16.1.Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад үүрэг, чиглэл болгосон буюу хуулиар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт батлахаар заасан Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг дараа оны 03 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан тайланд Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг дүгнэх үнэн зөв, бодитой, иж бүрэн, үр дүнд суурилсан, нотлох баримт бүхий мэдээллийг тусгана.
16.3.Тамгын газар энэ хуулийн 16.1-д заасан тайланг энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл холбогдох байгууллагад буцаах буюу нэмэлт мэдээллийг гаргуулж болно.
16.4.Тамгын газар Байнгын хорооны эрхлэх асуудал бүрээр биелэлтийн тайланд дүн шинжилгээ хийж, Байнгын хороодод хүргүүлэх бөгөөд шийдвэрийн биелэлтийн нэгдсэн дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна.
16.5.Холбогдох Байнгын хороо энэ хуулийн 16.1-д заасан тайлан, 16.4-т заасан дүн шинжилгээг хэлэлцэж, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэх, Улсын Их Хурлын шийдвэр, холбогдох заалтыг хяналтаас хасах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.
16.6.Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 9.1-д заасны дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулж болно.
16.7.Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт, санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оруулна.
16.8.Нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 15-ны дотор хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл дараах шийдвэр гаргана:
16.8.1.Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлээгүй холбогдох албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр даалгах;
16.8.2.Улсын Их Хурлын шийдвэр, түүний холбогдох зүйл, хэсэг, заалтыг хяналтын бүртгэлээс хасах талаар холбогдох Байнгын хороо, Тамгын газарт чиглэл өгөх.
16.9.Тамгын газар Улсын Их Хурлын шийдвэрийн хяналтын бүртгэл хөтлөх, үүрэг чиглэл болгосон шийдвэрийг хяналтад авах, хяналтаас хасах санал гаргах, биелэлтийн тайланг хүлээн авах, түүнд дүн шинжилгээ хийх ажлыг эрхлэх бөгөөд холбогдох журмыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
16.10.Улсын Их Хурлын шийдвэрийг бүртгэх, хяналт тавих Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаанд нэгдсэн цахим систем бүрдүүлж, ашиглаж болно.
16.11.Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Засгийн газрын гишүүн, бусад байгууллагын удирдлагаас өгсөн тодорхой хугацаатай, хэрэгжих боломжтой амлалт, үүрэг бүхий тайлбарыг “Амлалт” /цаашид “амлалт” гэх/ гэж үзэж, Тамгын газар бүртгэн хэрэгжилтэд хяналт тавина.
16.12.Энэ хуулийн 16.11-д заасан амлалт, тайлбарыг холбогдох албан тушаалтан ажлын 5 өдрийн дотор Тамгын газарт ирүүлнэ.
16.13.Амлалтын биелэлт хангалтгүй, эсхүл хугацаа хоцорсон тохиолдолд холбогдох Байнгын хороо тухайн албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай бол хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
16.14.Амлалтын бүртгэл, түүний хэрэгжилтэд хяналт тавих нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын дарга батална.”