12.1. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгоно.
12.2. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг баримтыг ирүүлнэ:
12.2.1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
12.2.2. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
12.2.3. хуулийн этгээдийн танилцуулга;
12.2.4. хонжворт сугалааны нөхцөл буюу үйл ажиллагаа эрхлэх төсөл;
12.2.5. хуулийн этгээдийг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, иргэний бүртгэлийн дугаар, намтар, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар тодорхойлолт;
12.2.6. харилцагч банкны тодорхойлолт;
12.2.7. тусгай зөвшөөрөл хүсэгчийн энэ хуулийн 12.3-т заасан шаардлагыг хангаж ажиллах баталгаа;
12.2.8. хүний нөөц, энэ хуулийн 13.4-т заасан шаардлагыг хангасан ажлын байрны талаарх мэдээлэл;
12.2.9. хонжворт сугалаанаас олсон орлогыг хуваарилах норматив;
12.2.10. хонжворт сугалааны тасалбар, эсхүл сугалааны нөхцөлөөр тохирсон бусад баримт бичгийн загвар, түүнд тавигдах шаардлага, түүн дээр буулгасан бичиг, тэмдгийн нууцлал, хонжворт сугалааны тасалбарыг дууриалган хуулбарлахаас сэргийлэх арга;
12.2.11. хонжворыг олгох, төлөх үед сугалааны тасалбарыг шалгах, магадлах дүрэм;
12.2.12. сугалааны тасалбар борлуулах зах зээлийн судалгаа, сугалааны орлогын урьдчилсан тооцоо, сугалаа зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн талаарх мэдээлэл;
12.2.13. хонжворт сугалаа зохион байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, сугалааны тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл;
12.2.14. тараагдсан болон тараагдаагүй сугалааны тасалбарыг бүртгэх журам;
12.2.15. тараагдаагүй сугалааны тасалбарыг хураан авах, хадгалах, устгах журам;
12.2.16. азтан тодруулах, азтанд хонжворыг хүлээлгэн өгөх журам;
12.2.17. хонжворт сугалааг зайнаас зохион байгуулах бол энэ хуулийн 12.2.4-т заасан төсөлд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.5-д заасан этгээдтэй хийсэн гэрээг хавсаргах;
12.2.18. татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт;
12.2.19. үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулах төлөвлөгөө.
12.3. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид “хонжворт сугалаа зохион байгуулагч” гэх/ тусгай зөвшөөрлийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг олгосон хугацаагаар сунгана.
12.4. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
12.5. Хонжворт сугалаа зохион байгуулагч тусгай зөвшөөрлийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ ноцтой зөрчсөн, эсхүл хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.