувийн хэрэг хөтлөх, төмөр замын тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
11.2.9. төмөр замын тээврийн статистик тайлан, мэдээг улсын хэмжээнд нэгтгэх, дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгуулагад мэдээлэх;
11.2.10. холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төмөр замын дэд бүтцийн дохиолол холбоо, сүлжээний радио зурвасыг ашиглах, хуваарилах;
11.2.11. төмөр замын тээврийн зарим бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, тохирлын үнэлгээ, баталгаажуулалтыг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар эрх бүхий байгууллагад санал оруулах;
11.2.12. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан төмөр замын дэд бүтцийн төсөвт өртөг, жишиг үнэ, үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй уялдуулан жил бүр боловсруулах, мөрдүүлэх;
11.2.13. төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээний технологийн зааврыг хянаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах;
11.2.14. төмөр замын тээврийн ачааны акт, гомдлын талаарх асуудлыг хариуцан ажиллах;
11.3. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь Сургалт, судалгаа-шинжилгээ болон оношилгоо, хэмжил зүйн нэгжтэй байна.
11.4. Сургалт, судалгаа-шинжилгээ болон оношилгоо, хэмжил зүйн нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.4.1. төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацийг нэвтрүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
11.4.2. төмөр замын тээврийн салбарын мэргэжлийн ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;
11.4.3. төмөр замын тээврийн салбарын оношилгоо, хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохион байгуулах;
11.5. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага нь төмөр замын тээвэр дэх осол, зөрчлийг шинжлэн шалгах албатай байна.
11.6. Төмөр замын тээвэр дэх осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.6.1. шинжлэн шалгах ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулах;
11.6.2. энэ хуулийн 12.2.8-д заасан дүрэм, 12.3.18-д заасан журмыг удирдлага болгон ажиллах;
11.6.3. төмөр замын тээвэр дэх осол, зөрчлийг шинжлэн шалгах ажлыг үр дүнтэй, шуурхай явуулахын тулд дэвшилтэт технологи ашиглах, мэргэжлийн лабораторид шинжилгээ хийлгэх;
11.6.4. шинжлэн шалгах ажиллагааг бие даасан, хараат бусаар гүйцэтгэж, мэдээллийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй байх;
11.6.5. төмөр замын тээвэрт гарсан сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан шалтгааныг шинжлэн шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоож, шинжээчийн дүгнэлт, зөвлөмж гаргах;
11.6.6. төмөр замын тээвэрт сүйрэл, осол гарах, аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах.
11.7. Шинжлэн шалгах алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай дэмжлэг, туслалцааг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн үзүүлэх үүрэгтэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ДҮРЭМ, ЖУРАМ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ
12 дугаар зүйл. Төмөр замын тээврийн дүрэм, журам
12.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төмөр замын тээврийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батална.
12.2. Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд дараах дүрмийг мөрдөнө:
12.2.1. төмөр замын техник ашиглалтын дүрэм;
12.2.2. төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм;
12.2.3. төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэм;
12.2.4. галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг зохицуулалтын дүрэм;
12.2.5. төмөр замын өртөө, зөрлөг шинээр барих, өргөтгөх ажлыг төсөллөх дүрэм;
12.2.6. төмөр замын доод, дээд бүтэц, инженерийн хиймэл байгууламж, төхөөрөмжийг шинээр барих, шинэчлэх дүрэм;
12.2.7. төмөр замын дохиолол, холбооны дүрэм;
12.2.8. Төмөр замын тээврийн салбарт гарсан сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан шалтгааныг шинжлэн шалгах дүрэм.
12.3. Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд дараах журмыг мөрдөнө:
12.3.1. галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам;
12.3.2. төмөр замын өртөөг ангилах түүнд зэрэглэл тогтоох, нээх, хаах, журам;
12.3.3. төмөр замын дэд бүтцийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийж, дүгнэлт гаргах журам;
12.3.4. төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам;
12.3.5. төмөр замын дэд бүтцийн хөдөлгөөнийг нээх, хаах, ашиглах, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх, шинэчлэх, засварлах журам;
12.3.6. Төмөр замын дэд бүтцийг ашиглалтад оруулсны дараа олон улсын болон орон нутгийн харилцаанд нээх, хаах, зарлах журам;
12.3.7. төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсэд тавигдах шаардлага, аюултай байгууламж байрлуулах зай, огтлолцол, байршил, нөхцөлийг тодорхойлох журам;
12.3.8. төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах журам;
12.3.9. төмөр замын дэд бүтэц ашиглуулах журам;
12.3.10. төмөр замын тээвэрлэлт, дэд бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн ашиглалтын тарифыг тогтоох журам;
12.3.11. төмөр замын аюултай бүс, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад обьект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам;
12.3.12. төмөр замын гарам ашиглах журам;
12.3.13. төмөр замын тээвэрт хатуу тооцоот багаж ашиглах журам;
12.3.14. Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг нэвтрүүлэх, бүртгэх журам;
12.3.15. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэгийг ашиглах, үйлдвэрлэх, засварлах, оношилгоо хийх эдгээрийн үйлчилгээний тооцоолол, тарифыг тогтоох журам;
12.3.16. төмөр замын тээврийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг сорилт, баталгаажуулалтад хамруулахад тавигдах шаардлага, хэмжих хэрэгслийг ашиглах журам;
12.3.17. төмөр замын тээвэр дэх сүйрэл, осол, аюулгүй байдлыг судалж, бүртгэх журам;
12.3.18. төмөр замын тээврийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох журам;
12.3.19. төмөр замын тээвэрлэлттэй холбоотой ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнд гэрчилгээ, тохирлын үнэлгээ, баталгаажуулалтыг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх журам;
12.3.20. төмөр замын тээврийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам;
12.3.21. төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам;
12.3.22. аймаг, нийслэл, хотын дотор метро, хөнгөн галт тэрэг болон тэдгээртэй адилтгах төмөр замын бусад хөдлөх бүрэлдэхүүнээр зорчигч тээвэрлэлт хийх, хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар хангах журам;
12.3.23. төмөр замын ажилтны хөдөлмөрийн нөхцөл, сахилгын тусгай журам;
12.3.24. төмөр замын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, шалгалт авах журам;
12.3.25. төмөр замын ажилтан албаны тусгай хувцас хэрэглэх журам;
12.3.26. төмөр замын барилгын ажлын төсвийн жишиг норм;
12.3.27. төмөр замын тээврийн хөдлөх бүрэлдэхүүн, машин механизм, техник хэрэгслийг ашиглах төсвийн жишиг үнэлгээ.
13 дугаар зүйл. Төмөр замын тээвэр дэх тохирлын үнэлгээ
13.1. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой төмөр замын тээврийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг тохирлын үнэлгээнд хамруулна.
13.2. Төмөр замын тээврийн салбарт ашиглагдах дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний иж бүрдлийг үйлдвэрлэх, угсрах, засварлах эд анги, материал, техник, тоног төхөөрөмж нь гарал үүслийн гэрчилгээ, үйлдвэрлэгчийн батламжтай байна.
13.3. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ нь төмөр замын тээврийн холбогдох дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартын шаардлагад нийцэх эсэхийг төмөр замын тээврийн салбарын тохирлын үнэлгээний итгэмжлэгдсэн нэгж, эрх бүхий байгууллагатай хамтран баталгаажуулсан байна.
13.4. Төмөр замын тээврийн салбарын бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд хэмжил зүй, оношлогоо, чанарын баталгаажуулалт хариуцах нэгж нь тухайн ажил үйлчилгээний чадавхийг эрх бүхий байгууллагаар тогтоолгож итгэмжлэл авсан байна.
13.5. Төмөр замын тээврийн тохирлын үнэлгээтэй холбоотой харилцааг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар зохицуулна.
13.6. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хянах, шинжлэх үйл ажиллагаанд ашиглах хэмжилт, оношлогооны багаж, техник, хэрэгсэлийн баталгаажуулалтыг Хэмжил зүйн тухай хуулиар зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРТ ТАВИХ ШААРДЛАГА
14 дүгээр зүйл. Төмөр замын тээврийн зориулалттай газарт үйл ажиллагаа явуулах
14.1. Төмөр замын дэд бүтэц, салбар зам, ачилт, буулгалтын талбай, ачааны агуулах, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах болон төмөр замын байгууламжийг барих, ашиглах, хэвийн үйл ажиллагааг хангах зориулалт бүхий төмөр замын зурвас газар, аюултай бүс нь төмөр замын тээврийн зориулалттай газарт хамаарна.
14.2. Төмөр замын тээврийн зориулалттай газрыг Газрын тухай хууль, энэ хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана.
14.3. Төмөр замын шугамыг шинээр барих, өргөтгөх газрын асуудлыг аймаг, нийслэл, хотын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгана.
14.4. Төмөр замын тээврийн зориулалттай газарт төмөр замын байгууллагаас бусад байгууллага, аж ахуйн нэгж байрлах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, эд зүйлс байрлуулах, төмөр замын үйл ажиллагаанаас бусад байгууламжийг барихыг хориглоно.
15 дугаар зүйл. Төмөр замын зурвас газар, түүний өмчлөл, эзэмшил, ашиглалт
15.1. Төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг төмөр замын зурвас газарт хамаарна.
15.2. Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна.
15.3. Төмөр замын зурвас газрыг үндсэн зурвас газар, хамгаалалтын нэмэлт зурвас газар гэж ангилах ба зурвас газрын хэмжээг стандартаар тогтооно.
15.4. Төмөр замын зурвас газрыг эзэмших, ашиглах харилцааг энэ хуулийн 7.1.8-д заасан журмаар зохицуулна.
15.5. Төмөр замын тээврийн аюулгүй байдалд саад учруулах, үзэгдэх орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол төмөр замын зурвас газрын мод, бут, өвс, ургамлыг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох, хадах арга хэмжээ авна.
15.6. Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах болон төмөр замыг өргөтгөх зориулалтаар төмөр замын зурвас газрыг нэмэгдүүлж болно.
15.7. Төмөр замын зурвас газарт эрчим хүч, дохиолол, холбооны шон, цамхаг, газар доорх инженерийн шугам, кабелийн сүлжээг холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын дагуу байрлуулж болно.
15.8. Төмөр замын зурвас газар дахь төмөр замын эрчим хүч, дохиолол холбооны хээрийн байгууламжийн агаарын шугамын багана болон газар доорх инженерийн шугам бусад аймаг, нийслэл, хотын кабелийн сүлжээ, инженерийн шугам сүлжээ огтлолцох тохиолдолд төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.
15.9. Төмөр замын зурвас газарт төмөр замын тээвэрлэлттэй холбоогүй ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

16 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ХАМГААЛАЛТЫН БҮС
16.1. Төмөр замын дэд бүтцийг гадны сөрөг хүчин зүйл, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төмөр замын тээврийн сүйрэл, осол гарах, аюулгүй байдал алдагдах, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх, аюулгүй байдал зөрчигдөхөөс хамгаалах зориулалт бүхий газар нь төмөр замын хамгаалалтын бүсэд хамаарна.
16.2. Төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсэд үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах, түүнд байрлах байгууламжид тавигдах шаардлагыг энэ хуулийн 8.1.17-т заасан дэглэмээр зохицуулна.
16.3. Нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтцийн онц чухал гүүр, хонгил, зам, гарц, гармыг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад байна.

17 ДУГААР ЗҮЙЛ
УЛСЫН ХИЛИЙН БҮС ДЭХ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
17.1. Улсын хилийн бүс дэх төмөр замаар галт тэрэгний хөдөлгөөн, зорчигч болон ачаа тээвэрлэлт, ачаа коммерийн ажлыг зохион байгуулах, хилээр нэвтрүүлэх, хөдлөх бүрэлдэхүүн солилцох, тэргэнцэр солих, ачааг шилжүүлэх, хилийн хяналтын үзлэг, шалгалт хийх горимоор тогтоох үйл ажиллагааг хоёр улсын төмөр замын тээврийн талаар байгуулсан хэлэлцээр, түүний протоколыг үндэслэн зохицуулна.
17.2. Хил залгаа улстай шинээр нээх төмөр замын боомтын зэрэглэлийн асуудлыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн дипломат шугамаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

18 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ЦАРИГ
18.1. Төмөр замын царигийн сонголтыг энэ хуулийн 6.1.3-д зааснаар шийдвэрлэнэ.
18.2. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, хүн ам, нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн хэмжээ ижил байна.

ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
19 дүгээр зүйл. Төмөр замын сүлжээ
19.1. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэхээр харилцан холбогдож, ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг нэгдсэн зурмагаар үзүүлж байгаа төмөр замын дэд бүтэц бүхий төлөвлөлт, техник, эдийн засаг, удирдлага, зохицуулалтын нэгдмэл системийг төмөр замын сүлжээ гэнэ.
19.2. Төмөр замын сүлжээ нь нийтийн ба нийтийн бус хэрэглээний төмөр замын дэд бүтэцтэй, төмөр замын шугам, технологийн иж бүрдлийг хангасан нэгдсэн удирдлага, зохицуулалттай байна.
19.3. төмөр замын сүлжээг хөгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
19.3.1. галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалт нэгдмэл, төвлөрсөн байх;
19.3.2. зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн бичиг баримттай байх;
19.3.3. цахим мэдээлэл, баримт бичиг солилцох нэгдмэл технологи, сүлжээтэй байх;
19.4. Төмөр замын сүлжээг хөгжүүлэхэд дараах хүчин зүйлийг харгалзана:
19.4.1. хүн амын суурьшил, хот, суурин газрын байршил, ирээдүйн хөгжлийн төлөв;
19.4.2. ашигт малтмалын орд газрын байршил, нөөц, түүнийг ашиглах боломж;
19.4.3. олон улсын болон хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв;
19.4.4. аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл, аялал жуулчлалын газар, нөөц газар, амралт, сувиллын газрын бүс нутгийн байршил;
19.4.5. эрчим хүч, холбоожуулалтын нэгдсэн тогтолцоо, тэдгээрийн хөгжлийн хэтийн төлөв;
19.4.6. газрын гадаргын хэв шинж, газар зүйн байршил, бартаажилт, инженер-геологийн нөхцөл;
19.4.7. тусгай хамгаалалтай газар нутгийн байршил, ирээдүйн төлөв;

20 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙН ЗУРАГ ТӨСӨЛ
20.1. Төмөр замын дэд бүтцийн зураг төслийг энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, ажлын даалгавар, норм нормативын баримт бичигт нийцүүлэн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
20.2. Төмөр замын дэд бүтцийн зураг төслийг энэ хууль болон холбогдох бусад төмөр замын дүрэм, журмыг үндэслэн боловсруулахдаа газрын хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологи, угсаатны зүйн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, геологийн судалгааны дүгнэлтийг гаргуулж, геодезийн хэмжилт, техникийн нөхцөлд тулгуурлан дараах үе шаттайгаар гүйцэтгэнэ:
20.2.1. төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл;
20.2.2. техникийн шийдэл, нөхцөл, ажлын зураг, төсөв.
20.3. Салбар замын зураг төслийг нэг үе шаттай ажлын зургаар хийж болно.
20.4. Төмөр замын дэд бүтцийн зураг төслийг боловсруулахдаа инженер, хайгуул, геологийн судалгааны ажил, түүний магадлалын дүгнэлт, нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл байгаль, орчны үнэлгээ, археологи, палеонтлогийн судалгаа, зэрлэг мал, ан амьтан нүүдэл, хөдөлгөөн хийхэд зориулсан гарц, тунель, хонгилын техникийн шийдлийн судалгааг хийсэн байна.
20.5. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулах төмөр замын дэд бүтцийн зураг төслийг гадаадын болон олон улсын байгууллага боловсруулах тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
20.6. Төмөр замын дэд бүтцийн зураг төсөлд Монгол Улсын эрх бүхий этгээдээр магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулж баталгаажуулсан байна.
20.7. Төмөр замын дэд бүтцийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, учирсан хохирлыг барагдуулна.
20.8. Энэ хуулийн 20.6-д заасан зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцна.

21 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
21.1. Нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдуулан улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, батлан хамгаалах шаардлагад нийцүүлэн төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
21.2. Нийтийн бус хэрэглээний төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, төлөвлөлттэй уялдсан байх бөгөөд төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй гүйцэтгэнэ.
21.3. Аймаг, нийслэл, хот төлөвлөлтийн бүс доторх төмөр замын шугам, өртөө, зангилаа болон бусад байгууламжийн төлөвлөлт нь тэдгээрийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байна.
21.4. Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт стандартын дагуу барьж гүйцэтгэнэ.
21.5. Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын техник, технологийн хараат бус хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага, захиалагч, гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.
21.6. Захиалагч нь төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэхэд шаардагдах зураг төсөл, замын чиг, геодезийн цэгүүдийг хүлээлгэн өгсөн акт, газар эзэмших зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч төмөр замын дэд бүтцийн барилгын ажил гүйцэтгэх талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байна.
21.7. Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын явц, техник, технологи болон гүйцэтгэлийн хяналтын ажлыг энэ хуулийн 12.3.4-т заасан журмаар зохицуулна.
21.8. Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын төсөвт магадлашгүй ажлын зардал, гэрээгээр гүйцэтгэх хараат бус хяналтын ажлын зардлыг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан норм норматив, техникийн даалгаврыг үндэслэн хувь хэмжээгээр тогтооно.
21.9. Төмөр замын дэд бүтцийн магадлашгүй ажлын зардлыг энэ хуулийн 8.1.16-д заасан журмын дагуу тооцож олгоно.
21.10. Техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээний болон захиалагчийн хяналтын зардлыг тухайн төмөр замын дэд бүтцийн төсөвт тусгана.
21.11. Төрийн захиргааны холбогдох байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг саадгүй, хэвийн явуулахад дэмжлэг үзүүлнэ.
21.12. Төмөр замын дэд бүтцийн барилгын ажлыг магадлан баталгаажуулсан зураг төсөл, төсөв болон техник, технологийн хараат бус хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.

22 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВАХ, НИЙТЭД ЗАРЛАХ
22.1. Төмөр замын дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах ажиллагааг энэ хуулийн 12.3.5-т заасан журмаар зохицуулна.
22.2. Ашиглалтад хүлээн авах төмөр замын дэд бүтэц нь холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг бүрэн хангасан байна.
22.3. Захиалагч нь төмөр замын дэд бүтцийн барилга угсралтын ажил дуусч Улсын комисст хүлээлгэн өгөхийн өмнө барилга угсралтын ажил дууссан тухай гүйцэтгэгчийн албан ёсны мэдэгдлийн дагуу дараах үүрэг бүхий техникийн комиссыг томилон ажиллуулна:
22.3.1. гүйцэтгэлийн зураг төслийн дагуу хийгдсэн эсэхийг шалгах;
22.3.2. тухайн төмөр замын дэд бүтэц батлагдсан зураг, төсөл, төсөв болон түүнд оруулсан өөрчлөлтийн дагуу баригдсан, суурилуулагдсан эсэхийг шалгах;
22.3.3. төмөр замын дэд бүтэц, түүний бүрдлийг шалгах, турших, акт, баримт, тайлан бүрдүүлж дүгнэлт гаргах.
22.4. Захиалагч нь төмөр замын дэд бүцийг ашиглалтад оруулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
22.4.1. төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын үе шатны гүйцэтгэлийн тайлан;
22.4.2. барилгын ил, далд ажлын акт;
22.4.3. зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
22.4.4. захиалагчийн техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
22.4.5. төмөр замын дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;
22.4.6. барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл;
22.4.7. төмөр замын дэд бүтцэд хийгдсэн хийц, бүтээцийн шинжтэй өөрчлөлтийн зураг төсөл, түүний зохиогчийн зөвшөөрөл, магадлалын дүгнэлт;
22.4.8. төмөр замын дэд бүтцийн гүйцэтгэлийн зураг;
22.4.9. техникийн комиссын үүрэг даалгаврын биелэлт;
22.4.10. төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсгийн тоног төхөөрөмж угсарсан акт, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт.
22.5. Тодорхой чиглэлийн төмөр замыг төмөр замын дэд бүтцийн зураг, төслийн дагуу аль нэг өртөөгөөр хэсэгчлэн хүлээн авч, байнгын ашиглалтад оруулж болно.
22.6. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.4-т заасан баримт бичиг нь шаардлага хангасан тохиолдолд Төмөр замын дэд бүтцийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссыг томилно.
22.7. Төмөр замын дэд бүтцийг шинээр барих явцад төмөр замын тээврийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах зорилгоор замын чигжээсийг нягтаршуулах, тогтворжуулах түр ашиглалтад оруулж болно.
22.8. Төмөр замын дэд бүтцийг түр ашиглалтад оруулахтай холбоотой харилцааг энэ хуулийн 12.3.5-д заасан журмаар зохицуулна.
22.9. Төмөр замын дэд бүтцийг дараах тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана:
22.9.1. энэ хуулийн 22.4-д заасан баримт бичиг дутуу;
22.9.2. холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын нөхцөл, шаардлагыг зөрчсөн.

23 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙН ХУВИЙН ХЭРЭГ
23.1. Төмөр замын дэд бүтцэд төмөр замын дэд бүтцийн гүйцэтгэлийн зураг, төсөл, төсөв, барилгын ил, далд ажлын акт, дэд бүтэц барих ажлын явцын баримт бичиг, чанарт холбогдох эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт, магадлалын ерөнхий дүгнэлт, ашиглалтад хүлээлгэн өгсөн баримт бичгээс бүрдсэн хувийн хэрэгтэй байна.
23.2. Төмөр замын дэд бүтэц өмчлөгч дэд бүтцийн хувийн хэргийг төмөр замын тээврийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.

24 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙН ТӨСӨВ
24.1. Төмөр замын дэд бүтэц шинээр барих, шинэчлэн сайжруулах, түүнд засвар, үйлчилгээ хийх ажлын санхүүжилт нь хувийн хэвшил, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламж, мөн хуулиар хориглоогүй бусад эх үүсвэртэй байна.
24.2. Төмөр замын дэд бүтцийн төсөв нь дараах шаардлагыг хангасан байна:
24.2.1. төмөр замын чиг, байгаль, цаг уурын нөхцөл, зурвас газартай холбоотой тооцоо, зардлыг холбогдох жишиг нормын дагуу боловсруулсан байх
24.2.2. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн хийгдэх бол тухайн төслийг дуустал жил бүрийн төсөвт тусгах;
24.2.3. магадлалд орсон байх;
24.3. Төмөр замын дэд бүтцийн үнэ бүрдэл, төсөвтэй холбоотой төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм нормативын баримт бичгийг удирдлага болгосон байна.
24.4. Төмөр замын дэд бүтцийн төсвийг техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу урьдчилан тогтооно.
24.5. Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төмөр замын дэд бүтцийн төсвийг эрх бүхий мэргэшсэн төсөвчнөөр хийлгэсэн байна.
24.6. Төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төмөр замын дэд бүтцийн материалын үнэ болон ханшийн өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран төмөр замын дэд бүтцийн төсвийн өөрчлөлтийг шинэчлэн боловсруулна.
24.7. Энэ хуулийн 24.6-д заасан шинэчлэгдсэн төсвийг санхүү, төсвийн болон төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
24.8. Холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа төмөр замын дэд бүтцийн барилгын ажлын гүйцэтгэлийг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно.

25 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
25.1. Төмөр замын дэд бүтэц нь нийтийн ба нийтийн бус хэрэглээний гэсэн төрөлтэй байна.
25.2. Төмөр замын нийтийн хэрэглээний дэд бүтцэд төрийн өмчийн оролцоотой байгуулагдсан, нийтэд зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай төмөр замыг хамааруулна.
25.3. Төмөр замын нийтийн бус хэрэглээний дэд бүтцэд аж ахуйн нэгж, байгууллагын дотоод үйл ажиллагаанд зориулж тээвэр хийдэг төмөр замын дэд бүтцийг хамааруулна.
25.4. Төмөр замын нийтийн болон нийтийн бус хэрэглээний дэд бүтцийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн нэрээр бүртгүүлсэн байна.
25.5. Нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтцийг чиг үүрэг, хүчин чадлыг нь харгалзан дараах байдлаар ангилна:
25.5.1. улсын эдийн засаг нийгмийн ач холбогдол бүхий нийтийн хэрэгцээний төмөр замын дэд бүтэц;
25.5.2. бүс нутгийн зориулалт бүхий нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтэц.
25.6. Улсын эдийн засаг, нийгэм болон бүс нутгийн ач холбогдолтой нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтцийн ангиллыг Засгийн газар тогтооно.
25.7. Төмөр замын дэд бүтэц нь энэ хуулийн 4.1.11-д зааснаас гадна бүс нутгийн онцлогоос хамааран дараах бүрдэл хэсэгтэй байна:
25.7.1. мал, амьтны нүүдлийг саадгүй нэвтрүүлэх гарц, гарам;
25.7.2. хориг хашаа, ус зайлуулах суваг шуудуу, голдирол чиглүүлэх далан, нурангийн хамгаалалтын хана, элсний нүүдлээс хамгаалах ногоон байгууламж, хот, суурин газарт аюулгүй байдлыг хангах болон дуу чимээнээс хамгаалах хашаа;
25.7.3. төмөр замын дэд бүтцийн үйлдвэрлэл, ашиглалт, засварын зориулалттай барилга байгууламж.
25.8. Төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсгийг өөрчлөхийг хориглоно.

26 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙН ӨМЧЛӨЛ, ЭЗЭМШИЛ
26.1. Улсын эдийн засаг нийгэмд стратегийн ач холбогдолтой төмөр замын дэд бүтцийг төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшинэ.
26.2. Дэд бүтэц эзэмших хуулийн этгээдийг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
26.3. Төмөр замын зурвас газар болон улсын эдийн засаг, нийгэмд стратегийн ач холбогдолтой дэд бүтцээс бусад төмөр замын барилга байгууламж, салбар зам болон нийтийн бус хэрэглээний дэд бүтэц нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болно.
26.4. Нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтэц төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байна.
26.5. Энэ хуулийн 26.4-т зааснаас бусад төмөр замын дэд бүтэц барих, ашиглах, шилжүүлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн төмөр замын дэд бүтцийн өмчлөлийн харилцааг Концессын тухай хуулиар зохицуулна.
26.6. Концессоор хэрэгжүүлэх нийтийн хэрэглээний төмөр замын дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг тусгай зөвшөөрөлд тусгасан байна.

27 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
27.1. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, техникийн зохицуулалт, стандартын шаардлагад нийцсэн байна.
27.2. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээг тэгш эрхийн зарчмыг баримтлан, гэрээний үндсэн дээр үзүүлнэ.
27.3. Төмөр замын дэд бүтэц эзэмшигч нь тухайн дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлт, сайжруулалтын суурь судалгаа бүхий хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй байх ба төлөвлөгөө нь төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдсан байна.
27.4. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ нь үндсэн болон нэмэлт үйлчилгээнээс бүрдэнэ.
27.5. Төмөр замын дэд бүтцийн үндсэн үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
27.5.1. галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн хуваарь ашиглуулах;
27.5.2. галт тэрэгний хөдөлгөөнд зам, суман шилжүүлэг ашиглуулах;
27.5.3. галт тэрэгний хөдөлгөөний харилцаа холбоо, дохиоллын систем ашиглан зохион байгуулах, диспетчерийн удирдлага, түүнчлэн галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл солилцох, дамжуулах, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийг тээвэрлэлтийн үйлчилгээтэй холбоотой мэдээллээр хангах;
27.5.4. төмөр замын зурвас газар, аюултай болон аюулгүйн бүсэд төмөр замын үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх;
27.5.5. аюултай, хэтрүү овортой, хамгаалалттай ачаатай хөдлөх бүрэлдэхүүн, хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргэнд хяналт тавих;
27.5.6. онцгой нөхцөл шаардсан тусгай тээвэрлэлт;
27.5.7. зорчигчийн вагоны зэхэлт;
27.5.8. зорчигчдод үйлчлэх үйлчилгээний стандартыг мөрдөх;
27.5.9. галт тэргийг найруулах, сэлгээний ажил;
27.5.10. хөдлөх бүрэлдэхүүний сэлбэг хэрэгслийн хангамж.
27.6. Төмөр замын дэд бүтцийн нэмэлт үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
27.6.1. хөдлөх бүрэлдэхүүнийг эрчим хүч, түлш, шатахуун, ус, хийгээр хангах;
27.6.2. хөдлөх бүрэлдэхүүнд хийх техникийн үзлэг, оношилгоо, магадлагаа хийх;
27.6.3. төмөр замын тээврийн үйлчилгээ, ашиглалттай холбоотой харилцаа холбоо, мэдээлэл, сүлжээ, програм хангамж.

28 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
28.1. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь өмчийн хэлбэрээс үл хамааран тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор болон бусад этгээдэд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дэд бүтцийн үйлчилгээ үзүүлнэ.
28.2. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах эрхтэй:
28.2.1. төмөр замын дэд бүтцээр гэрээний үндсэн дээр тээвэрлэгч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчид үйлчилгээ үзүүлэх;
28.2.2. төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлсний төлбөр авах;
28.2.3. тээвэрлэгчийн тээвэрлэлтийн ажлын технологи, хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзүүлэлт, хүчин чадал нь төмөр замын дэд бүтцийн нэвтрүүлэх чадварыг бүрэн ашиглахад сөргөөр нөлөөлөхүйц байвал тээвэрлэгчид дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
28.2.4. тээвэрлэлтэд оролцох хөдлөх бүрэлдэхүүний засварын хугацаа, техникийн байдалд хяналт тавьж, зөрчлийг арилгуулахыг шаардах, шаардлагатай тохиолдолд дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
28.2.5. аюултай ачаа тээвэрлэлт болон хүнд жинтэй, хэтрүү овортой, урт бүрэлдэхүүнтэй, онцгой нөхцөл шаардсан галт тэргэнд тээвэрлэгчийн зүгээс хяналт тавьж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг шаардах;
28.2.6. хууль тогтоомжид заасан бусад.
28.3. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүрэгтэй:
28.3.1. тусгай зөвшөөрөлтэй байх;
28.3.2. техникийн зохицуулалттай байх;
28.3.3. төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, холбогдох бусад хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм нормативын баримт бичгийг дагаж мөрдөх;
28.3.4. хөдөлгөөний нэгдсэн зурмагийг биелүүлж, өөрийн дэд бүтцийн хүрээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах;
28.3.5. өөрийн дэд бүтэцтэй холбогдсон төмөр замын дэд бүтэц, салбар зам эзэмшигчтэй гэрээ байгуулж, галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах;
28.3.6. мэргэжлийн ажилтантай байх;
28.3.7. эзэмшиж байгаа төмөр замын дэд бүтцийн үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн, жигд, аюулгүй байдлыг хангах;
28.3.8. батлагдсан журам, технологийн горимын дагуу дэд бүтцийг засварлах, арчлах;
28.3.9. энэ хууль, төмөр замын тээврийн дүрэм, журмын дагуу эрх бүхий байгууллагад шаардлагатай мэдээ, тайлан гаргаж хүргүүлэх;
28.3.10. тухайн төмөр замын дэд бүтэц нь нэгдмэл байж, тээвэрлэлтийн тасралтгүй үйл ажиллагаа алдагдуулахгүй байх;
28.3.11. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

29 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ӨРТӨӨ, ЗОРЧИГЧ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР
29.1. Төмөр замын өртөөг ажлын зориулалт, шинж чанараас нь хамааруулан зорчигчийн, ачааны, ялгах, хэсгийн, завсрын, хилийн, боомтын гэсэн ангилалтай байна.
29.2. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь зорчигчдод үйлчлэх ачаа, тээш, ачаан тээшийг хүлээн авах, олгох, галт тэрэг хүлээн авах, явуулах, зөрүүлэх, гүйцэж түрүүлэх ажиллагааг явуулах зориулалт бүхий нээлттэй өртөө, зөрлөгийн хооронд тээвэрлэлтийг зохион байгуулна.
29.3. Төмөр замын өртөө нь галт тэрэг хүлээн авах, явуулах, найруулах, сэлгээний ажил хийх, хөдлөх бүрэлдэхүүнд үзлэг, засвар хийх зориулалтын замтай байна.
29.4. Төмөр замын өртөөнд шаардлагатай тохиолдолд тээврийн үйл ажиллагааг зурмагт нийцүүлэн хил, гааль, мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн хяналтын байгууллага үйл ажиллагаа явуулж болно.
29.5. Төмөр замын өртөө нь зорчигч, ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэх үйлчилгээг хэрэглэгчид тэгш, хүртээмжтэй, найдвартай байдлаар үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
29.6. Төмөр замын өртөө нь зорчигч үйлчилгээний цогцолбортой байна.
29.7. Зорчигч үйлчилгээний цогцолбороор дараах үйлчилгээг үзүүлнэ:
29.7.1. тасалбар түгээвэр;
29.7.2. хүлээлгийн танхим;
29.7.3. ариун цэврийн өрөө;
29.7.4. эх, нярай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амрах өрөө;
29.7.5. эмнэлгийн анхны тусламж үзүүлэх өрөө;
29.7.6. нийтийн хэв журмыг сахиулах албаны өрөө;
29.7.7. Зорчигч үйлчилгээний цогцолборт галт тэрэгний цагийн хуваарь, тээвэрлэлтийн тариф, үйлчилгээний цагийн хуваарь, иргэдэд үзүүлэх үйлчилгээний газрын байршлын мэдээллийг нээлттэй байршуулна.
29.8. Зорчигч үйлчилгээний цогцолборыг тээвэрлэгч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч гэрээний үндсэн дээр бүхэлд нь болон хэсэгчлэн ашиглаж болно.
29.9. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь Зорчигч үйлчилгээний цогцолборын орчны тохижилт, арчлалт, засвар, үйлчилгээг хариуцна.
29.10. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуульд заасны дагуу бичвэр, дохио, цахим хэрэгслийг ашиглан мэдээлэл хүргэх боломжийг бүрдүүлнэ.
29.11. Вагоноос зорчигч буух, суух тавцантай, гэрэлтүүлэгтэй, тавцангийн шилжих орц, гарц нь хөгжлийн бэрхшээлтэй, хязгаарлагдмал хөдөлгөөнтэй иргэн хүртээмжтэй ашиглах боломжийг бүрдүүлсэн, тусгай цахилгаан болон явган шатаар тоноглогдсон байна.

30 ДУГААР ЗҮЙЛ
САЛБАР ЗАМЫН АШИГЛАЛТ
30.1. Салбар зам, түүний байгууламж, төхөөрөмж нь ачаа ачих, буулгах, сэлгээний ажлыг тогтмол, жигд гүйцэтгэх, хөдлөх бүрэлдэхүүнийг тавьж өгөх, татаж авах болон ашиглалтын найдвартай ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
30.2. Салбар зам барих, ашиглах, нээх, хаах, шинэчлэх, засварлахыг энэ хуулийн 12.3.5, 12.3.6-д заасан журмаар зохицуулна.
30.3. Салбар замыг нийтийн хэрэглээний замд холбох асуудлыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох нутгийн захиргааны байгууллага, төмөр замын дэд бүтэц өмчлөгч, эзэмшигчтэй хамтран шийдвэрлэнэ.
30.4. Салбар замыг шинээр барих, өргөтгөхтэй холбогдуулан уг замыг холбох нийтийн хэрэглээний замд нэмэлт, өөрчлөлт хийх зардлыг салбар зам холбох хүсэлт гаргасан этгээд хариуцна.
30.5. Салбар зам, түүний байгууламж, төхөөрөмж, ачаа ачих, буулгах зам, талбай нь галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага, холбогдох төмөр замын тээврийн дүрэм, журам техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байна.
30.6. Төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, салбар зам эзэмшигч хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
30.7. Салбар замын аюулгүй байдлын хяналтыг энэ хуулийн 10.1-д заасан хяналтын нэгж хэрэгжүүлнэ.
30.8. Салбар зам нь зам, ачих, буулгах тоног төхөөрөмжийн техникийн паспорт, замын дагуух огтлолцлын гүйцэтгэлийн зураг, хиймэл төхөөрөмжийн зураг, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан дүгнэлт, байнгын ашиглалтад хүлээж авсан акт зэрэг бичиг баримтаас бүрдсэн хувийн хэрэгтэй байна.
30.9. Нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбай өмчлөгч, эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдэд төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүй татгалзах, өөрийн өмчлөлийн, эзэмшлийн салбар замаар дамжин холбогдож байгаа бусад салбар зам, талбай эзэмшигчийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.

31 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙГ ХААХ, НЭЭХ
31.1. Галт тэрэгний хөдөлгөөний эрчим, төмөр замын дэд бүтцийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтээр төмөр замын дэд бүтцийн болон галт тэрэгний хөдөлгөөнийг хаах, нээх асуудлыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
31.2. Олон улсын ачаа тээврийн хэлэлцээрээр зарлагдсан өртөө, төмөр замын чиглэлийг нээх, хаах үйл ажиллагааг тухайн харилцааг зохицуулахаар байгуулсан хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.

32 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙН БҮРДЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, УГСРАХ, ЗАСВАРЛАХ
32.1. Төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсэг, түүний эд анги, эдлэхүүнийг зохион бүтээх, үйлдвэрлэх, угсрах, засварлах ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
32.2. Төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсэг, түүний эд анги, эдлэхүүнийг зохион бүтээх, үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагаа нь холбогдох хууль, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартын шаардлагад нийцсэн байна.

33 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ
33.1. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь тээвэрлэгч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчтой дэд бүтэц ашиглуулах гэрээг байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно.
33.2. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэх болон тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдэд давхардуулан олгохыг хориглоно.
33.3. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь тээвэрлэгч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийг ялгаварлан гадуурхах, давуу байдал олгох замаар өрсөлдөөнийг хязгаарлах, тэгш бус хандах, хууль бусаар үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно.
33.4. Төмөр замын дэд бүтэц дээгүүр ашиглалтын хугацаа хэтэрсэн, засварын хугацаа дууссан, дэд бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний хоорондын харилцан үйлчлэл, хөдөлгөөний аюулгүй байдал болон зорчигчийн ая тухтай аялах нөхцөлийг алдагдуулах, стандартын шаардлага хангаагүй, техникийн норм зөрчигдсөн хөдлөх бүрэлдэхүүн явуулахыг хориглоно.

34 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙГ БУСАД ДЭД БҮТЭЦ, БАЙГУУЛАМЖТАЙ УЯЛДУУЛАХ
34.1. Авто замыг төмөр замын дэд бүтцийг шинээр барих болон шинэчлэн сайжруулахад төмөр замын дэд бүтэцтэй ижил түвшинд огтлолцуулахгүйгээр барьж байгуулах ба төмөр замын дэд бүтцийн чиг, хэвгийг өөрчлөхгүй байх зарчим баримтална.
34.2. Төмөр замын дэд бүтэц авто зам болон бусад дэд бүтэцтэй огтлолцох цэгийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгчтэй зөвшилцөн тогтооно.
34.3. Төмөр замын гармыг нээх, хаах, ашиглах, хамгаалалтын дохио, тэмдэг, төхөөрөмж суурилуулах, тоноглох, засварлах, арчлах, гинжит машин механизм, овортой ачаа бүхий авто тээврийн хэрэгслийг гармаар өнгөрүүлэхтэй холбоотой харилцааг энэ хуулийн 8.1.12-т заасан журмаар зохицуулна.
34.4. Төмөр замын гармын хэвийн, найдвартай ажиллагаа, ашиглалт, техникийн үйлчилгээ, аюулгүй байдлыг төмөр замын дэд бүтэц эзэмшигч, нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбайн үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
34.5. Төмөр замын дэд бүтцийг авто зам эсхүл бусад дэд бүтэцтэй ижил бус түвшинд огтлолцуулах зардлыг шинээр зам болон дэд бүтэц барих хуулийн этгээд хариуцна.
34.6. Төмөр замын дэд бүтцийн аюулгүйн бүсэд байрлаж байгаа хий, газрын тос дамжуулах хоолой, цахилгааны болон дулааны шугам сүлжээ, авто зам, барилга байгууламж нь төмөр замын дэд бүтцийн хөгжлийн хэтийн төлөвлөлтэй уялдсан, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасан байна.
34.7. Төмөр замын дэд бүтцийн аюулгүйн бүсэд байрлаж байгаа хий, газрын тос дамжуулах хоолой, цахилгааны болон дулааны шугам сүлжээ, авто зам, барилга байгууламж нь тусгагдсан нөөц газартай байна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТ

35 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТӨРӨЛ
35.1. Төмөр замын тээвэрлэлт дараах төрөлтэй байна:
35.1.1. зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэлт;
35.1.2. ачаа тээвэрлэлт;
35.1.3. тусгай тээвэрлэлт.

36 ДУГААР ЗҮЙЛ
ЗОРЧИГЧ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
36.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замаар зорчигч, ачаа тээвэрлэх үйл ажиллагааг энэ хууль болон төмөр замын тээврийн дүрэм, журмаар зохицуулна.
36.2. Төмөр замын тээвэрлэлтийн гэрээ нь төмөр замын байгууллага болон зорчигч, ачаа илгээгч, ачаа хүлээн авагч хоорондын харилцааг зохицуулна.
36.3. Зорчигчийн тасалбар, тээш, ачаан тээшийн тасалбар, тээвэрлэлтийн падаан нь тээврийн гэрээ буюу түүний бүрэлдэхүүн хэсэг болно.
36.4. Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх харилцааг энэ хуулийн 12.2.3-т заасан дүрмээр зохицуулна.
36.5. Зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэлтэд дараах шаардлага тавигдана:
36.5.1. тээвэрлэгч нь зорчигчийг гэрээнд заасан галт тэргэнд зорчих тасалбарт заасан суудлаар хангах, тээш, ачаан тээшийг хүрэх газарт нь хүргэх;
36.5.2. тээвэрлэгч нь зорчигч, тээш, ачаан тээшийг хүлээн авч, гэрээнд заасан өртөө хүртэл аюулгүй, бүрэн бүтэн байдлыг ханган тээвэрлэх;
36.5.3. тээш, ачаан тээш нь стандартад заагдсан хэмжээ, сав, баглаа боодолтой байх.
36.6. Төмөр замаар ачааг тээвэрлэх харилцааг энэ хуулийн 12.2.2-т заасан дүрмээр зохицуулна.
36.7. Тээвэрлэгч нь тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ ачаа илгээгч, ачаа хүлээн авагчийн ачаа, тээш, ачаан тээшийг үрэгдүүлсэн, дутаасан, гэмтээсэн, муутгасан болон ачаа хүргэх хугацааг хожимдуулснаас үүссэн хохирлыг тээврийн гэрээнд заасны дагуу барагдуулна.
36.8. Төмөр замаар тусгай тээвэрлэлт хийх харилцааг энэ хуулийн 8.1.11-т, төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх харилцааг энэ хуулийн 8.5-т заасан журмаар зохицуулна.
36.9. Тээвэрлэлтийн явцад тээвэрлэгчийн буруугаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

37 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ
37.1. Талуудыг төмөр замын тээвэрлэлтийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс хүлээх хариуцлагаас дараах үндэслэлээр чөлөөлнө:
37.1.1. гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, халдварт өвчин, байгалийн болон үйлдвэрлэлийн шалтгаанаас үүссэн онцгой байдал;
37.1.2. цэрэг, дайны ажиллагаа, дайны байдал, дайн бүхий байдал, онц байдал тогтоосон;
37.1.3. хууль тогтоомжийн дагуу галт тэрэгний хөдөлгөөн, ачаа шилжүүлэх үйл явцыг хязгаарласан, хориглосон.
37.2. Ачаа илгээгч, ачаа хүлээн авагч нь төмөр замын тээвэрлэлтийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй хариуцлагыг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.

38 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ АЛДАНГИ
38.1. Ачаа илгээгч, ачаа хүлээн авагч, тээвэр зуучлагч нь тээвэрлэлтийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд тээвэрлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцно.
38.2. Энэ хуулийн 38.1-д заасан алдангийн хэмжээг гэрээгээр тодорхойлно.

39 ДҮГЭЭР ЗҮЙЛ
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
39.1. Нийгэм, эдийн засаг, стратегийн ач холбогдол бүхий ачаа тээвэрлэлтийг ачааны байнгын тээвэрлэлтийн гэрээнд үндэслэн захиалгын дагуу тогтмол зохион байгуулна.
39.2. Төмөр замаар тээвэрлэх ачаа тээвэрлэлтийн захиалгатай холбоотой харилцааг тээвэрлэлтийн гэрээгээр зохицуулна.
39.3. Тусгай тээвэрлэлтийн гэрээнээс бусад тохиолдолд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээнд тээврийн хэмжээ, хугацаа, ачааг тээвэрлэлтэд бэлтгэх нөхцөл болон энэ хуульд заагаагүй бусад нөхцөлийг тусгана.
39.4. Төмөр замын ачаа тээвэрлэлтийн зохион байгуулалт нь ачааг хүлээн авч, хүлээн авагчид ачааг олгох хүртэлх үйл ажиллагаа хамаарна.
39.5. Ачаа илгээгч нь явуулах өртөө болон тээвэрлэлтийн явцад, ачаа хүлээн авагч нь хүрэх өртөөнд төмөр замын тээврийн хөдөлгөөн, аюулгүй байдалд саад учруулахааргүй бол хаяг солих эрхтэй.
39.6. Ачаа илгээгч экспортын ачаа тээврийн тарифыг явах өртөөнөөс улсын хил хүртэл, импортын ачаа тээврийн тарифыг улсын хилээс хүрэх өртөө хүртэл төлнө.
39.7. Тээвэрлэгч, ачаа илгээгч, ачаа хүлээн авагч нь ачааг ачих, буулгах ажлыг төмөр замын тээврийн дүрэм, журам болон гэрээнд заасан хугацаа, техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэнэ.
39.8. Ачаа, тээш, ачаан тээш хүрэх өртөөнд ирсний дараа хүлээн авагч болон зорчигч нь тогтоосон хугацаанд авна.
39.9. Тээвэрлэгч нь ачаа ирсэн тухай хүлээн авагчид мэдэгдэхэд ачааг хүлээн авахаас татгалзах, эсхүл ачаа илгээгч мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгөөгүй бол тээвэрлэгч, ачааг дуудлага худалдаагаар худалдаж, ачаа хадгалалт, тээвэрлэлтийн зардлыг суутган, үлдсэн хэсгийг ачаа илгээгчид буцаан олгоно.

40 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТЭЭВЭРЛЭЛТИЙН БИЧИГ БАРИМТ
40.1. Ачаа илгээгч нь тээврийн падааныг үнэн зөв бөглөх үүрэгтэй.
40.2. Тээвэрлэгч нь илгээгчийн мэдүүлсэн тээврийн падааныг шалгах эрхтэй.
40.3. Тээвэрлэлтийн бичиг баримтыг цахим хэлбэрээр үйлдэж болно.

41 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ВАГОН, ЧИНГЭЛГИЙГ САЛБАР ЗАМД ТАВИХ, ТАТАЖ АВАХ
41.1. Салбар замд сэлгээний зүтгүүрээр вагон тавьж өгөх, татаж авах харилцааг тээвэрлэгч, салбар зам эзэмшигч хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
41.2. Тээвэрлэгч нь вагон, чингэлгийг тээвэрлэлтэд тавьж өгөх, татаж авах, ашиглуулах тохиолдолд аль нэг этгээдэд давуу байдал олгохыг хориглоно.

42 ДУГААР ЗҮЙЛ
ЗОРЧИГЧ, АЧАА, ТЭЭШ, АЧААН ТЭЭШИЙГ ХҮРГЭХ ХУГАЦАА
42.1. Зорчигч, ачаа, тээш, ачаан тээшийн хүргэх хугацааг энэ хуулийн 12.2.2, 12.2.3-т заасан дүрмээр зохицуулна.

43 ДУГААР ЗҮЙЛ
АЧАА, ТЭЭШ, АЧААН ТЭЭШ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЯВЦАД ҮҮССЭН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ
43.1. Төмөр замын тээвэрлэлтийн явцад үүссэн хохирол, маргааныг Иргэний хууль, төмөр замын тээврийн дүрэм, журам болон гэрээгээр зохицуулна.
43.2. Үнэ зарлаж тээвэрлэлтэд хүлээн авсан ачаа, тээш, ачаан тээшийг алдаж, үрэгдүүлсэн, дутаасан, гэмтээсэн, сэргээн засварлах боломжгүй бол тээвэрлэгч зарласан үнийн хэмжээгээр хохирлыг барагдуулна.
43.3. Үнэ зарлалгүйгээр тээвэрлэлтэд хүлээн авсан ачаа, тээш, ачаан тээшийг алдаж үрэгдүүлсэн, дутаасан, гэмтээсэн, муутгасны хохирлыг тээвэрлэгч дараах хэмжээгээр хариуцна:
43.3.1. алдаж, үрэгдүүлж, дутаасан бол алдаж, үрэгдүүлж, дутаасан ачаа, тээш, ачаан тээшийн өртгийн хэмжээгээр;
43.3.2. гэмтээж, дахин сэргээн засварлах боломжгүй бол ачаа, тээш, ачаан тээшийн өртөг буурсан үнийн дүнгийн хэмжээгээр.
43.4. Ачаа, тээш, ачаан тээшний өртгийг худалдаж авсныг нотлох баримт, эсхүл ижил төрлийн барааны жишиг үнээр тодорхойлно.
43.5. Төмөр замын тээврийн падаанд ачааны нэр, жин болон онцлог шинж чанарыг буруу заасан, ачилтын техникийн нөхцөл, тээвэрлэх технологийн горим зөрчсөн, тээвэрлэхийг хориглосон ачаа явуулсан бол ачаа илгээгч нь тээвэрлэгчид учирсан хохирлыг барагдуулна.
43.6. Ачаа илгээгч худал мэдүүлсэн нь илэрвэл ачааг тээвэрлэхээс татгалзаж, холбогдон гарах зардлыг ачаа илгээгчээс гаргуулна.
43.7. Тээвэрлэгч нь шалгах явцдаа ачаа, ачаан тээшинд гэмтэл учруулсан бол хохирлыг барагдуулна.
43.8. Тээвэрлэгч болон илгээгч нь Монгол Улсын хууль тогтоомжоор тээвэрлэхийг хориглосон ачаа, тээш, ачаан тээш, эд зүйлийг тээвэрлүүлэх, тээвэрлүүлэхээр завдах, тээвэрлэхийг хориглоно.

44 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТЭЭВРИЙН АКТ ТОГТООХ
44.1. Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад ачаа дутах, гэмтэх, муудах тохиолдолд ачаа илгээгч, ачаа хүлээн авагчтай хамтран хохирлын хэмжээг тээврийн актаар тогтооно.
44.2. Энэ хуулийн 44.1-д зааснаас бусад тохиолдолд тээвэрлэгчийн тээврийн акт тогтоох ажиллагаанд хөндлөнгийн этгээдийг оролцуулж болно.
44.3. Тээвэрлэгчийн тээврийн актын загвар, түүнийг үйлдэх зааврыг төмөр замаар ачаа тээвэрлэх дүрмээр тогтооно.
44.4. Тээвэрлэгч дараах нөхцөлд ачаа, тээш, ачаан тээшийг олгох үед тээврийн акт тогтооно:
44.4.1. тээвэрлэлтийн бичиг баримтад заасан жин, байрын тоо, нэр зөрсөн;
44.4.2. ачаа, тээш, ачаан тээш гэмтсэн, муудсан, үрэгдсэн;
44.4.3. бичиг баримтгүй ачаа, тээш, ачаан тээш илэрсэн;
44.4.4. ачаа, тээш, ачаан тээшгүй тээвэрлэлтийн бичиг баримт илэрсэн;
44.4.5. хулгайлагдсан ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэгчид буцаан өгсөн;
44.4.6. хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгээс ачаа олгох бичиг баримт үйлдсэнээс хойш 24 цагийн дотор тээвэрлэгч ачааг буулгалтын замд тавиагүй тохиолдолд ачаа хүлээн авагчийн шаардлагаар.
44.5. Тээвэрлэгч тээврийн акт тогтоосон тухай тэмдэглэгээг тээвэрлэлтийн бичиг баримтын зохих хүснэгтэд тэмдэглэж, баталгаажуулна.
44.6. Тээврийн актаар тогтоосон хохирлыг тодорхойлох шинжилгээний зардлыг буруутай этгээд хариуцна.

45 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ДЭХ ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ
45.1. Төмөр замын тээвэр дэх галт тэрэгний хөдөлгөөний удирдлага нь хоногийн 24 цагийн зохицуулалтай, тасралтгүй байна.
45.2. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн дэд бүтцийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг энэ хуулийн 12.2.4-т заасан дүрмийг үндэслэн боловсруулан баталж, тухай бүр тодотгож мөрдөнө.
45.3. Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг дараах шаардлагыг хангасан байна:
45.3.1. зорчигч, ачаа тээврийн эрэлт хэрэгцээг хангах;
45.3.2. хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
45.3.3. хэсгийн тээх, нэвтрүүлэх хүчин чадал, өртөөний боловсруулах чадварыг оновчтой ашиглах;
45.3.4. тээвэрлэлтийг эдийн засаг, цаг хугацааны хувьд үр ашигтайгаар зохион байгуулах;
45.3.5. хөдлөх бүрэлдэхүүнийг оновчтой ашиглах;
45.3.6. зүтгүүрийн бригад, хөдөлгөөний ажилчид тасралтгүй ажиллах тогтоосон хугацааг баримтлах;
45.3.7. төмөр замын дэд бүтцийн засвар, үйлчилгээ хийх боломжийг хангасан байх.
45.4. Батлагдсан хөдөлгөөний нэгдсэн зурмагийг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч дагаж мөрдөх үүрэгтэй.
45.5. Төмөр замын дэд бүтэц эзэмшигч галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төвтэй байна.
45.6. Төмөр замын дэд бүтэц эзэмшигч нь дэд бүтцийн нэвтрүүлэх чадвар болон хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулна.

46 ДУГААР ЗҮЙЛ
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХ, ТҮР ХААХ, НЭЭХ
46.1. Төмөр замын дэд бүтэц өмчлөгч, эзэмшигч дараах тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлах, түр хаах арга хэмжээг авна:
46.1.1. төмөр замын дэд бүтцийг шинэчлэх, засварлах, өргөтгөх ажлыг гүйцэтгэх;
46.1.2. төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдлаас шалтгаалан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас сэргийлэх;
46.1.3. төмөр замын тээврийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, бусад хүчин зүйлийн нөлөөллөөс болж төмөр замын хөдөлгөөн саатах, урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэл зэргээс шалтгаалан үүссэн хохирлыг арилгах;
46.1.4. бусад үндэслэл бүхий нөхцөл байдалд.
46.2. Төмөр замын дэд бүтэц эзэмшигч энэ хуулийн 46.1-д заасан нөхцөл байдал арилсан тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөнийг нээнэ.

47 ДУГААР ЗҮЙЛ
САЛБАР ЗАМЫН ҮЙЛЧИЛГЭЭ
47.1. Салбар замын үйлчилгээнд салбар зам, ачилт буулгалтын талбайд хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг тавих, татах, сэлгээний ажил хийх, ачааг вагонд ачих, буулгах, шилжүүлэх үйл ажиллагаа, үйлчилгээ хамаарна.
47.2. Төмөр замын дэд бүтэц эзэмшигч салбар замд хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг тавих, татаж авах үйл ажиллагааг энэ хуулийн 47.1-д заасан үйлчилгээний гэрээгээр зохицуулна.

48 ДУГААР ЗҮЙЛ
ТУСГАЙ ТЭЭВЭРЛЭЛТ
48.1. Тусгай тээвэрлэлтэд цэргийн, ургацын, онцгой нөхцөл байдлын үеийн тээвэрлэлт хамаарна.
48.2. Тусгай тээвэрлэлттэй холбоотой харилцааг энэ хуулийн 8.1.11-т заасан журмаар зохицуулна.

49 ДҮГЭЭР ЗҮЙЛ
АЮУЛТАЙ АЧААНЫ ТЭЭВЭРЛЭЛТ
49.1. Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачих, буулгах, шилжүүлэх, хадгалах үйл ажиллагааг энэ хуулийн 8.5-т заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
49.2. Төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь аюултай болон тусгай ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ тээврийн болон техникийн аюулгүй, найдвартай байдлыг бүрэн хангаж ажиллана.
49.3. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий ажилтан, хууль, хяналтын байгууллагын ажилтантай хамтран зорчигчийн ачаа тээшинд аюулгүй байдлын шалгалт хийх эрхтэй.
49.4. Аюулгүй байдлын шалгалт хийх эрх бүхий ажилтан тусгай тэмдэглэгээ бүхий хувцастай байна.
49.5. Аюултай ачааг ачиж, буулгах, хадгалахтай холбоотой хууль тогтоомж, стандарт, журмын шаардлага хангаагүй салбар замд аюултай ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэхийг хориглоно.
49.6. Салбар замын зориулалттай замыг зориулалт бусаар ашиглах, аюултай ачаа ачиж, буулгахаар өөрчлөхийг хориглоно.
49.7. Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодис, бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэлтэд хүлээн авах, тээвэрлэхийг хориглоно.

50 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН АЮУЛТАЙ БҮС
50.1. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил явагддаг, тусгай тэмдэг, тэмдэглэгээ бүхий төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсгийг төмөр замын аюултай бүсэд хамааруулна.
50.2. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил явагддаг, тусгай тэмдэг, тэмдэглэгээ бүхий төмөр замын дэд бүтцийн бүрдэл хэсгийг төмөр замын аюултай бүсэд хамааруулна.

ДОЛДУГААР БҮЛЭГ
ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН, ЧИНГЭЛЭГ

51 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН, ЧИНГЭЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
51.1. Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг нь ялгах өнгө, тэмдэг, үйлдвэрлэгч, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээллийг агуулсан бичвэртэй байх бөгөөд тэдгээр нь стандартын шаардлага хангасан байна.
51.2. Хөдлөх бүрэлдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар, гэрчилгээ авсан байна.
51.3. Чингэлгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
51.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил өөрчлөгдсөн тохиолдолд Төмөр замын тээврийн хөдөлгөөний нэгдсэн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэж, бүртгэлийг шинэчилнэ.
51.5. Хөдлөх бүрэлдэхүүний паркийг бүрдүүлэхэд эдийн засгийн үр ашигтай байх, засвар, ашиглалтын технологийн нийцлийг хангасан байх зарчмыг баримтална.
51.6. Дараах тохиолдолд хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг улсын бүртгэлд бүртгэхгүй:
51.6.1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлага хангаагүй;
51.6.2. холбогдох хууль тогтоомжийн дагуу баримт бичгийн бүрдүүлэлт хийгээгүй;
51.6.3. үйлдвэрлэгч, ашиглагч улсад төмөр замын тээвэрт явуулахыг хориглосон, улсын бүртгэлээс хассан;
51.6.4. ашиглалтын хугацаа нь олон улсын гэрээ, төмөр замын дүрэм, журам, стандартад заасан шаардлагад нийцээгүй;
51.6.5. техникийн үзүүлэлт нь техникийн баримт бичигтэй зөрсөн, хуурамчаар үйлдсэн болох нь нотлогдсон.
51.7. Хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзүүлэлт, оношилгоо, засвар, ашиглалтын талаарх техникийн хяналтын ажлыг төмөр замын тээврийн нэгдсэн хөдөлгөөн удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага зохион байгуулна.
51.8. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй болон ашиглалтын хугацаа дууссан хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг төмөр замын тээвэрлэлтэд ашиглахыг хориглоно.

52 ДУГААР ЗҮЙЛ
ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН, ЧИНГЭЛГИЙН ОПЕРАТОРЫН ЭРХ, ҮҮРЭГ
52.1. Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор дараах эрхтэй:
52.1.1. хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг гэрээний үндсэн дээр тээвэрлэгч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчид ашиглуулах;
52.1.2. хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг ашиглуулсны болон засвар, үйлчилгээний төлбөр авах;
52.1.3. тээвэрлэгчийн тээвэрлэлтийн ажлын технологи, төмөр замын дэд бүтцийн техникийн байдал нь хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн техникийн байдалд сөргөөр нөлөөлөх бол тээвэрлэгчээс татгалзах;
52.1.4. тээвэрлэгчийн зүгээс аюултай ачаа тээвэрлэлт болон хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй тусгай галт тэргэнд хяналт тавьж, тээвэрлэлтийн явцад аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг шаардах
52.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх.
52.2. Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор дараах үүрэгтэй:
52.2.1. хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг ашиглуулах тарифыг энэ хуулийн 12.3.10-т заасан журмын дагуу болон энэ хууль, Өрсөлдөөний тухай хуульд нийцүүлэн тогтоох;
52.2.2. төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөх;
52.2.3. холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцээгүй төмөр замын дэд бүтцэд хөдлөх бүрэлдэхүүнийг нэвтрүүлэхгүй байх;
52.2.4. хөдлөх бүрэлдэхүүн хөдөлгөөний хяналтын цахим системд холбогдох боломжтой байх;
52.2.5. эзэмшиж байгаа хөдлөх бүрэлдэхүүний тасралтгүй, хэвийн, аюулгүй ажиллагааг хангах;
52.2.6. хөдлөх бүрэлдэхүүнийг холбогдох төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм нормативын баримт бичгийн дагуу засварлах, техникийн үйлчилгээ хийх;
52.2.7. хөдлөх бүрэлдэхүүнийг холбогдох төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм нормативын баримт бичгийн дагуу засварлах, техникийн үйлчилгээ хийх;
52.2.8. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

53 ДУГААР ЗҮЙЛ
ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН, ЧИНГЭЛГИЙН АШИГЛАЛТ
53.1. Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн ашиглалт, засвар үйлчилгээ тэдгээрийн төлбөр, тооцоотой холбоотой харилцааг энэ хуулийн 12.3.16-т заасан журмаар зохицуулна.
53.2. Тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучлагч нь бусдын эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээвэрт ашиглах, ачилтад авахыг хориглоно.
53.3. Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн хийцийн тогтоосон даацыг хэтрүүлэх, өөрчлөхийг хориглоно.
53.4. Төмөр замаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий этгээд зорчигчийн галт тэрэгний байрны тооноос илүү тасалбар худалдах, тээвэрлэхийг хориглоно.

54 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН, ЧИНГЭЛГИЙН ЭД АНГИЙГ ЗОХИОН БҮТЭЭХ, ҮЙЛДВЭРЛЭХ, УГСРАХ, ЗАСВАРЛАХ
54.1. Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
54.2. Хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагаа нь техникийн зохицуулалт, стандарт, төмөр замын тээврийн дүрэм, журмын шаардлагад нийцсэн байна.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

55 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
55.1. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ачаа, тээш, ачаан тээшийг цаг хугацаанд нь бүрэн бүтэн тээвэрлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдод аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, байгууламж, тоног төхөөрөмж, машин механизмыг гэмтэл, сааталгүй ашиглах, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй үр дагаврыг арилгахад чиглэсэн байна.
55.2. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж, төмөр замын дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулна.
55.3. Төмөр замын дэд бүтэц эзэмшигч нь гамшиг, ослын болон аюулгүй байдал алдагдсаны хор уршгийг арилгах зориулалттай техник хэрэгсэл бүхий сэргээн босгох болон гал унтраах галт тэрэгтэй байх бөгөөд тэдгээрийг байнга бэлэн байдалд байлгана.
55.4. Төмөр замын тээврийн байгууллага, түүний салбар нэгж, нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбай эзэмшигчийн галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний технологийн хэвийн ажиллагааг хөдөлгөөний нэгдсэн зурмаг, дэд бүтэц дэх хөдөлгөөний зурмагаар зохицуулна.
55.5. Төмөр замын тээврийн байгууллага, нийтийн болон нийтийн бус хэрэглээний зам, талбай эзэмшигч нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд саад учруулах гамшиг, ослын болон аюулгүй байдал алдагдсаны улмаас учирсан хор уршгийг арилгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллана.
55.6. Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хариуцах дотоод хяналтын нэгжтэй байна.
55.7. Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
55.7.1. төмөр замын тээврийн сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх;
55.7.2. төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигчид төмөр замын тээврийн хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэхэд үзлэг, шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
55.7.3. төмөр замын тээврийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
55.7.4. төмөр замын тээврийн хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд хяналтын албаны тавьсан шаардлага, дүгнэлтийн дагуу арга хэмжээ авах.
55.8. Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
55.8.1. төмөр замын тээврийн хууль тогтоомж, дүрэм, журмыг сахин мөрдүүлэх;
55.8.2. зорчигч аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх;
55.8.3. галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
55.8.4. зорчигч, ачаа, тээш, ачаан тээш тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангахын тулд зорчигчийн галт тэргийг өртөө, зөрлөгт зөвхөн зориулалтын замаар хүлээн авч, явуулах;
55.8.5. ачаа, тээш, ачаан тээшийг аюулгүй, бүрэн бүтэн, найдвартай тээвэрлэх;
55.8.6. төмөр замын тээврийн байгууллагын ажилтны аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
55.8.7. хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй ажиллах.
55.9. Эрчим хүчээр хангагч нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой дэд бүтцийн эрчим хүчний хангалтыг тасалдуулахгүй байх үүрэгтэй.
55.10. Төмөр замын тээвэрт оролцогч нь энэ хууль, төмөр замын тээврийн дүрэм, журмын заалтыг заавал мөрдөх үүрэгтэй.

56 ДУГААР ЗҮЙЛ
АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ, АЮУЛТАЙ БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТ
56.1. Аюултай ачааны үйлдвэрлэл, хадгалалт, ачилт, буулгалт, дамжуулалт хийдэг байгууламжууд нь төмөр замын дэд бүтцийн аюулгүй ажиллагааг хангахуйц зайд байрлах бөгөөд аюултай ачаа болон байгууламжийг байрлуулах зай, түүний огтлолцох нөхцөлийг энэ хуулийн 12.3.8-д заасан журмаар зохицуулна.
56.2. Аюултай ачааг зөвхөн аюултай ачааны ачилт, буулгалт хийх зориулалттай, нээлттэй өртөө хооронд тээвэрлэнэ.
56.3. Аюултай ачааны ачилт, буулгалт хийх зориулалттай, нээлттэй өртөөг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
56.4. Аюултай байгууламж эзэмшигч нь түүний аюулгүй ажиллагааг хариуцаж, сүйрэл, осол гарсан, аюулгүй байдал алдагдсан тохиолдолд дэд бүтэц эзэмшигчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
56.5. Аюултай ачааг төмөр замаар тээвэрлэхэд бэлтгэх, хөдлөх бүрэлдэхүүнд ачих, буулгах үеийн аюулгүй байдлыг ачаа илгээгч, ачаа хүлээн авагч хангана.
56.6. Төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь аюултай ачааг тээвэрлэх үед сүйрэл, осол гарсан, аюулгүй байдал алдагдсанаас үүссэн хор уршгийг шуурхай арилгана.

57 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА
57.1. Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, экологийн шаардлагыг хангах, орчны ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.
57.2. Төмөр замын дэд бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор, дэд бүтэц, үйлдвэрлэх, угсрах, засварлах эрх бүхий этгээд нь тэмдэг, дугаар, бүртгэл бүхий хатуу тооцоот багаж, хэрэгслийг ашиглана.
57.3. Төмөр замын тээвэрт хатуу тооцоот багаж ашиглах харилцааг энэ хуулийн 12.3.14-т заасан журмаар зохицуулна.
57.4. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал нь холбогдох хууль, энэ хууль, энэ хуулийн 8.4-т заасан журмаар зохицуулагдана.
57.5. Төмөр замын тээврийн технологийн барилга байгууламжаас бусад авто зам болон дэд бүтцийг ижил бус түвшинд огтлолцсон байгууламжийг төмөр замын зурвас газарт барихыг хориглоно.
57.6. Төмөр замын тээвэрт энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцээгүй төмөр замын дэд бүтэц, салбар зам, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, техник хэрэгслийг ашиглахыг хориглоно.
57.7. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний машинч хориглосон дохио, тэмдгийн заалтыг зөрчиж ажиллахыг хориглоно.
57.8. Машин механизм, тээврийн хэрэгсэл хүн, мал, амьтныг төмөр замын зориулалтын гарам, гарцгүй газраар гарахыг хориглоно.
57.9. Төмөр замын зам төмөр дээр зогсох, явах, суух, хэвтэх, эд зүйлс тавихыг хориглоно.
57.10. Төмөр замын зурвас газарт мал бэлчээхийг хориглоно.
57.11. Иргэн нь галт тэргээр зорчихдоо аюултай ачаа биедээ авч явах, аюултай бус ачааны нэрээр аюултай ачаа тээвэрлэх, зорчих тасалбарыг дамлан худалдахыг хориглоно.
57.12. Төмөр замын тээврийн байгууламж, төхөөрөмж болон хөдлөх бүрэлдэхүүнийг эвдэх, гэмтээх, хулгайлах, галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.

58 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН СҮЙРЭЛ, ОСОЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАХ
58.1. Төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдаж, хэвийн бус нөхцөл байдал үүсгэсэн сүйрэл, осол, аюулгүй байдлыг алдагдсан үйл явдал гэж ангилна.
58.2. Төмөр замын дэд бүтэц эзэмшигч нь төмөр замын сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдал бий болоход үр дагаврыг хамгийн бага хугацаанд арилгах, сэргээн босгох, галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх арга хэмжээ шуурхай авах үүрэгтэй.
58.3. Төмөр замын тээвэр дэх сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан нөхцөл, байдлыг тогтоох, гарсан хохирлыг шуурхай арилгах, барагдуулах ажлыг зохион байгуулах харилцааг энэ хуулийн 12.3.18-д журмаар зохицуулна.

59 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН СҮЙРЭЛ, ОСОЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДСАН ҮЙЛ ЯВДЛЫГ МЭДЭЭЛЭХ
59.1. Төмөр замын дэд бүтэц, салбар зам, талбай эзэмшигч, тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор болон төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан тохиолдолд төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох хууль, хяналтын болон онцгой байдлын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
59.2. Төмөр замын дэд бүтэц, салбар зам, талбай эзэмшигч, тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгийн оператор, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь сүйрэл, осол, аюулгүй байдал алдагдсан үйл явдлын шалтгааныг тогтоох арга хэмжээ авна.

60 ДУГАА ЗҮЙЛ
ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН ҮЕД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
60.1. Олон нийтийн эсэргүүцэл, байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, тахал, төмөр замын тээврийн сүйрэл зэргээс шалтгаалан төмөр замын тээвэрлэлтийг хэвийн явуулах боломжгүй болсон болон улс орны хэмжээнд онц байдал зарласан шалтгаанаар төмөр замын тээвэрлэлтийг хязгаарлах, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлах, хаах зайлшгүй тохиолдлыг онцгой нөхцөл гэж үзнэ.
60.2. Энэ хуулийн 60.1-т заасан нөхцөл үүссэн үед Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
60.3. Төмөр замын дэд бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь сүйрэл, осол аюулгүй байдал алдагдсан үед хор уршгийг арилгахад ашиглах материал, техник хэрэгсэл, сэргээн босгох галт тэрэгний нөөцийг өөрийн зардлаар бүрдүүлж, байнга бэлэн байдалд байлгана.

61 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ГАМШГААС ХАМГААЛАХ, ДАЙЧИЛГАА
61.1. Төмөр замын тээвэрлэлт дэх гамшиг, дайчилгаатай холбоотой харилцааг энэ хууль холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулна.

62 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АЧАА ХАМГААЛАЛТ
62.1. Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, ачаа, эд хөрөнгө, байгууламжийг хамгаалах, аюулт үзэгдэл, галын аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий хамгаалалтын нэгжтэй байна.
62.2. Зайлшгүй хамгаалах болон хүргэгчтэй тээвэрлэх ачааны жагсаалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг төмөр замаар ачаа тээвэрлэх дүрмээр зохицуулна.
62.3. Аюултай ачаа ачиж, буулгах үйл ажиллагааг зөвхөн зориулалтын тоног төхөөрөмж бүхий зам, талбайд стандартын шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГА

63 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГА
63.1. Төмөр замын тээврийн байгууллага нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн, чанартай, аюулгүй үйлчилгээг шуурхай үзүүлэх, төмөр замын зурвас газрын дагуух хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах үүрэгтэй.
63.2. Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ачаа эргэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зарчимд үндэслэсэн тээврийн төлөвлөгөөтэй байна.
63.3. Төмөр замын тээврийн байгууллага тусгай ачааг нэн тэргүүнд тээвэрлэнэ.
63.4. Төмөр замын тээврийн байгууллага нь өөрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандарт, тохирлын үнэлгээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих эрх бухий нэгжтэй байна.
63.5. Төмөр замын тээврийн байгууллага нь мэргэжилтэй ажилтныг дадлагажуулах, мэргэшүүлэх, шатлан дэвшүүлэх зарчмыг баримтлан ажиллах бөгөөд төсөвчин, үл эвдэх сорилын, электроник, үйлдвэрлэлийн автоматжуулалт зэрэг шаардлагатай хос мэргэжлийг эзэмшихэд тусалж, эдгээрийг тогтвор суурьшилтай, бүтээлч ажиллахад дэмжлэг үзүүлнэ.
63.6. Төмөр замын ажилтныг тасралтгүй сургах, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэхтэй холбоотой зардлыг ажил олгогч хариуцна.

64 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАРИФ
64.1. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд мөрдөх тарифыг энэ хуулийн 12.3.11-т заасан журмаар зохицуулна.
64.2. Төмөр замын дэд бүтэц өмчлөгч, эзэмшигч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч нь төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авахгүйгээр тээврийн тарифт өөрчлөлт оруулахыг хориглоно.
64.3. Төмөр замын дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь шинээр мөрдөх зорчигч болон ачаа тээвэрлэлтийн тарифыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд албан ёсоор мэдээлэх бөгөөд тарифыг олон нийтэд мэдээлээгүй тохиолдолд мөрдөхийг хориглоно.

65 ДУГААР ЗҮЙЛ
ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРТ ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
65.1. Төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэхэд аюулгүй, хэмнэлттэй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн иргэн, хуулийн этгээдэд төрөөс дэмжлэг үзүүлж, урамшуулан шагнана.
65.2. Төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээнд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

66 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ДААТГАЛ
66.1. Төмөр замын тээврийн байгууллага нь дараах ажилтныг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулна:
66.1.1. галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой;
66.1.2. төмөр замын аюултай бүсэд ажилладаг;
66.1.3. галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн, дэд бүтцэд хяналт, шалгалт хийдэг;
66.1.4. төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг турших, оношлох ажилд оролцдог.
66.2. Энэ хуулийн 66.1-т заасан даатгалын зардлыг ажил олгогч хариуцна.
66.3. Зорчигч нь галт тэргээр зорчихдоо гэнэтийн ослын даатгалд даатгуулна.
66.4. Төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, төмөр замаар тээвэрлэх ачааг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу даатгалд хамруулж болно.
66.5. Төмөр замын дэд бүтцийн зураг төсөл, төсөв зохиогч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу хариуцлагын даатгалд хамрагдаж болно.
66.6. Төмөр замын тээврийн байгууллагад барилга, эрүүл мэнд, харилцаа холбоо, боловсрол, эрчим хүчний чиглэлийн ажил эрхэлдэг ажилтны хариуцлагын даатгалыг холбогдох хуулиар зохицуулна.
66.7. Энэ хуульд заасан даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээг тогтооход Даатгалын тухай хуулийг баримтална.

АРАВДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА

67 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА
67.1. Төмөр замын тээврийн салбарын ажилтныг ажил, чиг үүргээс нь хамааруулан галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд ба шууд бус холбоотой гэж ангилах бөгөөд ажилтны ажил мэргэжлийн жагсаалт, тодорхойлолтыг энэ хуулийн 8.1.18-д зааснаар зохицуулна.
67.2. Ажилтны хөдөлмөр зохицуулалт, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
67.3. Ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, түүнд тавих хяналтыг энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартаар зохицуулна.
67.4. Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэндийн үзлэг, шагнал, урамшуулал, сахилгын шийтгэлийн талаарх харилцааг энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, энэ хуулийн 12.3.24-т заасан журмаар зохицуулна.
67.5. Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан ажилд анх орохдоо эмнэлгийн урьдчилсан үзлэгт, ажил гүйцэтгэх явцад хугацаат үзлэгт хамрагдах үүрэгтэй.
67.6. Төмөр замын ажилтан албаны дүрэмт хувцас хэрэглэхэд энэ хуулийн 12.3.26-д заасан журмыг баримтална.
67.7. Төмөр замын тээврийн байгууллага дүрэмт хувцасны загварыг энэ хуулийн 67.6-д заасан журамд нийцүүлэн батална.
67.8. Төмөр замын тээврийн байгууллага нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд бус холбоотой ажилд шилжүүлэх асуудлыг дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

68 ДУГААР ЗҮЙЛ
АЖИЛТНЫ НИЙГМИЙН БАТАЛГАА
68.1. Төмөр замын ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
68.1.1. төмөр замын тээврийн байгууллагад 25 болон түүнээс дээш жил ажилласан эрэгтэй, 20 болон түүнээс дээш жил ажилласан эмэгтэй ажилтан төмөр замын тээврийн байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол арваас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;
68.1.2. энэ хуулийн 68.1.1.-т заасан нийгмийн баталгаатай холбогдон гарах зардлыг ажил олгогч хариуцах бөгөөд буцалтгүй тусламж олгох асуудлыг тухайн төмөр замын тээврийн байгууллага дотоод журмаар зохицуулах;
68.1.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замаар жилд нэг удаа хоёр талдаа үнэгүй зорчих.
68.2. Төмөр замын ажилтан сайн дурын үндсэн дээр, төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоонд хамрагдаж, нэмэгдэл тэтгэвэр авч болно.
68.3. Ажилтан хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд сайн дураар хамрагдахад төмөр замын тээврийн байгууллага зохих журмын дагуу сан байгуулж, сангийн үйл ажиллагаа эрхлэх замаар дэмжлэг үзүүлж болно.
68.4. Төмөр замын ажлын онцлогоос хамааран байнга болон урт хугацааны томилолтоор ажиллах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох, дэмжлэг үзүүлэх асуудлыг ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журамд заасан дагуу шийдвэрлэнэ.
68.5. Төмөр замын тээврийн салбарын мэргэжилтэн мэргэшсэн, зөвлөх инженер, мэргэшсэн, тэргүүлэх төсөвчин, үл эвдэх сорилын нэг, хоёр, гуравдугаар түвшний ажилтан зэрэг мэргэшлийн зэргийг дээшлүүлэх, хос мэргэжилтэй болохоор сурч, дадлагажихад ажил олгогч дэмжлэг үзүүлнэ.
68.6. Төмөр замын тээврийн мэргэжилтэй ажилтан болон мэргэжилтний тасралтгүй мэргэших сургалтын тогтолцоо, мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой харилцааг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмаар зохицуулна.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ БУСАД ЗҮЙЛ
69 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, хотын төмөр замын зорчигч тээвэр
69.1. Аймаг, нийслэл, хотын зорчигч тээвэрт метро, хөнгөн галт тэрэг болон тэдгээртэй адилтгах төмөр замын бусад хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан тээвэрлэлт хийх үйл ажиллагаа нь хөдөлгөөний нэгдсэн удирдлагатай байна.
69.2. Энэ хуулийн 69.1-д заасан үйл ажиллагааг энэ хуулийн 12.3.23-т заасан журмаар зохицуулна.

70 ДУГААР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРТ БАРИМТЛАХ ЦАГ
70.1. Төмөр замын тээвэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цагийг баримтална.

71 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРТ ХЭРЭГЛЭХ ХЭЛ
71.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төмөр замын тээврийн байгууллага өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран үйл ажиллагаа, албан хэрэгтээ төрийн албан ёсны хэлийг хэрэглэнэ.
71.2. Төмөр замын өртөө, зорчигч үйлчилгээний цогцолбор, бусад газарт зорчигч болон ачаа илгээгч, ачаа хүлээн авагчид шаардлагатай мэдээллийг төрийн албан ёсны хэлээс гадна өөр улсын хэлээр хүргэж болно.

72 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
72.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
72.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх