Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 1-р сарын 15 өдөр
Улаанбаатар хот
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь кино урлагийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн үндсийг бүрдүүлж, төрөөс дэмжлэг үзүүлэх, оролцогчдын эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Кино урлагийг дэмжих хууль тогтоомж
2.1. Кино урлагийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
3.1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх, кино түгээх үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын кино наадамд оролцож байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хамаарна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “кино” гэж техник хэрэгсэл, технологи ашиглан олон нийтэд түгээх зорилгоор бүтээсэн дуу авиа, бүх төрлийн хөдөлгөөнт дүрс бүхий урлагийн бүтээлийг;
4.1.2. “монгол кино” гэж кино продюсер нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эсхүл кино зохиолч нь /хамтарсан кино зохиол бичсэн бол зохиолчдын багийн 50-иас дээш хувь нь/ Монгол Улсын иргэн эсхүл кино үйлдвэрлэлийн багийн гишүүдийн 50-иас дээш хувь нь Монгол Улсын иргэн эсхүл гадаад хэл дээр бүтээх нь уран бүтээлийн сэдэлтийн зайлшгүй хэсэг болохоос бусад тохиолдолд монгол хэл дээр бүтээгдсэн киног;
4.1.3. ”хамтарсан кино” гэж хоёр улсын продюсер хамтран бүтээж байгаа тохиолдолд Монгол Улсын продюсер нийт санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг эсхүл хоёроос дээш улсын продюсер хамтран бүтээж байгаа тохиолдолд Монгол Улсын продюсер нийт санхүүжилтийн 10-иас доошгүй хувийг санхүүжүүлэн бүтээсэн киног;
4.1.4. “гадаад кино” гэж энэ хуулийн 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад киног;
4.1.5. “кино үйлдвэрлэл” гэж кино төсөл боловсруулах, зураг авалт, эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх зэрэг кино түгээх хүртэлх бүтээлч үйл ажиллагааг;
4.1.6. “кино түгээх” гэж киног утсан болон утсан бус сүлжээ, кино театр, өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевиз, интернет сүлжээнд суурилсан олон сувгийн дамжуулагчаар компакт болон видео диск, бусад техник хэрэгсэл, технологи ашиглан олон нийтэд үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.7. “кино продюсер” гэж кино үйлдвэрлэлийн үйл явц болон нийтэд түгээх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
4.1.8. “кино зуучлагч” /дистрбьютер/ гэж зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр киноны эх хувилбар болон хуулбарыг олон нийтэд үзүүлэх, зуучлан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
4.1.9. “кино үйлдвэрлэлийн дэд бүтэц” гэж кино үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлсэн барилга байгууламж, мэдээллийн сүлжээ, техник, программ хангамж, мэдээллийн санг.
5 дугаар зүйл. Кино урлагийг дэмжих чиглэл, зарчим
5.1. Төрөөс кино урлагийг хөгжүүлэх чиглэл:
5.1.1. уран бүтээлчийн хөгжлийг дэмжих;
5.1.2. кино үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
5.1.3. кино урлагийн салбарт оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх;
5.2. Кино урлагийг хөгжүүлэх зарчим:
5.2.1. төрөөс үзүүлэх дэмжлэг нь ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, шударга байх;
5.2.2. кино үйлдвэрлэл эрхлэх таатай орчин бүрдүүлэх;
5.2.3. хуулиар хориглосноос бусад уран бүтээлчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хөгжүүлэх, зохиогчийн эрхийг хамгаалах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
КИНО УРЛАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ЧИГ ҮҮРЭГ
6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
6.1. Засгийн газар кино урлагийг дэмжих талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. кино урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр батлах;
6.1.2. кино үйлдвэрлэлийн дэд бүтэц байгуулах.
7 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
7.1. Кино урлагийг дэмжих талаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1. кино урлагийг хөгжүүлэхэд гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах,;
7.1.2. кино үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандарт, норм, нормативыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах;
7.1.3. кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах журам батлах.
8 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
8.1. Кино урлагийг дэмжих талаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1. кино урлагийг дэмжих хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
8.1.2. кино үйлдвэрлэлийн салбарт зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх;
8.1.3. кино наадам, үзэсгэлэнд монгол киног оролцуулах, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
8.1.4. кино урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
КИНО УРЛАГИЙН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ
9 дүгээр зүйл. Мэдээллийн сан бүрдүүлэх
9.1. Монгол болон хамтарсан кино, монголын түүх, соёлд холбогдох гадаад киног бүртгэх, судалгаа, шинжилгээ хийх зорилгоор кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлнэ.
9.2. Мэдээллийн санг эрхлэн хөтлөх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
9.3. Төсвийн хөрөнгөөр бүтээсэн киног Архивын тухай хуульд заасны дагуу хадгалж, хамгаална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
КИНО УРЛАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
10 дугаар зүйл. Кино төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төсөл шалгаруулах шалгуур үзүүлэлт
10.1. Монгол болон хамтарсан кино төслийг жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
10.2. Энэ хуулийн 10.1-д заасан киноны төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд дараахь шалгуур үзүүлэлтийг баримтална:
10.2.1. монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах эсхүл хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх эсхүл найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан байх;
10.2.2. монгол хэлээр туурвих;
10.2.3. тухайн кино төсөлд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт аваагүй байх;
10.2.4. кино продюсер, найруулагчийн ур чадвар, туршлага, уран бүтээлийн амжилт нь Монгол Улсын болон олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байх.
10.3. Кино төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцохтой холбоотой журмыг Засгийн газар батална.
10.4. Төрөөс авсан санхүүгийн дэмжлэгийг зориулалтын бусаар зарцуулсан этгээдийн кино төслийг шалгаруулалтад оролцуулахгүй.
11 дүгээр зүйл. Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг
11.1. Кино үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх асуудлыг татварын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
11.2. Төрийн өмчийн кино зураг авах зориулалттай барилга байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмжийг монгол болон хамтарсан кино бүтээхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулна. Хөнгөлөлттэй ашиглуулах журмыг соёлын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
11.3. Олон улсын кино наадамд амжилт гаргасан уран бүтээлчид Соёлын тухай хуульд заасан мөнгөн шагналыг олгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
КИНО ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
12 дугаар зүйл. Кино зураг авалт хийх зөвшөөрөл
12.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд зураг авалт хийхэд зөвшөөрөл олгоно.
12.2. Энэ хуулийн 12.1-т заасан этгээд нь зураг авалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад дараахь баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргана:
12.2.1. продюсерийн танилцуулга, Монгол Улсын талаас хамтран ажиллах уран бүтээлч, техникийн ажилтнуудын мэдээлэл;
12.2.2. ажлын хуваарь, төлөвлөгөө;
12.2.3. байршил, орчин тойронд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх мэдээлэл;
12.2.4. хуульд заасан бусад.
12.3. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хянан үзэж, 10 хоногийн дотор зөвшөөрөл олгоно.
12.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ хуулийн 12.3-т заасан зөвшөөрөлгүй кино зураг авалт хийхийг хориглоно.
12.5. Зөвшөөрөлд заасан байршил, хугацаа, агуулгыг өөрчилсөн тохиолдолд зөвшөөрлийг цуцална.
12.6. Зөвшөөрөл авсан этгээд түүх, соёлын дурсгалт газар, тусгай хамгаалалттай газар нутагт зураг авалт хийхэд Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмыг баримтална.
12.7. Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.8. Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийх зөвшөөрөл хүсэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22.1.14-т заасны дагуу төлнө.
13 дугаар зүйл. Киноны түгээх ангилал
13.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино түгээхэд дараах насны ангилал тогтооно:
13.1.1. бүх насныханд зөвшөөрөх;
13.1.2. 13-аас дээш насныханд зөвшөөрөх;
13.1.3. 18-аас дээш насныханд зөвшөөрөх.
13.2. Энэ хуулийн 13.1.3-т заасан киног өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр өдрийн цагаар буюу 06.00-22.00 цагт нэвтрүүлэхийг болон кино театр, үзвэрийн цэгээр насанд хүрээгүй хүнд үзүүлэхийг хориглоно.
13.3. Энэ хуулийн 13.1-д заасан ангилал тогтоох шалгуур, кино түгээхэд баримтлах журмыг олон улсын стандартын дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
14 дүгээр зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих
14.1. Кино урлагийг дэмжих хууль тогтоомжийн хэрэгжилтэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.
15 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
15.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн файлууд

Төсөл боловсруулагчид

 . Соёлын яам

. Соёлын яам

Хуулийн төсөл санаачлагч

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх