1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
1.1.“хүүхдийн сайн сайхан байдал” гэж хүүхдийн бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, нийгэмшил, танин мэдэхүй, боловсрол, эдийн засгийн хэрэгцээ шаардлага хангагдсан, хүүхдийн хөгжлийг дэмжсэн орчин нөхцөлийг;
1.2.“хүүхэд хамгаалал” гэж нийгмийн бүх орчинд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөгт өртөхөөс хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн энэ хуульд заасан зарчмыг баримталсан цогц бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээг;
1.3.“хүүхдийн эсрэг хүчирхийлэл” /цаашид “хүчирхийлэл” гэх/ гэж хүүхдийн хэвийн өсөлт, хөгжил, эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц үл хайхрах, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн дарамт, хүчирхийллийн үйлдэл, эс үйлдэхүйг;
1.4.“эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж дараах хүүхдийг ойлгоно:
1.4.а.амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин алдагдсан хүүхэд;
1.4.б.хүчирхийлэлд өртсөн эсхүл өртөх нөхцөлд байгаа хүүхэд;
1.4.в.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүүхэд;
1.4.г.гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхэд.
1.5.“хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхэд” гэж дараах хүүхдийг ойлгоно:
1.5.а.гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч хүүхэд:
1.5.б.өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;
1.5.в.зөрчилд холбогдогч хүүхэд;
1.5.г.зөрчил үйлдэж шийтгэгдсэн, эрүүгийн хариуцлага хүлээсэн, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхэд;
1.5.д.иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүүхэд.
1.6.“гэмт хэрэг, зөрчлийн хохирогч хүүхэд” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогчоор тогтоосон эсэхээс үл шалтгаалан гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон хүүхдийг;
1.7.“үе тэнгийн дээрэлхэлт” гэж нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг;
1.8.“хүүхэд хамгааллын үйлчилгээ” гэж хүүхэд хамгааллын тогтолцооны оролцогч талуудаас хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах зорилгоор үзүүлж байгаа шуурхай тусламжийн, хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх хэлбэрээр үзүүлж байгаа үйлчилгээг;
1.9.“хүүхдийн эрхийн хууль зүйн хороо” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй, орон нутгийн олон талт орон тооны бус нэгжийг;
1.10.“хамтарсан баг” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг;
1.11.“асралт гэр бүл” гэж энэ хуульд заасан үндэслэлээр гэр бүлээсээ тусгаарлагдсан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг тодорхой хугацаанд асран халамжилж байгаа хүүхдийн эцэг, эх болон хүүхдийн эцэг, эхтэй гэрлэсэн хүн ороогүй, түүнчлэн хүүхдийн төрөл, садны биш гэр бүлийг;
1.12.“кейс менежмент” гэж хүүхэд, гэр бүлд чиглэсэн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг тодорхой үе шатаар хүргэх, зохицуулах, хяналт тавих мэргэжлийн үйл ажиллагааг;
1.13.“хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага” гэж хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй нийгмийн ажлын мэргэжилтнийг онол, арга зүйн хувьд удирдан чиглүүлэх, дэмжих, зөвлөн туслах, хөгжүүлэх үйл ажиллагааг.
2.Энэ хуульд заасан нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.