Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 10-р сарын 31 өдөр
Ulaanbaatar city
НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ
Хуулийн төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ХУУЛИЙН ЗОРИЛТ
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэний саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн төрөл, хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний ачаалалтай хэсэгт төлбөр тогтоох, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд оршино.
2 дугаар зүйл.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль тогтоомж
2.1.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Газрын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот /цаашид “нийслэл хот” гэх/-ын нутаг дэвсгэрт үйлчилнэ.
3.2.Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахтай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“авто зам” гэж Авто замын тухай хуулийн 4.1.1-д заасныг;
4.1.2.“авто зогсоол” гэж тээврийн хэрэгслийг байрлуулах, хадгалах зориулалт бүхий талбай, байгууламжийг;
4.1.3.“замын хөдөлгөөний төлбөртэй бүс” гэж замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон нутаг дэвсгэрийг;
4.1.4.“замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр" гэж замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтрэхэд төлөх төлбөрийг;
4.1.5.“замын хөдөлгөөний түгжрэл” гэж авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дундаж хурд 20 км/цагаас доош буурч, тээврийн хэрэгслийн дараалал нэмэгдэх байнгын шинжтэй үзэгдлийг;
4.1.6.“гэр хорооллыг орон сууцжуулах” гэж нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөлт хийгдсэн талбайд Орон сууцны тухай хуулийн 3.1.3-т заасан орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг;
4.1.7.“гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч” гэж гэр хорооллыг орон сууцжуулах нийслэлийн өмчит хуулийн этгээдийг;
4.1.8.“нийгмийн зайлшгүй хэрэгцээ” гэж нийтийн эрх ашиг, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь хэрэгцээг хангах зориулалттай энэ хуулийн 14.2-т заасан нийтээр ашиглах нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламж, тэдгээрийн шугам, сүлжээ, инженерийн дэд бүтцийг;
4.1.9.“тээврийн хэрэгсэл” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-д заасныг.
5 дугаар зүйл.Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1.нийтийн эрх ашгийг эрхэмлэж, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах;
5.1.2.иргэний оролцоог хангах;
5.1.3.шуурхай, тасралтгүй, ил тод байх;
5.1.4.төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдааг хангах;
5.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;
5.1.6.инновац, дэвшилтэт техник, технологи,судалгаанд үндэслэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛБӨРТЭЙ БҮС, АВТО ЗОГСООЛ
6 дугаар зүйл.Замын хөдөлгөөний төлбөртэй бүс, төлбөр төлөгч, төлбөрийн хэмжээ, төлбөр ногдох зүйл
6.1.Нийслэлийн Засаг дарга замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, уг бүсэд мөрдөх журмыг батална.
6.2.Тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч этгээд нь замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтэрсэн бол замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр төлөгч байна.
6.3.Замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтэрсэн тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр ногдуулна.
6.4.Замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэг удаа нэвтрэх төлбөрийн хэмжээ 0-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн дүн байна.
6.5.Энэ хуулийн 6.4-т заасан хязгаарт багтаан замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийн хэмжээг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
6.6.Замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд замын тэмдэг, тэмдэглэлийг иргэнд ойлгомжтой байдлаар байршуулсан байна.
7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр ногдуулах, төлөх
7.1.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, эзэмшигч, өмчлөгчийн бүртгэлийг хөтөлнө.
7.2.Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг тээврийн хэрэгслийн цахим системийн мэдээллийн сангийн замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд зорчсон, тээврийн хэрэгслийн хяналтын мэдээлэлд үндэслэн техник, технологид суурилсан тээврийн хэрэгслийн бүртгэлийн системээр дамжуулан ногдуулна.
7.3.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага нь замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтэрсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд үндэслэн төлбөрийн нэхэмжлэхийг тухай бүр үүсгэж, цахим төлбөрийн баримтын систем болон хуульд заасан бусад хэлбэрээр төлбөр төлөгчид хүргүүлнэ.
7.4.Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр төлөгч нь замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг энэ хуулийн 7.3-т заасны дагуу нэхэмжлэх үүссэнээс хойш ажлын 10 өдөрт багтаан холбогдох төсөвт төлнө.
7.5.Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр төлөгчийг бүртгэх, төлбөрийг ногдуулах, хураах журмыг нийслэлийн Засаг дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.
7.6.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг иргэн, хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг шууд хийлгэх тухай нөхцөлөөр тохиролцож гэрээ байгуулж болно.
7.7.Энэ хуулийн 7.6-д заасан гэрээнд заасан бол замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийн гүйлгээг холбогдох хуульд заасны дагуу төсөвт шилжүүлж болно.
7.8.Хугацаанд нь төлөөгүй замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2-т заасан урамшууллаас суутгаж болно.
7.9.Тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллага болон цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг хураахад туслалцаа үзүүлнэ.
7.10.Татварын алба замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн өрийг Татварын ерөнхий хуульд заасны дагуу хураах үйл ажиллагаа хэрэгжүүлж болно.
8 дугаар зүйл.Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрөөсхөнгөлөх, чөлөөлөх
8.1.Замын хөдөлгөөнд оролцох дараах иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийг доор дурдсан хувь хэмжээгээр замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрөөс хөнгөлнө:
8.1.1.замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд оршин суух хаягтай иргэний тээврийн хэрэгслийг 90 хувиар;
8.1.2.татвар төлөгчөөр бүртгүүлэн, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон зөвшөөрөлтэй такси үйлчилгээний тээврийн хэрэгслийг 50 хувиар.
8.2.Дараах иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрөөс чөлөөлнө:
8.2.1.тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.2, 6.5-д заасан байгууллагын тээврийн хэрэгсэл;
8.2.2.хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгсэл, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, бүрэн дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тээвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тээврийн хэрэгсэл;
8.2.3.чиглэлийн тээврийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэг, ажилчдын автобус;
8.2.4.бүх төрлийн унадаг дугуй, мопед, мотоцикл.
8.3.Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх тээврийн хэрэгсэл, иргэн, хуулийн этгээдийг тодорхойлох, хөнгөлөх, чөлөөлөх журмыг нийслэлийн Засаг дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.
9 дүгээр зүйл.Авто зогсоол
9.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл шалтгаалан авто зогсоолын төрөл, тэдгээрт тавигдах нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтооно.
9.2.Авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх этгээд нь авто зогсоолын эрэлт, хэрэгцээ, байршил, замын хөдөлгөөний эрчмийг харгалзан Авто замын тухай хуулийн 30.6-д заасан төлбөрийн хэмжээг тогтоон авч болно.
9.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
9.4.Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх журмыг нийслэлийн Засаг дарга батална.
9.5.Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл шалтгаалан нийтийн хэрэгцээний зориулалттай авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байна.
9.6.Нийслэлийн өмчлөлийн авто зогсоолын менежмент, авто зогсоолын нэгдсэн системийг нийслэлийн Засаг дарга хариуцна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ
10 дугаар зүйл.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх
10.1.Нийслэл хот олон төрөлт, багтаамж ихтэй нийтийн тээвэр, түүнийг дэмжсэн дэд бүтэцтэй байна.
10.2.Нийслэлийн нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөөс дэмжлэг үзүүлнэ.
10.3.Нийслэл хотын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зорчигч урсгалын эрэлт хэрэгцээ, тухайн зорчих хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, дэд бүтцийг харгалзан тогтвортой зорчилт хөдөлгөөний болон нийтийн тээврийг хөгжүүлэх урт, дунд хугацааны төлөвлөлттэй байна.
10.4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах замаар хэрэгжүүлж болно.
10.5.Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэний сэтгэл ханамжийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар жил бүр хийлгэнэ.
10.6.Нийслэл хот нь нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байна.
Тайлбар: Энэ хуульд заасан нийслэлийн нийтийн тээвэр гэдэгт Автотээврийн тухай хуулийн 3.1.11-д зааснаас гадна дүүжин тээвэр болон багтаамж ихтэй зорчигч тээврийн үйл ажиллагааг ойлгоно.
11 дүгээр зүйл.Такси үйлчилгээний хяналт, зохицуулалт
11.1.Автотээврийн тухай хуулийн 15.1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12-т заасны дагуу хуулийн этгээд такси үйлчилгээ эрхэлж болно.
11.2.Такси үйлчилгээ эрхлэхэд Автотээврийн тухай хуулийн 15.9, 15.10-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.
11.3.Такси үйлчилгээг зорчигч тээвэрлэх дүрэм болон холбогдох стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тээвэрлэгчээр гүйцэтгүүлнэ.
11.4.Нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага такси үйлчилгээнд хяналт тавина.
12 дугаар зүйл.Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаарын хязгаар
12.1.Нийслэлийн авто замын даацыг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно.
12.2.Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосны дагуу нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага Автотээврийн тухай хуулийн 6.1.11-д заасан тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлнө.
12.3.Тээврийн хэрэгслийн бүртгэлийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан хөтөлнө.
13 дугаар зүйл.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан
13.1.Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дараах арга хэмжээнд зарцуулна:
13.1.1.нийслэлийн нийтийн тээвэрт ашиглах автобусны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
13.1.2.шинэ төрлийн багтаамж ихтэй нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх;
13.1.3.чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, авто зогсоолыг төлөвлөх, байгуулах, хөдөлгөөн зохион байгуулах техник, хэрэгсэл, зураг, дуу-дүрсний бичлэгийн болон хэмжилт-хяналтын төхөөрөмж суурилуулах, тоноглох;
13.1.4.чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулсан авто зогсоол /автопарк/ барих;
13.1.5.нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэх;
13.1.6.нийтийн тээврийн үйлчилгээг төлөвлөх, зохион байгуулах чиглэлээр ажиллах хүний нөөцийг сургаж, дадлагажуулах.
13.2.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина.
13.3.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрэм, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг нийслэлийн Засаг дарга батална.
13.4.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн тайлан, зарцуулалт ил тод, нээлттэй байна.
13.5.Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
13.5.1.чиглэлийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулсны орлого;
13.5.2.замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр;
13.5.3.Автотээврийн тухай хуулийн 171.5-д заасан хязгаарт багтаан шинээр олгох автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар худалдан борлуулсны орлого;
13.5.4.чиглэлийн тээврийн хэрэгслийн авто зогсоол дахь барилга байгууламжийг хүн, хуулийн этгээдэд төлбөртэй ашиглуулсны орлого;
13.5.5.нийтийн тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл, бүртгэлийн орлого;
13.5.6.нийтийн тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн хуулиар хориглоогүй хандив, тусламж, бусад.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛЖ БАРИЛГАЖУУЛАХ
14 дүгээр зүйл.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх
14.1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрлийг сааруулах зорилгоор хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын шийдвэрийн дагуу улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 14.7-д заасан журмын дагуу газар чөлөөлнө.
14.2.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг дараах зориулалтаар чөлөөлнө:
14.2.1.боловсролын үйлчилгээ;
14.2.2.эрүүл мэндийн үйлчилгээ;
14.2.3.нийгмийн халамжийн үйлчилгээ;
14.2.4.нийтийн номын сан, соёлын байгууллага;
14.2.5.спортын байгууламж;
14.2.7.дулаан хангамж;
14.2.8.ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж;
14.2.9.харилцаа холбооны шугам, сүлжээ;
14.2.10.авто болон төмөр зам, гүүр, нүхэн гарц, гарам;
14.2.11.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа;
14.2.12.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хангах үйл ажиллагаа;
14.2.13.хог хаягдлыг зохистой хаях, хадгалах, устгах;
14.2.14.тохижилт, цэцэрлэгжүүлэлт;
14.2.15.явган зам, дугуйн зам;
14.2.16.нийтийн хэрэгцээний авто зогсоол;
14.2.17.нийтийн тээвэр, дүүжин тээвэр;
14.2.18.гэр хорооллыг орон сууцжуулах.
14.3.Газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 65-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байна.
14.4.Энэ хуулийн 14.3-т заасан дэмжлэгийг авсан тохиолдолд бусад өмчлөгч, эзэмшигчийн газрыг энэ хуулийн 14.7-д заасан журмын дагуу нөхөх олговрыг олгох болон газар албадан чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргана.
14.5.Нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 14.4-д заасан шийдвэрийг хүргүүлнэ.
14.6.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэнийг ажлын байраар хангах, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж болно.
14.7.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журмыг Засгийн газар батална.
14.8.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журамд газар чөлөөлөх үйл ажиллагаа, газар чөлөөлөлтийн санхүүжилт, нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээний загвар, газрын өмчлөх, эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх, дуусгавар болгох, төрийн байгууллагын оролцоо, түүний эрх, үүрэг, маргааныг шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгана.
15 дугаар зүйл.Газар чөлөөлөхөд баримтлах зарчим, нөхөх олговрын хэлбэр
15.1.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд дараах зарчмыг баримтална:
15.1.1.газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа ил тод байх;
15.1.2.иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан мэдээллийг задруулахгүй байх;
15.1.3.чөлөөлсөн газрыг нийгмийн зайлшгүй хэрэгцээнд ашиглах;
15.1.4.чөлөөлөгдсөн газрыг байгальд ээлтэй, нийгмийн суурь хэрэгцээг хангах зориулалтаар төлөвлөж, зохион байгуулах.
15.2.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд нөхөх олговрын дараах хэлбэрийн аль нэгийг ашиглана:
15.2.1.газрыг газраар дүйцүүлэн олгох;
15.2.2.газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр дүйцүүлэн олгох;
15.2.3.газрыг нөхөх олговрын мөнгөн зардлаар худалдан авах;
15.2.4.боломжит бусад.
15.3.Энэ хуулийн 15.2-т заасан хэлбэрүүдийг хослуулан нөхөх олговрыг олгож болох бөгөөд энэ хуулийн 15.2.4-т заасан нөхөх олговрын бусад боломжит хэлбэрийг энэ хуулийн 14.7-д заасан журамд тусгана.
16 дугаар зүйл.Газрын нөхөх олговрын үнэлгээ
16.1.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.4-т заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний аргачлалын дагуу үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хийлгэнэ.
16.2.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 16.1-д заасан үнэлгээг эс зөвшөөрвөл уг үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 14 хоногийн дотор өөрийн зардлаар үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хийлгэж болно.
16.3.Энэ хуулийн 16.1, 16.2-т заасан үнэлгээ зөрүүтэй байвал Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22.1-д заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
16.4.Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 16.2-т заасан хугацаанд үнэлгээ хийлгээгүй бол энэ хуулийн 16.1-д заасан үнэлгээг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
17 дугаар зүйл.Гэр хорооллыг орон сууцжуулах байршил
17.1.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршил буюу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг тэргүүн ээлжид орон сууцжуулна.
17.2.Энэ хуулийн 17.1-д заасны дагуу орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нийгмийн суурь үйлчилгээ болох соёл, боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээг цогц байдлаар төлөвлөж хэрэгжүүлнэ.
Тайлбар: - Энэ хуульд заасан “дэд төв” гэдэгт нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд гэр хорооллыг орон сууцжуулж, барилгажуулахаар төлөвлөсөн нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламж, тэдгээрийн шугам, сүлжээ, инженерийн дэд бүтцийн цогцолборыг ойлгоно.
18 дугаар зүйл.Гэр хорооллыг орон сууцжуулахад төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт
18.1.Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулж, барилгажуулахад холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөөс дэмжлэг үзүүлнэ.
18.2.Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
19 дүгээр зүйл.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгчийн чиг үүрэг
19.1.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.1.1.барилгажилтын төслийг эрх бүхий байгууллагаар батлуулах;
19.1.2.төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах, гэрээ байгуулах;
19.1.3.дэд төвөөс олгогдох инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл олгох;
19.1.4.батлагдсан барилгажилтын төслийн дагуу орон сууцжуулах үйл ажиллагаанд захиалагчийн хяналт тавих;
19.1.5.гэр хорооллыг орон сууцжуулах талбарыг сонгон батлуулах;
19.1.6.орон сууцны барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийж, баталгаажуулах;
19.1.7.дэд төвийг хөгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын сан шинээр байгуулах, хөрөнгө оруулалтын тусгай сангаас санхүүжилт төвлөрүүлэх, зарцуулах.
19.2.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн нөхөх олговрын зориулалтаар зарцуулна.
ТАВДУГААР БҮЛЭГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙН НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ, ОРОЛЦОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
20 дугаар зүйл.Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын чиг үүрэг
20.1.Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.1.1.тогтвортой зорчилт хөдөлгөөний болон нийтийн тээврийг хөгжүүлэх урт, дунд хугацааны төлөвлөлтийг батлах;
20.1.2.нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаарх мэдээллийг Засгийн газарт тухай бүр танилцуулах;
20.1.3.нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, сунгах, барилга байгууламж барих, дахин төлөвлөх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох нийслэлийн Засаг даргын саналыг Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх.
21 дүгээр зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг
21.1.Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах талаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
21.1.1.замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тухайн жилийн орон нутгийн төсвийн төсөлд тусгаж, батлах;
21.1.2.замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар нийслэлийн Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих;
21.1.3.нийслэлийн авто замын даацыг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтоох;
21.1.4.хуульд заасан бусад.
22 дугаар зүйл.Нийслэлийн Засаг даргын чиг үүрэг
22.1.Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах талаар нийслэлийн Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
22.1.1.замын хөдөлгөөний түгжрэлээс үүссэн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд нөлөөлж байгаа нөлөөллийн талаарх судалгаа хийж, олон нийтэд мэдээлэх;
22.1.2.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;
22.1.3.иргэний явганаар зорчих зам, дэд бүтцийн хүртээмж, дугуйн замын сүлжээг сайжруулах, нэмэгдүүлэх;
22.1.4.замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг чөлөөлөх;
22.1.5.нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, сунгах, барилга байгууламж барих, дахин төлөвлөх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох саналыг эрх бүхий этгээдэд уламжлах
22.1.6.энэ хуулийн 20.1.1-д заасан төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах;
22.1.7.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх;
22.1.8.хуульд заасан бусад.
23 дугаар зүйл.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага, түүний чиг үүрэг
23.1.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага нь нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллана.
23.2.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23.2.1.нийслэлийн замын хөдөлгөөний үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
23.2.2.замын хөдөлгөөний ажиглалт, судалгаа, тооллого, мэдээлэлд үндэслэн хөдөлгөөнийг оновчлох, зохион байгуулах, хяналт тавих;
23.2.3.замын хөдөлгөөний түгжрэлийн нөхцөл байдлыг бүртгэх, боловсруулах, хяналт тавих, судалгаа хийх, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;
23.2.4.замын хөдөлгөөний түгжрэлийн нөхцөл байдал, замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүнийг тойрон өнгөрөх замын талаарх мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан журмын дагуу олон нийтэд мэдээлэх;
23.2.5.замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх;
23.2.6.авто зогсоолын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, авто зогсоолын судалгаа хийж, авто зогсоолын менежмент, авто зогсоолын нэгдсэн системийг хариуцах.
24 дүгээр зүйл.Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
24.1.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах талаар дараах эрх эдэлнэ:
24.1.1.холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг бусдаас шаардах;
24.1.2.замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих;
24.1.3.хууль тогтоомжид заасан бусад.
24.2.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах талаар дараах үүрэг хүлээнэ:
24.2.1.замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулахтай холбогдсон хууль тогтоомжийг дагаж мөрдөх;
24.2.2.авто зогсоол, замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;
24.2.3.хуульд заасан бусад.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
25 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт
25.1.Энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан замын хөдөлгөөний төлбөртэй бүсийг тогтоож, төлбөр ногдуулахтай холбоотой зохицуулалтыг нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээвэр, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтрэх тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийг нэвтрүүлснээр дагаж мөрдөнө.
25.2.Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан нийтийн тээвэр, такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх зохицуулалтыг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
26 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
26.1.Энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
26.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
27.1.Энэ хуулийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
9. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
10. Анхны хэлэлцүүлэг -Бусад хороо, намын бүлгийн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх