4.1.1.“сэтгүүл зүйн үйл ажиллагаа” гэж олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор мэдээ, мэдээлэл хайх, эрэн сурвалжлах, олж авах, цуглуулах, боловсруулах, нягтлах, агуулга бүтээх ажиллагаа явуулсны үндсэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, нэвтрүүлэх, түгээх мэргэжлийн үйл ажиллагааг;
4.1.2.“хэвлэл мэдээллийн байгууллага” гэж редакцтайгаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг, сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг хуулийн этгээдийг;
4.1.3.“хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийг олон нийтэд, эсхүл тодорхой бүлэг этгээдэд хүргэх, түгээх зорилгоор ашиглаж байгаа сонин, сэтгүүл, радио, телевиз, редакцтай мэдээллийн цахим хуудсыг;
4.1.4.“сэтгүүлч” гэж энэ зүйлийн 4.1.1-д заасан сэтгүүл зүйн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагын редакцид хамааран орон тооны болон орон тооны бус байдлаар, эсхүл бие даан чөлөөт байдлаар гүйцэтгэж байгаа хүнийг;
4.1.5.“хэвлэл мэдээллийн байгууллагын редакц” гэж хэвлэл мэдээллийн байгууллагын олон нийтэд түгээх мэдээллийн агуулга, бодлогыг тодорхойлох, бүтээх, нягтлах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нэгж, хүнийг;
4.1.6.“хамтын хэвлэл мэдээллийн байгууллага” гэж соёл, зан заншил, үнэт зүйл, сонирхол, онцлог байдлаар нэгдсэн иргэдээс үүсгэн байгуулж, эзэмшиж, удирдаж байгаа, тухайн хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, мэдээ, мэдээллийг иргэдийн оролцоонд тулгуурлан цуглуулж, боловсруулж, түгээх зорилготой хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
4.1.7.“эх сурвалж” гэж сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн үндэслэл болж байгаа үйл баримт, мэдээллийг өгч байгаа этгээдийг;
4.1.8.“эх сурвалж нууцлах эрх” гэж хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлч нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж, мэдээллийг дамжуулсан арга хэрэгслийг гуравдагч этгээдэд илчлэхгүй байхыг;
4.1.9.“ташаа мэдээлэл” гэж бусдын сэтгэл санаа, бие махбодь, эсхүл хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хохирол учруулах зорилгогүйгээр түгээсэн бодит байдалд нийцэхгүй гэдгийг мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан алдаатай мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг;
4.1.10.”илт худал мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээд, улс оронд санаатайгаар хохирол учруулах зорилгоор түгээсэн ор үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг.