Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 4-р сарын 14 өдөр
Ulaanbaatar city
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам /цаашид “нам” гэх/ үүсгэн байгуулах, намын бүртгэлд бүртгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах, намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, хяналт, санхүүжилт, хариуцлагын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Намын тухай хууль тогтоомж
2.1.Улс төрийн намын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ..
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“намын гишүүн” гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг;
3.1.2.“намын дэмжигч гишүүн” гэж намын зорилго, үзэл баримтлалыг сайн дурын үндсэн дээр дэмжин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог иргэнийг;
3.1.3.“сонгуульт гишүүн” гэж намаас төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвшин сонгогдсон болон намын бүх шатны удирдах, төлөөллийн, гүйцэтгэх байгууллага, удирдах албан тушаалд сонгогдсон намын гишүүнийг;
3.1.4.“намын хөтөлбөр” гэж намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго, бодлогыг тодорхойлсон үндсэн баримт бичгийг;
3.1.5.“намын сонгуулийн мөрийн хөтөлбөр” гэж намын хөтөлбөрт үндэслэсэн тухайн төлөөлөгчдийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг;
3.1.6.”намын санхүүгийн тайлан” гэж тайлант хугацаанд намаас энэ хуулийн дагуу гүйцэтгэсэн орлого, зарлагын тооцоо, намын хөрөнгийн баланс, тэдгээрийн тайлбарыг нэгтгэсэн цахим болон хэвлэмэл мэдээллийн цогцыг;
3.1.7.“хандив” гэж иргэн, хуулийн этгээдээс намын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, биет ба биет бус хөрөнгө, үйлчилгээ, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг;
3.1.8.“төрийн санхүүжилт” гэж төрөөс намд мөнгөн хэлбэрээр олгож буй хэсэгчилсэн санхүүгийн дэмжлэгийг;
3.1.9.“төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг” гэж энэ хуульд заасан нөхцөлийг хангасан намд олгох төрийн санхүүжилт болон төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг;
3.1.10.“төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг” гэж төрөөс намд олгож буй мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээний хэлбэрээр үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг;
3.1.11.“төрийн санхүүжилт авах эрх үүсэх жил” гэж Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус сонгуулийн дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг;
3.1.12.“намын гишүүнээс түдгэлзэх” гэж намын гишүүний эрхгүй, намын гишүүний эсхүл дэмжигчийн хувиар намын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг;
3.1.13.“гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дах хэсэгт заасныг;
3.1.14.“намын харьяа байгууллага” гэж намын зорилго, зорилтыг биелүүлэх хүрээнд намын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг эсхүл намын үйл ажиллагааны хүрээнд үүсгэн байгуулагдсан, намтай шууд эсхүл шууд бус холбоотой сан, холбоо болон төрийн бус байгууллагыг.
4 дүгээр зүйл.Нам, түүний чиг үүрэг
4.1.Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн.
4.2.Нам нь Үндсэн хуульт байгуулал, ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1.ард түмний улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх;
4.2.2.төр, ард түмний хооронд байнгын, тогтвортой, идэвхтэй холбоо харилцаа үүсгэх;
4.2.3.иргэдийн улс төрийн боловсрол, идэвхтэй оролцоог хөхиүлэн дэмжих;
4.2.4.төрийн улс төрийн алба хаах, хариуцлагатай иргэнийг бэлтгэх;
4.2.5.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох;
4.2.6.сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх.
5 дугаар зүйл.Намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх
5.1.Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй.
5.2.Аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд иргэнийг болон тухайн намыг аливаа хэлбэрээр мөшгөн хавчих, заналхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхахыг хориглоно.
5.3.Намын гишүүн төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдвол уг албыг хаах хугацаанд намын гишүүнээс түдгэлзэнэ.
5.4.Иргэнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр эсхүл албадан намд элсүүлэх, эсхүл ийм зорилгоор хууль бус нөлөөлөл, шахалт үзүүлэхийг хориглоно.
5.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй.
5.6.Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хувийн байдлыг тодорхойлсон албаны бичиг баримтад тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль нэг намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно.
5.7.Намын гишүүн хэдийд ч намаас өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүнээс гарах тухай өргөдлийг гаргаснаар намаас гарсанд тооцно.
5.8.Төр, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэгтэй.
5.9.Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй, тохирсон бөгөөд хуульд зааснаас өөр хязгаарлалтыг эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхэд тавьж үл болно.
5.10.Энэ хуулийн 5.9-д зөвшөөрсөн хязгаарлалт нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.
5.11.Хуульд өөрөөр заагаагүй бол намын зүгээс төрийн байгууллага, албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
5.12.Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож үл болно.
5.13.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нам үүсгэн байгуулахад оролцохыг хориглоно.
6 дугаар зүйл.Намын нэр, бэлгэ тэмдэг
6.1.Нам нь оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд “нам” гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэ.
6.2.Нам сонгуулийн сурталчилгаа болон бусад үйл ажиллагаанд зөвхөн намын бүртгэлд бүртгүүлсэн бүтэн болон товчилсон нэрийг хэрэглэнэ.
6.3.Сонгуульд эвсэл байгуулж оролцож буй намууд сонгуулийн үйл ажиллагаанд эвслийн гэрээнд заасан нэрийг хэрэглэнэ.
6.4.Намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг нь төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, сүм хийд, өөр хуулийн этгээд, бусад намын нэр, бэлгэ тэмдэгтэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.
6.5.Орон нутаг дахь салбар нэгж нь намынхаа нэрийн өмнө тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг заасан тодотголыг хэрэглэнэ.
6.6.Нам татан буугдсан, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдгийг шинээр байгуулагдах болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно.
6.7.Намаас бусад хуулийн этгээд өөрийн оноосон нэрд “нам” гэсэн үг хэрэглэхийг хориглоно.
7 дугаар зүйл.Намын эрх, үүрэг.
7.1.Нам дараах эрхийг эдэлнэ:
7.1.1.үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглааныг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах;
7.1.2.намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
7.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох;
7.1.4.хуульд заасны дагуу орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, өөрийн өмчтэй байх;
7.1.5.Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох;
7.1.6.бусад намтай эвсэл байгуулах;
7.1.7.олон улсын байгууллага, бусад орны нам, байгууллагуудтай хамтран ажиллах, улс төрийн намуудын олон улсын байгууллагад гишүүнээр элсэх;
7.1.8.нам хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах;
7.1.9.иргэдийн мэдээлэл авах, соён гэгээрүүлэх хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу сум, дүүргийн соёлын төв, театр, иргэний танхимыг үнэ төлбөргүй ашиглах;
7.1.10.хуульд тогтоомжид заасан журмын дагуу намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж, сонгогчдод танилцуулах, сурталчлах;
7.1.11.хуульд заасан бусад.
7.2.Нам нь Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй.
8 дугаар зүйл.Намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлэх
8.1.Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгоно.
8.2.Энэ хуулийн 17.1-д заасан байгууллагын бүрэлдэхүүнийг сонгоход болон төрийн улс төрийн албан тушаалд намаас санал болгож сонгогдох, томилогдох нэр дэвшигчийг тодруулахад дараах шаардлагыг хангана:
8.2.1.нууц санал хураалт явуулах;
8.2.2.гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах;
8.2.3.аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх.
8.3.Энэ хуулийн 17.1-д заасан байгууллагын болон намын бусад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэн үзэх бөгөөд тодорхой асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэхээр намын дүрэмд зааж болно.
8.4.Намын дүрэм, хөтөлбөрийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах болон сонгуульд нэр дэвшигчийг санал болгоход намын гишүүдийн саналыг сонсож оролцоог хангана.
8.5.Нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангаж ажиллана.
8.6.Нам бодлого, үйл ажиллагаандаа хувь хүн болон нийгмийн бүлгийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.
8.7.Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 8.4-т заасны дагуу намын үйл ажиллагаа дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайланг Жендэрийн үндэсний хороонд хүргүүлнэ.
8.8.Энэ хуулийн 8.2.3, 17.6-т заасан шаардлагыг хангаагүй намд тухайн зөрчлийг арилгах талаар сонгуулийн төв байгууллага сануулна. Ийнхүү сануулсан өдрөөс хойш 6 сарын дотор уул зөрчлийг арилгаагүй бол сонгуулийн төв байгууллага тухайн зөрчлийг арилгах хүртэл төрийн санхүүжилтийг зогсооно.
9 дүгээр зүйл.Намын үйл ажиллагааг цахимаар явуулах, ил тод байдлыг хангах
9.1.Хуульд өөрөөр заагаагүй бол намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулна.
9.2.Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг ил тод, нээлттэй байлгаж, нийтэд тогтмол мэдээлэх, мэдээлэл авах боломжоор хангана.
9.3.Нам өөрийн бүх шатны байгууллагын хуралдаан, санал хураалт, сургалт, зөвлөгөөн, гишүүн элсүүлэх, гишүүний татвар хураах, хандив цуглуулах болон бусад ажиллагаа, нийгэмд болон гишүүдэд чиглэсэн арга хэмжээг цахимаар явуулж болно. Ингэхдээ сонгуулийн төв байгууллагаар баталгаажсан программ хангамжийг ашиглана.
9.4.Цахим хуралдаан, санал хураалтын үр дүнд гарсан шийдвэрийг хүчинтэйд тооцно. Нам цахим хуралдаан, санал хураалтыг зохион байгуулахдаа цахим системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах боломжит арга хэмжээг авах бөгөөд нууц санал хураалтыг цахимаар явуулсан тохиолдолд түүний нууцлалыг алдагдуулахгүй.
9.5.Нам албан ёсоор нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ.
9.6.Нам цахим хуудастаа дараах баримт бичиг, мэдээллийг ил тод байршуулж, тухай бүр шинэчилнэ:
9.6.1.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг;
9.6.3.намын хөтөлбөр;
9.6.4.намын гүйцэтгэх төв байгууллага оршин байгаа хаяг;
9.6.5.намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтны овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
9.6.6.намын удирдах дээд байгууллага эсхүл төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, хяналтын төв байгууллагын дарга, гишүүний овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;
9.6.7.намын утасны дугаар, цахим шуудангийн хаяг;
9.6.8.намын гишүүний тоо;
9.6.9.намын санхүүгийн тайлан;
9.6.10.намын үйл ажиллагааны товч тайлан;
9.6.11.нам аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх салбар нэгжтэй бол тэдгээрийн нэгжийн даргын овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;
9.6.12.намын бүтэц, зохион байгуулалт;
9.6.13.намын үйл ажиллагааны мэдээлэл;
9.6.14.бусад мэдээлэл.
9.7.Намын дансанд хүлээж авсан хандивын болон бусад мэдээллийг Шилэн дансны тухай хуульд заасны дагуу намын цахим хуудаст байршуулна. Хандивлагчдыг мэдээлэхдээ хувь хүний хуулиар хамгаалбал зохих мэдээллээс бусад мэдээллийг ил тод мэдээлнэ.
9.8.Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан цахим хуудастаа байршуулж олон нийт, гишүүд, дэмжигчдэдээ нээлттэй танилцуулж байна.
9.9.Нам энэ хуулийн 9.6.1-9.6.7-д заасан баримт бичиг, мэдээлэлд өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
9.10.Сонгуулийн төв байгууллагын цахим хуудаст намын цахим хуудас, нийгмийн сүлжээний хаяг, энэ хуулийн 9.6.1-9.6.7-д заасан намын баримт бичиг, мэдээллийг байршуулж, тухай бүр шинэчилнэ.
10 дугаар зүйл.Намын үйл ажиллагаанд хориглох зүйл
10.1.Нам дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
10.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулах;
10.1.2.Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулах;
10.1.3.зэвсэглэх эсхүл цэрэгжих, цэрэгжсэн бүтэцтэй болох, үймээн самуун дэгдээх, зорилгоо хүчирхийллийн замаар гүйцэлдүүлэх;
10.1.4.хүнийг үндэс, угсаа, яс үндэс, нас, хүйс, арьсны өнгө, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхах;
10.1.5.энэ хуулийн 35.6-д хориглосон этгээдээс хандив, тусламж, санхүүжилт шууд болон шууд бусаар авах;
10.1.6.сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авах;
10.1.7.намаас бусад байгууллага, хуулийн этгээдийн бүтэц, үйл ажиллагааны хүрээнд намын салбар нэгж байгуулах;
10.1.8.хуульд заасан бусад.
10.2.Шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист түүнчлэн гадаад улсын намын салбар нэгжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулахыг хориглоно.
10.3.Энэ хуулийн 10.1.7-т заасан зөрчлийг арилгах шаардлагыг сонгуулийн төв байгууллага намд үндэслэл бүхий хугацаа заан хүргүүлэх бөгөөд заасан шаардлагыг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэл сонгуульд намын нэрээ дэвшүүлэн оролцох эрхийг түдгэлзүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
НАМ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ
11 дүгээр зүйл.Нам үүсгэн байгуулах
11.1.Намыг зохион байгуулах Их Хурал /цаашид "үүсгэн байгуулах хурал" гэх/-аар үүсгэн байгуулна.
11.2.Намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэлийг урьдчилан хангах ба зохион байгуулж явуулах газар, хугацааг нэг сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байна.
11.3.Намыг үүсгэн байгуулах хуралд орон нутгаас төлөөлөх төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулна.
11.4.Намыг үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
11.4.1.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдгийн загварыг батлах;
11.4.2.намын хөтөлбөр, дүрмийг батлах;
11.4.3.төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнийг сонгон байгуулах, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийг тогтоох;
11.4.4.намын даргыг сонгох;
11.4.5.нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах.
11.4.6.намыг үүсгэн байгуулах хурлаас нам үүсгэн байгуулсан тухай шийдвэр гарсан өдрийг тухайн нам үүсэн байгуулагдсан өдөрт тооцох бөгөөд энэ тухай нийтэд зарлан мэдээлнэ.
11.5.Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад аливаа байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
12 дугаар зүйл.Намыг бүртгүүлэх өргөдөл
12.1.Энэ хуулийн 11.3.4-д заасан намын даргаар сонгогдсон гишүүн эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нам үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.3-т заасан баримт бичгийн хамт сонгуулийн төв байгууллагад бичгээр хүргүүлнэ.
12.2.Намыг бүртгүүлэх өргөдлийг сонгуулийн төв байгууллагын баталсан маягтын дагуу гаргаж, дараах мэдээллийг тусгах бөгөөд өргөдөл гаргагч гарын үсэг зурна:
12.2.1.өргөдөл гаргасан он, сар, өдөр;
12.2.3.намын гүйцэтгэх төв байгууллагын хаяг;
12.2.4.намын үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;
12.2.5.өргөдөл гаргагчийн талаарх мэдээлэл.
12.3.Намыг бүртгүүлэх өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана
12.3.1.нам үүсгэн байгуулах тухай шийдвэр, уг шийдвэрт хуралдаан даргалагч эсхүл тэргүүлэгчид гарын үсэг зурсан байна;
12.3.2.намын бүтэн болон товчилсон нэрийн бичвэр, намын нэр, бэлгэдэл, далбааны зургийг тайлбарын хамт;
12.3.4.намын хөтөлбөр;
12.3.5.намын гүйцэтгэх төв байгууллага оршин байгаа хаягийн нотлох баримт;