4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “гарз хохирол” гэж уур амьсгалын өөрчлөлтийн зайлшгүй болон даван туулах боломжгүй нөлөөллөөс үүдэн бий болж буй эдийн засгийн болон эдийн засгийн бус хохирол, алдагдлыг;
4.1.2. "даван туулах” гэж уур амьсгалын өөрчлөлт, аюултай үзэгдэл тулгарахад нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтолцоо үндсэн чиг үүргээ хадгалан хариу үйлдэл үзүүлэх, дасан өөрчлөгдөх, сэргээн зохион байгуулагдах чадавхыг;
4.1.3. “давхар тооллого” гэж нэг ижил хүлэмжийн хийн ялгарлын бууралт, шингээлт эсхүл сааруулалтын үр дүнг давхардуулан бүртгүүлэх, тайлагнах, ашиглах ажиллагааг;
4.1.4. “дасан зохицох” гэж уур амьсгалын өөрчлөлтийн бодитой бий болсон эсхүл ирээдүйд тохиолдож болзошгүй сөрөг нөлөөлөлд өртөх байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тогтвортой үйл ажиллагааг;
4.1.5. “дүйцүүлэх” гэж хүн, хуулийн этгээд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүргийг биелүүлэх болон сайн дурын санаачилгыг хэрэгжүүлэх зорилгоор бусад этгээдийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд баталгаажсан, бүртгэгдсэн сааруулалтын үр дүнг зохих журмын дагуу өөрийн үүрэгт дүйцүүлэн тооцуулахыг;
4.1.6. “карбон зах зээл” гэж карбон кредит болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг бий болгох, бүртгэх, шилжүүлэх, худалдах, ашиглахтай холбоотой зах зээлийн тогтолцоог;
4.1.7. “карбон кредит” гэж худалдах, арилжих, шилжүүлэх, дүйцүүлэх боломжтойгоор баталгаажуулсан, үндэсний болон олон улсын бүртгэлийн системд дахин давтагдашгүй дугаараар бүртгэгдсэн карбон нэгжийг;
4.1.8. “карбон нэгж” гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, ялгарахаас урьдчилан сэргийлсэн, эсхүл шингээлтийг нэмэгдүүлсэн хэмжээг илэрхийлэх, нэг тонн нүүрстөрөгчийн давхар ислийн тэнцэлд дүйцэх тооцооллын нэгжийг;
4.1.9. “ногоон санхүүжилт” гэж байгаль орчны тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль орчинд эерэг үр нөлөө үзүүлэх, доройтлыг бууруулах, нөөцийн үр ашигтай хэрэглээг дэмжихэд чиглэсэн, тодорхой шалгуур үзүүлэлтэд нийцсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг;
4.1.10. “ногоон таксономи” гэж эрх бүхий байгууллагаас баталсан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах зорилгод нийцсэн бөгөөд эдийн засгийн үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар нь ангилж, ногоон болон уур амьсгалын санхүүжилтэд хамааруулах шалгуур, ангиллыг;
4.1.11. “олон талт карбон зах зээл” гэж Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олон талын оролцоотойгоор хэрэгжих олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг бий болгох, шилжүүлэх, худалдах, ашиглах үйл ажиллагааг зохицуулсан зах зээлийн тогтолцоог;
4.1.12. “олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн” гэж Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн дагуу оролцогч талуудын зөвшөөрлөөр үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх эсхүл олон улсын бусад сааруулалтын зорилгоор ашиглахад зориулан шилжүүлж, харгалзах тохируулгыг хийсэн сааруулалтын үр дүнг;
4.1.13. “Парисын хэлэлцээр” гэж Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хүрээнд батлагдсан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, хүлэмжийн хийн бага ялгаралтай хөгжлийг дэмжих зорилготой олон улсын гэрээг;
4.1.14. “сааруулалтын үр дүн” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, ялгарахаас урьдчилан сэргийлсэн, шингээсэн, баталгаажсан, хэмжигдэхүйц үр дүнг нүүрстөрөгчийн давхар ислийн тэнцлээр эсхүл хүлэмжийн хийн бус хэмжүүрээр илэрхийлснийг;
4.1.15. “сайн дурын карбон зах зээл” гэж хууль тогтоомжоор биелүүлэх шаардлагаас ангид, иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагаанд оролцох зорилгоор ашигладаг карбон зах зээлийн тогтолцоог;
4.1.16. “тэг ялгарал” гэж Парисын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн бага түвшинд шингээлтээр тэнцвэржүүлсэн төлөвийг;
4.1.17. “урьдчилсан баталгаажуулалт” гэж итгэмжлэгдсэн, хараат бус этгээдээс төсөл, хөтөлбөр хэрэгжихээс өмнөх суурь түвшин, аргачлал, хүлээгдэж буй сааруулалтын үр дүн болон бусад мэдээлэл нь холбогдох стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэх үйл ажиллагааг;
4.1.18. “уур амьсгалын өөрчлөлт” гэж байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагааны улмаас дэлхийн агаар мандлын бүтцэд урт хугацаанд гарч буй өөрчлөлтийн дүнд бий болсон уур амьсгалын өөрчлөлтийг;
4.1.19. “уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий бүлэг” гэж уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд өртөх магадлал болон эрсдэл харьцангуй өндөр, дасан зохицох эдийн засаг, нийгэм, институтийн чадавх хязгаарлагдмал бага орлоготой иргэд, алслагдсан бүс нутгийн оршин суугчид, малчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг бүлгийг;
4.1.20. “уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий салбар” гэж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөх, мэдрэг байдал өндөр, дасан зохицох чадавх хязгаарлагдмал байдлаас шалтгаалан үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашигт нь сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл өндөр салбарыг;
4.1.21. “уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах” гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ялгарахаас урьдчилан сэргийлэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах бодлого, арга хэмжээ, үйл ажиллагааг;
4.1.22. “уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл” гэж уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүний эрүүл мэнд, нийгмийн тогтолцоо, эдийн засгийн үйл ажиллагаа, экосистемд үзүүлэх сөрөг өөрчлөлтийг;
4.1.23. “уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл” гэж уур амьсгалын аюултай үзэгдэл болон эмзэг байдал, өртөмтгий байдлын харилцан нөлөөлөл, хамаарлаас үүсэх сөрөг үр дагаврын магадлал, хэмжээг;
4.1.24. “уур амьсгалын санхүүжилт” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох үйл ажиллагааг дэмжих зорилгоор олон улсын, үндэсний болон орон нутгийн түвшинд төр, хувийн хэвшил болон бусад эх үүсвэрээс бүрдүүлж, олгож, зарцуулж буй санхүүгийн эх үүсвэрийг;
4.1.25. “уур амьсгалын хөрөнгө оруулалт” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд оруулж буй хөрөнгө оруулалтыг;
4.1.26. “үндэсний карбон зах зээл” гэж үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хангах хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ялгарахаас урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанаас үүссэн карбон кредитийг дотоодын бүртгэл, арилжаа, дүйцүүлэлт, шилжилт, урамшууллын тогтолцоогоор дамжуулан ашиглах зах зээлийн тогтолцоог;
4.1.27. “уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформ” гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, хүлэмжийн хийн ялгарлыг тэг ялгаралд хүргэхэд чиглэсэн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийн нэгдсэн цахим мэдээллийн системийг;
4.1.28. “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр тодорхойлсон зорилт, арга хэмжээг;
4.1.29. “үр дүнгийн баталгаажуулалт” гэж итгэмжлэгдсэн, хараат бус этгээдээс төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад бодитоор бий болсон сааруулалтын үр дүнг хэмжилт, тайлагналын мэдээлэлд үндэслэн холбогдох стандарт, аргачлалын дагуу шалгаж баталгаажуулах үйл ажиллагааг;
4.1.30. “харгалзах тохируулга” гэж Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд давхар тооллогоос зайлсхийх зорилгоор олон улсад шилжүүлсэн сааруулалтын үр дүнг олон улсын аргачлалын дагуу хүлэмжийн хийн ялгарлын тэнцэлд тохируулга хийж нэмж тооцохыг;
4.1.31. “хоёр талт карбон зах зээл” гэж Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сааруулалтын үр дүнг шилжүүлэн тооцох замаар хэрэгжих карбон зах зээлийн тогтолцоог;
4.1.32. “хүлэмжийн хий” гэж агаар мандалд дулааныг шингээж хадгалах шинж чанартай, байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг нүүрсхүчлийн хий, метан, азотын давхар исэл, гидрофторт нүүрстөрөгчид, перфторт нүүрстөрөгчид, хүхрийн гексафторид, азотын трифторид болон бусад хийг;
4.1.33. “хүлэмжийн хийг шингээх” гэж ой, ургамлын бүрхэвч, хөрс, ус болон бусад экосистемийн, геологийн, биологийн, физикийн эсхүл технологийн аргаар хүлэмжийн хийг агаар мандлаас урт хугацаанд тогтвортой шингээх, хадгалах үйл ажиллагааг;
4.1.34. “хүлэмжийн хийн тооллого” гэж холбогдох хууль тогтоомж, журам, олон улсын аргачлалын дагуу улсын, салбарын, бүс нутгийн болон байгууллагын түвшинд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн агаар мандалд ялгаруулж эсвэл агаар мандлаас шингээн авч буй хүлэмжийн хийг тооцоолох үйл ажиллагааг;
4.1.35. “хүлэмжийн хийн ялгарал” гэж хүлэмжийн хий агаар мандалд ялгарч гарахыг;
4.1.36. “хүлэмжийн хийн ялгарлаас урьдчилан сэргийлэх” гэж бодлого, арга хэмжээ, технологи, газар ашиглалтын зохистой менежмент хэрэгжүүлэн хүлэмжийн хийн ялгарлыг бий болгохоос зайлсхийх эсхүл ялгарал нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг;
4.1.37. “хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах” гэж хүлэмжийн хийн ялгарлаас урьдчилан сэргийлэх, ялгарлын эх үүсвэр болон хэмжээг багасгах, агаар мандлаас зайлуулах, шингээн хадгалах замаар агаар мандал дахь хүлэмжийн хийн нийт хэмжээг бууруулах үйл ажиллагааг;
4.1.38. “хүлэмжийн хийн ялгарлын тэнцэл” гэж тайлант хугацаанд үүссэн хүлэмжийн хийн нийт ялгарал болон шингээлтийн зөрүүгээр тодорхойлогдох цэвэр дүнг;
4.1.39. “хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт” гэж хүлэмжийн хийн ялгарлын бууралт, шингээлтийн үр дүнг батлагдсан аргачлалын дагуу хэмжих, үр дүнг тайлагнах, тайлагнасан мэдээллийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн этгээдээр шалгуулан баталгаажуулах үйл ажиллагааны цогцыг;
4.1.40. "эрсдэлийн сан” гэж хоёр болон олон талт карбон зах зээлийн төсөл, хөтөлбөрөөс үүссэн баталгаажсан сааруулалтын үр дүн бүрэн буюу хэсэгчлэн алдагдсан тохиолдолд нөхөн бүрдүүлэх зорилгоор тодорхой хувийг шилжүүлэх, ашиглах боломжгүйгээр хадгалж төвлөрүүлсэн санг.