1/ Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх;
2/ Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх;
3/ Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх;
4/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох;
5/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй байх;
6/ Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах;
7/ Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах;
8/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах;
9/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэл баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх;
10/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэх тохиролцоонд хүрэх;
11/ Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудалд харилцан ашигтай хамтран ажиллах.