4 .1.1. “автотээвэр” гэж автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх болон автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой цогц үйл ажиллагааг;
4 .1.2. “автотээврийн хэрэгсэл” гэж авто замаар тээвэрлэлт гүйцэтгэхэд зориулагдсан бүх төрлийн автомашин, чиргүүл, мотоцикл, механизмыг;
4 .1.3. “автотээврийн дэд бүтэц” гэж тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан авто зам, замын байгууламж, ачаа, зорчигчийн терминал, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, талбай, авто замын дагуух үйлчилгээний цогц байгууламжийг;
4 .1.4. “автотээврийн хэрэгслийн ашиглалт” гэж автотээврийн хэрэгслийг хадгалах, техникийн үйлчилгээ, засвар хийх, шатахуун, тосолгооны болон ашиглалтын бусад материалаар хангах, техникийн бүрэн бүтэн байдал, найдварт ажиллагааг хангахад чиглэсэн техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг;
4 .1.5. “автотээврийн хэрэгслийн үйлдвэрлэл” гэж автотээврийн хэрэгсэл, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, сэргээн засварлах, устгах, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахтай холбоотой цогц үйл ажиллагааг;
4 .1.6. “авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг;
4 .1.7. “автотээврийн салбарын норм, техникийн баримт бичиг” гэж эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан автотээвэр, түүний дэд бүтэц, үйлдвэрлэл, ашиглалттай холбоотой норм, заавар, аргачлал, техникийн баримт бичиг, стандартыг;
4 .1.8. “ачаа” гэж автотээврийн хэрэгслээр тээвэрлэхээр хүлээж авсан болон тээвэрлэж байгаа мал, амьтан, эд зүйлсийг;
4 .1.9. “аюултай ачаа” гэж тээвэрлэлтийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд болон тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаанд хор хөнөөл учруулж болзошгүй тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч шинж чанар агуулсан бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрлэлийн хаягдал зэргийг;
4 .1.10. “ачааны терминал” гэж ачааг хүлээн авах, хүлээлгэн өгөх, хадгалах, савлах, ангилах, ачиж буулгахтай холбоотой цогц үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий байгууламжийг;
4 .1.11. “байнгын тээвэрлэлт” гэж эрх бүхий байгууллагын баталсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа тээвэрлэлтийг;
4 .1.12. “байнгын бус тээвэрлэлт” гэж энэ хуулийн 4.1.11-д зааснаас бусад тээвэрлэлтийг;
4 .1.13. “дамжин өнгөрөх тээвэрлэлт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг;
4 .1.14. “жолооч” гэж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-д заасан хүнийг;
4 .1.15. “жуулчин тээвэрлэлт” гэж аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчдад үзүүлж байгаа зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг;
4 .1.16. “зорчигч” гэж зорчигч тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа хүнийг;
4 .1.17. “зорчигч тээвэр” гэж хүн тээвэрлэх зориулалт бүхий автотээврийн хэрэгслээр зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа тээврийн үйлчилгээг;
4 .1.18. “зорчигчийн терминал” гэж зорчигч хүлээн авах, үдэн гаргах, амрах болон зорчигчийн ачаа, тээшийг хүлээн авах, хүлээлгэн өгөхтэй холбогдсон цогц үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий байгууламжийг;
4 .1.19. “мөсөн замын тээвэр” гэж гол, мөрөн, нуурын ус хөлдсөн үед тогтоосон хугацаанд мөсөн дээгүүр хийх тээвэрлэлтийг;
4 .1.20. “мэргэшсэн жолооч” гэж тээвэрлэлтийн тодорхой ажил, үйлчилгээ эрхлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан хүнийг;
4 .1.21. "нийтийн тээвэр" гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон чиглэл, замнал, цагийн хуваарийн дагуу зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа байнгын зорчигч тээвэрлэлтийг;
4 .1.22. “олон улсын тээвэр” гэж дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлтийг;
4 .1.23. “орон нутгийн тээвэрлэлт” гэж аймаг хооронд болон тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлтийг;
4 .1.24. “ослыг шинжлэн шалгах” гэж тээвэрлэлтэд гарч болзошгүй осол, зөрчил, техникийн саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан ослын шалтгааныг тогтоох, аюулгүй байдлын зөвлөмж боловсруулах үйл ажиллагааг;
4 .1.25. “техникийн хяналтын үзлэг” гэж автотээврийн хэрэгслийн техникийн байдал стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг хийх, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг;
4 .1.26. “тусгай замын тээвэрлэлт” гэж Авто замын тухай хуулийн 4.1.27-д заасан тусгай зориулалтын авто замаар хийгддэг тээвэрлэлтийг;
4 .1.27. “тээвэрлэлт” гэж автотээврийн хэрэгслээр ачаа болон зорчигчийг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбоотой ажил, үйлчилгээг;
4 .1.28. “тээвэрлүүлэгч” гэж ачаа илгээгч болон хүлээн авагчийг;
4 .1.29. "тээвэрлэгч" гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг;
4 .1.30. “улс хоорондын тээвэрлэлт” гэж Монгол Улсын хилийг нэвтрэн хийх тээвэрлэлтийг;
4 .1.31. “хот доторх болон хот орчмын тээвэрлэлт” гэж тухайн хотын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлтийг;
4 .1.32. “хот хоорондын тээвэрлэлт” гэж нийслэлээс аймгийн төв, хилийн боомт хүртэл, аймгийн төв болон хилийн боомтоос нийслэл хүртэл хийгдэх тээвэрлэлтийг;
4 .1.33. “чиглэл” гэж тээвэрлэлтийн эхний болон эцсийн зогсоолыг заасан газрын нэрийг;
4 .1.34. “замнал” гэж тээвэрлэлтийн чиглэлийн эхний ба эцсийн зогсоолын хоорондох батлагдсан замыг.