Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 4-р сарын 14 өдөр
Ulaanbaatar city
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам /цаашид “нам” гэх/ үүсгэн байгуулах, намын бүртгэлд бүртгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах, намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, хяналт, санхүүжилт, хариуцлагын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Намын тухай хууль тогтоомж
2.1.Улс төрийн намын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ..
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“намын гишүүн” гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг;
3.1.2.“намын дэмжигч гишүүн” гэж намын зорилго, үзэл баримтлалыг сайн дурын үндсэн дээр дэмжин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог иргэнийг;
3.1.3.“сонгуульт гишүүн” гэж намаас төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвшин сонгогдсон болон намын бүх шатны удирдах, төлөөллийн, гүйцэтгэх байгууллага, удирдах албан тушаалд сонгогдсон намын гишүүнийг;
3.1.4.“намын хөтөлбөр” гэж намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго, бодлогыг тодорхойлсон үндсэн баримт бичгийг;
3.1.5.“намын сонгуулийн мөрийн хөтөлбөр” гэж намын хөтөлбөрт үндэслэсэн тухайн төлөөлөгчдийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг;
3.1.6.”намын санхүүгийн тайлан” гэж тайлант хугацаанд намаас энэ хуулийн дагуу гүйцэтгэсэн орлого, зарлагын тооцоо, намын хөрөнгийн баланс, тэдгээрийн тайлбарыг нэгтгэсэн цахим болон хэвлэмэл мэдээллийн цогцыг;
3.1.7.“хандив” гэж иргэн, хуулийн этгээдээс намын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, биет ба биет бус хөрөнгө, үйлчилгээ, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг;
3.1.8.“төрийн санхүүжилт” гэж төрөөс намд мөнгөн хэлбэрээр олгож буй хэсэгчилсэн санхүүгийн дэмжлэгийг;
3.1.9.“төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг” гэж энэ хуульд заасан нөхцөлийг хангасан намд олгох төрийн санхүүжилт болон төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг;
3.1.10.“төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг” гэж төрөөс намд олгож буй мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээний хэлбэрээр үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг;
3.1.11.“төрийн санхүүжилт авах эрх үүсэх жил” гэж Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус сонгуулийн дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг;
3.1.12.“намын гишүүнээс түдгэлзэх” гэж намын гишүүний эрхгүй, намын гишүүний эсхүл дэмжигчийн хувиар намын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг;
3.1.13.“гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дах хэсэгт заасныг;
3.1.14.“намын харьяа байгууллага” гэж намын зорилго, зорилтыг биелүүлэх хүрээнд намын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг эсхүл намын үйл ажиллагааны хүрээнд үүсгэн байгуулагдсан, намтай шууд эсхүл шууд бус холбоотой сан, холбоо болон төрийн бус байгууллагыг.
4 дүгээр зүйл.Нам, түүний чиг үүрэг
4.1.Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн.
4.2.Нам нь Үндсэн хуульт байгуулал, ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1.ард түмний улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх;
4.2.2.төр, ард түмний хооронд байнгын, тогтвортой, идэвхтэй холбоо харилцаа үүсгэх;
4.2.3.иргэдийн улс төрийн боловсрол, идэвхтэй оролцоог хөхиүлэн дэмжих;
4.2.4.төрийн улс төрийн алба хаах, хариуцлагатай иргэнийг бэлтгэх;
4.2.5.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох;
4.2.6.сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх.
5 дугаар зүйл.Намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх
5.1.Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй.
5.2.Аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд иргэнийг болон тухайн намыг аливаа хэлбэрээр мөшгөн хавчих, заналхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхахыг хориглоно.
5.3.Намын гишүүн төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдвол уг албыг хаах хугацаанд намын гишүүнээс түдгэлзэнэ.
5.4.Иргэнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр эсхүл албадан намд элсүүлэх, эсхүл ийм зорилгоор хууль бус нөлөөлөл, шахалт үзүүлэхийг хориглоно.
5.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй.
5.6.Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хувийн байдлыг тодорхойлсон албаны бичиг баримтад тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль нэг намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно.
5.7.Намын гишүүн хэдийд ч намаас өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүнээс гарах тухай өргөдлийг гаргаснаар намаас гарсанд тооцно.
5.8.Төр, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэгтэй.
5.9.Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй, тохирсон бөгөөд хуульд зааснаас өөр хязгаарлалтыг эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхэд тавьж үл болно.
5.10.Энэ хуулийн 5.9-д зөвшөөрсөн хязгаарлалт нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.
5.11.Хуульд өөрөөр заагаагүй бол намын зүгээс төрийн байгууллага, албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
5.12.Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож үл болно.
5.13.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нам үүсгэн байгуулахад оролцохыг хориглоно.
6 дугаар зүйл.Намын нэр, бэлгэ тэмдэг
6.1.Нам нь оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд “нам” гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэ.
6.2.Нам сонгуулийн сурталчилгаа болон бусад үйл ажиллагаанд зөвхөн намын бүртгэлд бүртгүүлсэн бүтэн болон товчилсон нэрийг хэрэглэнэ.
6.3.Сонгуульд эвсэл байгуулж оролцож буй намууд сонгуулийн үйл ажиллагаанд эвслийн гэрээнд заасан нэрийг хэрэглэнэ.
6.4.Намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг нь төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, сүм хийд, өөр хуулийн этгээд, бусад намын нэр, бэлгэ тэмдэгтэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.
6.5.Орон нутаг дахь салбар нэгж нь намынхаа нэрийн өмнө тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг заасан тодотголыг хэрэглэнэ.
6.6.Нам татан буугдсан, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдгийг шинээр байгуулагдах болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно.
6.7.Намаас бусад хуулийн этгээд өөрийн оноосон нэрд “нам” гэсэн үг хэрэглэхийг хориглоно.
7 дугаар зүйл.Намын эрх, үүрэг.
7.1.Нам дараах эрхийг эдэлнэ:
7.1.1.үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглааныг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах;
7.1.2.намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
7.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох;
7.1.4.хуульд заасны дагуу орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, өөрийн өмчтэй байх;
7.1.5.Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох;
7.1.6.бусад намтай эвсэл байгуулах;
7.1.7.олон улсын байгууллага, бусад орны нам, байгууллагуудтай хамтран ажиллах, улс төрийн намуудын олон улсын байгууллагад гишүүнээр элсэх;
7.1.8.нам хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах;
7.1.9.иргэдийн мэдээлэл авах, соён гэгээрүүлэх хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу сум, дүүргийн соёлын төв, театр, иргэний танхимыг үнэ төлбөргүй ашиглах;
7.1.10.хуульд тогтоомжид заасан журмын дагуу намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж, сонгогчдод танилцуулах, сурталчлах;
7.1.11.хуульд заасан бусад.
7.2.Нам нь Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй.
8 дугаар зүйл.Намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлэх
8.1.Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгоно.
8.2.Энэ хуулийн 17.1-д заасан байгууллагын бүрэлдэхүүнийг сонгоход болон төрийн улс төрийн албан тушаалд намаас санал болгож сонгогдох, томилогдох нэр дэвшигчийг тодруулахад дараах шаардлагыг хангана:
8.2.1.нууц санал хураалт явуулах;
8.2.2.гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах;
8.2.3.аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх.
8.3.Энэ хуулийн 17.1-д заасан байгууллагын болон намын бусад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэн үзэх бөгөөд тодорхой асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэхээр намын дүрэмд зааж болно.
8.4.Намын дүрэм, хөтөлбөрийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах болон сонгуульд нэр дэвшигчийг санал болгоход намын гишүүдийн саналыг сонсож оролцоог хангана.
8.5.Нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангаж ажиллана.
8.6.Нам бодлого, үйл ажиллагаандаа хувь хүн болон нийгмийн бүлгийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.
8.7.Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 8.4-т заасны дагуу намын үйл ажиллагаа дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайланг Жендэрийн үндэсний хороонд хүргүүлнэ.
8.8.Энэ хуулийн 8.2.3, 17.6-т заасан шаардлагыг хангаагүй намд тухайн зөрчлийг арилгах талаар сонгуулийн төв байгууллага сануулна. Ийнхүү сануулсан өдрөөс хойш 6 сарын дотор уул зөрчлийг арилгаагүй бол сонгуулийн төв байгууллага тухайн зөрчлийг арилгах хүртэл төрийн санхүүжилтийг зогсооно.
9 дүгээр зүйл.Намын үйл ажиллагааг цахимаар явуулах, ил тод байдлыг хангах
9.1.Хуульд өөрөөр заагаагүй бол намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулна.
9.2.Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг ил тод, нээлттэй байлгаж, нийтэд тогтмол мэдээлэх, мэдээлэл авах боломжоор хангана.
9.3.Нам өөрийн бүх шатны байгууллагын хуралдаан, санал хураалт, сургалт, зөвлөгөөн, гишүүн элсүүлэх, гишүүний татвар хураах, хандив цуглуулах болон бусад ажиллагаа, нийгэмд болон гишүүдэд чиглэсэн арга хэмжээг цахимаар явуулж болно. Ингэхдээ сонгуулийн төв байгууллагаар баталгаажсан программ хангамжийг ашиглана.
9.4.Цахим хуралдаан, санал хураалтын үр дүнд гарсан шийдвэрийг хүчинтэйд тооцно. Нам цахим хуралдаан, санал хураалтыг зохион байгуулахдаа цахим системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах боломжит арга хэмжээг авах бөгөөд нууц санал хураалтыг цахимаар явуулсан тохиолдолд түүний нууцлалыг алдагдуулахгүй.
9.5.Нам албан ёсоор нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ.
9.6.Нам цахим хуудастаа дараах баримт бичиг, мэдээллийг ил тод байршуулж, тухай бүр шинэчилнэ:
9.6.1.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг;
9.6.3.намын хөтөлбөр;
9.6.4.намын гүйцэтгэх төв байгууллага оршин байгаа хаяг;
9.6.5.намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтны овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
9.6.6.намын удирдах дээд байгууллага эсхүл төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, хяналтын төв байгууллагын дарга, гишүүний овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;
9.6.7.намын утасны дугаар, цахим шуудангийн хаяг;
9.6.8.намын гишүүний тоо;
9.6.9.намын санхүүгийн тайлан;
9.6.10.намын үйл ажиллагааны товч тайлан;
9.6.11.нам аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх салбар нэгжтэй бол тэдгээрийн нэгжийн даргын овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;
9.6.12.намын бүтэц, зохион байгуулалт;
9.6.13.намын үйл ажиллагааны мэдээлэл;
9.6.14.бусад мэдээлэл.
9.7.Намын дансанд хүлээж авсан хандивын болон бусад мэдээллийг Шилэн дансны тухай хуульд заасны дагуу намын цахим хуудаст байршуулна. Хандивлагчдыг мэдээлэхдээ хувь хүний хуулиар хамгаалбал зохих мэдээллээс бусад мэдээллийг ил тод мэдээлнэ.
9.8.Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан цахим хуудастаа байршуулж олон нийт, гишүүд, дэмжигчдэдээ нээлттэй танилцуулж байна.
9.9.Нам энэ хуулийн 9.6.1-9.6.7-д заасан баримт бичиг, мэдээлэлд өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
9.10.Сонгуулийн төв байгууллагын цахим хуудаст намын цахим хуудас, нийгмийн сүлжээний хаяг, энэ хуулийн 9.6.1-9.6.7-д заасан намын баримт бичиг, мэдээллийг байршуулж, тухай бүр шинэчилнэ.
10 дугаар зүйл.Намын үйл ажиллагаанд хориглох зүйл
10.1.Нам дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
10.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулах;
10.1.2.Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулах;
10.1.3.зэвсэглэх эсхүл цэрэгжих, цэрэгжсэн бүтэцтэй болох, үймээн самуун дэгдээх, зорилгоо хүчирхийллийн замаар гүйцэлдүүлэх;
10.1.4.хүнийг үндэс, угсаа, яс үндэс, нас, хүйс, арьсны өнгө, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхах;
10.1.5.энэ хуулийн 35.6-д хориглосон этгээдээс хандив, тусламж, санхүүжилт шууд болон шууд бусаар авах;
10.1.6.сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авах;
10.1.7.намаас бусад байгууллага, хуулийн этгээдийн бүтэц, үйл ажиллагааны хүрээнд намын салбар нэгж байгуулах;
10.1.8.хуульд заасан бусад.
10.2.Шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист түүнчлэн гадаад улсын намын салбар нэгжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулахыг хориглоно.
10.3.Энэ хуулийн 10.1.7-т заасан зөрчлийг арилгах шаардлагыг сонгуулийн төв байгууллага намд үндэслэл бүхий хугацаа заан хүргүүлэх бөгөөд заасан шаардлагыг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэл сонгуульд намын нэрээ дэвшүүлэн оролцох эрхийг түдгэлзүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
НАМ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ
11 дүгээр зүйл.Нам үүсгэн байгуулах
11.1.Намыг зохион байгуулах Их Хурал /цаашид "үүсгэн байгуулах хурал" гэх/-аар үүсгэн байгуулна.
11.2.Намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэлийг урьдчилан хангах ба зохион байгуулж явуулах газар, хугацааг нэг сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байна.
11.3.Намыг үүсгэн байгуулах хуралд орон нутгаас төлөөлөх төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулна.
11.4.Намыг үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
11.4.1.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдгийн загварыг батлах;
11.4.2.намын хөтөлбөр, дүрмийг батлах;
11.4.3.төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнийг сонгон байгуулах, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийг тогтоох;
11.4.4.намын даргыг сонгох;
11.4.5.нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах.
11.4.6.намыг үүсгэн байгуулах хурлаас нам үүсгэн байгуулсан тухай шийдвэр гарсан өдрийг тухайн нам үүсэн байгуулагдсан өдөрт тооцох бөгөөд энэ тухай нийтэд зарлан мэдээлнэ.
11.5.Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад аливаа байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
12 дугаар зүйл.Намыг бүртгүүлэх өргөдөл
12.1.Энэ хуулийн 11.3.4-д заасан намын даргаар сонгогдсон гишүүн эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нам үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.3-т заасан баримт бичгийн хамт сонгуулийн төв байгууллагад бичгээр хүргүүлнэ.
12.2.Намыг бүртгүүлэх өргөдлийг сонгуулийн төв байгууллагын баталсан маягтын дагуу гаргаж, дараах мэдээллийг тусгах бөгөөд өргөдөл гаргагч гарын үсэг зурна:
12.2.1.өргөдөл гаргасан он, сар, өдөр;
12.2.3.намын гүйцэтгэх төв байгууллагын хаяг;
12.2.4.намын үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;
12.2.5.өргөдөл гаргагчийн талаарх мэдээлэл.
12.3.Намыг бүртгүүлэх өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана
12.3.1.нам үүсгэн байгуулах тухай шийдвэр, уг шийдвэрт хуралдаан даргалагч эсхүл тэргүүлэгчид гарын үсэг зурсан байна;
12.3.2.намын бүтэн болон товчилсон нэрийн бичвэр, намын нэр, бэлгэдэл, далбааны зургийг тайлбарын хамт;
12.3.4.намын хөтөлбөр;
12.3.5.намын гүйцэтгэх төв байгууллага оршин байгаа хаягийн нотлох баримт;
12.3.6.намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гарын үсэг/;
12.3.7.намын санхүүгийн асуудал хариуцсан ажилтны бүртгэл /овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гарын үсэг, иргэний үнэмлэхийн хуулбар/;
12.3.8.намын хөрөнгийн жагсаалт, намд өгсөн хандивын жагсаалт, намыг үүсгэн байгуулахтай холбогдон гарсан зардлын эх үүсвэр зэргийг тусгасан намын хөрөнгийн мэдээ;
12.3.9.нам үүсгэн байгуулах хурлын тов, байршлыг энэ хуулийн 11.2-т заасны дагуу мэдэгдэж, зарласан тухай баримт;
12.3.10.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл.
12.4.Энэ хуулийн 12.3.8-д заасан намын хөрөнгийн мэдээнд намыг бүртгүүлэх өргөдөл гаргахаас өмнө тухайн намын аль нэг үүсгэн байгуулагчийн нэр дээр банкны түр данс нээж намын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, гишүүний татвар, хандив, намыг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг тусгаж тайлагнана.
12.5.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 12.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.3-т заасан баримт бичгийг хамт сонгуулийн төв байгууллагад хүргүүлж болно.
13 дугаар зүйл.Намыг бүртгүүлэх өргөдөл, баримт бичгийг нягтлан шалгах
13.1.Сонгуулийн төв байгууллага нь намыг бүртгүүлэх өргөдлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор тухайн өргөдөл, дагалдах баримт бичгийг бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгана.
13.2.Сонгуулийн төв байгууллага нь өргөдөл, бичиг баримтад дараах зөрчил илэрсэн тохиолдолд 30 хоногийн дотор уул зөрчлийг арилгаж, нэмэлт мэдээллийг ирүүлэх тухай өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:
13.2.1.энэ хуулийн 12.3-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу;
13.2.2.намын дүрэм нь энэ хуулийн 15.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй;
13.2.3.гишүүдийн тоо нь энэ хуулийн 12.3.6-д заасан тоонд хүрээгүй, бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай эсхүл өөр хүн төлөөлсөн;
13.2.4.намын бүтэн нэр, товчилсон нэр, бэлгэдэл, далбаа энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй.
13.3.Сонгуулийн төв байгууллага намыг бүртгүүлэх өргөдөл, баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгахдаа энэ хуулийн 12.3-т болон хуульд зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
13.4.Сонгуулийн төв байгууллага намыг бүртгүүлэх өргөдөл, холбогдох баримтыг хүлээн авч, энэ хуулийн 13.1, 13.2-т заасан хугацаанд нягтлан шалгаж дуусгаснаас хойш ажлын таван өдрийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх намыг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
13.5.Намын бүртгэлийн жагсаалт, бүртгэлийн хувийн хэрэг, холбогдох мэдээллийг Сонгуулийн төв байгууллага эрхлэн хариуцна.
13.6.Нам хуулийн этгээд болох хувьдаа оршин байх албан ёсны хаяг, хөрөнгө түүний өөрчлөлттэй холбоотой бүртгэлийг холбогдох шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор Сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ.
14 дүгээр зүйл.Намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах
14.1.Улсын дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн 13.4-д зааснаар ирүүлсэн өргөдөл, холбогдох барим бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэн тухайн намыг намын бүртгэлд бүртгэх эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргаж, ажлын гуч хоногийн дотор өргөдөл гаргагч, сонгуулийн төв байгууллагад бичгээр болон цахимаар хүргүүлж, нийтэд мэдээлнэ.
14.2.Улсын дээд шүүх энэ хуулийн 14.4-д зааснаас бусад тохиолдолд намыг улс төрийн намын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.
14.3.Намыг улс төрийн намын бүртгэлд бүртгэх шийдвэрийг нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор сонгуулийн төв байгууллага гэрчилгээ олгоно. Сонгуулийн төв байгууллага тухайн намын зорилго, үнэт зүйл, үзэл баримтлалын товч, гүйцэтгэх төв байгууллага, албан тушаалтны мэдээлэл, намын оршин байгаа хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийн талаарх мэдээлэл багтаасан танилцуулгыг нийтэд ил тод байршуулна.
14.4.Улсын дээд шүүх намыг дараах үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:
14.4.1.намын дүрэм, хөтөлбөр нь Монгол Улсын Yндсэн хууль болон бусад хуульд харшилсан;
14.4.2.энэ хуулийн 10.1.1-10.1.3-т заасан үндэслэл байгаа бол;
14.4.3.гишүүдийн тоо нь энэ хуулийн 12.3.6-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн;
14.4.4.энэ хуулийн 6 дугаар зүйлийг зөрчин нэр хэрэглэсэн.
14.5.Улсын дээд шүүх тухайн намыг бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг энэ хуулийн 14.1-т заасан хугацаанд гаргах бөгөөд уг шийдвэрт татгалзсан үндэслэлээ тодорхой заана. Энэхүү шийдвэрийг зохих этгээдэд албан ёсоор мэдэгдэж, нийтэд мэдээлнэ.
14.6.Улсын дээд шүүх нь энэ хуулийн 14.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө өргөдөл гаргагч, сонгуулийн төв байгууллага болон бусад этгээдээс тайлбар авах, нэмэлт баримт бичиг мэдээлэл гаргуулан авч болно.
14.7.Энэ зүйлийн 14.1-д заасны дагуу гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.
14.8.Энэ хуулийн 14.5-т заасан шийдвэр гаргасан тохиолдолд уул зөрчлийг арилгасан этгээд энэ хуульд заасны дагуу намыг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан журмыг үндэслэн дахин гаргах эрхтэй.
14.9.Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг сонгуулийн төв байгууллага хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
НАМЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
15 дугаар зүйл.Намын дүрэм
15.1.Намын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог энэ хуульд заасны дагуу намын дүрмээр зохицуулна.
15.2.Намын дүрэмд дараах нийтлэг зүйлийг тусгана:
15.2.1.намын үзэл баримтлал, үнэт зүйл, зорилго;
15.2.2.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг;
15.2.3.намын гишүүнээр элсэх, гишүүнчлэлээс түдгэлзэх, гишүүний эрх, үүрэг, гишүүнээс хасах болон бусад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл;
15.2.4.намын удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, хяналтын байгууллага, бусад байгууллага, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ, хуралдуулах, шийдвэр гаргах журам;
15.2.5.намын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ;
15.2.6.намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
15.2.7.намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг зогсоох арга, журам;
15.2.8.төрийн улс төрийн албан тушаалд болон намын удирдах албан тушаалд нэр дэвшигчийг сонгох, томилох, чөлөөлөх, тэдгээрт жендэрийн тэгш байдлыг хангах журам;
15.2.9.намын хөрөнгө, орлогыг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах;
15.2.10.намын салбар болон бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах үндэслэл журам.
15.3.Намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, намын даргыг томилсон шийдвэрийг 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд албан ёсоор хүргүүлнэ.
15.4.Намын дүрэмд оруулсан энэ хуулийн 15.2.9-д зааснаас бусад нэмэлт, өөрчлөлт, намын даргыг томилсон шийдвэрийг 60 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд сонгуулийн төв байгууллага уг хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор Улсын дээд шүүхэд албан ёсоор хүргүүлнэ.
15.5.Улсын дээд шүүх энэ зүйлийн 15.3-т заасны дагуу гаргасан хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.
16 дугаар зүйл.Намын бүтэц, зохион байгуулалт
16.1.Нам нь намын удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагатай байна.
16.2.Намын бүтцийн нэгжийг намын дүрмээр зохицуулах бөгөөд энэ хуулийн 16.1-д зааснаас бусад байгууллагыг намын дүрмээр байгуулж болно.
17 дугаар зүйл.Намын удирдах байгууллага
17.1.Намын гишүүдийн эсхүл тэдгээрийн төлөөлөгчдийн хурал нь намын удирдах дээд байгууллага мөн бөгөөд түүнийг дөрвөн жил тутам нэгээс доошгүй удаа хуралдуулна.
17.2.Намын удирдах дээд байгууллага дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
17.2.1.намын дүрэм, хөтөлбөрийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
17.2.2.намын төлөөллийн төв байгууллагын болон хяналтын төв байгууллагын бүрэлдэхүүнийг дөрвөн жилээс илүүгүй хугацаагаар сонгох, эдгээр байгууллагын тайланг дөрвөн жил тутам нэгээс доошгүй удаа хэлэлцэх;
17.2.3.намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох;
17.2.4.намын дүрэмд заасан бусад асуудал.
17.3.Намын дүрэмд заасан тохиолдолд нам нь намын удирдах дээд байгууллагын чөлөө цагт ажиллах намын төлөөллийн төв байгууллагатай байх бөгөөд түүнийг жил тутам нэгээс доошгүй удаа хуралдуулна.
17.4.Намын дүрэмд заасны дагуу намын удирдах дээд байгууллага эсхүл төлөөллийн төв байгууллага нь намын гүйцэтгэх төв байгууллагыг дөрвөн жилээс илүүгүй хугацаагаар сонгоно. Гүйцэтгэх төв байгууллага нь гурваас доошгүй тооны гишүүнтэй байна.
17.5.Намын дүрэмд заасны дагуу намын даргыг удирдах дээд байгууллага эсхүл төлөөллийн төв байгууллага, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтныг гүйцэтгэх төв байгууллага тус тус сонгоно.
17.6.Намын төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна.
18 дугаар зүйл.Намын хяналтын байгууллага
18.1.Нам нь намын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, намын дүрмээр зохицуулах дотоод маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хяналтын байгууллагатай байна.
18.2.Намын хяналтын төв байгууллагын гишүүнээр намын төлөөллийн болон гүйцэтгэх төв байгууллагын гишүүн, орон тооны ажилтныг сонгохыг хориглоно.
18.3.Намын хяналтын байгууллага хараат бусаар ажиллах бөгөөд түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
18.4.Намын хяналтын байгууллага нь дор дурдсан маргааныг хянан шийдвэрлэж, шийдвэртээ үндэслэлээ тодорхой бичнэ:
18.4.1.намын дүрэм зөрчсөн эсэх;
18.4.2.нам болон түүний гишүүн хооронд үүссэн;
18.4.3.намын дотоод сонгуультай холбогдон үүссэн;
18.4.4.намын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой.
18.5.Энэ хуулийн 18.4-т заасан маргаан хянан шийдвэрлэх журмыг намын дүрэмд заасны дагуу батална. Энэ журам нь маргагч талаас тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, маргаан шийдвэрлэх хуралдаанд биечлэн оролцох зэргээр шударгаар хянан шийдвэрлүүлэх эрхийн баталгааг хангасан байна.
19 дүгээр зүйл.Намын бусад байгууллага
19.1.Намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий бодлогын судалгааны байгууллага намын дэргэд ажиллана.
19.2.Намын бодлогын судалгааны байгууллага сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах үүрэгтэй.
19.3.Энэ хуульд заасан намын бүтэц, зохион байгуулалтаас гадна нийгэм, эдийн засгийн болон бусад салбарын бодлогын асуудлаар зөвлөлдөх, намын бодлого, үйл ажиллагаа нь хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдалд нийцэж буй эсэхийг үнэлэх зэрэг чиг үүрэгтэй бүтцийн нэгж байгуулах эсэхийг нам дүрмээрээ зохицуулж болно.
20 дугаар зүйл.Намын гишүүний эрх, үүрэг, баталгаа
20.1.Намын гишүүн дараах эрхтэй байна:
20.1.1.намын үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох;
20.1.2.намын бүтцийн байгууллагад сонгох, сонгогдох;
20.1.3.намын дүрэмд заасан бусад эрх.
20.2.Намын гишүүн дараах үүрэг байна:
20.2.1.намын дүрэмд заасан татвар төлөх;
20.2.2.хууль тогтоомж, намын дүрэмд захирагдах;
20.2.3.намын дүрэмд заасан бусад үүрэг.
20.3.Намын дэмжигч гишүүн нь намын дүрэмд зааснаас гадна энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 болон 20.2.2 дах хэсэг заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
20.4.Намын гишүүнээс хасах асуудлыг тогтоосон журмын дагуу намын хяналтын байгууллага шийдвэрлэнэ
20.5.Намын дүрмийг санаатай зөрчсөн, эсхүл намын үнэт зүйл, зарчмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд намын гишүүнээс хасахыг хориглоно.
20.6.Нам, намын гишүүний бүртгэлийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн хөтөлж, жил бүр шинэчилнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НАМЫГ ИДЭВХГҮЙД ТООЦОХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ
21 дүгээр зүйл.Намыг идэвхгүйд тооцох
21.1.Сонгуулийн төв байгууллага дараах тохиолдолд намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэр гаргана:
21.1.1.Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй;
21.1.2.энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин 2 жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй;
21.1.3.намын удирдах дээд байгууллагыг эсхүл төлөөллийн төв байгууллагыг 5 жилийн хугацаанд хуралдуулаагүй.
21.2.Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох бөгөөд нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно. Энэ хугацаанд намын гишүүний аливаа сонгуульд бие даан нэр дэвших эрхийг үл хязгаарлана.
21.3.Энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд тухайн зөрчлийг арилгасан болохоо мэдэгдэж, холбогдох нотлох баримтын хамт сонгуулийн төв байгууллагад албан ёсоор хүргүүлнэ.
21.4.Энэ хуулийн 21.3-т заасан нотлох баримтыг сонгуулийн төв байгууллага хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянан үзэж, намыг идэвхтэйд тооцох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
21.5.Сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш санал хураалт явагдаж дуусах хүртэл намыг идэвхгүйд тооцох шийдвэрийг сонгуулийн төв байгууллага гаргахгүй.
21.6.Энэ хуулийн 21.1-д заасан сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн талаарх маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.6, 112.2-т зааснаар шийдвэрлэнэ.
22 дугаар зүйл.Намыг татан буулгах
22.1.Намын удирдах дээд байгууллагын шийдвэрээр намыг өөрчлөн байгуулах, түүний үйл ажиллагааг зогсоох, эсхүл Улсын дээд шүүхийн шийдвэрээр намыг тараах замаар энэ хуульд заасны дагуу намыг татан буулгана.
22.2.Сонгуулийн төв байгууллага нь энэ хуулийн 23.1 эсхүл 25.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор уг намыг намын бүртгэлээс хасаж гэрчилгээг нь хүчингүй болгох бөгөөд энэ тухай мэдээллийг сонгуулийн төв байгууллагын цахим хуудаст байнга байршуулж, нийтэд түгээнэ.
22.3.Татан буугдсан намын хөрөнгийг гишүүдэд хуваарилахыг хориглоно.
22.4.Энэ хуулийн 23.6-д заасныг зөрчиж өөрчлөн байгуулагдсан намын өмч, хөрөнгийг эзэмшил, өмчлөлдөө байлгасан, 22.3-т заасныг зөрчин гишүүддээ хуваарилсан тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол хураан авч, улсын орлого болгоно.
22.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол татан буулгах комисс томилох зэрэг намыг татан буулгахтай  холбогдсон бусад харилцааг Иргэний хуулиар зохицуулна.
23 дугаар зүйл.Намыг өөрчлөн байгуулах
23.1.Нам энэ хуульд заасны дагуу нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдаж болох бөгөөд энэ тухай шийдвэрийг намын удирдах дээд байгууллага гаргаснаас хойш ажлын 10 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
23.2.Нийлсэн намуудын эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгө нь нийлэх замаар өөрчлөн зохион байгуулагдсан намд шилжих бөгөөд уг нам энэ хуульд заасны дагуу шинээр бүртгүүлнэ.
23.3.Нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд нь аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэж болно.
23.4.Нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан намуудаас хамгийн эхэнд байгуулагдсан намын өдрөөр төлөөлүүлэн уг намын үүсгэн байгуулагдсан өдрийг тодорхойлно.
23.5.Нам үйл ажиллагаагаа зогсоож өөр намтай нэгдсэн бол тэр намын эрх, үүрэг, хариуцлага, намын гишүүдийн харьяалал, эд хөрөнгө нэгтгэн авсан намд шилжинэ.
23.6.Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан тохиолдолд түүний өмч, хөрөнгийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.
23.7.Намыг өөрчлөн байгуулахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна.
24 дүгээр зүйл.Намын үйл ажиллагааг зогсоох
24.1.Намын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг намын удирдах дээд байгууллага гаргаснаас хойш ажлын 10 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
24.2.Үйл ажиллагаагаа зогсоосон намын өр төлбөрийг барагдуулж дууссаны дараа үлдсэн хөрөнгийг сонгуулийн төв байгууллагад шилжүүлнэ.
25 дугаар зүйл.Намыг тараах
25.1.Энэ хуулийн 10.1.1-10.1.3-т заасан хориглолтыг зөрчсөн тохиолдолд сонгуулийн төв байгууллага намыг тараах тухай дүгнэлт гаргаж Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
25.2.Энэ хуулийн 25.1-д заасан дүгнэлтийг сонгуулийн төв байгууллага нийт гишүүдийн дөрөвний гурвын саналаар гаргана.
25.3.Намыг тараах тухай сонгуулийн төв байгууллагын дүгнэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаар хянан хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 25.1-д заасан үндэслэл тогтоогдвол намыг тараах тухай шийдвэр гаргаж, ажлын 10 өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
25.4.Энэ зүйлийн 25.3-т заасны дагуу гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.

ТАВДУГААР БҮЛЭГ
НАМЫН САНХҮҮЖИЛТ
26 дугаар зүйл.Намын орлогын эх үүсвэр
26.1.Намын орлого нь дараах эх үүсвэртэй байна:
26.1.1.төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
26.1.2.гишүүний татвар;
26.1.4.намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого;
26.1.5.энэ хуулийн 36.3-т заасан бусад орлого.
26.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу төрөөс намд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу олгох төрийн санхүүжилт болон энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгээс бүрдэнэ.
26.3.Жил бүрийн намд олгох төрийн санхүүжилтийн дор дурдсан хувийг дараах зориулалтаар зарцуулна:
26.3.1.төрийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сурган бэлтгэх;
26.3.2.төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг олон нийтэд таниулах;
26.3.3.төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэх.
26.4.Энэ хуулийн 26.3.1, 26.3.2, 26.3.3-т заасан зорилтот санхүүжилт тус бүрийн гуравны нэгээс доошгүйг намын бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар зарцуулна.
26.5.Энэ хуулийн 26.3-т заасан санхүүжилтийг тухайн зорилгоос өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
26.6.Төрийн санхүүжилтийн холбогдох хувийг энэ хуулийн 26.3-т заасныг зөрчин зарцуулсан бол хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх эсхүл дараагийн төрийн санхүүжилтээс хасан тооцно.
26.7.Нам нь энэ хуулийн 26.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авах бөгөөд өөр данстай байхыг хориглоно. Тус хориглолт нь энэ хуулийн 34.4, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хамаарахгүй.
26.8.Нам нь энэ хуулийн 26.1-т заасан орлогыг цахим мөнгөн хэрэгсэл /крипто валют, NFT зэрэг/-ээр хүлээн авахыг хориглоно.
27 дугаар зүйл.Төрийн санхүүжилт
27.1.Улсын Их Хурлын ээлжит эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно.
27.2.Төрийн санхүүжилтийн хэмжээ нь энэ хуулийн 27.1, 27.8-т зааснаас хэтрэхгүй байна.
27.3.Нийт сонгогчийн 2-оос дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.
27.4.Энэ хуулийн 27.3-д заасан шаардлагыг хангаагүй намд төрийн санхүүжилт олгохыг хориглоно.
27.5.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд дараах томьёогоор төрийн санхүүжилтийг жил бүр олгоно. Н = (С1 * Т1) + (С2 * Т2)
27.6.Энэ хуулийн 27.5-д заасан томьёо дахь дараах тэмдэглэгээг доор дурдсан утгаар ойлгоно:
27.6.1.“Н” гэж нийт сонгогчийн 2-оос дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийг;
27.6.2.“С1” гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог;
27.6.3.“С2” гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог;
27.6.4.“Т1” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг;
27.6.5.“Т2” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг.
27.7.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог энэ хуулийн 27.6.5-д заасан дүнгээр үржүүлсэнтэй тэнцэх төрийн санхүүжилтийг тухайн ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно.
27.8.Энэ хуулийн 27.6.2-т заасан саналын тоог дараах байдлаар тооцно:
27.8.1.хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоогоор сонгууль явуулбал намын нэрсийн жагсаалтаар авсан хүчинтэй саналын хувь;
27.8.2.нэг мандаттай олонхын тогтолцоогоор сонгууль явуулбал нэр дэвшигчдийн авсан хүчинтэй саналын хувь;
27.8.3.олон мандаттай олонхын тогтолцоогоор сонгууль явуулбал нэр дэвшигчдийн авсан хүчинтэй саналын нийлбэрийг энэ хуулийн 27.7.2-т заасантай дүйцүүлэн гаргасан саналын хувь;
27.8.4.холимог тогтолцоогоор сонгууль явуулбал энэ хуулийн 27.8.1, 27.8.2, 27.8.3-т заасан аргачлалаар тооцсон нийлбэр саналын хувь.
27.9.Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь тухайн намын энэ хуулийн 36.3.1-36.3.3-д заасан орлогын нийлбэрээс хоёр дахин их эсхүл түүнээс илүү байж болохгүй.
27.10.Хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн нам эвсэл болж сонгуульд оролцсон тохиолдолд энэ хуулийн 27.5-д заасан төрийн санхүүжилтийг эвсэлд олгоно. Эвсэлд олгосон санхүүжилтийг энэ хууль болон эвслийн гэрээгээр хуваарилна.
27.11.Нам тарах, намыг идэвхгүйд тооцсон, татан буулгасан, эсхүл эвсэл тарсан бол энэ тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тухайн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийг сонгуулийн төв байгууллага зогсооно.
28 дугаар зүйл.Төрийн санхүүжилт авах тухай хүсэлт гаргах
28.1.Төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилд төрийн санхүүжилт авах зорилгоор уул санхүүжилтийн хэмжээг тогтоолгох, санхүүжилт авах тухай хүсэлтээ нам тухайн жилийн өмнөх жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн төв байгууллагад гаргана. Энэ хуулийн 28.1-д заасан хугацаанд хүсэлт гаргаагүй бол сонгуулийн төв байгууллага энэ тухай сануулж, 30 хоногийн дотор хүсэлт гаргах боломж олгоно.
28.2.Намын санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан энэ хуулийн 28.1-д заасан хүсэлтийг сонгуулийн төв байгууллагаас гаргасан маягтын дагуу гаргана. Энэ маягтад намын шуудангийн хаяг, намын дансны дугаар зэрэг мэдээллийг бичихээр тусгана.
28.3.Намын төв байгууллага нь нийт намыг төлөөлж нэгдсэн хүсэлт гаргана.
28.4.Төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн өмнөх онд сонгуулийн төв байгууллага төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоосон шийдвэр гаргасан бол төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилд нам шинээр хүсэлт гаргах шаардлагагүй. Төрийн санхүүжилтийн хэмжээнд нөлөөлөх өөрчлөлт гарсан бол сонгуулийн төв байгууллагад даруй мэдэгдэх бөгөөд энэ талаар цаг тухайд нь мэдэгдээгүйн үр дагаврыг нам хариуцна.
28.5.Нам энэ хуулийн 27.5-д заасны дагуу үүссэн эрхээсээ татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд тухайн намд олговол зохих төрийн санхүүжилт улсын төсөвт үлдэнэ.
29 дүгээр зүйл.Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох
29.1.Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 9 дүгээр сарын 15-наас өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.
29.2.Энэ хуулийн 29.1-д заасан шийдвэрийн дагуу олгох санхүүжилтийг дараа жилийн 01 дүгээр сарын 01-нээс эхлэн энэ хуульд өөрөөр заагаагүй бол ээлжит болон ээлжит бус сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд жил бүр 2 удаа олгоно.
29.3.Сонгуулийн төв байгууллага нь намаас энэ хуулийн 6 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангаж ирүүлсэн тайланг үндэслэн энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг баримтлан төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоож олгоно.
29.4.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу намын санхүүгийн тайланг нягтлан шалгах ажиллагаа явуулж буй бол уул ажиллагаа дууссаны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтооно.
29.5.Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох үндэс суурь нь төрийн санхүүжилт авах намын эрх үүссэн жилийн 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хамгийн сүүлд явагдсан Улсын Их Хурлын сонгуулиар авсан хүчинтэй саналын тоо болон энэ хуулийн 27.5-д заасан бусад үзүүлэлт байна.
29.6.Энэ хуулийн 29.2-т заасан хугацаанд хагас жилийн тайланг ирүүлээгүй бол энэ хуулийн 27.5-д заасны дагуу тухайн намын авсан хүчинтэй саналын тоо (С1)-нд суурилсан төрийн санхүүжилтийн хэсгийг олгохгүй.
29.7.Тайлангийн агуулга алдаа, зөрчилтэй эсэхээс үл хамааран тайлангаа энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан бүтэц, хэлбэрээр 38.12-т заасан аудитын тэмдэглэлийн хамт тогтоосон хугацаанд ирүүлбэл хугацаа баримталсанд тооцно.
29.8.Бусад намд олгох төрийн санхүүжилтийн хэмжээ, олголт нь тухайн нэг намын үйлдлээс шалтгаалан өөрчлөгдөхгүй.
29.9.Энэ хуулийн 27.8-д дурдсан хязгаарыг тооцон бодоход тайлант жилд авч, тайланд нийтлэгдсэн намын орлогын хэмжээг энэ хуулийн 36.3.1-37.3.3-д үндэслэнэ.
29.10.Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоохдоо эхлээд нам бүрээр энэ хуулийн 29.7-д заасан хязгаарыг, дараа нь энэ хуулийн 27.1-д заасан хязгаарыг баримтална. Төрийн санхүүжилт энэ хуулийн 27.1-д заасан хязгаараас давж хэтрэх тооцоо гарсан бол уул хязгаартай тэнцүү санхүүжилтийг намуудад ногдох хувь хэмжээгээр нь олгоно.
29.11.Төрийн санхүүжилтийг хуваарилахад харгалзан үзэх тухайн намд өгсөн хүчинтэй саналын тоо нь түүнд нөхөн болон дахин сонгуулийн дүн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өөрчлөлт орсноос бусад тохиолдолд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөгдөхгүй.
30 дугаар зүйл.Төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг
30.1.Нийт сонгогчийн 1 хувиас доошгүй санал авсан нам нь сонгуулийн бус жилд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг дараах хэлбэрээр авах эрхтэй:
30.1.1.намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулахад төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд 1 удаа үнэ төлбөргүй ашиглах;
30.1.2.хуваарийн дагуу намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг үндэсний олон нийтийн радио, телевизээр жилд гучин минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх
30.2.Энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэг авах тухай намын хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллага шийдвэрлүүлнэ.
30.3.Энэ хуулийн 30.1.1-д заасан байгууллага уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах, энэ хуулийн 30.1.2-д заасны дагуу Үндэсний олон нийтийн радио, телевиз үнэ төлбөргүй нэвтрүүлэх үүрэгтэй.
30.4.Энэ хуулийн 30.1.2-т заасан нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд төрөөс үзүүлсэн шууд бус дэмжлэгийг дурдана.
30.5.Сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс санал хураалтын дүн гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэгийг намд үзүүлэхгүй.
31 дүгээр зүйл.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт
31.1.Намд олгох төрийн санхүүжилт болон төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгт шаардагдах зардлыг жил бүр сонгуулийн төв байгууллагын төсвийн багцад суулгаж, батлуулна.
31.2.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн дагуу намын төв байгууллагад олгох бөгөөд салбар болон бүтцийн нэгжид хуваарилах асуудлыг намын дүрмээр зохицуулна.
31.3.Төрийн аудитын байгууллага нь сонгуулийн төв байгууллага намд олгох төрийн санхүүжилт болон төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг зөв тогтоож олгосон эсэх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.
32 дугаар зүйл.Гишүүний татвар
32.1.Гишүүний татварын хэмжээ, бүрдүүлэлтийг тухайн намын дүрмээр тогтооно.
32.2.Гишүүний сарын татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиас хэтрэхгүй байна.
32.3.Сонгуульт гишүүний сарын татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байна.
32.4.Гишүүний татварыг тухайн намын гишүүн зөвхөн өөрийн орлогоос төлнө
32.5.Намын гишүүн нь бусад гишүүний өмнөөс гишүүний татвар төлөхийг хориглоно.
32.6.Нам өөрийн дүрэм, журмаар намын гишүүний татварыг хөнгөлөх, чөлөөлөхөөр зохицуулж болно.
32.7.Хуульд өөрөөр заагаагүй бол намын гүйцэтгэх төв байгууллага нь гишүүний татвар төлсөн баримтыг арван жилийн хугацаанд архивлан хадгална.
32.8.Намын гишүүнээс энэ хуулийн 32.2, 32.3-т заасны дагуу төлөх татвар, намд өгөх бусад аливаа мөнгийг хандив гэж үзэх бөгөөд тэдгээрийн нийлбэр нь энэ хуулийн 33.8-д заасан хэмжээнээс илүүгүй байна. Бүх төрлийн гэнэтийн зардлыг гишүүдэд ногдуулан хуваарилах, мөнгө цуглуулах, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эд хөрөнгө намд өгөхийг хандивт тооцно.
33 дугаар зүйл.Хандив
33.1.Хандив нь мөнгөн болон мөнгөн бус хэлбэртэй байна.
33.2.Иргэний болон хуулийн этгээдийн мөнгөн хандивыг зөвхөн намын дансаар хүлээн авах бөгөөд бэлэн мөнгөөр хандив авахыг хориглоно. Гишүүний татвар болон хандивыг тооцооны нэг дансанд байршуулна.
33.3.Дараах зүйл нь үнэ төлбөргүйгээр эсхүл зах зээлийн дундаж ханшаас доогуур үнээр хийгдэж буй тохиолдолд мөнгөн бус хандивт хамаарна:
33.3.1.хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус баялгийг ашиглуулах, эзэмшүүлэх;
33.3.2.үйлчилгээ үзүүлэх;
33.3.3.төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх;
33.3.4.арга хэмжээний зардлыг төлөх;
33.3.5.ивээн тэтгэх.
33.4.Хандивыг мөнгөн бус хэлбэрээр авах тохиолдолд түүнийг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн үнэлэн бүртгэж, мөнгөн дүнгээр илэрхийлэн санхүүгийн тайланд тусгана.
33.5.Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна.
33.6.Монгол Улсын иргэн, хуулийн этгээдээс нэг жилийн хугацаанд нэг намд өгөх хандив нь энэ хуулийн 33.8, 33.9-т заасан хэмжээнээс илүүгүй байна. Намд өгсөн хандивын хэмжээг уг нам, түүний салбар болон бүтцийн нэгжид өгсөн хандивын нийлбэр дүнгээр тооцно.
33.7.Нэг жилд нэг иргэнээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван хоёр дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно.
33.8.Нэг жилд нэг хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно.
33.9.Хуулийн этгээдийн намд өгсөн хандивын хэмжээг уг хуулийн этгээд, хуулийн этгээдийн хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газрын өгсөн хандивын нийлбэр дүнгээр тооцно. Намд өгсөн хандивын хэмжээг мөнгөн болон мөнгөн бус хандивын нийлбэр дүнгээр тооцно.
33.10.Хандивлагч намын салбар болон бүтцийн нэгжид нэр заан өгсөн хандивыг тухайн зориулалтын дагуу захиран зарцуулна.
33.11.Намын харьяа байгууллага нь энэ хуулийн 34.6, 34.7-д хориглосон этгээдээс хандив авахыг хориглоно.
33.12.Нэг хуулийн этгээд эсхүл иргэнээс намд болон тухайн намын харьяа байгууллагад өгөх нийт хандив нь энэ хуулийн 33.7, 33.8-д зааснаас илүүгүй байна.
33.13.Намын харьяа байгууллагад өгөх байгууллага нь санхүүгийн тайлангаа энэ хуулийн Зургадугаар бүлэгт заасан шаардлагын дагуу гаргаж тухайн намд болон сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
34 дүгээр зүйл.Хандивтай холбогдуулан хүлээх үүрэг, хориглох зүйл
34.1.Нам дараах хандив өгсөн иргэний овог, нэр эсхүл хуулийн этгээдийн нэр, хандивын хэмжээ, хандивыг хүлээн авсан огноог цахим хуудастаа хайлт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал татам байршуулж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд уул мэдээллийг намын санхүүгийн тайланд тусгайлан заана.
34.1.1.нэг жилд нийлбэр дүнгээр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх эсхүл түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн;
34.1.2.нэг жилд нийлбэр дүнгээр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх эсхүл түүнээс дээш төгрөгийн үнийн дүнтэй мөнгөн бус хандив.
34.2.Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 34.1-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор цахим хуудастаа нийтэлж, ил тод, нээлттэй байлгана. Иргэн, хуулийн этгээд энэ хуульд тусгасан хандивын дээд хэмжээнд багтаан нэгээс дээш удаа хандив өгсөн бол хандивын дүнг өмнөх хандивын дүн, хүлээн авсан огнооны хамт мэдээлнэ.
34.3.Нам энэ хуулийн 34.1-д заасан мэдээллийг нээлттэй өгөгдлийн санд улирал тутамд байршуулаагүй эсхүл сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол тухайн улирлын хамаарах хагас жилийн төрийн санхүүжилтийг олгохгүй.
34.4.Нэг жилд нийлбэр дүнгээр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс бага хандивыг намын санхүүгийн тайланд тусгана.
34.5.Нам хандивтай холбогдуулан дараах үүрэг хүлээнэ:
34.5.1.хандивлагч хандив өгөх эрхтэй эсэхийг хуулийн дагуу тодорхойлох;
34.5.2.хандивлагчийн нэр, хаягийн талаар бүртгэл хөтлөх;
34.5.3.энэ хуулийн 34.6, 34.7-д хориглосон этгээдээс хандив өгсөн бол хандивыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн хандивлагч болон сонгуулийн төв байгууллагад энэ тухай мэдэгдэж, хандивыг сонгуулийн төв байгууллагад шилжүүлэх;
34.5.4.нэр хаяг нь тодорхойгүй, буцаах боломжгүй хандивыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад мэдэгдэж, сонгуулийн төв байгууллагад шилжүүлэх;
34.5.5.хандив болон хандивлагчийн мэдээллийг санхүүгийн тайланд тусгаж, сонгуулийн төв байгууллагад мэдэгдэх, сонгуулийн төв байгууллагын шаардсан нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгөх;
34.5.6.энэ хуульд заасан бусад.
34.6.Нам дараах этгээдээс хандив авахыг хориглоно:
34.6.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
34.6.2.гадаад улс буюу гадаад улсын төрийн байгууллага, нам, хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж
34.6.3.төрийн байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
34.6.4.үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо;
34.6.5.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, тэдгээрийн захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, бусад удирдах албан тушаалтан;
34.6.6.арван найман нас хүрээгүй Монгол Улсын иргэн;
34.6.7.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд;
34.6.8.тодорхой нэр, хаяггүй этгээд эсхүл нэр нь тодорхойгүй гуравдагч этгээдийн хандивыг дамжуулж буй нь илэрхий этгээд;
34.6.9.өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор хандив өгч буй этгээд;
34.6.10.бусад иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс мөнгөн болон мөнгөн бус хандивыг намд өгч буй иргэн, хуулийн этгээд;
34.6.11.дампуурсан хуулийн этгээд;
34.6.12.хуулиар хориглосон бусад этгээд.
34.7.Иргэдийн улс төрийн боловсрол, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дэмжих эсхүл тухайн намыг ардчилсан зарчмын дагуу бэхжүүлэх зорилгоор хамтарч ажиллах хүрээнд олон улсын болон гадаад улсын байгууллагатай хамтран зохион байгуулах арга хэмжээ, хэрэгжүүлэх төслийн санхүүжилт энэ хуулийн 34.6.2-т хамаарахгүй.
34.8.Хандивлагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хандив өгөхийг хориглоно.
34.9.Намд хандив өгснийхөө төлөө хандивлагч нь өөртөө болон бусдад аливаа давуу байдал олгохыг болон намын дотоод асуудлыг ардчилсан бус зарчмаар шийдвэрлэхийг шаардах, шахалт үзүүлэхийг хориглоно.
34.10.Хандивлагч нь намд хандив өгөхдөө бусад этгээдийн нэр, хаяг, мэдээллийг ашиглахыг хориглоно.
34.11.Иргэн, хуулийн этгээд нь бусад иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс мөнгөн болон мөнгөн бус хандивыг намд өгөхийг хориглоно.
35 дугаар зүйл.Намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого
35.1.Нам нь тухайн намтай холбоотой хэвлэл, сурталчилгааны материал болон өөрийн хөрөнгийг захиран зарцуулах замаар орлого олж болно.
35.2.Энэ хуулийн 35.1-д зааснаас өөр аж ахуйн үйл ажиллагаанаас орлого олохыг хориглоно.
35.3.Энэ хуулийн 35.1-д заасан худалдан борлуулах үнэ зах зээлийн дундаж ханшаас их байвал түүнийг намд өгсөн хандивт тооцох бөгөөд түүний хэмжээ энэ хуулийн 35.8, 35.9-т зааснаас илүүгүй байна.
35.4.Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
НАМЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
36 дугаар зүйл.Намын санхүүгийн тайлан
36.1.Намын санхүүгийн тайлан нь энэ хуульд заасан орлого, зарлагын тооцоо, түүнтэй холбоотой хөрөнгийн баланс болон тайлбар хэсгээс бүрдэнэ.
36.2.Нам санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагын дагуу гаргана.
36.3.Орлогод дараах зүйлийг бүртгэнэ:
36.3.1.намын гишүүний татвар;
36.3.2.сонгуульт гишүүний татвар;
36.3.3.иргэний өгсөн хандив;
36.3.4.хуулийн этгээдийн өгсөн хандив;
36.3.5.аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
36.3.6.намын өөрийн хөрөнгөөс олсон орлого;
36.3.7.арга хэмжээ зохион байгуулах, ном болон нийтлэл хэвлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого;
36.3.8.төрийн санхүүжилт;
36.3.9.төрөөс үзүүлсэн шууд бус дэмжлэг;
36.3.10.бусад орлого;
36.3.11.энэ зүйлийн 36.3.1-36.3.10-т заасан нийт орлого.
36.4.Зардалд дараах зүйлийг бүртгэнэ:
36.4.2.урсгал зардал;
36.4.3.энэ хуулийн 26.3.1-т заасан үйл ажиллагааны зардал;
36.4.4.энэ хуулийн 26.3.2-т заасан үйл ажиллагааны зардал;
36.4.5.энэ хуулийн 26.3.3-т заасан үйл ажиллагааны зардал;
36.4.6.энэ хуулийн 36.4.3, 36.4.4, 36.4.5-д зааснаас бусад үйл ажиллагааны зардал;
36.4.7.сонгуулийн зардал;
36.4.8.эд хөрөнгийн ашиглалтын зардал;
36.4.9.аж ахуй эрхлэх зардал;
36.4.10.бусад зардал;
36.4.11.энэ зүйлийн 36.4.1-36.4.8-т заасан нийт зардал.
36.5.Хөрөнгийн балансад дараах зүйлийг бүртгэнэ:
36.5.1.а.байшин, газар;
36.5.1.б.ажлын байрны тоноглол, техник хэрэгсэл.
36.5.2.эргэлтийн хөрөнгө:
36.5.2.а.намын салбар байгууллагаас авах авлага;
36.5.2.б.төрөөс авах санхүүжилт;
36.5.2.в.бэлэн мөнгөний үлдэгдэл:
36.5.2.д.бусад эд хөрөнгө.
36.5.3.энэ зүйлийн 36.5.1-36.5.2-т заасан нийт эд хөрөнгө.
36.5.4.а.намын салбар байгууллагад өгөх мөнгө;
36.5.4.б.төрийн санхүүжилтийн төрд буцааж төлөх мөнгө.
36.5.5.энэ зүйлийн 36.5.4-т заасан нийт өр.
36.6.Намын бүх орлого, зарлагыг тайланд зохих ёсоор бүрэн дүнгээр бүртгэн, хөрөнгийн балансад тусгана.
36.7.Намын хандивыг дараах үзүүлэлтээр бүртгэнэ:
36.7.1.намын дансанд төвлөрүүлсэн нийт хандивын хэмжээ, хандивлагчдын тоо;
36.7.2.хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр, мөнгөн бус хандивын үнэлгээ;
36.7.3.хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа хаяг, гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр, мөнгөн бус хандивын үнэлгээ.
36.8.Иргэн намын дансанд мөнгөн хандив шилжүүлэхдээ өөрийн орлогоос шилжүүлэх бөгөөд төлбөрийн даалгаварт эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, байнга оршин суугаа газрын хаяг, регистрийн дугаарыг тус тус заана.
36.9.Нам хандивыг сонгуулийн төв байгууллагаас баталсан бүртгэлийн маягтын дагуу цаасаар болон цахимаар бүртгэнэ.
36.10.Мөнгөн бус хөрөнгийг ижил төстэй хөрөнгийн зах зээлийн жишиг үнээр үнэлж мөнгөн дүнгээр бүртгэнэ.
36.11.Эд зүйлийг худалдах, зарцуулахад түүний эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнээр зарлага гаргана.
36.12.Намын орон нутгийн салбар хооронд хийгдсэн дотоодын суутган тооцоонд хөрөнгө зарцуулсан салбар дээр зарлагын бүртгэл хийгдэнэ.
36.13. Нам тайландаа нэмэлт тайлбар хавсаргаж болно.
36.14.Намын санхүүгийн тайланд намын салбар болон бүтцийн нэгж, бодлогын судалгааны байгууллага зэрэг түүний дэргэдэх, харьяа байгууллагын санхүүгийн тайланг тусгана.
36.15.Намын нэгдсэн тайланд намын төв байгууллагын тайланг доод шатны намын салбар нэгжийн тайлангийн хамт тус тус хавсаргана. Орон нутаг дахь салбар нэгжийн тайланд хандив өгсөн бүх хандивлагчийн овог нэр, тус бүр өргөсөн хандивын хэмжээтэй хамт бичиж тусгана. Намын төв байгууллага энэ хандив болон хандивлагчдын жагсаалтыг нэгтгэж, авсан нийт хандивын хэмжээ, тодорхой нэг хандивлагчаас өргөсөн хандивын нийлбэр дүнг нэгтгэн гаргана.
36.16.Сонгуулийн төв байгууллага намын санхүүгийн тайлан, түүнд холбогдох баримтыг тайлант хугацаа дууссанаас хойш 10 жил хадгална.
37 дугаар зүйл.Намын санхүүгийн тайлан гаргах
37.1.Нам санхүүгийн тайлангаа нэгдсэн байдлаар үнэн зөвөөр гаргана. Намын салбар нэгжийн гүйцэтгэх байгууллага өөрийн санхүүгийн тайланг гаргаж, намын төв байгууллагад хүргүүлнэ.
37.2.Намын санхүүгийн хагас жилийн тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг 02 дугаар сарын 10-ны дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эдгээр хугацаанд тайланг хүргүүлээгүй бол тайлан хүлээн авах хугацааг сонгуулийн төв байгууллага 30 хүртэл хоногоор сунгаж болно.
37.3.Нам санхүүгийн тайланг гаргахдаа Шилэн дансны тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримталж, энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан зүйлийг тусгана.
37.4.Намын санхүүгийн тайланд дараах агуулга бүхий намын үйл ажиллагааны товч тайланг хавсаргана:
37.4.1.намын гишүүний тоо. Намын гишүүний тоог тайлант жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар заана;
37.4.2.намын удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллагыг хуралдуулсан эсэх мэдээлэл;
37.4.3.энэ хуулийн 26.3-т заасан үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
37.4.4.энэ хуулийн 35.2-т заасан үйл ажиллагааны талаарх мэдээлэл.
37.5.Намын дарга, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан нь аль нэг аж ахуйн нэгж, байгууллагад санхүүтэй холбогдсон ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно. Түүнчлэн намын санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан нь төрийн алба, төрийн болон орон нутгийн өмчийт хуулийн этгээдэд даврах алба хашахыг хориглоно.
37.6.Нам нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн анхан шатны баримт хөтлөөгүй, санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримтыг Архивын тухай хуулийн дагуу хадгалаагүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
37.7.Намын санхүүгийн тайланг хянан шалгах нэг эсхүл түүнээс дээш тооны дотоод аудиторыг намын төлөөллийн төв байгууллагаас эсхүл төлөөллийн төв байгууллагагүй бол удирдах дээд байгууллагаас 4 жилийн хугацаатай томилно. Түүнийг нэг удаа улируулан томилж болно.
37.8.Тайланг сонгуулийн төв байгууллагад хүргүүлэхээс өмнө намын гүйцэтгэх төв байгууллага хэлэлцэнэ.
37.9.Тайланг баталгаажуулж намын дарга болон санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан гарын үсэг зурна.
37.10.Санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтны зурсан гарын үсэг нь тайланд агуулагдаж буй мэдээлэл үнэн зөв хийгдсэний баталгаа болно.
37.11.Намын дарга энэ хуулийн 37.9 дэх хэсэгт зааснаас бусдаар намын санхүү, төсвийн үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглоно.
38 дугаар зүйл. Тайланг аудитын байгууллагаар баталгаажуулах
38.1.Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитор эсхүл аудитын байгууллага /цаашид ”аудитор” гэх/-аар аудит хийлгэж, дүгнэлт гаргуулан тайлангийн хамт энэ хуулийн 37.2-т заасан хугацааны дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
38.2.Аудитор холбогдох баримт материалтай танилцах боломжийг нам бүрдүүлэх үүрэгтэй.
38.3.Аудитор намын санхүүгийн тайланг хянаад зөрчилтэй гэж үзвэл тайланг баталгаажуулахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ талаар сонгуулийн төв байгууллагад ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
38.4.Энэ хуулийн 38.1-д заасан аудиторын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс гаргана
38.5.Дараах тохиолдолд намын санхүүгийн тайланд аудит хийхийг хориглоно:
38.5.1.тухайн намд болон тухайн намын улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг хангахад чиглэсэн ажил, албан тушаал хашиж буй эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд хашиж байсан;
38.5.2.намын нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд эсхүл намын тайланг гаргахад оролцсон;
38.5.3.ашиг сонирхлын зөрчил үүссэн бусад нөхцөл.
38.6.Аудитор, түүний туслах, аудитын байгууллагын хууль ёсны төлөөлөгч нь ажил үүргээ шударга, үнэнчээр, төвийг сахиж биелүүлэх бөгөөд нууцыг хадгалж Аудитын тухай хуульд захирагдана.
38.7.Энэ хуулийн 38.1-д дурдсан аудитын шалгалтыг намын төв байгууллага болон аудиторын үзэмжээр сонгосон орон нутгийн салбар нэгжийн таван хувиас доошгүйг оролцуулан явуулна.
38.8.Аудитын шалгалтад нягтлан бодох бүртгэлийг хамруулна. Аудитын шалгалт хууль тогтоомжийг баримтлан сахисан эсэхийг тогтооход чиглэгдэнэ. Аудитын шалгалтыг хариуцлагатай мэргэжлийн өндөр түвшинд явуулж, алдаа болон хуулийн заалтуудын зөрчлийг олж тогтооно.
38.9.Аудитор хянан шалгах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд шаардлагатай тодруулга, баримт бичгийг намын гүйцэтгэх төв байгууллага болон түүний ажилтнаас шаардах эрхтэй. Үүнтэй холбоотойгоор аудитор тайланг гаргахад хэрэглэсэн баримт бичиг, нягтлан бодох бүртгэл, эд хөрөнгийг шалгах эрхтэй.
38.10.Шалгуулж буй намын орон нутгийн салбар нэгжийн гүйцэтгэх байгууллагаас тайланд тусгагдах ёстой бүх орлого, зарлага, эд хөрөнгийг бүртгэсэн тухай баталгааг аудиторт бичгээр гаргаж өгнө. Баталгааг орон нутгийн доод шатны намын гүйцэтгэх байгууллагаас гаргуулж болох ба санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан бичгээр баталгаа гаргахад хангалттай.
38.11.Аудитын шалгалтын үр дүнг бичгээр тайлагнаж, намын гүйцэтгэх төв байгууллага болон шалгуулсан орон нутгийн салбар нэгжийн гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгнө.
38.12.Намын тайланг шалгаж дууссаны дараа алдаа, зөрчил илрээгүй тохиолдолд аудитор өөрийн үүргээ хариуцлагатай биелүүлж, намын нягтлан бодох бүртгэл, бусад баримт бичиг болон намын гүйцэтгэх төв байгууллагаас өгсөн тайлбар, тодруулгыг үндэслэн намын тайлан нь энэ хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нягтлан шалгасны дагуу энэ хуулийн шаардлагыг хангасныг баталгаажуулж тэмдэглэл үйлдэнэ.
38.13.Тайланд алдаа, зөрчил илрүүлсэн тохиолдолд аудитор дээрх шалгалтын тэмдэглэлд тайланг баталгаажуулахаас татгалзах эсхүл хэсэгчлэн баталгаажуулна. Шалгуулсан намын орон нутгийн байгууллагыг тэмдэглэлд заана.
38.14.Шалгалтын тэмдэглэлийг намын тайланд хавсаргах бөгөөд энэ хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу бүрэн хэмжээгээр нийтэлнэ.
39 дүгээр зүйл.Намын санхүүгийн тайланг нягтлан шалгах
39.1.Сонгуулийн төв байгууллага намын тайланг хүлээн авч хэлбэр болон агуулгын хувьд зөв, бодитой эсэх, энэ хуулийн Тавдугаар бүлэгт заасан шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан шалгах бөгөөд энэ хуулийн 38.1-д заасан аудитын тайланг харгалзан үзнэ.
39.2.Хэрэв намын тайланд байгаа мэдээлэл үнэн, бодит эсэхэд эргэлзэх тодорхой үндэслэл байвал сонгуулийн төв байгууллага тухайн намд ажлын 15-аас доошгүй хоногийн хугацаа заан мэдэгдэж, тайлбар хийх, залруулах боломж олгоно.
39.3.Энэ хуульд заасны дагуу намын санхүүгийн тайланг сонгуулийн төв байгууллага хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор Төрийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.
39.4.Нягтлан шалгах ажиллагаа дуусгавар болсны дараа сонгуулийн төв байгууллага дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтэд дараах зүйлийг тогтооно:
39.4.1.тайланд алдаа, зөрчил байсан эсэх;
39.4.2.тайланг зөрчил алдаатай гаргасан бол үүний улмаас намд олгосон санхүүжилт зөрүүтэй эсэх;
39.4.3.орлого, зарлагын тайлангийн баланс хууль тогтоомж зөрчсөн эсэх;
39.4.4.эд хөрөнгийн балансыг буруу гаргасан эсэх.
39.5.Энэ хуулийн 39.4-т заасан алдаа, зөрчилтэй тайлан ирүүлсэн нам тухайн алдаа, зөрчлийг арилгаж сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн дагуу тайлангаа бүрэн эсхүл хэсэгчлэн шинэчлэн ирүүлнэ. Шинэчилсэн тайлангийн үнэн зөвийг аудит хийлгэж баталгаажуулна.
39.6.Энэ хуулийн 39.4-т заасны дагуу тогтоогдсон алдаа, зөрчил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс хэтрээгүй байвал энэ хуулийн 39.5-д заасны дагуу тайланг шинэчлэхгүйгээр дараа жилийн тайланд залруулан тусгаж болно.
39.7.Тайланг нягтлан шалгах ажиллагааны явцад олж авсан боловч намын тайланд шууд хамаарахгүй мэдээллийг нийтэлж болохгүй бөгөөд төрийн бусад байгууллагад дамжуулахгүй. Хяналт шалгалт дууссаны дараа эдгээр мэдээллийг сонгуулийн төв байгууллага даруй устгах үүрэгтэй.
40 дүгээр зүйл.Тайлангийн алдаа, зөрчлийг мэдүүлэх үүрэг
40.1.Нам сонгуулийн төв байгууллагад санхүүгийн тайланг албан ёсоор хугацаандаа хүргүүлсний дараа өөрийн тайланд алдаа, зөрчил байгааг мэдвэл сонгуулийн төв байгууллагад энэ тухай бичгээр даруй мэдүүлэх үүрэгтэй.
40.2.Алдаа, зөрчлийн тухай сонгуулийн төв байгууллагад мэдүүлсэн цаг мөчид тайланд алдаа, зөрчил агуулагдсан тухай олон нийт болон сонгуулийн төв байгууллага ямар нэгэн мэдээлэлгүй байсан, эсхүл нягтлан шалгах ажиллагааны явцад алдаа, зөрчлийг илрүүлээгүй бөгөөд нам алдаа, зөрчлийг бүрэн хэмжээгээр ил тод болгож залруулсан бол энэ хуулийн 41 эсхүл 42 дугаар зүйлд заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Хууль бусаар олж авсан орлогыг сонгуулийн төв байгууллагад түүний тогтоосон хугацаанд нам шилжүүлэн өгнө.
41 дүгээр зүйл.Төрөөс олгосон санхүүжилтийг буцааж төлөх
41.1.Энэ хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу тайланг нягтлан шалгаж алдаа, зөрчил илрүүлбэл 42 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд алдаа, зөрчлийн улмаас буруу тооцсон мөнгийг 2 дахин өсгөсөн дүнгээр тухайн нам сонгуулийн төв байгууллагад төлнө. Алдаа, зөрчил өмч хөрөнгийн балансад, эсхүл тайлангийн тайлбар хэсэгт байр, газрын өмчтэй холбоотой, эсхүл аж ахуйн нэгжид эзэмшдэг хувьтай холбоотой гарсан бол тайлагнаагүй орхигдуулсан буюу алдаатай үнэлсэн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг тухайн нам сонгуулийн төв байгууллагад төлнө.
41.2.Энэ хуулийн 36.17-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 41.1-д заасан төлбөр шаардахгүй.
41.3.Сонгуулийн төв байгууллага захиргааны акт гаргаж, намаас төрд буцааж төлөх мөнгөний хэмжээг тогтооно. Энэ хугацаанд төрөөс дараагийн санхүүжилт авах эрх намд үүссэн бол сонгуулийн төв байгууллага намаас буцааж төлөх мөнгийг дараагийн санхүүжилтээс суутгаж тооцно.
41.4.Энэ зүйлд заасан намын зөрчил нь бусад нам санхүүжилтийн хэмжээг тогтоох болон олгоход нөлөөлөхгүй.
41.5.Энэ хуулийн 41.1-д заасан арга хэмжээг авахад хүргэсэн алдаа, зөрчлийг намын орон нутгийн нэгж гаргасан тохиолдолд хэрхэх асуудлыг нам дүрмээр зохицуулна.
42 дугаар зүйл.Хууль бусаар олж авсан эсхүл ил болгоогүй хандив
42.1.Нам энэ хуулийн 34.6, 34.7-д хориглосон хандивыг авч, 34.5.3, 34.5.4-ын дагуу сонгуулийн төв байгууллагад шилжүүлэн өгөөгүй бол сонгуулийн төв байгууллагын шийдвэрээр тухайн нам энэ хууль бусаар авсан хандивыг 3 дахин өсгөсөн дүнгээр улсад төлнө. Сонгуулийн төв байгууллага өмнө нь шилжүүлсэн хандивыг төлөх торгуулийн хэмжээнээс суутгаж тооцно.
42.2.Энэ хуулийн 36.17-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 42.1-д заасан төлбөр шаардахгүй.
42.3.Сонгуулийн төв байгууллага намаас төрд буцааж төлөх мөнгөний хэмжээг тогтооно. Энэ хугацаанд төрөөс дараагийн санхүүжилт авах эрх намд үүссэн бол сонгуулийн төв байгууллага намаас буцааж төлөх мөнгийг дараагийн санхүүжилтээс суутгаж тооцно.
42.4.Бусад нам санхүүжилтийн хэмжээг тогтоох болон олгоход тухайн намын дээрх асуудал нөлөөлөхгүй.
42.5.Энэ хуулийн 42.1-д заасан арга хэмжээг авахад хүргэсэн алдаа, зөрчлийг намын орон нутгийн салбар нэгж гаргах тохиолдолд зохицуулах заалтыг нам дүрэмдээ тусгана.
43 дугаар зүйл.Тайланг нийтэд мэдээлэх
43.1.Сонгуулийн төв байгууллага жил бүрийн дөрөвдүгээр сард багтаан намуудын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг нэгтгэж, Улсын Их Хуралд мэдээлэх бөгөөд өөрийн цахим хуудаст байршуулж, зохих тоогоор хэвлэн нийтэлнэ.
43.2.Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 4 дүгээр сард багтаан намуудын орлого, зарлага, хөрөнгийн байдлын талаар харьцуулсан товч мэдээлэл бэлтгэж, өөрийн цахим хуудаст байршуулж, зохих тоогоор хэвлэн нийтэлнэ.
43.3.Энэ хуулийн 39.5-т заасны дагуу алдаа, зөрчлийг арилган шинэчилсэн тайланг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн нийтэлж, сонгуулийн төв байгууллагын цахим хуудаст байршуулна.
43.4.Нам санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн цахим хуудаст байршуулж, цахим хуудасгүй намын хувьд өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, олон нийтэд танилцуулах үүрэгтэй.
43.5.Энэ хуулийн 43.4-т заасны дагуу цахим хуудаст байршуулсан тайланг арван жилийн хугацаанд устгахыг хориглоно.
43.6.Намын тайланг энэ хуулийн 38.1, 43.4-т заасны дагуу нийтэд мэдээлсний дараа санхүүгийн тайланд зөрчил илэрсэн бол залруулгыг сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх, өөрийн цахим хуудаст байршуулах, хэвлэн нийтлэх 14 хоногийн хугацааг сонгуулийн төв байгууллагаас тухайн намд өгнө.
43.7.Намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан, харьцуулсан товч мэдээллийг энэ хуулийн 43.1, 43.2, 43.4-т заасны дагуу цахим хуудаст бүхэлд нь татаж авах, хайлт хийх боломжтойгоор байршуулна.
43.8.Намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан, харьцуулсан товч мэдээллийг нийтлэхдээ хандивлагч иргэний овог, нэр, оршин суугаа аймаг, сум, багийн эсхүл нийслэл, дүүрэг, хорооны нэр, дугаарыг нийтэлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ
44 дүгээр зүйл.Улсын Их Хуралд суудал бүхий нам, түүний эрх
44.1.Улсын Их Хурлын сонгуульд тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн бүхий нам, эвслийг Улсын Их Хурал суудал бүхий нам гэж ойлгоно.
44.2.Намыг дараах тохиолдолд Улсын Их Хуралд суудал бүхий намд тооцохгүй:
44.2.1.Улсын Их Хуралд төлөөлөлгүй болсон;
44.2.2.нам татан буугдсан болон тарсан.
44.3.Улсын Их Хуралд суудал бүхий нам дараах эрхтэй:
44.3.1.Монгол Улсын Ерөнхийлөгчид нам дангаараа буюу хамтран нэр дэвшүүлэх;
44.3.2.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын талаарх асуудлыг Улсын Их Хурал дах намын бүлгээрээ, хэрэв намын бүлэггүй бол Улсын Их Хурлын гишүүнээрээ дамжуулан Улсын Их Хуралд оруулах;
44.3.3.Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавих;
44.3.4.Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан Улсын Их Хурлын чуулганы нээлтийн ажиллагаанд улс орны бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлэх.
45 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
45.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
45.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
46 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
46.1.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
8. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
9. Хэлэлцэх эсэх -Олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналын нэгтгэл /МУИХЧХДТХ/
10. Анхны хэлэлцүүлэг -Ажлын хэсгийн танилцуулга
11. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
12. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёолол
13. Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооноос бэлтгэсэн талаарх танилцуулга
14. Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёолол

Төслийн хэрэглэгчид

Э. Баттогтох

. Монгол Улсын Ерөнхийлөгч

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх