12.1. Бичил үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих сан /цаашид "Сан" гэх/ байна.
12.2. Сангийн хуульд заасан чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
12.3. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.
12.4. Санд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилна.
12.5. Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.7-д заасны дагуу Засгийн газар батална.
12.6. Сангаас олгох хөнгөлттэй зээлийн барьцаатай холбогдсон харилцааг “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль”-д нийцүүлэн энэхүү хуулийн 10.5 дахь хэсэгт жаасан журмаар зохицуулна.
12.7. Сангаас бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг удаа олгох зээлийн хэмжээг доор дурдсанаар тодорхойлно:
12.7.1. Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэдийн бүлгийн бизнесийн үйл ажиллагааны эхлэлтийн хөрөнгө оруулалтын зорилгоор 5 хүртэл сая төгрөгийн барьцаагүй, хүүгүй зээл олгох;
12.7.2. бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэг болох 10.0 сая хүртэл төгрөгийн барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй, эхний 6 сарын хугацаанд хүүгээс чөлөөлөх зээлийг олгох;
12.7.3. Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн жилийн борлуултын орлогоос нь үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 10-50 сая хүртэл төгрөгийн зээлийг олгох;
12.8. Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид энэ хуулийн 10.7.1, 10.7.2-т заасан зээлийг Сангаас шууд, 10.7-т заасан зээлийг банкаар дамжуулж олгоно. Банкийг сонгон шалгаруулалтаар сонгоно. Банканд Сангийн эх үүсвэрийг байршуулах, зээл олгох журмыг Засгийн газар батална.
12.9. Энэ хуулийн 12.8-д заасны дагуу банкаар дамжуулан олгогдох зээлээс аливаа шимтгэл, хураамж, төлбөр авахыг хориглоно.
12.10. Энэ хуулийн 12.7-д заасан зээлийн хугацаа 5 хүртэл жил байх бөгөөд зээл олгох салбар, чиглэл, зээлийн хүү, эх үүсвэрийн багцын хуваарилалт зэргийг болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөл, шаардлагыг хууль тогтоомж болон Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан, жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.11. Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Сангаас олгож болно.
12.12. Энэ хуулийн 12.11-д заасны дагуу Сангаас зээлийн хүүгийн татаас олгох журмыг жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
12.13. Дараах бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгохгүй:
12.13.1. Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;
12.13.2. зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй;
12.13.3. Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;
12.13.4. шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй;
12.13.5. төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.
12.14. Зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн талаар санал, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулалт явуулах, шийдвэр гаргахад аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
12.15. Албан үүргээ гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзвэл тухайн албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.
12.16. Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулахад бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн “144.2, 144.3” -т заасныг хэрэгжүүлсэн эсэхийг харгалзан үзэж тэргүүн ээлжинд дэмжинэ.
12.17. Сан төсөл сонгон шалгаруулсан шийдвэрийг тухайн шийдвэр гарснаас хойш Сангийн албан ёсны цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлээр ажлын 5 өдрийн дотор нийтэд мэдээлнэ.
12.18. Сан нь зээлийн болон дамжуулан зээлдүүлэх гэрээний биелэлтэд хяналт тавина.