8.1. Казино эрхлэгч нь казиногийн цогцолбор, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй хамааралгүй үйл ажиллагаа болон бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг хавсран эрхлэхийг хориглоно.
8.2. Казино эрхлэгч нь казиногийн бизнесийг эрхлэхэд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй байна.
8.3. Казино эрхлэгч нь казиногийн үйл ажиллагааг явуулахдаа шудрагаар өрсөлдөх бөгөөд давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, үйл ажиллагааг хязгаарлах, саад учруулахыг хориглоно.
8.4. Казино эрхлэгч нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутмын орлогоо байршуулна.
8.5. Казино эрхлэгч цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна. Казиногийн мөрий, хонжворыг бүртгэх мэдээллийн систем нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоосон шаардлагыг хангасан байна.
8.6. Казиногийн цогцолбор нь дараах шаардлагыг хангасан байна:
8.6.1. олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий казиногийн үйл ажиллагаа, аялал жуулчлал, амралт, соёл урлаг, бусад олон нийтийн үйлчилгээнд зориулагдсан байх;
8.6.2. казиногийн үйл ажиллагаанд зориулсан олон улсын стандартад нийцсэн, үйлдвэрийн баталгаа бүхий зориулалтын казиногийн тоног төхөөрөмж, техник, хэрэгслээр хангагдсан байх;
8.6.3. казиногийн ажилтан нь казиногийн үйл ажиллагаанд бэлтгэгдсэн байх;
8.6.4. зохион байгуулагчийн болон уулзалт, амралтын өрөө, олон нийтийн хэсэгт дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж (камер) суурилуулсан байх;
8.6.5. тоглогчдоос мөрий, бэлэн мөнгө авах, хонжвор олгох мөнгөн кассын хэсэг, мөрийтэй тоглоом тоглуулж байгаа өрөө болон ширээ бүрт дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан байх;
8.6.6. Зөвлөлөөс баталсан шаардлагыг хангасан байх.
8.7. Казиногийн тоглоом нь дараах төрөлтэй байна:
8.7.1. ширээний тоглоом;
8.7.2. автомат тоглоом, слот машин.
8.8. Казино нь Зөвлөлийн тогтоосон стандартыг хангасан, зохих нууцлал бүхий, Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн Монгол Улсад үйлдвэрлэсэн, импортолсон мөрийнд хэрэглэх зориулалттай зоос, чип, тасалбар болон казиногийн тоглоомонд ашиглах зориулалттай хөзөр, шоог хэрэглэнэ.
8.9. Казинод тоглогчийг зээлээр тоглуулах, казиногийн цогцолборт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхийг хориглоно.