Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 9-р сарын 11 өдөр
Ulaanbaatar city
БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАЛТЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ
0

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1. Энэ хуулийн зорилго байгалийн нөөцийг ашиглахад олон нийт хяналт тавих, иргэний мэдэх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхэд оршино.
2 дугаар зүйл. Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын хууль тогтоомж
2.1. Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хууль тогтоомж Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль амьтан, ус, ой, ургамлын нөөц, эрдэс баялгийг ашиглахтай холбоотой энэ хуульд заасан мэдээлэл, тайланг нээлттэй, ил тод болгохтой холбоотой харилцаанд үйлчилнэ.
3.2. Мэдээллийг ил тод болгохтой холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “байгалийн нөөц ашиглалтын мэдээлэл” гэж ус, ой, ургамал, амьтан, эрдэс баялгийг ашиглахтай холбоотой энэ хуульд заасан болон Засгийн газраас баталсан жагсаалтад хамаарах мэдээллийг;
4.1.2. “зөвшөөрөл эзэмшигч” гэж Байгалийн нөөц ашиглалтын үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл авсан Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3-т заасан этгээдийг
4.1.3. "мэдээлэл нийлүүлэгч" гэж энэ хуулийн 8.1-д заасан этгээдийг;
4.1.4. “мэдээллийн нэгдсэн портал” гэж энэ хуульд заасан тайлан, мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хадгалах, нийтлэх зориулалттай цахим системийг;
4.1.5. "олборлох үйлдвэрлэл" гэж ашигт малтмал, газрын тос хайх, ашиглахтай холбоотой Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай хуульд хамаарах хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг;
4.1.6. “тайлан” гэж энэ хуулийн 9.1, 10.1-т заасан тайланг;
4.1.7. “тайлангийн зөрүү” гэж өөр өөр мэдээлэл нийлүүлэгчийн тайланд ижил үзүүлэлтээр зөрүүтэй дүн, тайлбар, мэдээлэл гарсныг.
4.1.8. “эрдэс баялаг” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1-д заасан ашигт малтмал, Газрын тосны тухай хуулийн 4.1.1-д заасан газрын тосыг.
4.1.9. “эцсийн өмчлөгч гэж” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасан этгээдийг;
4.1.10. "эцсийн эзэмшигч" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасан этгээдийг;
4.1.11. “мэдээлэл бий болсон” гэж гэрээ, хэлэлцээр, шийдвэр, зөвшөөрлийн баримт бичиг албан ёсоор байгуулагдсан, гаргасан, эсхүл бүртгэгдсэн, төлбөр, хураамж, татвар, төлбөр тооцоо хийгдсэн, хяналт шалгалт, үзлэг, шинжилгээ, хэмжилт хийгдэж, түүний үр дүн бүрдсэн, тайлан, акт, дүгнэлт, зөвлөмж албан ёсоор бүрдсэн, баталгаажсан, мэдээлэл бодит байдалд үүсч, түүнийг баримтжуулсан, бүртгэсэн өдөр зэргийн аль нэгээр үүссэн, бүрдүүлсэн, эсхүл бүртгэгдсэн байдлыг.
4.1.12. “мэдээлэл нийлүүлэгч болох үндэслэл үүссэн” гэж энэ хуулийн 8.1.2-т заасан төрийн бус байгууллага нь зөвшөөрөл эзэмшигчээс хандив, тусламж, дэмжлэг, урамшуулал, санхүүжилт, эсхүл бусад хэлбэрийн үнэ бүхий зүйлийг анх удаа хүлээн авсан өдрийг.
5 дугаар зүйл. Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн баримтлах зарчим
5.1. Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлыг хангахад дараах зарчмыг баримтална:
5.1.1. мэдээлэл, тайлан олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байх;
5.1.2. мэдээлэл, тайлан үнэн зөв, бүрэн байх;
5.1.3. оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
5.1.4. мэдээлэл, тайлан харилцан уялдаатай, нэгдмэл байх;
5.1.5. олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлэх;
5.1.6. төр өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
6 дугаар зүйл. Байгалийн нөөц ашиглалтын нэгдсэн портал
6.1. Энэ хуульд заасан тайлан, мэдээллийг цахимаар хүлээн авах, бүртгэх, хадгалах, боловсруулах, шалгах, нийтлэх, мэдээлэл солилцох зориулалт бүхий мэдээллийн нэгдсэн портал (цаашид “нэгдсэн портал” гэх) ажиллуулна.
6.2. Нэгдсэн портал Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.6-д заасан шаардлагад нийцсэн, 27.10-т заасан нэгдсэн, ангилал, код, тайлбартай байна.
6.3. Байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална.
6.4. Нэгдсэн порталд бүртгэх мэдээлэл тоон мэдээлэл, өгөгдөл, дуу авиа, дүрс бичлэг, зураг, газрын зураг, кадастрын зураг, график, бичгийн хэлбэртэй байна.
6.5. Нэгдсэн порталд байрших газрын зураг, кадастрын зурган мэдээлэл Засгийн газраас тодорхойлсон солбицол, өндрийн тогтолцоонд нийцсэн байна.
6.6. Үндэсний зөвлөл нэгдсэн порталын үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн хариуцна.
6.7. Нэгдсэн портал бусад хуульд заасан байгалийн нөөцийн, зөвшөөрлийн, шилэн дансны, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, татварын зэрэг холбогдох мэдээллийн сантай холбогдсон, мэдээлэл солилцох боломжтой байна.
6.8. Нэгдсэн порталд цахим хэлбэрээр хүргүүлсэн мэдээлэл, тайлан цахим гарын үсэг, эсхүл хуульд заасан бусад баталгаажуулах арга, хэрэгслээр баталгаажсан байна.
6.9. Байгалийн нөөцийн ашиглалттай холбоотой бусад хуульд заасан тайлан, мэдээ, мэдээллийг нэгдсэн порталаар дамжуулан цахимаар хүргүүлсэн бол тухайн мэдээллийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлсэнд тооцно.
6.10. Нэгдсэн порталд бүртгэгдээгүй, эсхүл баталгаажаагүй мэдээллийг байгалийн нөөц ашиглалттай холбоотой зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, төлөвлөгөө батлах, хяналт шалгалт хийх, тайлан боловсруулах үндэслэл болгохгүй.
6.11. Нэгдсэн порталын мэдээллийг Архивын тухай хуульд заасан хугацаагаар хадгална.
6.12. Нэгдсэн порталд мэдээлэл нийлүүлэх, хадгалах, ашиглах, ашиглалтад хяналт тавих журмыг Үндэсний зөвлөл батална.
6.13. Үндэсний зөвлөлийн ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх) нэгдсэн порталд илгээсэн мэдээллийн хэлбэр, хугацаа, бүрдлийг шалгана.
6.14. Ажлын алба мэдээлэл дутуу, алдаатай, зөрүүтэй бол мэдээлэл нийлүүлэгчид буцааж, засварлах шаардлага хүргүүлнэ.
6.15. Мэдээлэл нийлүүлэгч энэ хуулийн 6.15-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор засварласан мэдээллийг дахин илгээнэ.
6.16. Энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан тайлан, мэдээллийг мэдээлэл нийлүүлэгч холбогдох мэдээллийн сан, нэгдсэн портал, эсхүл салбарын эрх бүхий байгууллагад цахимаар хүргүүлсэн бол төрийн байгууллага уг мэдээллийг дахин шаардахгүй бөгөөд нийтийн мэдээллийн дэд бүтэц, мэдээлэл солилцооны системээр дамжуулан авч ашиглана.
6.17. Үндэсний зөвлөл нэгдсэн порталаар тайлан, мэдээллийг нэг цонхоор хүлээн авах, харилцан солилцох, дахин шаардахгүй байх техникийн боломжтой байна.
7 дугаар зүйл. Мэдээллийн нууцлал
7.1. Байгалийн нөөц ашиглалтын улмаас зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл, бохирдол, доройтол, осол, нөхөн сэргээлт, аюултай эсхүл хортой бодисын хэрэглээ, хог хаягдал, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, татвар, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгч, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого, төрийн болон орон нутгийн өмчит этгээдэд төлсөн төлбөр, ногдол ашиг, хандив, тусламж, дэмжлэгийн мэдээллийг Байгууллагын нууцын тухай болон бусад хуулиар хамгаалагдсан нууц мэдээлэл гэж үзэхгүй.
7.2. Энэ хуульд заасан гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг нэгдсэн порталд бүтнээр нь ил тод байршуулна.
7.3. Гэрээ хэлэлцээрийн хуулиар хамгаалагдсан төрийн нууц, байгууллагын нууцад хамаарах хэсгийг нууцалж нийтэлж болох бөгөөд энэ нь гэрээний бусад хэсгийг ил болгох үүргийг хязгаарлахгүй.
7.4. Энэ хуулийн 7.3-т заасан мэдээллийг нууцлах шалгуур, тэмдэглэгээ, нууцлах хугацаа, шийдвэрлэх журмыг Засгийн газар батална.
7.5. Энэ хуулийн 7.3-т заасны дагуу мэдээллийг тодорхой хугацаанд нууцлах тохиолдолд мэдээлэл нийлүүлэгч тайлан, мэдээлэл гаргах үүргээс чөлөөлөгдөхгүй.
8 дугаар зүйл. Мэдээлэл нийлүүлэгч, түүний эрх, үүрэг
8.1. Дараах этгээд мэдээлэл нийлүүлэгч байна:
8.1.1. зөвшөөрөл эзэмшигч;
8.1.2. энэ хуулийн 10.5-д заасан төрийн бус байгууллага;
8.1.3. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1-д заасан мэдээлэл хариуцагч.
8.2. Зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөл олгосноос хойш ажлын 5 өдрийн дотор нэгдсэн порталд бүртгүүлнэ.
8.3. Энэ хуулийн 8.1.2-т заасан төрийн бус байгууллага нь энэ хуулиар мэдээлэл нийлүүлэгч болох үндэслэл үүссэнээс хойш ажлын 15 өдрийн дотор нэгдсэн порталд бүртгүүлнэ.
8.4. Mэдээлэл нийлүүлэгчийн бүртгэлийн журмыг Үндэсний зөвлөл батална.
8.5. Мэдээлэл нийлүүлэгч дараах үүрэгтэй:
8.5.1. мэдээлэл бий болсноос хойш ажлын 10 өдрийн дотор багтаан нэгдсэн порталд баталгаажуулан оруулах, тухайн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 5 өдрийн дотор шинэчлэх;
8.5.2. Үндэсний зөвлөл, түүний Ажлын албанаас шаардсан тодруулгын хариуг ажлын 10 өдөрт багтаан хүргүүлэх;
8.5.3. мэдээлэл, тайлангийн үнэн зөв, бүрэн байдлыг хариуцах;
8.5.4. энэ хуульд заасан тайланг нэгдсэн порталд байршуулах;
8.5.5. хууль тогтоомж болон Үндэсний зөвлөлөөс баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх;
8.5.6. нэгдсэн порталд энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлэх.
8.6. Мэдээлэл нийлүүлэгч дараах эрхтэй:
8.6.1. энэ хуульд заасан тайлан гаргахтай холбоотой сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө, тодруулга, мэдээллийг авах;
8.6.2. энэ хуулийн 7.4-т заасан журмын дагуу тодорхой мэдээллийг нууцлах хүсэлт гаргах.
8.7. Энэ хуулийн 8.1.3-т заасан мэдээлэл нийлүүлэгч дараах үүрэгтэй:
8.7.1. өөрийн эрхлэх асуудлын эсхүл чиг үүргийн хүрээнд үүссэн, энэ хуульд заасан мэдээллийг бүрдүүлэх, хадгалах, боловсруулах, шинэчлэх, нэгдсэн порталд хүргүүлэх;
8.7.2. Ажлын албанд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх, цахимаар хүргүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН ТАЙЛАН
9 дүгээр зүйл. Байгалийн нөөц ашиглалтын улсын нэгдсэн тайлан
9.1. Байгалийн нөөц ашиглалтын Улсын нэгдсэн тайлан (цаашид “Улсын нэгдсэн тайлан” гэх) дор дурдсан тайлангаас бүрдэнэ:
9.1.1. амьтны нөөц ашиглалтын ил тод байдлын тайлан;
9.1.2. үйлдвэрлэлийн зориулалтаар усны нөөц ашиглалтын ил тод байдлын тайлан;
9.1.3. ой, түүний дагалт баялгийн нөөц ашиглалтын ил тод байдлын тайлан;
9.1.4. байгалийн ургамлын нөөц ашиглалтын ил тод байдлын тайлан;
9.1.5. олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлан.
9.2. Улсын нэгдсэн тайлан боловсруулах, нэгдсэн порталд байршуулах, тайланд залруулга хийх журмыг Үндэсний зөвлөл батална.
9.3. Үндэсний зөвлөл Улсын нэгдсэн тайланг жил бүр боловсруулна.
9.4. Үндэсний зөвлөл мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр түгээх зорилгоор Улсын нэгдсэн тайлангийн хураангүй тайланг жил бүр боловсруулна.
9.5. Үндэсний зөвлөл Улсын нэгдсэн тайланг энэ хуулийн 10.6-д заасан тайлан ирүүлэх хугацаа дууссанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор хэлэлцэн олон нийтэд мэдээлж, Засгийн газарт хүргүүлнэ.
9.6. Энэ хуулийн 9.1.5-д заасан тайланд дор дурдсан мэдээллийг тусгана:
9.6.1. улсын эдийн засагт олборлох үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээ;
9.6.2. олборлох үйлдвэрлэлийн нийт орлого, тэдгээрээс төсөвт болон бусад байдлаар улсад төвлөрүүлсэн орлогын дүн, төсвийн орлогын хуваарилалт, зарцуулалт, төсвийн орлогын тогтвортой байдлын талаар;
9.6.3. олборлосон, баяжуулсан, боловсруулсан, борлуулсан, экспортолсон эрдэс баялгийн төрөл, хэмжээ /зөвшөөрөл тус бүрээр/
9.6.4. зөвшөөрөл эзэмшигчээс бусдад өгсөн хандив, зээл, тусламж, дэмжлэгийн хэмжээ, хэлбэр;
9.6.5. нийгмийн хариуцлагын хүрээнд бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн нийт дүн;
9.6.6. зөвшөөрөл эзэмшигчийн болон төрийн байгууллагын ил тод байдлын тайлан хоорондын зөрүү, түүний тайлбар, тодруулга;
9.6.7. ил тод байдлын тайлан ирүүлээгүй зөвшөөрөл эзэмшигч болон төрийн байгууллагын талаарх мэдээлэл;
9.6.8. олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, засаглалыг сайжруулах талаарх дүгнэлт, зөвлөмж, өмнөх тайлангийн зөвлөмжийн хэрэгжилт;
9.6.9. төлбөр, орлогын дүнгийн тэнцэл;
9.6.10. ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөн;
9.6.11. олборлох үйлдвэрлэлээс байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн талаарх мэдээлэл;
9.6.12. уурхайн хаалт, байгаль орчин нөхөн сэргээлтийн мэдээлэл.
9.7. Энэ хуулийн 9.1.1-9.1.4-т заасан нөөц ашиглалтын ил тод байдлын тайланд дор дурдсан мэдээллийг тусгана:
9.7.1. улсын эдийн засагт тухайн салбарын байгалийн нөөц ашиглалтын эзлэх хувь хэмжээ;
9.7.2. тухайн салбарын байгалийн нөөц ашиглалтын нийт орлого, тэдгээрээс төсөвт төвлөрүүлсэн орлогын дүн, төсвийн орлогын хуваарилалт, зарцуулалт, төсвийн орлогын тогтвортой байдлын талаар;
9.7.3. зөвшөөрөл эзэмшигчийн болон төрийн байгууллагын ил тод байдлын тайлан хоорондын зөрүү, түүний тайлбар, тодруулга;
9.7.4. ил тод байдлын тайлан ирүүлээгүй зөвшөөрөл эзэмшигч болон төрийн байгууллагын талаарх мэдээлэл;
9.7.5. тухайн салбарын байгалийн нөөц ашиглалтын ил тод байдал, засаглалыг сайжруулах талаарх дүгнэлт, зөвлөмж, өмнөх тайлангийн зөвлөмжийн хэрэгжилт.
9.8. Улсын нэгдсэн тайлан, эсхүл түүний бүрдэл тайланд төрийн бус байгууллага дүгнэлт гаргаж болно.
9.9. Энэ хуулийн 9.8-д заасан дүгнэлт гаргасан төрийн бус байгууллага нь 10.6-д заасан тайлан ирүүлэх хугацаа дууссанаас хойш ажлын 25 өдрийн дотор дүгнэлтээ Ажлын албанд хүргүүлнэ.

10 ДУГААР ЗҮЙЛ
БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАЛТЫН ТӨРӨЛЖСӨН ТАЙЛАН
10.1. Энэ хуулийн 9.1.1-9.1.5-д заасан тайлан дор дурдсан төрөлтэй байна:
10.1.1. төрийн байгууллагын;
10.1.2. зөвшөөрөл эзэмшигчийн;
10.1.3. төрийн бус байгууллагын;
10.2. Энэ хуулийн 10.1.1, 10.1.2-т заасан тайлангийн маягтыг байгалийн нөөц ашиглалтын мэдээлэл бүрийг хамруулж Үндэсний зөвлөл батална.
10.3. Энэ хуулийн 8.1.3-т заасан мэдээлэл нийлүүлэгч тухайн жилийн төрийн байгууллагын ил тод байдлын тайланг гаргана.
10.4. Зөвшөөрөл эзэмшигч тухайн жилийн зөвшөөрөл эзэмшигчийн ил тод байдлын тайланг гаргана.
10.5. Зөвшөөрөл эзэмшигчээс хандив, тусламж, дэмжлэг, урамшуулал зэрэг болон бусад аливаа хэлбэрээр санхүүжилт авсан төрийн бус байгууллага тухайн жилийн төрийн бус байгууллагын ил тод байдлын тайланг гаргана.
10.6. Энэ хуулийн 10.1.1-10.1.3-т заасан ил тод байдлын тайланг дараа оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Үндэсний зөвлөлөөс баталсан загварын дагуу гаргаж, нэгдсэн порталд оруулна.
10.7. Мэдээлэл нийлүүлэгч энэ хуулийн 10.1.1-10.1.2-т заасан ил тод байдлын тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн мэдээлэлд үндэслэн гаргана.
10.8. Төрийн бус байгууллагын ил тод байдлын тайланд дор дурдсан мэдээллийг тусгана:
10.8.1. үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын дэлгэрэнгүй мэдээлэл;
10.8.2. санхүүжилт, түүний зориулалт, зарцуулалтын мэдээлэл;
10.8.3. үйл ажиллагааны чиглэл, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, олборлолтын мэдээ, засаглалын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл;
10.8.4. мэдээлэл нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, хэлцлийн мэдээлэл.

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ИЛ ТОД БАЙДЛЫН ТАЙЛАНГИЙН ЗӨРҮҮГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
11.1. Ажлын алба ил тод байдлын тайлангийн мэдээллийн зөрүүг тодруулах хүсэлтийг холбогдох тайлан гаргасан этгээдэд хүргүүлж болно.
11.2. Энэ хуулийн 11.1-д заасан хүсэлтийг хүлээн авсан этгээд ажлын 5 өдрийн дотор холбогдох нэмэлт мэдээлэл, тайлбарыг Ажлын албанд хүргүүлнэ.
11.3. Ажлын алба энэ хуулийн 11.2-т заасан нэмэлт мэдээлэл, тайлбарыг хүлээн авсны дараа зөрүүг хэрхэн шийдвэрлэсэн талаар тухайн этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ. Тухайн этгээд шаардлагатай тохиолдолд зөрүү үүсгэж байгаа мэдээлэлтэй танилцаж болно.
11.4. Ажлын алба тайлангийн зөрүүг шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл энэ талаар тайлбар, зөвлөмжийг Улсын нэгдсэн тайланд тусгаж, тайлан гаргах үүрэг бүхий этгээдэд мэдэгдэнэ.
11.5. Үндэсний зөвлөл Улсын нэгдсэн тайланд тусгагдсан зөрүүг хэрхэн шийдвэрлэж болох талаарх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
12 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
12.1. Улсын Их Хурал байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1. Засгийн газраас хүргүүлсэн Улсын нэгдсэн тайланг жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт гаргаж Засгийн газарт чиглэл өгөх.
13 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
13.1. Засгийн газар байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1. байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
13.1.2. Улсын нэгдсэн тайланг бүрдэл бүрээр хэлэлцэн, хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт 8 дугаар сарын 25-ны дотор Улсын Их Хуралд хүргүүлэх;
13.1.3. энэ хуулийн 12.1.1-д заасан холбогдох байнгын хорооны санал, дүгнэлт, Засгийн газарт өгсөн чиглэлийн биелэлтийг хангах арга хэмжээ авах;
13.1.4. энэ хуулийн 6.3-д заасан жагсаалтыг батлах;
13.1.5. Үндэсний зөвлөлийн дүрмийг батлах.
13.2. Засгийн газар энэ хуулийн 13.1.4-т заасан байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн жагсаалтыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлж, дараах ангиллын хүрээнд батална:
13.2.1. зөвшөөрөл, түүний бүртгэлийн мэдээлэл;
13.2.2. гэрээ, хэлэлцээрийн мэдээлэл;
13.2.3. зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаан, олгогдсон зөвшөөрөл, эрдэс баялгийн нөөцийн мэдээлэл;
13.2.4. байгалийн нөөцийн олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын мэдээлэл;
13.2.5. төсвийн болон орлого төвлөрүүлэлтийн мэдээлэл;
13.2.6. нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн хөрөнгө зарцуулалтын мэдээлэл;
13.2.7. уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн мэдээлэл;
13.2.8. ашиг хүртэгч хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн мэдээлэл;
13.2.9. олборлох үйлдвэрлэл эрхлэгч төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн мэдээлэл;
13.2.10. олборлох үйлдвэрлэлээс төрд ногдох хувь хэмжээг зарж борлуулах байдлаар олсон орлогын мэдээлэл;
13.2.11. олборлох үйлдвэрлэлээс эдийн засагт оруулах хувь нэмрийн мэдээлэл;
13.2.12. олборлох үйлдвэрлэлээс байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн мэдээлэл.
14 дүгээр зүйл. Засаг даргын бүрэн эрх
14.1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1. өөрийн нутаг дэвсгэрт зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан захиргааны шийдвэр, түүний үндэслэлийг өөрийн цахим хуудаст нийтлэх;
14.1.2. түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл, зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон мэдээлэл, бичил уурхай эрхлэгчтэй байгуулсан гэрээг нэгдсэн порталд байршуулах, өөрийн цахим хуудаст нийтлэх;
14.1.3. байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зохион байгуулах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
14.1.4. ажлын алба, салбар зөвлөлтэй хамтран ажиллах, байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлыг хангах талаар санал, мэдээллийг тогтмол солилцох;
14.1.5. Ажлын алба, байгаль орчны хяналтын улсын байцаагчаас ирүүлсэн мэдээллийг хянан үзэж, шаардлагатай арга хэмжээг авах.
15 дугаар зүйл. Үндэсний зөвлөл
15.1. Улсын хэмжээнд байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлыг хэрэгжүүлэх зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэх/ Ерөнхий сайдын дэргэд ажиллах ба орон тооны Ажлын албатай байна.
15.2. Үндэсний зөвлөл Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, байгаль орчин, геологи, уул уурхай, санхүү, төсөв, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, зөвшөөрөл эзэмшигчийн төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэй байна.
15.3. Үндэсний зөвлөлийн 4 гишүүнийг зөвшөөрөл эзэмшигч, 4 гишүүнийг төрийн бус байгууллагын төлөөллөөс нээлттэй сонгон шалгаруулж, 3 жилийн хугацаагаар, үлдсэн 7 гишүүнийг энэ хуулийн 15.2-т заасан төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосноор Засгийн газар томилно.
15.4. Энэ хуулийн 15.3-т заасан төрийн бус байгууллага нь Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдал, сайн засаглалыг хангах, авлига болон ашиг сонирхлын зөрчлийг бууруулах чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан мэргэжлийн холбоо эсхүл төрийн бус байгууллага байна.
15.5. Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд зөвшөөрөл эзэмшигч, төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулж, томилох журмыг Засгийн газар батална.
15.6. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг тухайн шатны Засаг дарга Үндэсний зөвлөлөөс баталсан журамд нийцүүлэн батална.
15.7. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Ажлын албаны дарга байна.
15.8. Үндэсний зөвлөлд байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын улсын байцаагч ажиллана.
16 дугаар зүйл. Үндэсний зөвлөлийн бүрэн эрх
16.1. Үндэсний зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1. Улсын нэгдсэн тайланг бүрдэл бүрээр хэлэлцэх, олон нийтэд мэдээлэх, Засгийн газарт хүргүүлэх;
16.1.2. мэдээлэл нийлүүлэгчийн тайланд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, холбогдох этгээдэд хүргүүлэх, зөвлөмжийн биелэлтийг шаардах, хариу, мэдээлэл авах;
16.1.3. байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлыг сурталчлах, олон нийтийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ авч, холбогдох хэлэлцүүлгийг зохион байгуулах;
16.1.4. байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах;
16.1.5. төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагатай харилцах, хамтран ажиллах;
16.1.6. энэ хуульд заасан этгээдээс байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын талаар авч хэрэгжүүлсэн ажил, ирүүлсэн мэдээлэл, тайлан, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, шалгалт хийх, биелэлтийг хангуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
16.1.7. энэ хуульд заасан мэдээлэл нийлүүлэгчээс тайлан, мэдээлэл гаргуулан авах;
16.1.8. Үндэсний зөвлөлийн шийдвэрийн биелэлт, байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын хэрэгжилт, нэгдсэн порталын үйл ажиллагаа, мэдээлэл бүрэн нийлүүлэгдэж байгаа эсэхэд хяналт тавих, энэ чиглэлээр энэ хуульд заасан этгээдтэй хамтарч ажиллах;
16.1.9. Үндэсний зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулах, хариу авах;
16.1.10. байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлыг хэрэгжүүлэх асуудлаар гадаад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
16.1.11. байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;
16.1.12. Байгалийн нөөц ашиглалтын мэдээлэл тайлангийн заавар, маягт батлах.
17 дугаар зүйл. Ажлын алба
17.1. Үндэсний зөвлөл дараах чиг үүрэг бүхий Ажлын албатай байна:
17.1.1. энэ хуульд заасан мэдээлэл нийлүүлэгчээс байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тайланг хүлээн авах;
17.1.2. Улсын нэгдсэн тайланг боловсруулах;
17.1.3. нэгдсэн порталын үйл ажиллагаа болон мэдээлэл нийлүүлэгчээс мэдээлэл, тайланг бүрэн нийлүүлж байгаа эсэхэд хяналт тавих, мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
17.1.4. шаардлагатай тохиолдолд холбогдох шинжээч, мэргэжилтэн оролцуулж дүгнэлт гаргуулах, мэдээлэл, тайлангийн үнэн зөв байдлыг нягтлах;
17.1.5. байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлыг сайжруулах, салбарын болон салбар хоорондын уялдааг хангах санал, зөвлөмж боловсруулах;
17.1.6. Улсын нэгдсэн тайланд үндэслэн цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмж гаргах, зөвлөмжийг холбогдох этгээдэд хүргүүлэх, зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнгийн хариуг тогтоосон хугацаанд хүлээн авах;
17.1.7. Үндэсний зөвлөл, салбар зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
17.2. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх бүхий этгээд ил тод байдлын тайланг баталгаажуулаагүй бол Ажлын алба тайланг хүлээн авахаас татгалзаж, үндэслэлийн хамт мэдээлэл нийлүүлэгчид ажлын 2 өдрийн дотор мэдэгдэнэ.
17.3. Энэ хуулийн 17.2-т зааснаар татгалзсан тайланг мэдээлэл нийлүүлэгч засварлан, баталгаажуулалтыг хангасны дараа дахин хүргүүлж болно. Дахин хүргүүлсэн тайланг энэ хуулийн 10.6-д заасан хугацаа дуустал хүлээн авна.
17.4. Хэрэв мэдээлэл нийлүүлэгч 10.6-д заасан хугацаанд баталгаажуулалтыг хангасан тайланг хүргүүлэхгүй бол тайлан ирүүлээгүйд тооцож, энэ хуулийн 9.6.7, 9.7.4-т заасны дагуу Улсын нэгдсэн тайланд тусгана.
17.5. Нэгдсэн порталын мэдээлэл, тайланг Ажлын алба олон нийтэд ойлгомжтой байдлаар байршуулан мэдээлж, тогтмол шинэчилж байна.
18 дугаар зүйл. Үндэсний зөвлөл, салбар зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт
18.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс, түүний орон нутагт ажиллах салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
18.2. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны төсвийн төслийг Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу бэлтгэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх ба төсвийн ерөнхийлөн захирагч уг төсвийн төслийг багцдаа тусган батлуулна.
18.3. Үндэсний зөвлөл салбар зөвлөлийн төсвийг тухайн аймаг, нийслэлийн төсөвт тусган баталуулна.
18.4. Үндэсний зөвлөл, түүний салбар зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт бие даасан, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд хүрэлцээтэй байна.
18.5. Үндэсний зөвлөл, салбар зөвлөл мэдээлэл нийлүүлэгч этгээдээс зээл, хандив, дэмжлэг авахыг хориглоно.
19 дүгээр зүйл. Байгаль орчны хяналтын улсын байцаагч
19.1. Байгаль хамгаалагч байгалийн нөөц ашиглалтын мэдээллийг ил тод болгох чиглэлээр дараах үүрэгтэй ажиллана:
19.1.1. нэгдсэн порталд байршуулсан мэдээлэл бодит нөхцөлтэй нийцэж байгаа эсэхэд газар дээр нь хяналт тавих;
19.1.2. хяналт шалгалтын дүн, акт, албан шаардлагыг нэгдсэн порталд байршуулах.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
20 дугаар зүйл. Чиг үүрэг шилжүүлэх
20.1. Энэ хуулийн 7.4-т заасан жагсаалт, 13.1.4, 15.5-д заасан журмыг шинээр батлах ажлыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор гүйцэтгэнэ.
21 дүгээр зүйл. Гомдол хянан шийдвэрлэх
21.1. Энэ хуулийн мэдээлэл нийлүүлэгч этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл холбогдох хуулийн дагуу гомдол гаргах эрхтэй:
21.1.1. салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдох гомдлыг Үндэсний зөвлөлд;
21.1.2. Үндэсний зөвлөл, түүний ажлын албаны шийдвэр, үйл ажиллагаатай холбогдох гомдлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт.
21.2. Энэ хуулийн 20.1-д заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
22 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.2. Энэ хуулийг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
23.1. Энэ хуулийг 2026 оны .... сарын ... -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
5. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

Б. УЯНГА

Б. УЯНГА

Initiator of the draft law
Б. МӨНХСОЁЛ

Б. МӨНХСОЁЛ

Initiator of the draft law
Б. ЖАРГАЛАН

Б. ЖАРГАЛАН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх