Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 12-р сарын 18 өдөр
Ulaanbaatar city
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
0
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХУУЛИЙН ЗОРИЛТ
1.1. Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, аж ахуйн үйл ажиллагаанд төрөөс баримтлах зарчмыг тогтоох, төрийн оролцоог багасгаж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 ДУГААР ЗҮЙЛ
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1. Эдийн засгийн эрх чөлөөний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3. Монгол Улсын хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн актын хэм хэмжээ нь энэ хуулиар баталгаажуулсан эдийн засгийн эрх чөлөөг хангах хэм хэмжээг дордуулахыг хориглоно.

3 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
3.1. Иргэн, аж ахуйн нэгж Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд баталгаатай эдлэх эдийн засгийн эрхийг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
3.2. Төрийн байгууллага, албан тушаалтнаас аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны акт, хэм хэмжээ батлах, хэрэгжүүлэхэд энэ хуулийг дагаж мөрдөнө.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “эдийн засгийн эрх чөлөө” гэж иргэн, аж ахуйн нэгжийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зөвхөн Үндсэн хууль, бусад хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдах эрх чөлөөг;
4.1.2. “аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч” гэж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгжийг;
4.1.3. “аж ахуйн нэгж” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.1-д заасныг;

5 ДУГААР ЗҮЙЛ
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ЗАРЧИМ
5.1. Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахад дараах зарчмыг баримтална:
5.1.1. хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх;
5.1.2. өмчийн халдашгүй байдлын зарчим;
5.1.3. аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн тэгш эрхийн зарчим;
5.1.4. шударга өрсөлдөөний зарчим;
5.1.5. оролцоог хангах зарчим: аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай, тогтвортой орчныг бий болгох зорилгоор төрийн бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхдээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн саналыг сонсох, оролцоог хангана;
5.1.6. хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээлэл ил тод, хүртээмжтэй байх зарчим.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

6 ДУГААР ЗҮЙЛ
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ТӨРИЙН БОДЛОГО
6.1. Эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөний баталгааг хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс оролцохгүй, хохирол, саад учруулахгүй байхад чиглэнэ.
6.2. Төрийн бодлого, хууль тогтоомж, захиргааны шийдвэр нь тодорхой, хоёрдмол утгагүй, нийтэд ойлгомжтой байна.
6.3. Аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, захиргааны шийдвэр гаргах тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч, мэргэжлийн холбоодод урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, шаардлагатай тохиолдолд олон нийтийн хэлэлцүүлгийг нэгээс доошгүй удаа зохион байгуулна.
6.4. Төрийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем, албаны цахим шуудан, нийтийн мэдээллийн системийг ашиглан, эсхүл нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр шуурхай үзүүлнэ.
6.5. Төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгах, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбарчлах, гомдол шийдвэрлэлтийн талаар олон нийтэд нээлттэй үйл ажиллагааг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна.
6.6. Төрийн хяналт, шалгалтыг биечлэн хийх шаардлагатайгаас бусад тохиолдолд цахим хэлбэрээр хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
6.7. Төрийн албан хаагч ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд хяналт, шалгалт хийхгүй байх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн татгалзах эрхийг хүндэтгэнэ.
6.8. Төрийн байгууллага хуулиар хязгаарлаж, хориглосноос бусад мэдээллийг зохих журмын дагуу нээлттэй өгөгдөл болгон олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байршуулж, тогтмол шинэчилнэ.
6.9. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хүсэлт, гомдол, өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөх, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим хэлбэрээр харах боломжийг бүрдүүлнэ.
6.10. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын гэрээнд орон нутагт эдийн засгийн эрх чөлөөг хангах талаар тусгаж, үр дүнг үнэлж дүгнэнэ.

7 ДУГААР ЗҮЙЛ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
7.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжих, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаас бусад тохиолдолд төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хориглосон хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахыг хориглоно.
7.2. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хуульд заагаагүй хяналт, шалгалт хийх, хяналт шалгалтыг удаашруулахыг хориглоно.
7.3. Зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт батлахыг хориглоно.
7.4. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд албадан оролцуулахыг хориглоно.
7.5. Хувийн өмчийг хууль бусаар шууд болон шууд бус хэлбэрээр хураан авахыг хориглоно. Зөвхөн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн, үл ялгаварлаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу, нөхөх олговортойгоор хураан авч болно.
7.6. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг доромжлох, гүтгэх, бие махбодод халдах, эд хөрөнгийг сүйтгэх, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараахыг хориглоно.

8 ДУГААР ЗҮЙЛ
ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ
8.1. Төр болон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хооронд байнгын ажиллагаатай зөвлөлдөх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Эдийн засгийн бодлогын зөвлөл ажиллана.
8.2. Эдийн засгийн бодлогын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахална.
8.3. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батлах ба Зөвлөлийн бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувьд хараат бус хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.
8.4. Зөвлөлийн ажиллах журам, хараат бус гишүүнд тавигдах шаардлага, нээлттэй сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.
8.5. Эдийн засгийн бодлогын зөвлөл дараах эрх, үүрэгтэй байна:
8.5.1. хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг боловсруулахад ашиг сонирхол нь хөндөгдөх аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж болон мэргэжлийн холбоодын саналыг хүлээн авах, холбогдох төрийн байгууллагад саналыг хүргүүлэх, саналыг шийдвэрт тусгасан эсэх талаар эргэн мэдээлэх зэрэг шийдвэр гаргалтад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн оролцоог хангах;
8.5.2. аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай болон хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг арилгах чиглэлээр судалгаа хийх, төрийн байгууллагын уялдаа холбоо, зохицуулалтыг сайжруулах талаар зөвлөмж гаргах;
8.5.3. аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор төрийн хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын мэдээллийг нэгтгэн боловсруулж Засгийн газарт танилцуулах;
8.5.4. энэ хуулийн 8.5.2-т заасан зөвлөмжийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллага эргэн мэдэгдээгүй тохиолдолд Улсын Их Хуралд тайлагнана.
8.6. Энэ хуулийн 8.5.2-т заасан зөвлөмжийн хэрэгжилтийг тухайн байгууллага Зөвлөлд эргэн мэдэгдэх үүрэгтэй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
9.1. Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
7. Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
8. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх