Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 7-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСГИЙГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлогo”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн Боомтын сэргэлтийн хүрээнд “Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлэх, нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авах;
2/. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд бусад боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт, хил холболтыг эрчимжүүлэх;
3/. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганцмод боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц өмчлөгч төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлэх;
4/. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганцмод төмөр замын өртөө хүртэлх төмөр замын суурь бүтэц өмчлөгч төрийн өмчит компани болон “Эрдэнэс Тавантолгой” ХК хооронд үе шаттай жил бүр 20 сая тонн хүртэлх нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацааны худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөх;
5/. Энэ тогтоолын дагуу байгуулах аливаа гэрээг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөл(off-take)-өөр байгуулахгүй байх;
6/. Тавантолгойн нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бусад уул уурхайн болон уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг тээвэрлэх боломжийг бүрдүүлэх;
7/. Энэ заалтын 3, 4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, хамтран ажиллах;
8/. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор газар ашиглах асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авах.

2
ЭНЭХҮҮ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 10 ДУГААР САРД БАГТААН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАХЫГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР /Л.ОЮУН-ЭРДЭНЭ/-Т ДААЛГАСУГАЙ.

3
ЭНЭ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХЫГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО /Ц.ЦЭРЭНПУНЦАГ/-НД ДААЛГАСУГАЙ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх