1/13 дугаар зүйлийн 13.2.13, 13.2.14 дэх заалт:
“13.2.13.Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхтэй холбоотой гарсан зардал нь тухайн татварын жилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нийт ажилтанд олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна. Албан татвар төлөгчийн эрх бүхий албан тушаалтантай Татварын ерөнхий хуулийн 27.1.1-д заасан харилцан хамаарал бүхий ажилтан хамаарахгүй;
13.2.14.албан татвар төлөгчийн эрхэлж байгаа аж ахуйн үйл ажиллагаатай шууд холбоогүй, ажилтны хангамжид зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээний зардал нь тухайн татварын жилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нийт ажилтанд олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байна. Албан татвар төлөгчийн эрх бүхий албан тушаалтантай Татварын ерөнхий хуулийн 27.1.1-д заасан харилцан хамаарал бүхий ажилтан хамаарахгүй.”
2/13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэг:
“13.6.Албан татвар төлөгчийн Монгол Улсад байрладаггүй болон Монгол Улсад байнга оршин суугч бус албан татвар төлөгчөөс гадаад улсын нутаг дэвсгэрт худалдан авсан үйлчилгээний зардлыг бэлэн бусаар төлсөн баримт, холбогдох гэрээг үндэслэн энэ хуулийн 13.1.4-т заасан төлбөрийн баримт шаардахгүйгээр албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.”
3/15 дугаар зүйлийн 15.1.20 дахь заалт:
“15.1.20.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу тусгай санд төвлөрүүлсэн хөрөнгө.”
4/21 дүгээр зүйлийн 21.1.17 дахь заалт:
“21.1.17.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан аюулт үзэгдлийн улмаас үүссэн хохирлын даатгалын нөхөн төлбөр.”
5/30 дугаар зүйлийн 30.15, 30.16, 30.17 дахь хэсэг:
“30.15.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмж хувьцаа гаргаж хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлснийг энэ зүйлд заасны дагуу эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй.
30.16.Энэ зүйлийн 30.2-т заасан этгээдүүд дараах баримт бичигт холбогдох мэдээллийг татварын албанд мэдүүлнэ:
30.16.1.хувьцаа, хувь оролцоо борлуулсан, шилжүүлсэн гэрээ, тухайн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүнтэй холбоотой байгуулсан ирээдүйд бүтээгдэхүүн хуваах, ашиг хуваах, өр авлага шилжүүлэх гэрээ болон бусад гэрээ, хэлцэл;
30.16.2.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл, техник, эдийн засгийн урьдчилсан тооцоолол, ордын геологийн болон ашиглалтын нөөц, нөөцийн хөдөлгөөний мэдээлэл, хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө, бусад мэдээлэл;
30.16.3.тусгай зөвшөөрлийг борлуулах, шилжүүлэхтэй холбоотой эрхийн үнэлгээг тогтоосон үндэслэл, холбогдох нотлох баримт, мэдээлэл.
30.17.Энэ зүйлийн 30.16-д заасан баримт бичгийг бүрэн ирүүлсний дараа татвар төлөгчийн тодорхойлсон албан татвар ногдуулах орлогыг татварын алба ажлын 30 хоногийн дотор хянан баталгаажуулна.”