16.1. Арилжааны төлөөлөгч нь дараах үүрэгтэй:
16.1.1. үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах;
16.1.2. хэлцэлд зуучилсан, хэлцэл байгуулсан тухай бүр даруй үйлчлүүлэгчид мэдэгдэх;
16.1.3. арилжааны төлөөлөгчийн хувьд ердийн нөхцөлд шаардагдах анхаарал болгоомжтой байдлыг хангаж ажиллах;
16.1.4. арилжааны төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн, өөрт нь ил болсон үйлчлүүлэгчийн арилжааны үйл ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах;
16.1.5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол арилжааны төлөөлөгч улирал бүрийн сүүлчийн 10 хоногт өөрийн үйл ажиллагааны үр дүн, үйлчилгээний хөлс зэрэг мэдээлэл бүхий тайланг үйлчлүүлэгчид хүргүүлэх.
17 дугаар зүйл.3. Үйлчлүүлэгчийн үүрэг
17.1. Үйлчлүүлэгч нь дараах үүрэгтэй:
17.1.1. барааны дээж, зураг, танилцуулга, үнийн жагсаалт, зар сурталчилгааны материал, гэрээний нөхцөл, шаардлагатай мэдээлэл зэрэг арилжааны төлөөлөгч өөрийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай зүйлийг ашиглах боломжоор хангах;
17.1.2. арилжааны төлөөлөгчийн зуучилсан хэлцэл, эсхүл хэлцэл байгуулахад төлөөлөх бүрэн эрхгүйгээр байгуулсан хэлцлийг зөвшөөрөх, эсхүл татгалзах эсэх талаар даруй мэдэгдэх;
17.1.3. арилжааны төлөөлөгчийн зуучилсан, эсхүл байгуулсан хэлцлийн хувьд үүргийн зөрчил гарсан тухай бүр арилжааны төлөөлөгчид мэдэгдэх.
18 дугаар зүйл.4. Арилжааны төлөөлөгчийн хөлс
18.1. Арилжааны төлөөлөгч нь өөрийн үүргийг гүйцэтгэж хэлцэлд зуучилсан, хэлцэл байгуулсан тохиолдолд үйлчлүүлэгчээс хөлс шаардах эрхтэй.
18.2. Арилжааны төлөөлөгч нь арилжааны төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон эсэхээс үл хамааран дараах тохиолдолд хөлсөө шаардах эрхтэй:
18.2.1. гэрээнд зуучлах, гэрээ байгуулахад арилжааны төлөөлөгчийн оролцоо голлох нөлөөтэй байсан бөгөөд арилжааны төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ердийн боломжит хугацааны дотор тухайн гэрээг үйлчлүүлэгч гуравдагч этгээдтэй байгуулсан бол;
18.2.2. арилжааны төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болохоос өмнө арилжааны төлөөлөгч болон үйлчлүүлэгчийн гуравдагч этгээдээс хүлээн авсан арилжааны төлөөлөгчид хөлс шаардах эрх үүсгэхүйц гэрээний саналын үндсэн дээр тухайн гэрээг байгуулсан бол.
18.3. Үйлчлүүлэгчээс хамаарсан шалтгаанаар зуучлалын үндсэн дээр зохих хэлцлийг байгуулаагүй бол, эсхүл гэрээнд заасан нөхцөлийг зохих ёсоор биелүүлээгүй бол арилжааны төлөөлөгч хөлс шаардах эрхтэй.
18.4. Хэлцлийг үйлчлүүлэгчийн бус гуравдагч этгээдээс хамаарсан шалтгааны улмаас байгуулаагүй бол арилжааны төлөөлөгч үйлчлүүлэгчээс хөлс шаардах эрхгүй байна.
18.5. Гуравдагч этгээд үүргээ гүйцэтгэж чадахгүй болох нь тодорхой болсон бол арилжааны төлөөлөгч нь хөлс шаардах эрхээ алдах бөгөөд өмнө авсан хөлсийг үйлчлүүлэгчид буцаан өгнө.
18.6. Гэрээнд өөрөөр заагаагүй бол үйлчлүүлэгч сар бүрийн эцэст арилжааны төлөөлөгчид тохиролцсон үйлчилгээний хөлс төлнө.
18.7. Үйлчилгээний хөлсний хэмжээг талууд харилцан тохиролцоогүй бол үйлчилгээний хөлсийг тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ.
18.8. Хөлсийг төлбөр төлөх талын төлбөрийн дүнгээс тооцох бөгөөд төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэсний хөнгөлөлт, төлбөр тооцоо, савлалт, гаалийн хураамж, татвар төлөх болон бусад нэмэлт зардлыг хасаж бодно.
18.9. Нэмэлт зардлыг гуравдагч этгээд хариуцан төлсөн тохиолдолд энэ хуулийн 18.8-д заасан хасагдах зардал хамаарахгүй.
18.10. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээний хувьд арилжааны төлөөлөгчийн хөлсийг даатгалын хураамжаас тооцно.
18.11. Арилжааны төлөөлөгч нь өөрийн зуучилсан, байгуулсан тодорхой хэлцэл, эсхүл гуравдагч этгээдтэй байгуулсан тодорхой хэлцлээс үүсэх бүх үүргийг хариуцахаар үйлчлүүлэгчид урьдчилан бичгээр баталгаа гаргаж тусгай шагнал буюу үүргийн гүйцэтгэлийн баталгаа гаргасны хөлс авч болно.