8.1. Асрах үйлчилгээ нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
8.1.1. хүний эрх, нэр төр, хувийн нууц, мэдээллийн нууцлалыг хамгаалсан байх;
8.1.2. эрүүл мэндийн дэмжлэг, халдвар хамгаалал, эмийн хяналтын шаардлагыг ханган ажиллах;
8.1.3. аюулгүй хүнс, зохистой хоол тэжээлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
8.1.4. сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, ялгаварлан гадуурхахгүй байх;
8.1.5. хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэргээн засах үйлчилгээ болон орчны тохируулгатай байх;
8.1.6. гамшиг, осол, аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хийсэн байх;
8.1.7. үйлчилгээний баримтжуулалт, үйл ажиллагааны бүртгэл, хөтлөлтийг тогтмол хийдэг байх;
8.1.8. хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөтөлбөр, дотоод хяналтын тогтолцоо, ажилтнуудтай ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулсан байх;
8.1.9. хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, тогтолцоотой байх;
8.1.10. асруулагчийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад шуурхай шилжүүлэх зохицуулалттай байх;
8.1.11. асруулагчийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх;
8.1.12. хувилбарт асрах үйлчилгээ нь асаргааны мэргэжилтэн, асрах үйлчилгээ үзүүлэгч байгууллага, асруулагч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн хоорондын зөвшилцөл, хамтын хариуцлагад тулгуурласан, нээлттэй, уян хатан байх.
8.2. Асрах үйлчилгээнд хамруулах хүнийг үнэлэх, үйлчилгээний төрлийг сонгох, өөрчлөх, шилжүүлэх журмыг нийгмийн халамж болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
9 дүгээр зүйл. Асрах үйлчилгээнд тавигдах тусгай шаардлага
9.1. Гэрийн үйлчилгээ нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:
9.1.1. үйлчилгээ үзүүлэгч болон асруулагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн хооронд гэрээ байгуулж, эрсдэлийн үнэлгээ, эрсдлээс сэргийлэх хариу арга хэмжээний баримт бичгийг үйлдсэн байх;
9.1.2. асруулагчийн хууль ёсны төлөөлөгч болон гэр бүлийн гишүүдийн оролцоо, үүргийг тодорхойлсон байх;
9.1.3. үйлчилгээ үзүүлэх хугацаанд асаргааны мэргэжилтний үйлчилгээ үзүүлэх оролцоог хангасан байх;
9.1.4. эрүүл мэндийн болон мэргэжлийн байгууллагатай тогтмол хамтын ажиллагаа, холбоо харилцаатай байх;
9.1.5. үйлчилгээний баримтжуулалт, эрсдэлийн тэмдэглэл зэргийг нэгдсэн мэдээллийн системд бүртгэсэн байх.
9.2. Байгууллагад байршуулан үзүүлэх үйлчилгээ нь дараахь тусгай шаардлагыг хангасан байна:
9.2.1. галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан, холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлттэй байх;
9.2.2. асруулагчийн хувийн орон зай, нууцлалыг хангах дотоод зохион байгуулалттай байх;
9.2.3. сэргээн засах, хоол тэжээл, эрсдэлийн үнэлгээг хариуцах мэргэжлийн баг, мэргэжилтэнтэй байх;
9.2.4. төлбөр, хандив, үйлчилгээний санхүүжилтийн ил тод байдлыг хангасан байх;
9.2.5. ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих хөтөлбөртэй байх;
9.2.6. хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог дэмжих хөтөлбөртэй байх.
9.3. Явуулын буюу хөдөлгөөнт үйлчилгээ нь дараахь тусгай шаардлагыг хангасан байна:
9.3.1. үйлчилгээний орчинд халдвар хамгаалал, галын болон цахилгааны аюулгүй байдлыг шуурхай үнэлэх аргачлалтай байх;
9.3.2. яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд асруулагчийг холбогдох байгууллагад нэн даруй шилжүүлэх зохицуулалттай байх;
9.3.3. алслагдсан, хүн амын нягтрал багатай бүсэд чиглэсэн хүртээмжийг хангах зорилгоор тухайн засаг захиргааны байгууллагатай хамтран ажиллах;
9.3.4. мэргэжлийн хүний нөөцийн тогтмол хангалт, давтан сургалтын төлөвлөгөөтэй байх;
9.3.5. түр байр, хөдөлгөөнт нэгжийн орчныг тогтмол үнэлж, аливаа ослоос сэргийлэх, халдвар хамгааллын шаардлагыг хангасан аюулгүй ажиллагаа, эрсдэлийн хяналттай байх.
9.4. Өдөр өнжүүлэх үзүүлэх үйлчилгээ нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:
9.4.1. өдрийн үйлчилгээг асруулагчийн санал, хүсэлтэд нийцүүлэн уян хатан зохион байгуулах;
9.4.2. асруулагчийг хонуулахгүйгээр үйлчилгээ үзүүлэх;
9.4.3. хоол хүнс, эрүүл мэндийн дэмжлэг, сэтгэл зүй, нийгмийн оролцооны хөтөлбөрийг өдрийн багц үйлчилгээ хэлбэрээр хэрэгжүүлдэг байх;
9.4.4. ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих хөтөлбөртэй байх;
9.4.5. хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог дэмжих хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлдэг байх.