Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 5-р сарын 01 өдөр
Ulaanbaatar city
ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлоход оршино.
2 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль , Хот байгуулалтын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдалтай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
3.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол бусад хуульд заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хэрэгжүүлэх чиг үүргийг Шинэ Зуунмод хотын удирдлага нэгэн адил хэрэгжүүлнэ.
4 дүгээр зүйл. Шинэ Зуунмод хотын эрх зүйн үндэс
4.1.Шинэ Зуунмод хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байна.
4.2.Шинэ Зуунмод хот /цаашид “хот” гэх/ нь нийтийн эрх зүйн этгээд байх бөгөөд эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.
4.3.Эрх зүйн харилцаанд хотыг Хотын захирагч төлөөлнө.
4.4.Шинэ Зуунмод хот нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-д заасан дүрэмтэй байх бөгөөд дараах асуудлыг тусгана:
4.4.1.хотын Зөвлөлийн үйл ажиллагаа, хуралдааны дэг;
4.4.2.хотын Захирагч, түүний ажлын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа;
4.4.3.хотын Ерөнхий архитектор, түүний ажлын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа;
4.4.4.хотын бэлгэдэл тэмдэг;
4.4.5.хотын оршин суугчийн оролцоо, иргэний танхим;
4.4.5.ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн хороо.
4.5.Энэ хуулийн 4.4-т заасан дүрэмд зарчмын шинжтэй өөрчлөлт орсон, эсхүл шинэчлэн баталсан тохиолдолд тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүртгүүлснээс хойш 3 сарын дараа дагаж мөрдөнө.
5 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын байршил, эдэлбэр газрын хэмжээ
5.1.Шинэ Зуунмод хот нь Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлана.
5.2.Шинэ Зуунмод хотын эдэлбэр газрын хэмжээг Монгол Улсын Их Хурал тогтооно.
6 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотыг хөгжүүлэх үйл ажиллагааны зарчим
6.1.Шинэ Зуунмод хотыг байгуулах, төлөвлөх, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуульд заасан болон дараах зарчмыг баримтална:
6.1.1.нийслэл болон орон нутаг, бүс нутгийг тэнцвэртэй хөгжүүлэх;
6.1.2.соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, үйлдвэрлэл, инновацийн төв байх;
6.1.3.гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах технологид тулгуурлах;
6.1.4.Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтыг улс, нийслэл, орон нутаг, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалттай уялдуулах;
6.1.5.нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоотой байх;
6.1.6.эдийн засгийн хувьд бие даасан байх;
6.1.7.орчин үеийн эко, ухаалаг хот болгон хөгжүүлэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХОТ БАЙГУУЛАЛТ
7 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын төлөвлөлт
7.1.Шинэ Зуунмод хот нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй байх ба нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцсэн байна.
7.2.Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хотын Ерөнхий архитекторын саналыг үндэслэн хотын Зөвлөл тус тус батална.
7.3.Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийцүүлэн барилгажилтын төслийг Шинэ Зуунмод хотын Ерөнхий архитектор баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
7.4.Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасан төлөвлөгөөний төсөл нь Хот байгуулалтын тухай хуульд заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байх ба тэдгээрийг боловсруулах үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн Долоодугаар бүлэгт заасан журмыг баримталж, олон нийтийн оролцоог хангана:
7.4.1.оршин суугчийн оршин суугаа газраас 300-500 метрт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, соёлын төв, худалдаа, үйлчилгээний газарт хүрэх боломжтой байх;
7.4.2.Шинэ Зуунмод хотын тээврийн хэрэгсэл нь хос болон цахилгаан тэжээлтэй байх;
7.4.3.Инженерийн бэлтгэл арга хэмжээ, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, хийн хангамж, зам, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг дэд бүтэц, нийтийн үйлчилгээний барилга байгууламж барих ажлыг нэн тэргүүнд зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлэх;
7.4.4.инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний төлөвлөлт, бүтээн байгуулалтад шинэлэг инноваци бүхий технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
8 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын бүсчлэл
8.1.Хотын нутаг дэвсгэр нь дараах бүсчлэлтэй байна:
8.1.1.эдийн засгийн чөлөөт бүс;
8.1.2.амралт, аялал жуулчлалын бүс;
8.1.3.олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс;
8.1.4.засаг захиргааны бүс;
8.1.5.оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүс;
8.1.6.зах, худалдаа, бөөний төвийн бүс;
8.1.7.тээвэр, логистик, үйлдвэрлэлийн бүс;
8.1.8.олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс;
8.1.9.аж ахуй, нөөц бүс.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан бүсчлэлийн хуваарийг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлно.
8.3.Шинэ Зуунмод хотын бүсчлэлийн дүрмийг хотын Зөвлөл батална.
9 дүгээр зүйл. Шинэ Зуунмод хотын газрын менежмент
9.1.Шинэ Зуунмод хотын газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, барилгажилтын төсөлд үндэслэх бөгөөд хотын Ерөнхий архитекторын саналыг үндэслэн хотын Зөвлөл батална.
9.2.Энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу хотын эдэлбэр газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгана.
9.3.Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийгмийн болон инженерийн дэд бүтцээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.
9.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгох төсөл нь хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний үе шатны төслийн жагсаалтад хамаарч байна.
9.5.Энэ хуулийн 9.3-т заасан төсөл болон сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газар батална.
9.6.Энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу төслийг Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпораци сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй газар ашиглуулах гэрээг хотын Захирагч байгуулна.
9.7.Энэ хуулийн 9.5-д заасан газар ашиглуулах гэрээнд Газрын тухай хуульд зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана:
9.7.1.газрыг гэрээнд заасан төсөл хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашигласан, эсхүл ашиглахаар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлах;
9.7.2.төслийг гэрээ байгуулснаас хойш 12 сарын хугацаанд хэрэгжүүлж эхлээгүй бол газар ашиглах эрх дуусгавар болох.
9.8.Шинэ Зуунмод хотын эдэлбэр газарт улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
9.9.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Засгийн газрын шийдвэрээр улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлж болно. Энэ тохиолдолд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн 10, 11, 12 дугаар зүйлийг баримтална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХОТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
10 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын чиг үүрэг
10.1.Шинэ Зуунмод хот нь тус хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх, өөрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг хууль тогтоомж, хотын дүрмийн хүрээнд хотын оршин суугч, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байна.
10.2.Шинэ Зуунмод хот нь нийслэлийн дагуул хот болохын хувьд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 36.1-д заасан болон Засгийн газар, нийслэл, бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас холбогдох хуулийн дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
10.3.Засгийн газар, нийслэл, бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж энэ хуулийн 10.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төрийн болон орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах эрхийг хууль тогтоомжид нийцүүлэн Шинэ Зуунмод хотод шилжүүлж болно.
10.4.Шинэ Зуунмод хот хуульд заасан чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах эрхтэй.
11 дүгээр зүйл. Шинэ Зуунмод хотын зохион байгуулалт
11.1.Дагуул хот нь зохион байгуулалтын хувьд хороонд хуваагдана. Хороо нь энэ хуулийн 8.1-д заасан бүсчлэлийн дагуу зохион байгуулагдана.
12 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын удирдлага, түүний тогтолцоо
12.1.Шинэ Зуунмод хотын удирдлага дараах тогтолцоотой байна.
12.1.1.хотын Зөвлөл;
12.1.2.хотын Захирагч;
12.1.3.хотын Ерөнхий архитектор.
12.2.Шинэ Зуунмод хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого тодорхойлох, хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүргийг Шинэ Зуунмод хотын Зөвлөл хэрэгжүүлнэ.
12.3.Шинэ Зуунмод хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг Шинэ Зуунмод хотын Захирагч гүйцэтгэнэ.
12.4.Шинэ Зуунмод хотын Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан болон энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
12.5. Шинэ Зуунмод хот нь хөгжлийн корпорацитай байна.
12.6.Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпораци нь энэ хуулийн 16.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
12.7.Хотын удирдлага энэ хуульд заасан зарим чиг үүргээ холбогдох хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно.
13 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын Зөвлөл, түүний бүрэн эрх
13.1.Шинэ Зуунмод хотын Зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
13.2.Шинэ Зуунмод хотын Зөвлөлийн 3 гишүүн нь Шинэ Зуунмод хот дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас сонгосон хөрөнгө оруулагчдын төлөөлөл байх ба тэдгээр нь дараах шаардлагыг хангасан байна:
13.2.1.Монгол Улсын иргэн байх;
13.2.2.Шинэ Зуунмод хотод 10 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн;
13.2.3.татварын өргүй байх;
13.2.4.ял, шийтгэлгүй байх.
13.3.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад 6 гишүүнийг Шинэ Зуунмод хотын оршин суугчдаас сонгон шалгаруулж, 4 жилийн хугацаагаар хотын Захирагч томилно.
13.4.Шинэ Зуунмод хотын Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
13.4.1.Шинэ Зуунмод хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, Шинэ Зуунмод хотын төсөв, хөтөлбөрийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
13.4.2.Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
13.4.3.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
13.4.4.Шинэ Зуунмод хотын Захирагчийн тайланг сонсох, хэлэлцэх, дүгнэх;
13.4.4.хуульд өөрөөр заагаагүй бол Шинэ Зуунмод хотын чиг үүрэг хэрэгжүүлэх талаар журам, дүрэм, заавар батлах;
13.4.5.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татвар, төлбөр, хураамж, урамшууллын хэмжээг тогтоох;
13.4.6.Шинэ Зуунмод хотын өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;
13.4.7.хотын өмчийн болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах;
13.4.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
13.5.Шинэ Зуунмод хотын Зөвлөл хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээр баталсан захиргааны хэм хэмжээ агуулсан журам, дүрэм, зааврыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
13.6.Шинэ Зуунмод хотын Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөл нь хуралдааны дэг, тэмдэглэл хөтлөх журмыг тогтооно.
14 дүгээр зүйл. Шинэ Зуунмод хотын Захирагч, түүний бүрэн эрх
14.1.Хотын Захирагчийг хотын оршин суугчдаас шууд, чөлөөтэй сонгуулийн үндсэн дээр сонгоно. Хотын Захирагчийн сонгуулийг хуулиар зохицуулна.
14.2.Шинэ Зуунмод хотын Захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.2.1.хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хөтөлбөрийг боловсруулан Хотын Зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
14.2.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
14.2.3.хотын төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;
14.2.4.хотын өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэх;
14.2.5.хотын өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааг чиглүүлж, удирдлагыг нь томилж, чөлөөлөх;
14.2.6.хуулиар хүлээлгэсэн хотын чиг үүргийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланг хотын Зөвлөлд тайлагнах, нийтэд мэдээлэх;
14.2.7.бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, дэмжлэг үзүүлэх, бусад улсын хоттой холбоо тогтоох, хамтран ажиллах;
14.2.8.хотод байгуулагдсан чөлөөт бүсийн Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх;
14.2.9.хуульд заасан бусад.
14.3.Хотын Захирагч нь бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.
14.4.Хотын Захирагч нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
14.5.Хотын Захирагч нь ажлын алба болон харьяа газартай байна.
14.6.Хотын Захирагчийн ажлын алба (цаашид “Захирагчийн ажлын алба” гэх)-ны бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар, дүрмийг хотын Захирагч батална.
15 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын Ерөнхий архитектор
15.1.Хотын ерөнхий архитекторын чиг үүргийг Хот байгуулалтын тухай хуулийн 9.3-т заасан этгээд хэрэгжүүлнэ.
15.2.Хотын ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр хотын Захирагч томилно.
15.3.Хотын ерөнхий архитектор нь ажлын албатай байна.
15.4.Хотын ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.4.1.хот байгуулалт, газар зохион байгуулалтын баримт бичгийг боловсруулах, эрх бүхий этгээдээр батлуулах;
15.4.2.хот байгуулалт, газар зохион байгуулалтын баримт бичгийн хэрэгжилтэнд хяналт тавих;
15.4.3.инженерийн дэд бүтцийн төлөвлөлт, хөгжүүлэлт;
15.4.4.Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорацийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөмж, дүгнэлт хүргүүлэх;
15.4.5.тухайн жилийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын баримт бичгийн хэрэгжилтийг дараа оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор хотын Захирагчид тайлагнах.
16 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпораци
16.1.Шинэ Зуунмод хотын газар хөгжүүлэлт, менежмент, хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, хөрөнгө оруулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг нийслэл, Төв аймгийн өмчийн оролцоотой Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпораци /цаашид “корпораци” гэх/ хэрэгжүүлнэ.
16.2.Корпораци байгуулах асуудлыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
16.3.Корпорацийн төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байх ба сонгон шалгаруулалтын үндсэн дээр нийслэлийн Засаг дарга томилно.
16.4.Энэ хуулийн 16.3-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний таваас доошгүй нь нийслэл хотын, хоёроос доошгүй нь Төв аймгийн, хоёроос доошгүй нь мэргэжлийн, хараат бус, хувийн хэвшлийн төлөөлөл байна.
16.5.Корпорацийн дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.
16.6.Корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:
16.6.1.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
16.6.2.гурваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, хот байгуулалт, хууль, санхүү, хөрөнгө оруулалт, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засаг, инженерийн мэргэжлээр дээд боловсролтой;
16.6.3.нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, корпорацийн зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;
16.6.4.сүүлийн найман жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй;
16.6.5.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
16.6.6.Компанийн тухай хуулийн 75.8-д заасан шаардлагыг хангасан байх;
16.6.7.ашиг сонирхлын зөрчилгүй байх;
16.6.8.татварын өргүй байх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ЭДИЙН ЗАСАГ
17 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын эдийн засгийн үндэс, тэргүүлэх чиглэл
17.1.Шинэ Зуунмод хотын эдийн засгийн үндэс нь улс, нийслэл, орон нутаг, хотын өөрийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн хотын өмч, татварын болон татварын бус орлого, хотын сангийн хөрөнгө, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хандив, тусламж, бусад орлогоос бүрдэнэ.
17.2.Шинэ Зуунмод хотын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, баталгаагаар хангах нь төр, нийслэл, орон нутгийн үүрэг бөгөөд энэ харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
17.3.Шинэ Зуунмод хот нь эдийн засгийн дараах тэргүүлэх чиглэлтэй байна:
17.3.1.аялал жуулчлал;
17.3.2.тээвэр ложистик;
17.3.3.соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын биет бус өвийн академи;
17.3.4.шинжлэх ухаан, технологи, инноваци;
17.3.5.олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, худалдаа.
18 дугаар зүйл. Төрийн дэмжлэг
18.1.Төрөөс хотын бүтээн байгуулалтад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ.
18.2.Улсын Их Хурал хотын бүтээн байгуулалтын хугацаанд буюу 2040 он хүртэл жил бүр улсын төсөвт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төрийн байгууллагуудыг үе шаттай нүүлгэн шилжүүлэх зардлын төсвийг тусгаж батална.
18.3.Засгийн газар төрийн байгууллагуудыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.
18.4.Шинэ Зуунмод хот хувийн хэвшилтэй хамтрах, төр, хувийн түншлэлийг хэрэгжүүлэх нөхцөлийг хуулиар тогтоож болно.
18.5.Төрийн зарим чиг үүргийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Шинэ Зуунмодын хотын удирдлагад шилжүүлж болно.
18.6.Хотын бүтээн байгуулалтын төсөлд хөнгөлөлттэй зээл олгох бодлогыг дэмжиж хэрэгжүүлнэ.
19 дүгээр зүйл. Нийслэл хот, орон нутгийн дэмжлэг
19.1.Нийслэл хот нь Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтад зориулж холбогдох хууль, журмын дагуу үнэт цаас гаргаж болно.
19.2.Нийслэл, Төв аймаг нь хотын эрчим хүч, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, харилцаа холбоо, инженерийн бэлтгэл арга хэмжээ, хог хаягдалтай холбоотой зөвшөөрөл, үйлчилгээг саадгүй үзүүлнэ.
19.3.Нийслэл хот болон Төв аймаг нь хотод дараах дэмжлэгийг үзүүлнэ:
19.3.1.орон нутгийн татвар, төлбөр, хураамжийн хэмжээг өөрөөр тогтоох;
19.3.2.өөрийн мэдлийн өмчийг дагуул хотод хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах асуудлыг шийдвэрлэх;
19.3.3.төрийн үйлчилгээг шуурхай, нэг цонхоор үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
19.3.4.салбарын хяналт, шалгалтыг давхардуулахгүй байх.
20 дугаар зүйл. Хотын төсөв, татвар
20.1.Шинэ Зуунмод хот төсөвтэй байх бөгөөд нийслэлийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.
20.2.Хотын төсвийн орлогын эх үүсвэр нь татварын болон татварын бус орлого, улс, нийслэлийн төсвөөс олгох орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэг болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
20.3.Нийслэлийн төсвийн орлогын дагуул хотоос эх үүсвэртэй татварын орлогын 80 хувийг Шинэ Зуунмод хотын төсөвт, 20 хувийг Төв аймгийн төсөвт хуваарилна.
20.4.Шинэ Зуунмод хотын төсвийг хотын чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна.
20.5.Шинэ Зуунмод хотын төсвийн харилцааг энэ хуульд заасан зарчмыг баримтлан Төсвийн тухай хуулиар зохицуулна.
20.6.Шинэ Зуунмод хот татвартай байна. Хотын татварыг Хотын албан татварын тухай хуулиар зохицуулна.
21 дүгээр зүйл. Шинэ Зуунмод хотын өмч
21.1.Шинэ Зуунмод хот нь хотын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжид заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах өмчтэй байна.
21.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтаар хийсэн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хотын өмчлөлд бүртгэнэ.
21.3.Хотын өмчийн менежментийг Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпораци хэрэгжүүлнэ.
21.4.Шинэ Зуунмод хотын өмчийн харилцааг хуулиар зохицуулна.
22 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын дэд бүтцийн сан
22.1.Шинэ Зуунмод хот нь доор дурдсан үйл ажиллагаанд зарцуулах сантай байна:
22.1.1.инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх;
22.1.2.нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалт, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, ногоон байгууламж бий болгох.
22.2.Дэд бүтцийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
22.2.1.хотын төсвийн орлогын 10 хувь;
22.2.2.Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорацийн ногдол ашгийн 20 хувь;
22.2.3.Чөлөөт бүсийн аж ахуйн үйл ажиллагааны орлогын 10 хувь;
22.2.4.хуулиар хориглоогүй бусад.
22.3.Энэ зүйлийн 22.1-д заасан санг байгуулах, түүнийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг Хотын зөвлөл тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавина.
22.4.Энэ зүйлийн 22.3-т заасны дагуу тогтоосон журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлнэ.
22.5.Шинэ Зуунмод хотын дэд бүтцийн сангаас зээл олгох, өр, авлага үүсгэх, сангийн хөрөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.

ТАВДУГААР БYЛЭГ
ХОТЫН БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
23 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотод хөрөнгө оруулах, түүний баталгаа
23.1.Хотод хэрэгжүүлэх төсөл нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.1-д зааснаас бусад шалгуур хангасан тохиолдолд доор дурдсан салбарт дараах хугацаагаар тогтворжуулалтын гэрчилгээг олгоно:

Хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төгрөгөөр/

Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа /жилээр/

Хөрөнгө оруулалтаа

хийж дуусах хугацаа

/жилээр/

10-30 хүртэл

5

2

30-50 хүртэл

6

3

50-100 хүртэл

7

4

100-200 хүртэл

8

5

200-300 хүртэл

10

6

23.2.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20.8-д заасны дагуу хотын бүтээн байгуулалтын хөгжлийн төсөлд 300 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийх санал гаргасан хөрөнгө оруулагчтай Засгийн газар эрх олгосноор хотын Захирагч гэрээ байгуулна.
23.3.Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд гаалийн, татварын болон татварын бус, худалдан авах ажиллагааны тусгай зохицуулалт үйлчлэх ба хуулиар зохицуулна.
23.4.Шинэ Зуунмод хот дахь төрийн үйлчилгээ нь худалдаа, татвар, бизнес, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх бүртгэл, зөвшөөрлийн цахим нэг цонхны үйлчилгээнд суурилна.
23.5.Шинэ Зуунмод хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах зорилгоор Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг хотын Захирагчийн дэргэд байгуулах ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хотын Зөвлөл батална.
23.6.Энэ хуулийн 23.5-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн ажиллах журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
23.7.Хотыг хөгжүүлэх төсөл, арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болох бөгөөд энэ харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
24 дүгээр зүйл. Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын гаалийн тусгай зохицуулалт
24.1.Хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд шаардлагатай бараа, материал, тоног төхөөрөмжийг хилийн чанадаас Монгол Улсын хилээр оруулахад Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
24.2.Хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нэвтрүүлсэн барааны бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө.
25 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотод үзүүлэх татварын дэмжлэг
25.1.Шинэ Зуунмод хотын төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтад зориулж барилгын материал, тоног төхөөрөмж импортолсон иргэн, хуулийн этгээдэд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу татварын дэмжлэг үзүүлнэ.
26 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд үзүүлэх татварын бус дэмжлэг
26.1.Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтад чиглэсэн тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нь дараах татварын бус дэмжлэгийг үзүүлж болно:
26.1.1.цахилгаан, дулаан, түрээсийн төлбөр зэрэг урсгал зардалд дэмжлэг үзүүлэх;
26.1.2.бизнес эрхлэхэд шаардагдах баримт бичиг, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулах;
26.1.3.бүтээн байгуулалтын ажилд зориулан хөнгөлөлттэй зээлийг тэргүүн ээлжинд олгох;
26.1.4.Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гадаадаас авах ажиллах хүчний ажлын байрны төлбөрийг чөлөөлөх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД
27 дугаар зүйл. Шинэ Зуунмод хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах
27.1.Шинэ Зуунмод хотын удирдлага нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй нийслэлийн Засаг даргаар дамжуулж харилцана.
27.2.Хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх, хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
28 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
28.1.Энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
28.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
28.3.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжүүлэгч нь хотын удирдлагатай байгуулсан гэрээний харилцаанаас үүсэх маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу шүүх, эсхүл арбитраар шийдвэрлүүлнэ.
28.4.Хотын эдэлбэр газар, инженерийн дэд бүтэц, бүтээн байгуулалтад хохирол учруулсан гэм буруутай этгээд нь Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамааран уг хохирлыг өөрийн хүч хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбогдон гарсан зардлыг бүрэн хариуцна. Гэм буруутай этгээд нь төсөл хэрэгжүүлэгч бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
29 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
29.1.Энэ хуулийг 2024 оны .. дүгээр сарын ..-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
9. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
10. Өргөн мэдүүлэх -Бусад
11. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх