Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 4-р сарын 22 өдөр
Ulaanbaatar city
Автотээврийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 ДУГААР ЗҮЙЛ.
АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1. Автотээврийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Авто замын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 ДУГААР ЗҮЙЛ.
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ЭНЭ ХУУЛЬД ЗААСНААС ӨӨРӨӨР ЗААСАН БОЛ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨНӨ.
3.1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх болон автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй үйлчилнэ.
3.2. Ачаа, зорчигч тээвэрлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар зхицуулах бөгөөд тээвэрлэлтийн тусгай горим шаардсан зохицуулалтыг бусад хуулиар нарийвчлан тогтоосон бол тухайн хуулиар зохицуулна.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
4 .1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4 .1.1. “автотээвэр” гэж автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх болон автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой цогц үйл ажиллагааг;
4 .1.2. “автотээврийн хэрэгсэл” гэж авто замаар тээвэрлэлт гүйцэтгэхэд зориулагдсан бүх төрлийн автомашин, чиргүүл, мотоцикл, механизмыг;
4 .1.3. “автотээврийн дэд бүтэц” гэж тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан авто зам, замын байгууламж, ачаа, зорчигчийн терминал, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, талбай, авто замын дагуух үйлчилгээний цогц байгууламжийг;
4 .1.4. “автотээврийн хэрэгслийн ашиглалт” гэж автотээврийн хэрэгслийг хадгалах, техникийн үйлчилгээ, засвар хийх, шатахуун, тосолгооны болон ашиглалтын бусад материалаар хангах, техникийн бүрэн бүтэн байдал, найдварт ажиллагааг хангахад чиглэсэн техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг;
4 .1.5. “автотээврийн хэрэгслийн үйлдвэрлэл” гэж автотээврийн хэрэгсэл, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, сэргээн засварлах, устгах, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахтай холбоотой цогц үйл ажиллагааг;
4 .1.6. “авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг;
4 .1.7. “автотээврийн салбарын норм, техникийн баримт бичиг” гэж эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан автотээвэр, түүний дэд бүтэц, үйлдвэрлэл, ашиглалттай холбоотой норм, заавар, аргачлал, техникийн баримт бичиг, стандартыг;
4 .1.8. “ачаа” гэж автотээврийн хэрэгслээр тээвэрлэхээр хүлээж авсан болон тээвэрлэж байгаа мал, амьтан, эд зүйлсийг;
4 .1.9. “аюултай ачаа” гэж тээвэрлэлтийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд болон тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаанд хор хөнөөл учруулж болзошгүй тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч шинж чанар агуулсан бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрлэлийн хаягдал зэргийг;
4 .1.10. “ачааны терминал” гэж ачааг хүлээн авах, хүлээлгэн өгөх, хадгалах, савлах, ангилах, ачиж буулгахтай холбоотой цогц үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий байгууламжийг;
4 .1.11. “байнгын тээвэрлэлт” гэж эрх бүхий байгууллагын баталсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа тээвэрлэлтийг;
4 .1.12. “байнгын бус тээвэрлэлт” гэж энэ хуулийн 4.1.11-д зааснаас бусад тээвэрлэлтийг;
4 .1.13. “дамжин өнгөрөх тээвэрлэлт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг;
4 .1.14. “жолооч” гэж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-д заасан хүнийг;
4 .1.15. “жуулчин тээвэрлэлт” гэж аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчдад үзүүлж байгаа зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг;
4 .1.16. “зорчигч” гэж зорчигч тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа хүнийг;
4 .1.17. “зорчигч тээвэр” гэж хүн тээвэрлэх зориулалт бүхий автотээврийн хэрэгслээр зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа тээврийн үйлчилгээг;
4 .1.18. “зорчигчийн терминал” гэж зорчигч хүлээн авах, үдэн гаргах, амрах болон зорчигчийн ачаа, тээшийг хүлээн авах, хүлээлгэн өгөхтэй холбогдсон цогц үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий байгууламжийг;
4 .1.19. “мөсөн замын тээвэр” гэж гол, мөрөн, нуурын ус хөлдсөн үед тогтоосон хугацаанд мөсөн дээгүүр хийх тээвэрлэлтийг;
4 .1.20. “мэргэшсэн жолооч” гэж тээвэрлэлтийн тодорхой ажил, үйлчилгээ эрхлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан хүнийг;
4 .1.21. "нийтийн тээвэр" гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон чиглэл, замнал, цагийн хуваарийн дагуу зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа байнгын зорчигч тээвэрлэлтийг;
4 .1.22. “олон улсын тээвэр” гэж дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлтийг;
4 .1.23. “орон нутгийн тээвэрлэлт” гэж аймаг хооронд болон тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлтийг;
4 .1.24. “ослыг шинжлэн шалгах” гэж тээвэрлэлтэд гарч болзошгүй осол, зөрчил, техникийн саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан ослын шалтгааныг тогтоох, аюулгүй байдлын зөвлөмж боловсруулах үйл ажиллагааг;
4 .1.25. “техникийн хяналтын үзлэг” гэж автотээврийн хэрэгслийн техникийн байдал стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг хийх, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг;
4 .1.26. “тусгай замын тээвэрлэлт” гэж Авто замын тухай хуулийн 4.1.27-д заасан тусгай зориулалтын авто замаар хийгддэг тээвэрлэлтийг;
4 .1.27. “тээвэрлэлт” гэж автотээврийн хэрэгслээр ачаа болон зорчигчийг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбоотой ажил, үйлчилгээг;
4 .1.28. “тээвэрлүүлэгч” гэж ачаа илгээгч болон хүлээн авагчийг;
4 .1.29. "тээвэрлэгч" гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг;
4 .1.30. “улс хоорондын тээвэрлэлт” гэж Монгол Улсын хилийг нэвтрэн хийх тээвэрлэлтийг;
4 .1.31. “хот доторх болон хот орчмын тээвэрлэлт” гэж тухайн хотын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлтийг;
4 .1.32. “хот хоорондын тээвэрлэлт” гэж нийслэлээс аймгийн төв, хилийн боомт хүртэл, аймгийн төв болон хилийн боомтоос нийслэл хүртэл хийгдэх тээвэрлэлтийг;
4 .1.33. “чиглэл” гэж тээвэрлэлтийн эхний болон эцсийн зогсоолыг заасан газрын нэрийг;
4 .1.34. “замнал” гэж тээвэрлэлтийн чиглэлийн эхний ба эцсийн зогсоолын хоорондох батлагдсан замыг.

5 ДУГААР ЗҮЙЛ
АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ
5.1. 1.1. Автотээврийн салбарын үйл ажиллагаанд дор дурдсан зарчмыг баримтална:
5.1.1. автотээврийн үйл ажиллагаа нь нэгдмэл, тээврийн бусад салбарын үйл ажиллагаатай уялдсан байх;
5.1.2. автотээврийн үйлчилгээ нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн байх;
5.1.3. үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангасан, тогтвортой байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
АВТОТЭЭВРИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 ДУГААР ЗҮЙЛ
АВТОТЭЭВРИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6.1. Засгийн газар автотээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, автотээврийн оновчтой дэд бүтэц, тээврийн үр ашигтай нэгдсэн сүлжээг хөгжүүлэх;
6.1.2. автотээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
6.1.3. тусгай зориулалтын авто замаар тээвэрлэлт гүйцэтгэх дүрмийг батлах;
6.1.4. автотээврийн хэрэгслийн төрөл, зориулалтыг нь харгалзан техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн хэмжээг тогтоох;
6.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх.

7 ДУГААР ЗҮЙЛ
АВТОТЭЭВРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
7.1. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
7.1.2. автотээврийн хэрэгслийн бүртгэл, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;
7.1.3. автотээврийн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, автотээврийн салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх;
7.1.4. автотээврийн салбарын хөрөнгө оруулалтыг нийгэм-эдийн засгийн ач холбогдол, үр өгөөжөөр нь эрэмбэлэн төлөвлөх;
7.1.5. тээвэрлэлтийн сүлжээний нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх;
7.1.6. олон улсын тээврийг хөгжүүлэх зорилгоор гадаад улс, олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;
7.1.7. олон улсын тээвэрлэгчийг бүртгэх;
7.1.8. аймаг, нийслэлийн тээврийн албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах;
7.1.9. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.1-д заасан тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан болон энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан автотээврийн мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх;
7.1.10. тээвэрлэлтийн осол, зөрчлийг шинжлэн шалгах, зөвлөмж гаргах;
7.1.11. хуульд заасан зөвшөөрөл олгох, зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих;
7.1.12. энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан дүрэм, журам, норм нормативыг батлах;
7.1.13. энэ хуулийн 9.1.3, 9.1.4, 9.1.7-д заасан журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран, 9.1.11-д заасан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Төв банк /Монгол банк/-тай хамтран, 9.1.15-д заасан журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
7.2. Автотээврийн салбарын бодлогын судалгаа хийх, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр судалгаа, туршилт явуулах, автотээврийн салбарын норм, техникийн баримт бичиг боловсруулах, сурталчлах, нэвтрүүлэх, салбарын ажилтныг мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй судалгаа, шинжилгээний байгууллагыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяанд ажиллуулж болно.

8 ДУГААР ЗҮЙЛ
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН БҮРЭН ЭРХ
8.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга автотээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, автотээврийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар болон автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
8.1.2. автотээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан харьяалах нутаг дэвсгэртээ автотээврийг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
8.1.3. орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
8.1.4. цаг үеийн шуурхай тээвэрлэлтийг улсын захиалга, даалгаврын дагуу нутаг дэвсгэртээ шуурхай зохион байгуулах;
8.1.5. ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг зохион байгуулах;
8.1.6. тухайн орон нутагт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх;
8.1.7. хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч тээврийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд тээвэрлэгчид зохих нөхөн төлбөр олгох нөхцөлтэйгээр гэрээ байгуулж, орон нутгийн нийтийн тээврийг гүйцэтгүүлэх;
8.1.8. тухайн нутаг дэвсгэрт орших гол, мөрөн, нуурын ус хөлдсөн үед орон нутгийн цаг уур, орчны шинжилгээний байгууллага, авто замын байгууллагатай хамтран мөсний даацыг тодорхойлж, мөсөн дээгүүр хийх тээвэрлэлтийн эхлэх, дуусах хугацаа, чиглэлийг тогтоон тэмдэгжүүлж, тээвэрлэгчдийг мэдээллээр хангах, хяналт тавих;
8.1.9. нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хараагүй хүнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж буудал бүрт нэр, хаяг, чиглэлийг бичмэл болон зурган хэлбэрээр байрлуулах, өөрчлөх арга хэмжээг зохион байгуулах;
8.1.10. байгалийн гамшиг, сүйрэл, ослын хор уршгийг арилгах, автотээврийн дэд бүтцийн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад өөрийн эрх мэдлийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
8.1.11. олон улсын тээвэрлэлтээс бусад арилжааны тээвэрлэгчийг бүртгэх;
8.1.12. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
8.2. Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах, зохицуулах ажлыг өөрийн эзэмшлийн автобуудал болон автотээврийн бусад дэд бүтэц бүхий аж ахуйн нэгж байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
8.3. Хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
8.4. Энэ хуульд заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын автотээврийн талаарх бүрэн эрхийг тухайн орон нутгийн тээврийн алба хэрэгжүүлнэ.
8.5. Аймаг, нийслэлийн тээврийн албаны даргыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
8.6. Аймаг, нийслэлийн тээврийн албаны даргын албан тушаалд авто зам, автотээврийн салбарын мэргэжилтэй, тухайн салбарт ажилласан туршлага бүхий төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасны дагуу сонгон шалгаруулж, томилно.

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ
АВТОТЭЭВРИЙН ДҮРЭМ, ЖУРАМ, НОРМ НОРМАТИВ
9.1. Автотээврийн салбарт дор дурдсан дүрэм, журам, норм, жишиг тарифыг баталж мөрдүүлнэ:
9.1.1. ачаа тээвэрлэх дүрэм;
9.1.2. автотээврийн дэд бүтэц ашиглах дүрэм;
9.1.3. автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журам;
9.1.4. автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалт авах, үнэмлэх олгох журам;
9.1.5. автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, гэрчилгээний загвар батлах;
9.1.6. автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам;
9.1.7. жолоочийн хөдөлмөр амралтыг зохицуулах журам;
9.1.8. зам тээврийн осол, гамшиг, аюулт үзэгдэлд өртсөн автотээврийн хэрэгсэлд дүгнэлт гаргах журам;
9.1.9. зорчигч тээвэрлэх дүрэм;
9.1.10. мэргэшсэн жолоочийн зөрчлийн оноо тооцох журам;
9.1.11. нийтийн тээврийн үйлчилгээнд төлбөрийн цахим систем ашиглах журам;
9.1.12. автотээврийн хэрэгслийн жишиг норм;
9.1.13. автотээврийн жишиг тариф;
9.1.14. тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах;
9.1.15. тээвэрлэлтийн ослыг шинжлэн шалгах журам.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТЭЭВЭРЛЭЛТ

10 ДУГААР ЗҮЙЛ
ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТӨРӨЛ
10.1. Тээвэрлэлт нь дор дурдсан төрөлтэй байна:
10.1.1. зорчигч тээвэрлэлт;
10.1.2. ачаа тээвэрлэлт.

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТЭЭВЭРЛЭЛТИЙН АНГИЛАЛ, ТӨРӨЛ, ЗОХИЦУУЛАЛТ
11.1. Тээвэрлэлтийг нутаг дэвсгэрийн хүрээгээр нь олон улсын тээвэрлэлт, дотоодын тээвэрлэлт гэж ангилна.
11.2. Тээвэрлэлтийг давтамжаар нь байнгын болон байнгын бус гэж ангилна.
11.3. Олон улсын тээвэрлэлт нь дамжин өнгөрөх тээвэрлэлт, улс хоорондын тээвэрлэлт гэсэн төрөлтэй байх бөгөөд тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг олон улсын автотээврийн харилцааны гэрээг үндэслэн автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргана.
11.4. Дотоодын тээвэрлэлт нь хот хоорондын тээвэрлэлт, орон нутгийн тээвэрлэлт, хот болон хот орчмын тээвэрлэлт гэсэн төрөлтэй байх бөгөөд хот хоорондын нийтийн тээврийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
11.5. Орон нутгийн нийтийн тээврийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг тухайн аймгийн Засаг дарга гаргана.
11.6. Хотын доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.
11.7. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэхээс бусад арилжааны зориулалттай орон нутгийн, хот хоорондын, хот орчмын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтоосон журмын дагуу орон нутгийн тээврийн албанд бүртгүүлсний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
11.8. Хот доторх болон хот орчмын тээврийн үйлчилгээнд шатдаг хий, цахилгаан, экологийн өндөр ангилал бүхий шатахуун, байгаль орчинд сөрөг нөлөө багатай бусад эх үүсвэрээр ажилладаг болон тэдгээрийн хосолмол хэрэглээ бүхий автотээврийн хэрэгсэл ашиглана.
11.9. Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ.

12 ДУГААР ЗҮЙЛ
ТЭЭВЭРЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
12.1. Тээвэрлэгч нь дараах эрх эдэлнэ:
12.1.1. авто замын байгууллагаас авто зам, гүүрийг автотээврийн хэрэгсэл зорчиход саадгүй байлгахыг шаардах, авто зам, гүүрийн ашиглалтын нөхцөл хангаагүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;
12.1.2. зорчих тасалбар аваагүй зорчигч болон тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу бэлтгээгүй ачааг тээвэрлэхээс татгалзах;
12.1.3. тээвэрлэлтийн гэрээгээр хүлээсэн үүрэг, тээвэрлэлтийн хөлсийг тээвэрлүүлэгчээс шаардах;
12.1.4. тээвэрлэгч нь нийгмийн хэв журам сахих, үйлчилгээний дүрэм, журмыг биелүүлэх шаардлагыг зорчигчид тавих.
12.2. Тээвэрлэгч нь дараах үүрэг хүлээнэ:
12.2.1. тээвэрлэлтийг тухайн ангиллын автотээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх;
12.2.2. авто зам, замын байгууламж болон автотээврийн дэд бүтцийг техникийн нөхцөл, шаардлагын дагуу ашиглах;
12.2.3. өөрийн өмчлөлийн автотээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх;
12.2.4. тээвэрлүүлэгчийг тээвэрлэлттэй холбоотой үнэн зөв мэдээллээр хангах.

13 ДУГААР ЗҮЙЛ
ТЭЭВЭРЛҮҮЛЭГЧ, ЗОРЧИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
13.1. Тээвэрлүүлэгч, зорчигч нь дараах эрх эдэлнэ:
13.1.1. тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангаагүй, зориулалтын бус автотээврийн хэрэгслээр үйлчлүүлэхээс татгалзах;
13.1.2. нийтийн тээврийн тогтоосон замнал, үйлчилгээний цагийн хуваарь баримтлахыг тээвэрлэгчээс шаардах;
13.1.3. тээвэрлэлтийн үнэ тариф, замнал, үйлчилгээний цагийн хуваарь, ачаа хүргэх хугацааны талаар үнэн зөв мэдээлэл авах;
13.1.4. тээвэрлэлтийн гэрээнд зааснаас бусад тохиолдолд улс, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хүн хүндэтгэх шалтгаанаар худалдан авсан тасалбарт заасан чиглэлд зорчиж чадахгүй болсон тохиолдолд тээврийн хөлсийг тээвэрлэгчээс буцааж авах;
13.2. Тээвэрлүүлэгч, зорчигч нь дараах үүрэг хүлээнэ:
13.2.1. ачааны савлалт, баглаа боодол, бэхэлгээг стандартын дагуу хийж, нэр төрөл, илгээх чиглэлээр нь ялган тээвэрлэхэд бэлтгэх;
13.2.2. ачих, буулгах машин механизм, нэмэгдэл төхөөрөмж, хүн хүчийг бэлэн байлгаж ачааг тогтоосон хугацаанд ачих, буулгах, өөрийн хаягтай буюу гэрээт ачааг хүлээн авах;
13.2.3. ачааг тээвэрлэх, хадгалах нөхцөл, горимын тухай мэдээллээр тээвэрлэгчийг хангах;
13.2.4. ачааг ачсан, хүлээн авсан тухай тээвэрлэлтийн баримт бичигт тэмдэглэж баталгаажуулан тээвэрлэгчид олгох;
13.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нь зорчих тасалбарыг /төлбөрийн цахим карт/ худалдан авах;
13.2.6. нийтийн тээврээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явахгүй байх;
13.2.7. нийтийн тээврээр зорчихдоо автотээврийн хэрэгслийг эвдэж, гэмтээхгүй байх;
13.2.8. зорчигч нь улс, хот хооронд, орон нутагт зорчихдоо иргэний үнэмлэх, холбогдох бусад бичиг баримт, зорчих тасалбарыг биедээ авч явах, тэдгээрийг шалгах эрх бүхий албан тушаалтны шаардлагаар үзүүлэх.

14 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ
14.1. Зорчигч тээвэрлэлт нь дараах төрөлтэй байна:
14.1.1. нийтийн тээвэрлэлт;
14.1.2. арилжааны зориулалттай тээвэрлэлт.
14.2. Таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээг тогтоосон замнал, цагийн хуваариар зохицуулах бөгөөд ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолоочийн хөдөлмөрийн хэвийн нөхцөл, автотээврийн хэрэгслийг оновчтой ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.
14.3. Такси үйлчилгээ нь зорчигчийн нийт зорчсон замыг тоолуурын тусламжтайгаар тооцон тээвэрлэлтийн хөлс авах үйлчилгээ бөгөөд хот болон хот орчимд үйлчилнэ.
14.4. Програм хангамж, мэдээллийн технологи ашиглан таксийн дуудлагын үйлчилгээг зохион байгуулах тохиолдолд тухайн шатны Засаг даргын дэргэдэх тээврийн албатай гэрээ байгуулна. Таксийн дуудлагын үйлчилгээний програм хангамж, мэдээллийн технологитой холбоотой нөхцөл, шаардлагыг стандарт, техникийн зохицуулалт, зорчигч тээврийн дүрмээр зохицуулна.
14.5. Арилжааны зориулалттай тээвэрлэлтэд жуулчин тээвэрлэлт, сургуулийн хүүхэд, байгууллагын ажилчид тээвэрлэх болон иргэд аж ахуйн нэгж, байгууллагатай тээвэрлэлтийн гэрээний үндсэн дээр төлбөртэй хийж байгаа тээвэрлэлтийн үйлчилгээ хамаарна.
14.6. Зорчигч тээврийн үйлчилгээг зохих техникийн зохицуулалт, стандартад нийцсэн автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.
14.7. Нийтийн тээврийн үйлчилгээнд төлбөрийн цахим систем ашиглаж болох бөгөөд төлбөрийн цахим систем улсын хэмжээнд нэгдмэл байна.

15 ДУГААР ЗҮЙЛ
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ
15.1. Ачаа тээвэрлэлтийг зориулалтын, техникийн шаардлага хангасан автотээврийн хэрэгслээр тухайн тээвэрлэлтэд тавигдах нөхцөл, шаардлагад нийцүүлэн гүйцэтгэнэ.
15.2. Олон улсын байнгын ачаа тээврийн үйлчилгээг олон улсын автотээврийн харилцааны хүрээнд хэлэлцэн тохиролцогч талуудын эрх бүхий байгууллагуудын харилцан тохиролцсон хугацаа, эхлэх, хүрэх цэг, нэвтрэх боомт, дундын зогсоол бүхий замналын дагуу хийнэ.
15.3. Олон улсын байнгын бус ачаа тээврийн үйлчилгээг олон улсын автотээврийн харилцааны хүрээнд хэлэлцэн тохиролцогч талуудын эрх бүхий байгууллагуудын харилцан тохирсон замналын дагуу хийнэ.
15.4. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг автотээврийн харилцааны хүрээнд хэлэлцэн тохиролцогч талуудын эрх бүхий байгууллагуудын харилцан тохиролцсон Монгол Улсын олон улсын чанартай хилийн боомт, замналын дагуу хийнэ.
15.5. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг сэлгэн тээвэрлэх, хадгалах, нэгтгэх, тээврийн төрлийг өөрчлөх, эсхүл эдгээр үйлдлийг гүйцэтгэхгүйгээр шууд дамжин өнгөрөх байдлаар хийнэ.
15.6. Тээвэрлэлтийн үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ.

16 ДУГААР ЗҮЙЛ
АВТОТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
16.1. Автотээврийн аюулгүй байдал нь автотээврийн үйл ажиллагааг хөндлөнгийн хууль бус үйл ажиллагаанаас хамгаалахтай холбогдсон цогц арга хэмжээ байна.
16.2. Автотээврийн аюулгүй ажиллагаа нь автотээврийн үйл ажиллагааг хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүйгээр гүйцэтгэх нөхцөл, чадварыг илтгэсэн түвшингээр тодорхойлогдоно.
16.3. Автотээврийн дэд бүтцийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь хариуцах бөгөөд аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаагүй дэд бүтэц ашиглан тээвэрлэлтийн үйл ажиллагаа гүйцэтгэхийг хориглоно.
16.4. Тээвэрлэлтийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг тээвэрлэгч хариуцах бөгөөд аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэхийг хориглоно.
16.5. Автотээврийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагыг тээврийн төрөл тус бүрээр тогтооно.

17 ДУГААР ЗҮЙЛ
ТЭЭВЭРЛЭЛТИЙН ОСЛЫГ ШИНЖЛЭН ШАЛГАХ
17.1. Тээвэрлэлтийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, гарч болзошгүй ослоос сэргийлэх, бодлогын болон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үйл ажиллагаанд ашиглах зорилгоор шинжлэн шалгах ажиллагааг хийнэ.
17.2. Шинжлэн шалгах ажиллагааны дүгнэлт, зөвлөмжийг иргэн, хуулийн этгээдийг буруутгах, зөвтгөх үйл ажиллагаанд ашиглахгүй.
17.3. Шинжлэн шалгах ажиллагааг хараат бус, бие даасан, хууль дээдлэх зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ.
17.4. Ослыг шинжлэн шалгах эрх бүхий байгууллага, түүний шинжлэн шалгагчаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлбэл зохино.
17.5. Тээвэрлэлтийн ослын шинжлэн шалгагчийг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж ажиллуулна.

18 ДУГААР ЗҮЙЛ
ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХӨЛС
18.1. Тээвэрлэлтийн хөлсийг оролцогч талууд үйлчилгээний жишиг тариф бодох аргачлалд нийцүүлэн гэрээгээр тохиролцоно.

19 ДҮГЭЭР ЗҮЙЛ
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ДАЙЧЛАХ, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООХ, ХЯЗГААРЛАХ
19.1. Автотээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дайчилж болно.
19.2. Хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд автотээврийн хэрэгслийг дайчлахыг хориглоно.
19.3. Гамшиг, аюулт үзэгдэл, аюул тохиолдсон үед тээвэрлэлтийг зогсоох буюу хязгаарлах шийдвэрийг дараах эрх бүхий албан тушаалтан гаргаж нийтэд мэдээлнэ:
19.3.1. олон улсын болон хот хоорондын тээвэрлэлтийн чиглэлд улсын байнгын онцгой комиссын саналыг үндэслэн автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;
19.3.2. хот болон хот орчмын, орон нутгийн тээвэрлэлтийн чиглэлд орон нутгийн байнгын онцгой комиссын саналыг үндэслэн нийслэл, тухайн аймаг, сумын Засаг дарга.
19.4. Хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах, автотээврийн хэрэгслийг саатуулахыг хориглоно.

20 ДУГААР ЗҮЙЛ
ТЭЭВЭР ЗУУЧЛАЛ
20.1. Байнгын ачаа тээвэрлэлтийг зуучлагчаар дамжуулан эрхэлж болно.
20.2. Зуучлагч нь байнгын ачаа тээвэрлэлт эрхлэгчийг тээвэрлүүлэгчтэй холбон зуучлах, үйл ажиллагааг нь уялдуулах, тээвэрлэлтийн баримт бичгийг бүрдүүлэх, тээвэрлэлтийн явц, аюулгүй байдалд хяналт тавих, тээвэрлэлтэд учрах эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АВТОТЭЭВРИЙН ДЭД БҮТЭЦ
21 дүгээр зүйл. Автотээврийн дэд бүтцийн бүрэлдэхүүн
21.1. Автотээврийн дэд бүтэц нь тээвэрлэлтийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, шуурхай байдлыг хангасан, тав тухтай үйлчилгээ үзүүлэх, тээвэрлэлтийг хямд, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
21.2. Автотээврийн дэд бүтэц нь тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ, төлөвлөлттэй уялдах бөгөөд үйлчлэх хүрээнээсээ хамааран олон улсын, бүс нутгийн, орон нутгийн гэсэн төрөлтэй, олон улсын болон үндэсний тээврийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байна.
21.3. Ачааны терминал нь өөрийн нэгдсэн сүлжээг ашиглан дотоодын, экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачааг хүлээн авах, хүлээлгэн өгөх, хадгалах, шилжүүлэн ачих, мэдээллийн сан бүрдүүлэх болон зохион байгуулалтын бусад үйлчилгээг үзүүлнэ.
21.4. Ачааны терминал нь үйлдвэрлэл, үйлчилгээний бүсэд ойрхон, эдийн засгийн ач холбогдол бүхий тээврийн нэгдсэн сүлжээний зангилаа хэсэгт байрласан, тээврийн логистикийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байна.
21.5. Зорчигчийн терминал нь зорчигчиийн ая тухтай байдлыг хангах, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах үйлчилгээг үзүүлнэ.
21.6. Авто замын дагуух үйлчилгээний байгууламж нь жолооч болон зорчигчдод аяллын явцад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, автотээврийн хэрэгслийг техникийн засвар, үйлчилгээ, шатахуун, тосолгооны материалаар хангах зэрэг үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
21.7. Олон улсын чанартай автотээврийн дэд бүтэц нь олон улсын болон бүс нутгийн тээвэр логистикийн сүлжээнд холбогдсон, хоёр болон түүнээс дээш тээврийн төрлийн үйлчилгээнд зориулагдсан, олон улсын болон бүс нутгийн, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлнэ.
21.8. Бүс нутгийн чанартай автотээврийн дэд бүтэц нь бүс нутгийн, орон нутгийн тээврийн логистикийн сүлжээнд холбогдсон, хоёр болон түүнээс дээш тээврийн төрлийн үйлчилгээнд зориулагдсан, бүс нутгийн, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлнэ.
21.9. Орон нутгийн чанартай автотээврийн дэд бүтэц нь орон нутгийн тээврийн логистикийн сүлжээнд холбогдсон тээврийн нэг төрлийн үйлчилгээнд зориулагдсан, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлнэ.
21.10. Автотээврийн дэд бүтцийн үйл ажиллагаа, үйлчилгээнд тавигдах шаардлага, зэрэглэлийг стандартаар тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ
22 дугаар бүлэг. Авто үйлчилгээ эрхлэгч
22.1. Авто үйлчилгээнд автотээврийн хэрэгслийн ашиглалт, найдвартай ажиллагааг хангахтай холбоотой дараах үйл ажиллагаа хамаарна:
22.1.1. автотээврийн хэрэгсэл, түүний сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны материалын импорт, үйлдвэрлэл, худалдаа;
22.1.2. автотээврийн хэрэгслийн техникийн засвар, үйлчилгээ;
22.1.3. автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой бусад үйлчилгээ.
22.2. Авто үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг стандартаар тогтооно.
22.3. Авто үйлчилгээ эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:
22.3.1. үйл ажиллагаанд тавигдаж буй стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд тохирлын үнэлгээ хийлгэж, баталгаажуулах;
22.3.2. стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг засвар, үйлчилгээнд ашиглах;
22.3.3. хэрэглэгчдэд худалдах сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны материал нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн гарал үүслийн гэрчилгээтэй байх;
22.4. Стандартын шаардлага хангаагүй, хүлээн зөвшөөрөгдсөн гарал үүслийн гэрчилгээгүй сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны материал худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
23 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл
23.1. Автотээврийн хэрэгсэл өмчлөх, эзэмших эрх үүсэх, дуусгавар болох, техникийн өөрчлөлтийг бүртгэхтэй холбоотой хуульд заасан үйл ажиллагааг автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл гэнэ.
23.2. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл нь дараах төрөлтэй байна:
23.2.1. автотээврийн хэрэгсэлийг шинээр бүртгэж, бүртгэлийн дугаар олгох;
23.2.2. автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг бүртгэх;
23.2.3. автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах;
23.2.4. автотээврийн хэрэгслийн ашиглалтын бүртгэл.
23.3. Монгол Улсад бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн хэрэгсэл өмчилснөөс хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш 1 сарын дотор бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
23.4. Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулна.
23.5. Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагад ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг тухайн асуудал эрхэлсэн цэргийн автотехникийн хяналтын алба зохион байгуулна.
23.6. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэгч бүртгэж, бүртгэлийн дугаар, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгоно.
23.7. Дараах автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно:
23.7.1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандартын шаардлага хангаагүй;
23.7.2. баруун талдаа жолооны хүрдтэй автотээврийн хэрэгсэл;
23.7.3. зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэлт хийгээгүй, албан татвар төлөөгүй;
23.7.4. тухайн автотээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт нь техникийн баримт бичгээс зөрсөн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн.
23.8. Улсын бүртгэгч нь автотээврийн чиглэлээр дээд боловсролтой, эсхүл эрх зүйч мэргэжилтэй, улсын бүртгэгч бэлтгэх сургалтад хамрагдсан Монгол Улсын иргэн байна.
23.9. Автотээврийн хэрэгслийн бүртгэл нь улсын хэмжээнд нэгдмэл байна.