Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 2-р сарын 23 өдөр
Ulaanbaatar city
ШҮҮХИЙН БУС ЖУРМААР ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэглэгчийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж
2.1. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3 .1. Энэ хуулиар шүүхийн бус журмаар гэрээний харилцаанаас үүсэх өр барагдуулах үйл ажиллагаа /цаашид “өр барагдуулах үйл ажиллагаа” гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна.
3 .2. Зээлдүүлэгч хуулийн этгээдийн дотоод бүтцийн өр барагдуулах чиг үүрэг бүхий нэгжийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн болон бусад гэрээний үндсэн дээр хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор явуулж байгаа өр барагдуулах үйл ажиллагаанд энэ хууль үйлчлэхгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4 .1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4 .1.1. “шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагаа” гэж шүүхээс өмнөх шатан дахь өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн өр цуглуулах үйл ажиллагаа болон өрийн тохиролцоо хийх, түүнчлэн өр төлбөртэй холбогдох мэдээллийг цуглуулахыг;
4 .1.2. “бүртгэх байгууллага” гэж Санхүүгийн зохицуулах хороог;
4 .1.3. “зээлдүүлэгч” гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдийг;
4 .1.4. “өр төлбөртэй этгээд” гэж зээлдэгч буюу хууль, гэрээгээр хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ БҮРТГЭЛ, ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
5 дугаар зүйл. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд
5.1. Өр барагдуулах үйл ажиллагааг ашгийн төлөө хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд болох компани эрхэлнэ.
5.2. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр нь түүний оноосон нэр болон “өр барагдуулах үйлчилгээ” гэсэн тэмдэглэгээнээс бүрдэнэ.
5.3. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй аливаа этгээд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх, эсхүл нэрэндээ “өр барагдуулах үйлчилгээ” гэсэн тэмдэглэгээ, эсхүл тэдгээртэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
5.4. Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Арван наймдугаар бүлэгт заасан Эдийн засгийн гэмт хэрэг, 29.10 дугаар зүйлд заасан Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт хариуцлага хүлээж байсан этгээд шууд болон шууд бусаар өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нийт хувьцааны арав, түүнээс дээш хувийн хувьцааг эзэмших, эсхүл удирдлагыг хэрэгжүүлэхийг хориглоно.
6 дугаар зүйл. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх үндэслэл
6.1. Шүүхээс өмнөх шатан дахь өр барагдуулах, өр төлбөртэй холбогдсон мэдээллийг цуглуулах, өрийн тохиролцоо хийх зэрэг үйлчилгээ үзүүлэх өр барагдуулах үйл ажиллагааг зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эрх бүхий хуулийн этгээд эрхэлнэ.
6.2. Өр барагдуулах үйл ажиллагааг өр төлбөртэй этгээд болон зээлдүүлэгчийн хооронд байгуулсан гэрээгээр өр төлбөрийг нэхэмжлэх үндэслэл бүрдсэн өр төлбөрт үндэслэн явуулна.
6.3. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд болон зээлдүүлэгчийн хооронд байгуулах гэрээг бичгээр хийх бөгөөд дараах нөхцөлийг тусгана:
6.3.1.талуудын эрх, үүрэг; 6.3.2.талуудын хариуцлага; 6.3.3.өр төлбөртэй этгээдийн мэдээлэл; 6.3.4.өр төлбөрийн хэмжээ; 6.3.5.өрийн бүтэц /үндсэн төлбөр, хүү, торгууль гэх мэт/; 6.3.6.батлан даагчтай бол батлан даагчийн мэдээлэл; 6.3.7.барьцаатай бол барьцааны талаарх мэдээлэл; 6.3.8.үйлчилгээний төлбөрийн хэмжээ; 6.3.9.гэрээний хугацаа; 6.3.10.зээлийн төлөлт болон өр төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд мэдэгдэх журам, нөхцөл; 6.3.11.гэрээний гүйцэтгэлийн талаар мэдээлэх журам; 6.3.12.гэрээг дуусгавар болгох журам, нөхцөл; 6.3.13.гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох нөхцөл, журам; 6.3.14.зээлийг гурвалсан гэрээгээр олгосон бол гуравдагч этгээдүүдийн өр төлбөрийн талаарх зохицуулалт; 6.3.15.өр барагдуулахтай холбоотой хуулиар хориглоогүй талуудын тохиролцсон бусад нөхцөл.
6.4. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч гэрээний бүртгэлийг бичгээр болон цахимаар хийж, гэрээнд холбогдох баримт бичгийг хавсаргана.
6.5. Энэ хуульд заасны дагуу өр барагдуулах зорилгоор зээлдүүлэгчээс өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид гаргаж өгсөн мэдээллийг харилцагчийн нууц задруулсан гэж үзэхгүй.
7 дугаар зүйл. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх журам, хэлбэр
7.1. Зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээнд заасан үүргийн хүрээнд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өр төлбөртэй этгээд болон түүний төлөөлөгч, гуравдагч этгээдтэй дараах хэлбэрээр харилцана:
7.1.1.утсаар; 7.1.2.биечлэн уулзалт; 7.1.3.иргэн бол оршин суух хаягаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн хаягаар; 7.1.4.мессеж, дуут мессежээр; 7.1.5.цахимаар; 7.1.6.албан мэдэгдэл, бичгэн хэлбэрээр.
7.2. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд өр төлбөртэй этгээд, түүний төлөөлөгч, эсхүл гуравдагч этгээдтэй харилцахдаа дараах журмыг баримтална:
7.2.1. ажлын өдөр 08.00 цагаас 21.00 цаг хүртэлх хугацаанд харилцах;
7.2.2. өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн санаачилгаар долоо хоногт гурваас дээшгүй удаа болон ажлын нэг өдөрт нэгээс дээшгүй удаа биечлэн уулзах;
7.2.3. өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн санаачилгаар ажлын өдөр 08.00 цагаас 21.00 цаг хүртэлх хугацаанд гурваас дээшгүй удаа утсаар холбогдох;
7.2.4. өр төлбөртэй этгээдийн хүсэлтээр өр төлбөртэй холбогдох баримт бичиг, мэдээллээр хангах;
7.2.5. талуудаас хүлээн авсан мэдээллийн аюулгүй байдлыг хангах.
7.3. Өр төлбөртэй этгээдийн зүгээс өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч харилцахад энэ хуулийн 7.2.1-7.2.3-т заасан хязгаарлалт үйлчлэхгүй.
7.4. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд өр төлбөртэй этгээд, түүний төлөөлөгч, гуравдагч этгээдтэй харилцахдаа дараах хууль бус үйлдэл үзүүлэхийг хориглоно:
7.4.1.нэр хүндэд нь халдах; 7.4.2.амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө болон бусад асуудлаар заналхийлэх байдлаар эрх, эрх чөлөөг нь зөрчсөн үйлдэл гаргах; 7.4.3.зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг албадах, сүрдүүлэх, хуурамч бичиг баримт үйлдэх; 7.4.4.зээлдүүлэгчээс хүлээн авсан мэдээллээс бизнесийн болон хуульд заасан бусад нууцад хамааруулсан мэдээллийг ил болгох; 7.4.5.хамааралгүй этгээдэд болон олон нийтэд өр төлбөрийн талаар мэдээлэх.
8 дугаар зүйл. Өрийн тохиролцоо хийх
8.1. Зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлийг өөрчлөх зорилгоор өр төлбөртэй этгээд нь өр барагдуулах үйлчилгээ үзүүлэгчээс мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор бичгээр хүсэлт гаргана.
8.2. Энэ хуулийн 8.1-д заасан хүсэлтэд зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх болсон шалтгааныг нотлох нөхцөл байдал, орлого, зарлагын хэмжээ, оршин суух буюу байгаа газрын хаяг, боловсрол, өмч хөрөнгө, зээлдүүлэгчийн шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл болон өр төлбөрийг төлөхөд түүний өмч, хөрөнгө хүрэлцэхгүй байгаа эсэх талаарх нөхцөлийг тодорхойлсон баримтыг хавсаргана.
8.3. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 8.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор уг хүсэлтийг зээлдүүлэгчид хүргүүлнэ.
8.4. Энэ хуулийн 8.3-т заасан хүсэлтийг зээлдүүлэгч хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор санал болгосон өөрчлөлтийг судлан үзэж, өр барагдуулах үйлчилгээ үзүүлэгч дараах асуудлыг мэдэгдлийн аль нэгийг бичгээр хүргүүлнэ:
8.4.1. өр төлбөртэй этгээдийн санал болгосон нөхцөлөөр зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөхийг зөвшөөрсөн тохиролцоо;
8.4.2. өөрийн зүгээс өөрчлөх санал, нөхцөл;
8.4.3. өр төлбөртэй этгээдийн санал болгосон нөхцөлөөр зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөхөөс татгалзсан тухай мэдэгдэл, түүний шалтгаан.
8.5. Аливаа хэлбэрийн зээл олгосны нөхөн төлбөр болон үндсэн зээл төлөлтийн хугацаа хожимдуулсны торгууль, алдангийг өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид шилжүүлснээс хойш хугацаанд тооцож өр төлбөртэй этгээдээс нэхэхийг хориглоно.
8.6. Өрийн тохиролцоо хийхтэй холбоотой зээлдүүлэгч, эсхүл өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн үйлдэлд өр төлбөртэй этгээд бүртгэх байгууллагад гомдол гаргах эрхтэй.
8.7. Өр барагдуулах үйл ажиллагааны үед зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд өр барагдуулах үйл ажиллагааг зогсооно.
9 дүгээр зүйл. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл
9.1. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээд бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр дараах баримт бичгийг хүргүүлнэ:
9.1.1.өргөдөл; 9.1.2.үүсгэн байгуулагч болон энэ хуулийн 13.1-д заасан эрх бүхий албан тушаалтны мэдээлэл; 9.1.3.өр төлбөртэй этгээдтэй харилцах ажилтны мэдээлэл; 9.1.4.салбар байгуулах тохиолдолд салбарын мэдээлэл.
9.2. Энэ хуулийн 9.1-д заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг бичгээр, эсхүл цахимаар бүртгэх байгууллагад гаргана.
9.3. Бүртгэх байгууллага энэ хуулийн 9.1-д заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянаж, өргөдөл гаргагчийг өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл /цаашид “бүртгэл” гэх/-д бүртгэнэ.
9.4. Бүртгэлд бүртгүүлсэн өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох бөгөөд холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
9.5. Санхүүгийн зохицуулах хороо шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 9.3-т заасан хугацааг ажлын 5 өдрөөр нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
9.6. Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэх байгууллага энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш баримт бичгийн бүрдлийг ажлын 10 өдрийн дотор хангаж бүртгэх байгууллагад ирүүлж болно. Энэ хугацаанд өргөдөл гаргагч дутуу баримт бичгийг ирүүлээгүй бол бүртгэх байгууллага тухайн өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзана.
9.7. Бүртгэх байгууллага өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзсан бол энэ талаарх үндэслэлийн хамт өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
9.8. Бүртгэх байгууллага энэ хуулийн 9.3-т заасан бүртгэлийг Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн цахим санд оруулах бөгөөд холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
9.9. Бүртгэх байгууллага энэ хуулийн 9.3-т заасан бүртгэлтэй холбоотой, хувь хүн, байгууллагын нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг холбогдох шийдвэр гарсны дараах өдөр олон нийтэд цахимаар, нээлттэй байршуулна.
10 дугаар зүйл. Бүртгэхээс татгалзах үндэслэл
10.1. Дараах тохиолдолд өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзана:
10.1.1. энэ хуулийн 9.1-д заасан мэдээллийг худал мэдээлэх;
10.1.2. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан ажилтанд тавигдах шаардлагыг хангаагүй;
10.1.3. дангаараа болон бусадтай хамтран шууд болон шууд бусаар өргөдөл гаргагчийн хувьцааны арав болон түүнээс дээш хувийг эзэмшихээр болсон этгээд нь энэ хуулийн 5.4-т заасан шаардлагыг хангаагүй.
10.2. Энэ хуулийн 10.1-д заасан үндэслэлээр өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Өргөдөл гаргагч бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор дахин бүртгүүлж болно.
10.3. Энэ хуулийн 10.2-т заасны дагуу дахин бүртгүүлэхээр хандаагүй бол үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн хуулийн этгээдийг татан буулгах үүрэгтэй.
11 дүгээр зүйл. Бүртгэлээс хасах
11.1. Дараах тохиолдолд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэлээс хасна:
11.1.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглосон үйлдлийг үргэлжилсэн 6 сарын хугацаанд гурваас дээш удаа хийсэн; 11.1.2.үргэлжилсэн нэг жилийн хугацаанд гурваас дээш удаа бүртгэх байгууллагын шаардсан мэдээллийг ирүүлээгүй, эсхүл худал мэдээлсэн; 11.1.3.үргэлжилсэн 12 сарын турш үйл ажиллагаа явуулаагүй; 11.1.4.шүүхийн шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон; 11.1.5.өөрийн санаачилгаар үйл ажиллагаагаа зогсоосон.
11.2. Энэ хуулийн 11.1-д заасны дагуу бүртгэлээс хассан бол бүртгэлээс хассанаас хойш долоон өдрийн дотор энэ тухай өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид бичгээр мэдэгдэнэ.
11.3. Энэ хуулийн 11.1-д заасны дагуу бүртгэлээс хассан тухай шийдвэрт өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч шүүхэд гомдол гаргаж болно.
11.4. Бүртгэлээс хассан шийдвэрт энэ хуулийн 11.3-т заасны дагуу гомдол гаргах нь уг шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
11.5. Энэ хуулийн 11.1-д заасны дагуу бүртгэлээс хассан шийдвэр гарснаас хойш өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч нь шинээр гэрээ байгуулах, эсхүл гэрээгээ бусад өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид шилжүүлэхийг хориглоно.
11.6. Бүртгэлээс хассан шийдвэрийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч сайн дураар үйл ажиллагаагаа зогсоож, энэ тухай бүх гэрээ байгуулсан зээлдүүлэгчид мэдэгдэн гэрээний дагуу цуглуулсан мэдээлэл, баримт бичгийг шилжүүлж, байгуулсан гэрээ бүрийг дуусгавар болгоно.
11.7. Энэ хуулийн 11.6-д заасны дагуу өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч гэрээг дуусгавар болгосноос үүссэн хохирлыг зээлдэгчид нөхөн төлөх үүрэгтэй.
11.8. Энэ хуулийн 11.6-д заасны дагуу сайн дураар үйл ажиллагаагаа зогсоогоогүй бол тухайн өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийг хуульд заасны дагуу албадан татан буулгана.
12 дугаар зүйл. Өр барагдуулах үйл ажиллагааны нууц
12.1. Өр барагдуулах үйл ажиллагааны нууцад өр төлбөртэй этгээд, зээлдүүлэгч, зээлийн гэрээний дагуу үүрэг бүхий гуравдагч этгээд, өр төлбөрийн мэдээлэл, өр барагдуулах гэрээний нөхцөл, өр барагдуулах үйл ажиллагааны явцад цуглуулсан бусад мэдээлэл хамаарна.
12.2. Өр төлбөртэй этгээд, гуравдагч этгээдийн бичгээр ирүүлсэн зөвшөөрлийн үндсэн дээр тэдгээртэй холбоотой өр барагдуулах үйл ажиллагааны нууцыг ил болгож болно.
12.3. Энэ хуулийн 12.1-д заасан мэдээллийг зээлийн зэрэглэл тогтоох эрх бүхий этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хүргүүлснийг өр барагдуулах үйл ажиллагааны нууцыг задруулсан гэж үзэхгүй.
13 дугаар зүйл. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн эрх бүхий албан тушаалтан болон ажилтанд тавих шаардлага
13.1. Гүйцэтгэх удирдлагын баг, эсхүл гүйцэтгэх захирал, хяналтын зөвлөлийн дарга, эсхүл хяналтын зөвлөлийн гишүүн, ерөнхий нягтлан бодогч нь өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн эрх бүхий албан тушаалтан байна.
13.2. Дараах этгээд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн эрх бүхий албан тушаалтан байж болохгүй:
13.2.1. нэгээс дээш жилийн санхүү, даатгал, хууль, эсхүл нягтлан бодох бүртгэлийн чиглэлээрх ажлын туршлагагүй;
13.2.2. өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэлээс хассанаас хойш нэгээс илүүгүй жилийн өмнө тухайн компанийн удирдах албан тушаалтан, эсхүл арав буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байгаагүй;
13.2.3. энэ хуулийн 13.3.1-13.3.5-д заасан этгээд.
13.3. Дараах этгээд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн ажилтан байж болохгүй:
13.3.1.гадаад улсын иргэний харьяалалтай, эсхүл харьяалалгүй хүн; 13.3.2.Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Арван наймдугаар бүлэгт заасан Эдийн засгийн гэмт хэрэг, 29.10 дугаар зүйлд заасан Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт хариуцлага хүлээж байсан; 13.3.3.согтууруулах болон мансууруулах бодисоос хамааралтай; 13.3.4.төрийн алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсанаас хойш гурван жил өнгөрөөгүй; 13.3.5.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчээс халагдсан.
13.4. Энэ хуулийн 13.3-т заасан шаардлагыг хангахгүй өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн ажилтан нь өр төлбөртэй этгээд, зээлдүүлэгч, гуравдагч этгээдтэй аливаа хэлбэрээр харилцахыг хориглоно.
14 дүгээр зүйл. Баримт бичиг хадгалах
14.1. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн хадгалбал зохих баримт бичгийн жагсаалт, хадгалах нөхцөлийг бүртгэх байгууллага тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨР ТӨЛБӨРТЭЙ ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ
15 дугаар зүйл. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг
15.1. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч дараах үүрэгтэй:
15.1.1. зээлдүүлэгчид өр төлбөртэй этгээдтэй харилцаа хамааралтай эсэх, харилцаа хамааралтай бол түүний үндэслэл, гэрээний үүргээ биелүүлэхэд нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй бусад нөхцөл байдал болон хувийн ашиг сонирхол болон зээлдүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй бусад нөхцөл, өр төлбөртэй этгээд үүргээ биелүүлэхгүй байхад шууд болон шууд бусаар нөлөөлөх ашиг сонирхлын талаар мэдээлэх;
15.1.2. бүртгэх байгууллага болон Монголбанкны шаардсанаар үйл ажилаагаатай холбогдох мэдээллийг гаргаж өгөх;
15.1.3. үйл ажиллагааны нууц хадгалах;
15.1.4. сард нэгээс илүүгүй удаа үнэ төлбөргүйгээр өр төлбөртэй этгээдийн хүсэлтээр өр төлбөрийн талаарх задаргаа бүхий мэдээллийг зээлдэгчээр баталгаажуулж, өр төлбөртэй этгээд хүсэлт гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор хүргүүлэх;
15.1.5. байршил, эсхүл нэрээ сольсон тохиолдолд бүртгэх байгууллагад гурван өдрийн дотор мэдэгдэх;
15.1.6. зээлдүүлэгч, өр төлбөртэй этгээд, гуравдагч этгээдээс хүлээн авсан мэдээлэл, баримт бичгийн аюулгүй байдлыг хангах, тэдгээрийн зээлийн гэрээн дэх хувийн мэдээллийг хамгаалах;
15.1.7. зээлдэгчийн зээлийн мэдээллийг агуулсан цахим сантай байх;
15.1.8. гэрээнд заагаагүй төлбөрийг өр төлбөртэй этгээдээс шаардахгүй байх;
15.1.9. хуульд заасан хязгаарлалт, шаардлагыг дагаж мөрдөх;
15.1.10. өр төлбөртэй этгээдтэй харилцахдаа дуу, дүрсний бичлэг хийх, өр барагдуулах үйл ажиллагааг баталгаажуулан үлдээх програм хангамжтай байх;
15.1.11. зээлийн зэрэглэл тогтоох эрх бүхий байгууллагатай мэдээлэл нийлүүлэх талаарх гэрээ байгуулах;
15.1.12. эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөн, эсхүл бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн бол өөрчлөлт орсноос хойш ажлын 5 өдрийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэх;
15.1.13. өр төлбөртэй этгээдтэй харилцах бүрд дуу, дүрсний бичлэг хийн баталгаажуулж, өр төлбөрийг бүрэн төлж дуусан хүртэлх хугацаанд хадгалах;
15.1.14. өр төлбөртэй этгээдтэй харилцах бүрд дуу, дүрсний бичлэг хийн баталгаажуулж, өр төлбөрийг бүрэн төлж дуусан хүртэлх хугацаанд хадгалах;
15.1.15. компанийн хувьцааны арав болон түүнээс дээш хувийг дангаараа болон хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд бүртгэх байгууллагад тухай бүр хүргүүлэх;
15.1.16. өр барагдуулах үйл ажиллагаа, эрх үүргийг таниулах агуулга бүхий сургалтыг зохион байгуулж, ажилтанг хамруулах.
16 дугаар зүйл. Өр төлбөртэй этгээд, түүний төлөөлөгчийн эрх, үүрэг
16.1. Өр төлбөртэй этгээд, эсхүл түүний төлөөлөгч дараах эрхтэй:
16.1.1. өр төлбөрийн талаарх мэдээллийг өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчээс гаргуулж авах;
16.1.2. бүртгэх байгууллагад өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн талаар гомдол гаргах;
16.1.3. өрийн тохиролцоо хийж, зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлүүлэхээр хүсэлт гаргах;
16.1.4. хуульд заасан бусад.
16.2. Өр төлбөртэй этгээд, эсхүл түүний төлөөлөгч дараах үүрэгтэй:
16.2.1. хаяг, овог, нэр, холбоо барих мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэх;
16.2.2. өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн шаардсанаар орлого, зарлагын түвшин, хаяг, өмч, хөрөнгө, хүлээгдэж байгаа орлогын талаарх үнэн зөв мэдээллийг гаргаж өгөх;
16.2.3. энэ хуульд заасны дагуу өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчтэй өрийн тохиролцоо хийхэд хамтран ажиллах;
16.2.4. зээлдүүлэгчийн зүгээс санал болгосон зээлийн эргэн төлөлтийн нөхцөлийг авч үзэх, өөрт тохирохуйц нөхцөлийн талаар ажлын 15 өдрийн дотор зээлдүүлэгч, болон өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэх;
16.2.5. харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ӨР БАРАГДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
17 дугаар зүйл. Бүртгэх байгууллагын бүрэн эрх
17.1. Бүртгэх байгууллага дараах бүрэн эрхтэй байна:
17.1.1.өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх; 17.1.2.өр барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих; 17.1.3.өр төлбөртэй этгээдийн өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчийн эсрэг гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх; 17.1.4.хуульд заасан бусад.
17.2. Бүртгэх байгууллага энэ хуульд заасан үндэслэлээр сануулах, тухайн зөрчлийг засах хугацаатай арга хэмжээ авахыг үүрэг болгох, эсхүл ажилтанг халах чиглэл өгөх арга хэмжээг авч, энэ тухай өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгчид бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэнэ.
17.3. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 17.2-т заасан арга хэмжээг хугацаанд нь авч, тайлагнах үүрэгтэй.
17.4. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 17.2-т заасан арга хэмжээг хугацаанд нь аваагүй бол бүртгэх байгууллага дараах арга хэмжээг авна:
17.4.1.бүртгэлээс хасах; 17.4.2.Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах.
17.5. Өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэгч бүртгэх байгууллагын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
18 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
19.1.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

П. САЙНЗОРИГ

П. САЙНЗОРИГ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх