1.Боловсролын сургалтын болон сургалтын бусад байгууллага, сүм, хийд, түүний дэргэдэх шашны сургууль нь боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна.
2.Боловсролын сургалтын байгууллагын хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгж нь хүүхэд сургалтын орчин, дотуур байранд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
2.1.хүүхдийг амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нь хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцуулахгүй байх;
2.2.хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах;
2.3.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах хайрцаг байрлуулах;
2.4.гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч хүүхдийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамруулах;
2.5.хүүхдийг хорт зуршил, согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах;
2.6.багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмшүүлэх талаар сургалтад хамруулах, зөвлөгөө өгөх;
2.7.сургалтын байгууллагын барилга байгууламжид зөвшөөрөгдсөн байршилд хуульд заасны дагуу хяналтын камер байршуулах, сургуулийн орчны замын хөдөлгөөнд хурд сааруулагч, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ хийлгүүлэх;
2.8.сургалтын орчны нөхцөл байдлын зураглал гарган эрсдэлийн үнэлгээг улирал тутам хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;
2.9.хүүхэд хоорондын болон хүүхэд ба эцэг, эх, багш, ажилчдын харилцааны зөрчил, хүүхдэд тулгарсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
2.10.хүүхэд, түүний гэр бүлийн гишүүдийн хүний хувийн болон эмзэг мэдээллийг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа этгээдэд мэдээлэх, задруулахгүй байх;
2.11.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, холбогдох харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад мэдэгдэх.
3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургуулийн багш, ажилтан, сэтгэл зүйч, сайн дурын ажилтан нь хүүхэд сургалтын орчин, дотуур байранд хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн талаар мэдсэн, таамагласан бол тухайн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургуулийн нийгмийн ажилтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
4.Боловсролын сургалтын байгууллагын удирдлага, хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгж нь энэ зүйлийн 3-т заасан мэдээллийн мөрөөр нэн даруй хяналт шалгалт явуулж дараах арга хэмжээг авна:
4.1.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад мэдэгдэх, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байвал холбогдох эрх бүхий этгээдэд мэдэгдэх;
4.2.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар мэдээлсэн суралцагчийн мэдээллийн нууцыг хадгалах, цаашид хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
4.3.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчидтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх;
4.4.хохирогч хүүхдийг сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд нэн даруй хамруулах, удаа дараа хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрснөөр өөр бүлэг, сургууль руу шилжүүлэх;
4.5.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн суралцагчийг сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамруулах, дараах арга хэмжээг шат дараалан хэрэглэх:
4.5.1.суралцагчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;
4.5.2.суралцагчийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөр, сургалтад хамруулах;
4.5.3.суралцагчийг байгууллагаас зохион байгуулж байгаа сайн үйл, нийтэд тустай ажил, арга хэмжээнд оролцуулах;
4.5.4.суралцагчийг өөр бүлэг рүү шилжүүлэх эсхүл харьяа дүүргийн боловсролын хэлтэс болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагатай хамтран өөр сургууль руу шилжүүлэх.
4.6.хяналт шалгалтын тайлан, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлангаа харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад тухай бүр хүргүүлэх;
4.7.хуульд заасан бусад арга хэмжээ авах.
5.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг батлах;
5.2.боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг батлах;
5.3.боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулах арга хэмжээг авах;
5.4.боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийн санг бүрдүүлэх;
5.5.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгаж, хяналт тавих;
5.6. боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөрдөх стандартын ерөнхий шаардлагыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах.
6.Шашны байгууллага /сургууль/-ын дэргэдэх дотуур байранд байрлаж байгаа хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, аймгийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран хяналт тавина.
7.Гадаад улсад шашны байгууллага /сургууль/-д суралцаж байгаа хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хяналт тавина.
8.Шашны байгууллага /сургууль/-д суралцах хүүхэд, түүний гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
9.Боловсролын сургалтын болон сургалтын бусад байгууллага, сүм, хийд, түүний дэргэдэх шашны сургуулийн багш, ажилтан нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх, ашиг хохирсон бол холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ.