101.1. Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болно.
101.2. Энэ хуулийн 101.1-д заасан хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.
101.3. Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа дараах шаардлагыг хангасан байна:
101.3.1. морь уралдуулах замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж, уралдуулах;
101.3.2. уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах;
101.3.3. уралдаанч хүнийг энэ хуулийн 13.2-т зааснаас өөр дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй хувцас, осол, гэмтлээс хамгаалах хэрэгсэл өмсгөж уралдуулах бөгөөд эдгээр хувцас, хэрэгсэл нь сэрүүний улиралд тохирсон байх;
101.3.4. уралдаанч хүнийг энэ хуулийн 10.2-т заасан даатгалд заавал даатгуулж, түүнтэй болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулсан байх;
101.3.5. хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангасан байх;
101.3.6. аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах бэлтгэл ажлыг хангасан байх.
101.4. Хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулна. Уралдаж байгаа морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17 километр, их насны морьд 18-19 километр замыг туулж уралдана.
101.5. Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл, аюулгүй байдлыг хангах, хэрэгжилтийг хянах журмыг Засгийн газар батална.
101.6. Энэ хуулийн 101.3.3-т заасан хувцас хэрэгсэлийн стандартыг хүүхдийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үндэсний морин уралдаан, уяачдын хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагын саналыг үндэслэн боловсруулж, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.