26.1. Хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрхээс гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг зохицуулахтай холбогдуулан хэм хэмжээний акт батлах, түүнийг дагаж мөрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих дараах эрхийг хэрэгжүүлнэ:
26.1.1. тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрөл олгох, бүртгэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.2. банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг улсын эдийн засгийн байдал, төгрөгийн ханшийн өөрчлөлт, салбарын хөгжлийн чиг хандлага, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, газар зүйн байршлыг харгалзан тогтоох;
26.1.3. хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, бүтцэд өөрчлөлт оруулах харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.4. энэ хуулийн 6.2, 6.3-т заасан үйл ажиллагааг зохицуулсан журам, заавар батлах,
26.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн активыг ангилах, түүнд эрсдэлийн санг байгуулах, захиран зарцуулахад мөрдөх харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.7. санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн багц журам, заавар батлах;
26.1.8. тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тооцох харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.9. банк бус санхүүгийн үйл ажиллагаатай холбогдох сендбоксын зохицуулалттай холбоотой журам, заавар батлах;
26.1.10. банк бус санхүүгийн үйл ажиллагаатай холбогдох финтект суурилсан үйлчилгээтэй холбоотой журам, зааврыг батлах;
26.1.11. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд зайны болон эрсдэлд суурилсан хяналт шалгалт, газар дээрх хяналт болон үнэлгээ хийх журам, заавар батлах;
26.1.12. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, удирдах албан тушаалтанд тавигдах тохиромжтой этгээдийг тодорхойлох журам, заавар батлах;
26.1.13. тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай зөвшөөрөл авахтай холбогдох харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.1.14. өрийн хэрэгсэл гаргах харилцааг зохицуулсан журам, заавар батлах;
26.2. Хороо нь хууль тогтоомжийн хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай холбоотой энэ хуулийн 26.1-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний актыг баталж болно.
26.3. Хороо зээлийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх арга, хэрэгслийг тогтоож болно.
26.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг Хороо урьдчилан шийдвэрлэнэ.
26.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
26.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх журмыг Хороо тогтооно.
26.7. Улс орныг хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Хороо бодлого, зохицуулалтын хүрээнд банк бус санхүүгийн үйл ажиллагаа, актив пассив хөрөнгө, бусад санхүүгийн үзүүлэлтэд тусгайлан шаардлага тавьж, хязгаарлалт хийж болно.
26.8. Алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт хямд өртөгтэй олон төрлийн санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүргэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг дэмжих бодлого, зохицуулалт, хэм хэмжээг тогтоож болно.
26.9. Хороо нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг болон гэрээ байгуулж болно.