Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 1-р сарын 11 өдөр
Ulaanbaatar city
ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ
1

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь цусны донорын үйл ажиллагаатай холбоотой төрийн бодлого, зохицуулалт, баримтлах зарчим, тэдгээрийг хэрэгжүүлэх байгууллагын эрх зүйн үндэс, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний нийтлэг эрх, үүрэг, цус сэлбэлт судлалын салбарт ажиллагсдын цалин, хөлс, нийгмийн баталгаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Цусны донорын тухай хууль тогтоомж
2.1.Цусны донорын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Эрүүл мэндийн тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“цусны донорын үйл ажиллагаа” гэж цусны донорын сургалт, сурталчилгаа, элсүүлэлт, цусны донор сонгох, цус цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх болон цусны аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц үйл ажиллагааг;
3.1.2.“цусны донорын үйл ажиллагааны тогтолцоо” гэж цусны донорын үйл ажиллагаанд тавих төрийн хяналт, оролцоо, байгууллагуудын эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоог;
3.1.3.“цусны донор" гэж бусдын амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сайн дураараа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн хүнийг;
3.1.4.“цус, цусны бүрэлдэхүүн хэсэг" гэж цус, цусны сийвэн, улаан эс, ялтаст эсийг;
3.1.5.“цусны ховор бүлэг” гэж хүн амын дунд цөөн тохиолддог цусны бүлгийг;
3.1.6.“цус, цусан бүтээгдэхүүн" гэж цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг боловсруулж бэлтгэсэн бүтээгдэхүүнийг;
3.1.7.“сэлбүүлэгч" гэж амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зайлшгүй шаардлагатай хүнийг;
3.1.8.“цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг боловсруулах" гэж батлагдсан стандарт, зааврын дагуу бэлтгэхийг;
3.1.9.“цусны аюулгүй байдал" гэж цусны донорт элсүүлэх, цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх, улсын хилээр нэвтрүүлэх ажиллагаанд хууль, журам, стандартын шаардлага бүрэн хангагдсан байдлыг;
3.1.10.“хөдөлгөөнт иж бүрдэл” гэж цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах зориулалтаар тоноглосон тээврийн хэрэгслийг;
3.1.11.“цусны биобэлдмэл" гэж цусны сийвэнгээс гаргаж авсан эмчилгээний бэлдмэлийг;
4 дүгээр зүйл. Цусны донорын үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1.Цусны донорын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1.хууль, хүний эрхийг дээдлэх;
4.1.2.сайн дурын, авлагагүй байх;
4.1.3.аюулгүй, чанарын баталгаатай байх;
4.1.4.цусны донор, сэлбүүлэгчийн эрүүл мэндийг хамгаалах;
4.1.5.хүний эмзэг мэдээллийг хамгаалах;
4.1.6.цусны донорыг алдаршуулж, урамшуулах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦУСНЫ ДОНОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОГТОЛЦОО
5 дугаар зүйл. Цусны донорын үйл ажиллагаан дахь төрийн зохицуулалт, хяналт
5.1.Цусны донорын үйл ажиллагааны төрийн зохицуулалт нь сайн дурын, авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг идэвхижүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, аюулгүй байдлыг хангах, цусны донорын үйл ажиллагааг зохицуулахад чиглэнэ.
5.2.Цус, сэлбэлт судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, цусны биобэлдмэлийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
5.3.Цусны донорын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдал болон цусны донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай холбоотой хяналтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
6 дугаар зүйл. Цусны донорын үйл ажиллагааны талаарх Засгийн газрын бүрэн эрх
6.1.Цусны донорын үйл ажиллагааны талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, чанар, аюулгүй байдлын талаар баримтлах төрийн бодлогыг Улсын Их Хурлаар батлуулах, биелэлтийг хангах;
6.1.2.Засгийн газар хоорондын болон олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
6.1.3.цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх;
6.1.4.гамшгийн үед цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах;
6.1.5.Засгийн газрын шагнал Цусны хүндэт донор хүндэт тэмдгээр шагнах, тэдэнд дэмжлэг үзүүлэх журам батлах;
6.1.6.цус сэлбэлт судлалын салбарт ажиллагсдын нэмэгдэл цалингийн хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ хэрэгжүүлэх;
6.1.7.Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлын үзүүлэлтийг гаргах шалгуур үзүүлэлтэд энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан үүргээ хэрэгжүүлсэн байдлыг тусган дүгнэх;
6.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
7 дугаар зүйл. Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч байгууллага
7.1.Цусны донороос цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэхтэй холбоотой асуудлаар дараах байгууллага хамтран ажиллана:
7.1.1.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
7.1.2.цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төв, цусны төв;
7.1.3.цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны боловсрол олгодог боловсролын байгууллага;
7.1.4.төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
7.1.5.Монголын улаан загалмайн нийгэмлэг, бусад төрийн бус байгууллага;
7.1.6.аж ахуйн нэгж, байгууллага.
8 дугаар зүйл. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
8.1.Цусны донорын үйл ажиллагааны талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах эрх, үүрэгтэй:
8.1.1.цусны донорын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
8.1.2.цусны донорын үйл ажиллагаанд төрийн хяналт хэрэгжүүлэх;
8.1.3.цусны чанар, аюулгүй байдлыг хангах, цусны донорын үйл ажиллагаатай холбоотой журам, зааврыг батлах;
8.1.4.цусны биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохицуулах журам, техник, технологийн чиглэлээр баримтлах чиглэлийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.5.цусны донорт олгох илчлэг нөхөх хоол, хүнсний бүтээгдэхүүний орц, илчлэгийн жишиг хэмжээг батлах;
8.1.6.цус сэлбэлт судлалын салбарт ажиллагсдын нэмэгдэл цалингийн хэмжээ, нийгмийн баталгааг хангах санал боловсруулах;
8.1.7. цус сэлбэлт судлалын чиглэлээр улсад төгсөлтийн дараах гадаад сургалт, дадлагад хамруулах;
8.1.8.хуульд заасан бусад эрх, үүрэг.
9 дүгээр зүйл. Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага, түүний эрх, үүрэг
9.1.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.12-д заасан тусгай мэргэжлийн төв байна.
9.2.Цус, сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвийн харьяанд Цусны төв ажиллана. Цусны төвийн бүтэц, дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.3.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16.15-д заасан эрх, үүргээс гадна дараах эрх, үүрэгтэй:
9.3.1.Цусны донорын үйл ажиллагаа, цусны чанар, аюулгүй байдал, цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, цусны сонор сэрэмжийн тогтолцоог үндэсний хэмжээнд удирдлага зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангах;
9.3.2.цусны донорын сургалт, сурталчилгааны ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулах, цусны донор элсүүлэх;
9.3.3.цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулах, шинжлэх, цусны бүлэг тодорхойлох, бүтээгдэхүүний чанарын хяналтын болон бусад шинжилгээ хийх;
9.3.4.цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг боловсруулах;
9.3.5.цусны биобэлдмэл үйлдвэрлэх;
9.3.6.цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тогтвортой байдлыг хангах;
9.3.7.цусаа өгсөн талаарх магадлагаа олгох;
9.3.8.цусны донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулах;
9.3.9.олон удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн цусны донорыг шагнах, Засгийн газрын болон төрийн шагналд нэр дэвшүүлэх;
9.3.10.цусны донорын мэдээллийн сангийн бүрдүүлэлт, өөрчлөлт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах талаар хууль, тогтоомжоор тогтоосон үүргийг хэрэгжүүлэх;
9.3.11.цусны донорын үйл ажиллагааны мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэх, холбогдох байгууллагад хүргүүлэх;
9.3.12.цусны донороос авсан цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг гагцхүү энэ хуульд заасан хэрэгцээ, шаардлагын дагуу ашиглахад хяналт тавьж, донорын эмзэг мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.
9.4.Цусны төв нь хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр энэ хуулийн 9.3.2, 9.3.3, 9.3.4, 9.3.6, 9.3.7, 9.3.8, 9.3.10, 9.3.12 -т заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
10 дугаар зүйл. Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч бусад эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг
10.1. Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.10, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан болон энэ хуульд заасан үйл ажиллагаанд оролцогч тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллага байна.
10.2. Энэ зүйлийн 10.1-д заасан эрүүл мэндийн байгууллага нь дараах эрх, үүрэгтэй:
10.1.1.цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах, цус сэлбэлтийн өмнөх шинжилгээ хийх, сэлбэх, цусны чанар, аюулгүй байдлыг хангах;
10.1.2.цус, цусан бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх;
10.1.3.цус, цусны бүрэлдэхүүн хэсэг өгсөнтэй холбоотой донорт илрэх сөрөг хариу урвалын үед яаралтай болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх;
10.1.4.цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ болон холбогдох бусад мэдээ, тайланг цус, сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвд хүргүүлэх.
11 дүгээр зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын эрх, үүрэг
11.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дараах эрх, үүрэгтэй:
11.1.1.цусны донорын үйлсийг сурталчлах, донор элсүүлэх, цусны донорыг алдаршуулах, урамшуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
11.1.2. харьяа эрүүл мэндийн байгууллагад гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд шаардагдах нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэх.
11.2.Энэ зүйлийн 11.1-д заасан үйл ажиллагааг Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэд оруулан тооцно.
12 дугаар зүйл. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, ажил олгогчийн эрх, үүрэг
12.1.Төрийн байгууллагын албан тушаалтан ажил олгогч нь дараах үүрэгтэй
12.1.1.цусны донорын үйлсийг сурталчлах, донор элсүүлэх үйл ажиллагааг дэмжих;
12.1.2.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн донорт Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан олговор олгох;
12.1.3.Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 -т хамаарах төрийн тусгай албан тушаалд ажилладаг цусны донорыг цусаа өгсөн өдөр нь энэ хуулийн 9.3.7, 17.1.6 -д заасан магадлагааг үндэслэн харуул, манаа, тусгай бэлтгэл сургуулилтаас чөлөөлөх;
12.2.Аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, ажил олгогч нь дараах үүрэгтэй:
12.2.1.цусны донорын үйл ажиллагааг дэмжих;
12.2.2.хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь цусны донорын талаар нийгэмд чиглэсэн ашгийн бус сурталчилгаа явуулах;
12.2.3.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн донорт энэ хуулийн 9.3.7, 17.1.4-т -д заасан магадлагааг үндэслэн чөлөө, Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан олговор олгох.
12.3.Анагаах ухааны боловсрол олгох боловсролын байгууллага нь сургалтын хөтөлбөртөө цус сэлбэлт судлалын сургалтын агуулгыг тусгана.
13 дугаар зүйл. Санхүүжилтийн тогтолцоо
13.1.Цусны донорын үйл ажиллагааны санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгал, өөрийн орлого, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
13.2. Энэ хуулийн 13.1-д заасан бусад эх үүсвэрт Эрүүл мэндийн тухай хуулийн 24.5 дахь хэсэгт заасан эх үүсвэрийг ойлгоно.
13.3.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын өөрийн орлогоор Төсвийн тухай хуулийн 18.7-д заасны дагуу эргэлтийн сан байгуулах бөгөөд уг сангийн хөрөнгийг дараах зорилгоор ашиглаж болно.
13.3.1.цусны донорын үйлсийг сурталчлах, донорт элсүүлэх;
13.3.2.цусны донорыг алдаршуулах, урамшуулах;
13.3.3.цусны донорт хоол, илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүн олгоход дутагдсан зардал;
13.3.4.ажилтны нэмэгдэл цалин, урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
13.3.5.эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн засвар, шинэчлэл хийх;
13.3.6.цус, сэлбэлт судлалын чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах сургалт, дадлагад хамруулах.
13.4.Эргэлтийн сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална.
13.5.Цус, цусан бүтээгдэхүүний төлбөрийн жишиг хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
13.6.Цус, сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төв, Цусны төвийн ажилтнуудад Төрийн албаны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд заасан нэмэгдлээс гадна сар бүр цусны албаны нэмэгдэл цалин олгоно.
13.7.Цусны албаны нэмэгдэл цалингийн хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦУСНЫ ДОНОР, СЭЛБҮҮЛЭГЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, АЖИЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
14 дүгээр зүйл. Цусны донорт тавигдах шаардлага
14.1.Хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулах, зорилгоор цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ сайн дураараа, авлагагүйгээр өгөх, цусны донорт тавигдах шалгуур үзүүлэлтийг хангасан хүн цусны донор болж болно.
14.2.Цусны донорыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.
14.3.цусны донор сонгох асуумжтай танилцаж, өөрийн эрүүл мэндийн байдлыг үнэн зөвөөр мэдэгдэж, зөвшөөрсөн байна.
14.4.цусны донорт тавигдах эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг хангасан байна.
15 дугаар зүйл. Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэгчид тавигдах шаардлага
15.1.Иргэн амь насаа аврах, эрүүл мэндийн байдлаа сайжруулах, эмчилгээний зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлж болно.
15.2.Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх зөвшөөрлийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай сэлбүүлэгч өөрөө, хүүхэд болон эрх зүйн бүрэн чадамжгүй иргэний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч бичгээр өгсөн байна.
15.3.Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхийг зөвшөөрөөгүй болон сэлбүүлэгч зөвшөөрөл өгөх, эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид мэдээлэх боломжгүй тохиолдолд холбогдох хууль, эмчилгээний зааврыг баримтлан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1-д заасны дагуу мэргэжлийн баг шийдвэр гаргана.
16 дугаар зүйл. Цусны донорын үйл ажиллагаа болон цусны биобэлдмэлийн үйлдвэрлэлд оролцогч эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага
16.1.Цусны донорт үзлэг хийх, цус, цусны бүрэлдэхүүн хэсэг авах, боловсруулах, хадгалах үйл ажиллагааг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, цус, сэлбэлт судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн гүйцэтгэнэ.
16.2.Цуглуулсан цусанд шинжилгээ хийх үйл ажиллагааг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмч, анагаах ухааны боловсрол олгодог боловсролын сургууль төгссөн эмнэлэгийн мэргэжилтэн гүйцэтгэнэ.
16.3.Цусны биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмч, анагаах ухааны боловсрол олгодог боловсролын сургууль төгссөн эмнэлэгийн мэргэжилтэн гүйцэтгэнэ.
17 дугаар зүйл. Цусны донорын эрх, үүрэг
17.1.Цусны донорын үүрэг гүйцэтгэж байгаа иргэн дараах эрх эдэлнэ:
17.1.1.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ сайн дураараа өгөх;
17.1.2. өөрийн эрүүл мэндэд учирч болох үр дагаварын талаар мэдээлэл авах, эрүүл мэндээ хамгаалуулах, сөрөг хариу урвал үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж авах;
17.1.3.өөрийн шинжилгээний хариуг авах;
17.1.4.цусны донорын үүргээ гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах;
17.1.5.цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх ажилд сайн дураараа оролцох;
17.1.6.төрийн тусгай албан хаагч цусны донорын хувьд энэ хуулийн 12.1.3 -т заасан эрх эдлэх;
17.1.7.энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон дэмжлэг хүртэх.
17.2.Цусны донорын үүрэг гүйцэтгэж байгаа иргэн дараах үүрэгтэй:
17.2.1.иргэний үнэмлэх болон хувийн байдал тогтоох боломжтой бичиг баримтаа шалгуулах;
17.2.2.өөрийн эрүүл мэндийн талаар болон шаардлагатай бусад мэдээллийг үнэн зөвөгөх;
17.2.3.цус өгөхийн өмнө хийгдэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдах;
17.2.4.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг мөрдөх.
17.3.Цусны донорын үүрэг гүйцэтгэх үедээ мэдэж байсан эрүүл мэндтэй холбоотой мэдээллээ нуусан, худал мэдээлснээс сэлбүүлэгчийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулсан, аюул учрах нөхцөл бий болгосон бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.
18 дугаар зүйл. Цусны донорын үйл ажиллагаатай холбоотой эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг
18.1.Эмнэлгийн мэргэжилтэн дараах эрх эдэлнэ:
18.1.1.иргэн, байгууллага, албан тушаалтанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, шаардлага тавих;
18.1.2.цусны донорыг танин тодруулах;
18.1.3.цусны донорт тэнцэх эсэх шийдвэр гаргах, Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.3-д заасан тохиолдолд үйлчлэхээс татгалзах;
18.1.4.цусны донорын үүргээ гүйцэтгэсэн тухай магадлагаа олгох;
18.1.5.хууль тогтоомжид заасан бусад эрх.
18.2. Эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэгтэй:
18.2.1.цусны донорын сургалт, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлэх;
18.2.2.цусны донорт учирч болзошгүй үр дагаварын талаар мэдээлэл өгөх;
18.2.3.цусны донор хүссэн тохиолдолд шинжилгээний хариутай холбоотой зөвлөгөө өгөх;
18.2.4.цус, цусны бүрэлдэхүүн хэсэг өгсөнтэй холбоотой урвал, хүндрэл үүссэн тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, яаралтай болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх шаардлагатай бол бусад эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх;
18.2.5.Цусны донорын мэдээллийг сэлбүүлэгчид, сэлбүүлэгчийн мэдээллийг цусны донорт мэдээлэхгүй байх, хүний эмзэг мэдээлэл, төрийн болон албаны нууцыг хамгаалах;
18.2.6.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦУСНЫ ДОНОРЫН ҮЙЛСИЙГ СУРТАЛЧЛАХ, ДЭМЖИХ
19 дүгээр зүйл. Цусны донорын үйлсийг сурталчлах, элсүүлэх
19.1.Сайн дурын, авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өрнүүлэх, сурталчлах ажлыг Монголын улаан загалмай нийгэмлэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамтран зохион байгуулна.
19.2.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн нь цусны донорын сургалт, сурталчилгаа хийх,донор элсүүлэхэд цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагад дэмжлэг үзүүлнэ.
19.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь, цусны донорын талаарх ойлголт, ач холбогдлыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгана.
19.4.Орон нутгийн төсөвт цусны донорын сургалт, сурталчилгаа, цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхтэй холбоотой зардлыг тусгана.
19.5. Цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаанд сайн дурын ажилтныг оролцуулж болно.
20 дугаар зүйл. Цусны донорыг алдаршуулах, урамшуулах
20.1.Цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ 50 болон түүнээс дээш, цусаа 35 болон түүнээс дээш, ховор бүлгийн цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ 25 болон түүнээс дээш удаа өгсөн цусны донорыг Монгол Улсын Засгийн газрын шагнал Цусны хүндэт донор хүндэт тэмдгээр шагнаж, алдаршуулна.
20.2.Цусны донорыг алдаршуулах, урамшуулах зорилгоор эд материал, санхүүгийн дэмжлэг, тусламжийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага үзүүлж болно.
21 дүгээр зүйл. Цусны донорт үзүүлэх дэмжлэг
21.1.Цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн донорт илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүн, эсхүл хоолоор үйлчилнэ.
21.2.Энэ зүйлийн 21.1-д заасан дэмжлэг үзүүлэх боломжгүй бол энэ хуулийн 8.1.5-д заасан жишиг хэмжээтэй адил хэмжээний мөнгөн дэмжлэг олгоно.
21.3.Засгийн газрын шагнал Цусны Хүндэт донор тэмдгээр шагнагдсан донорт дараах дэмжлэг үзүүлнэ:
21.3.1.нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих;
21.3.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах;
21.3.3.магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах;
21.3.4.шаардлагатай тохиолдолд үнэ төлбөргүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх.
21.4.Энэ хуулийн 21.3-т заасан дэмжлэгийг Ахмад настны тухай хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон дэмжлэгтэй давхардуулан олгохгүй.
21.5.Цусны байнгын донорт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
21.6.БНМАУ-ын Хүндэт донор, МУЗН-ийн Хүндэт донор энгэрийн тэмдэгтэй иргэдэд дээрх дэмжлэг мөн адил хамаарна.

ТАВДУГААР БҮЛЭГ
ДОНОРООС ЦУС, ЦУСНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ ЦУГЛУУЛАХ, ШИНЖЛЭХ, БОЛОВСРУУЛАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХЭРЭГЛЭХ
22 дугаар зүйл. Цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх
22.1.Цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ.
22.2.Энэ зүйлийн 22.1-д заасан тусгай мэргэжлийн төв хөдөлгөөнт иж бүрдэлтэй байна.
22.3.Цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлтийг цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэж болно.
22.4.Алслагдсан сумын эрүүл мэндийн төвд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд, эрх бүхий байгууллагаас тогтоосон шаардлагын дагуу цус цуглуулж, шинжилж, сэлбэж болно.
22.5.Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага эмчилгээний зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэнэ.
22.6.Энэ зүйлийн 22.5 дахь хэсэгт заасан байгууллага нь цус, цусан бүтээгдэхүүн сэлбэлттэй холбоотой урвал, хүндрэл үүссэн тохиолдлыг цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвд мэдээлнэ.
22.7.Эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрх бүхий эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны боловсрол олгох боловсролын байгууллагын эмнэлэг цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг судалгаа, шинжилгээний зорилгоор хэрэглэнэ.
22.8.Цус, цусны бүрэлдэхүүн хэсэг, цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээний бус зорилгоор хэрэглэхийг хориглоно.
23 дугаар зүйл. Донорын цус, цусан бүтээгдэхүүн, биобэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэх
23.1.Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу чанар, аюулгүй байдлын хувьд баталгаажсан цус, цусан бүтээгдэхүүн, биобэлдмэлийг экспортлож, импортлож болно.
23.2.Цус, цусан бүтээгдэхүүн, биобэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ГАМШИГ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ХАРИЛЦАА
24 дүгээр зүйл. Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн зохицуулалт
24.1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, цар тахал болон бусад онцгой байдлын үед цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулах зохион байгуулалтыг улсын хэмжээнд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын алба, тодорхой нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулах зохион байгуулалтыг орон нутгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу хийнэ.
24.2.Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгөх боломжтой хүн амын дунд сурталчилгаа явуулах, тэднээс цус цуглуулах үйл ажиллагаатай холбоотой зохион байгуулалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.
24.3.Энэ хуулийн 12.3-т заасан хөтөлбөрт бүрэн хамрагдсан оюутан, цус сэлбэлт судлалын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн, нийг энэ хуулийн 24.1-д заасан тохиолдолд цусны донорын үйл ажиллагаанд татан оролцуулж, ажиллуулж болно.
24.4.Энэ хуулийн 24.1-д заасан тохиолдолд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүн, болон бусад төрийн албан хаагчдаас цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж болно.
24.5.Энэ хуулийн 24.4-т заасан үйл ажиллагаанд хамрагдсан цусны донорт өгөх илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүнийг тухайн цусны донорын харьяалагдах байгууллага олгоно.
24.6.Энэ хуулийн 24.1, 24.3, 24.5-д заасантай холбоотой зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ
ЦУСНЫ ДОНОРЫН МЭДЭЭЛЛИЙН САН
25 дугаар зүйл. Цусны донорын мэдээллийн сан
25.1.Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, түүнд хяналт тавих зорилгоор цусны донорын мэдээллийн санг үүсгэж, баяжуулна.
25.2.Цусны донорын мэдээллийн сангийн журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
25.3.Энэ зүйлийн 25.1-д заасан мэдээллийг төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авч болно.
25.4.Цусны донорын мэдээллийн сан төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээгээр цусны төв, цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэгч эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдсон байна.
25.5.Энэ хуулийн 25.1-д заасан мэдээллийг судалгааны зорилгоор ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод журмыг цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага батлан мөрдүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА
26 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих
26.1.Цусны донорын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын болон холбогдох бусад байгууллага хяналт тавина.
27 дугаар зүйл. Цусны донорын үйл ажиллагааны журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
27.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
27.2. Энэ хуулийг зөрчсөнөөс хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, учрах нөхцөл бүрдүүлсэн бол холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
28 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
28.1.Энэ хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө аймгийн нэгдсэн эмнэлэгт харьяалагдаж байсан цусны салбар төв, ниймийн эрүүл мэндийн асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвийн харьяанд байсан цусны биобэлдмэл үйлдвэрлэх нэгжийг орон тоо, төсөв, хөрөнгийн хамт цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төвийн харьяанд тус тус шилжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.
28.2.Энэ хуулийн 28.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулагдаж дуусах хүртэл хугацаанд урьд хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулийг дагаж мөрдөнө.
29 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
29.1.Энэ хуулийг 2024 оны ... дүгээр сарын ....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
8. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Г. Нямсүрэн