Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12-р сарын 25 өдөр
Ulaanbaatar city
Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх нийтлэг зохицуулалтыг бий болгох, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцогчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Бооцоот таавар, хонжворт сугалааны хууль тогтоомж
2.1. Бооцоот таавар, хонжворт сугалааны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэх, бусдад бооцоот таавар, хонжворт сугалаа санал болгоход энэ хууль үйлчилнэ.
3.2. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, казиногийн үйл ажиллагаа, бооцоот морин уралдааны үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.
3.3. Бизнесийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, хэрэглэгчээ урамшуулах зорилгоор хэрэглэгчдэд үнэ төлбөргүйгээр сугалааны эрх олгох, хонжворт сугалаа зохион байгуулж, азтан шалгаруулж, хонжвор олгох ажиллагаа нь энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
3.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.2-т заасан сугалааны тохирлоор урамшуулал олгох ажиллагаа энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “азтан” гэж хонжворт сугалаанд оролцож, азын тохирлын дагуу үнэ бүхий хөрөнгө хожсон хонжворт сугалааны оролцогчийг;
4.1.2. “бооцоо” гэж бооцоот үйл явдлын үр дүнгээс шалтгаалж дэвшүүлсэн таавар нь таарсан тохиолдолд дүрэмд зааснаар өсгөж авах нөхцөлтэйгээр эрсдэлээ өөрөө хариуцаж, зохион байгуулагчид сайн дураараа шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг;
4.1.3. “бооцоот таавар” гэж оролцогч болон зохион байгуулагчийн аль аль нь үр дүнг нь урьдчилан мэдэх, эсхүл үр дүнд нь нөлөөлөх боломжгүй үйл явдлын талаар бооцоо тавигчид хоорондоо, эсхүл бооцоо тавигч болон зохион байгуулагч хоорондоо бооцоот үйл явдлын үр дүнг тааварлаж, тогтоосон дүрмийн дагуу бооцоо тавих үйл ажиллагааг;
4.1.4. “бооцоот таавар зохион байгуулах” гэж оролцогчдоос бооцоо цуглуулах, бооцоот тааврын үр дүнг гарсны дараа оролцогчдын хүртэх хонжворын хэмжээг тооцоолж оролцогчдод олгох зэргээр оролцогчид хоорондын, эсхүл оролцогч болон зохион байгуулагч хоорондын бооцоот таавар зохион байгуулах үйл ажиллагааг;
4.1.5. “зайнаас зохион байгуулах” гэж мэдээллийн систем, цахилгаан холбооны үйлчилгээ ашиглаж оролцогчтой биечлэн харилцахгүйгээр зохион байгуулахыг;
4.1.6. “мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа” гэж үр дүн нь бүхэлдээ, эсхүл зарим хэсэг нь тохиолдлын азаас шалтгаалдаг, урьдчилан мэдэх боломжгүй, оролцогч тодорхой дүрмийн дагуу оруулсан мөнгөө алдах, эсхүл өсгөж авах нөхцөлөөр мөрий, эсхүл бооцоо тавих, эсхүл азтан болохоор сугалааны тасалбар худалдан авч оролцохоор зохион байгуулж байгаа бүхий л төрлийн үйл ажиллагааг;
4.1.7. “оролцогч” гэж өөрийн азыг туршиж сугалааны тасалбар худалдан авч байгаа, эсхүл бооцоот үйл явдлын үр дүнгийн талаар таавар дэвшүүлэн бооцоо тавьж байгаа хүнийг;
4.1.8. “сугалааны тасалбар” гэж оролцогчийн хонжворт сугалаанд оролцох эрхийн нотолгоог;
4.1.9. “үйл явдал” гэж бооцоот таавар зохион байгуулах спортын тэмцээн, цахим спортын тэмцээн, уралдаан, урлаг, соёлын наадмын шалгаруулалт зэрэг зохион байгуулалттай арга хэмжээг;
4.1.10. “хонжвор” гэж дэвшүүлсэн таамаг нь таарсан оролцогчид бооцоот тааврын үр дүн гарсны дараа шилжүүлэх, эсхүл хонжворт сугалааны тохирлын дагуу азтанд шилжүүлэх мөнгө, эд хөрөнгийг;
4.1.11. “хонжворт сугалаа” гэж хонжворт сугалаанд оролцогчдын дундаас тохиолдлын азаар азтан шалгаруулж худалдан авсан сугалааны тасалбарын орлогоос бүрдсэн сугалааны сангаас хонжвор олгох үйл ажиллагааг;
4.1.12. “хонжворт сугалаа зохион байгуулах” гэж хонжворт сугалааны тасалбар худалдаанд гаргаж, хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэхийг;
4.1.13. “эрх бүхий этгээд” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ
5 дугаар зүйл. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа
5.1. Мөрийтэй тоглоом гэдэгт дараах үйл ажиллагааг хамааруулна:
5.1.1. казиногийн үйл ажиллагаа;
5.1.2. бооцоот морин уралдаан;
5.1.3. бооцоот таавар;
5.1.4. хонжворт сугалаа.
5.2. Хуулиар тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд энэ хуулийн 5.1-д заасан мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг зохих тусгай зөвшөөрөлгүй этгээд эрхлэхийг хориглоно.
5.3. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч, түүний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь Зөвлөлөөс баталсан мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд зохимжтой этгээдийн шалгуурыг хангасан байна.
5.4. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага өөрчлөгдөх бүрд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл авах бөгөөд тухайн этгээд Зөвлөлөөс баталсан мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд зохимжтой этгээдийн шалгуурыг хангасан гэдгийг нотлох үүрэгтэй.
5.5. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хуульд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана.
5.6. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг барьцаалах, худалдах, бэлэглэх зэрэг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.
5.7. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэгч нь татварын бүртгэл, мэдээллийн санд холбогдсон байх бөгөөд мөрий, бооцоо, хонжворт сугалаанаас олсон орлого, олгосон хонжвор, шагналын талаарх мэдээллийг нь тухай бүр бүртгүүлнэ.
5.8. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд цахим орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн бол цагдаагийн байгууллагын шийдвэрийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудсанд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандахыг хязгаарлана.
6 дугаар зүйл. Хуулиар зөвшөөрсөн мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд баримтлах зарчим
6.1. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг зарчмыг баримтална:
6.1.1. хууль дээдлэх, нийгмийн дэг журмыг сахих;
6.1.2. үйл ажиллагаагаа шударгаар, ил тод, хариуцлагатай явуулах;
6.1.3. хонжворыг шударгаар тооцоолж, оролцогчид олгох;
6.1.4. нийгэмд үүсгэж болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлэх, олон нийтийг мөрийтэй тоглоомонд донтохоос хамгаалах.
6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг дагаж мөрдөнө.
6.3. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөрийтэй тоглоомтой холбоотой дүрмийг оролцогчид нээлттэй байлгана.
6.4. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь оролцогчдыг таньж мэдэх үүрэгтэй байх бөгөөд оролцогчдын тавьсан мөрий, бооцоо, хонжворт сугалаанаас олсон орлогын хэмжээ болон олгосон хонжвор, шагналтай холбоотой мэдээллийг таваас доошгүй жилийн хугацаанд хадгална.
6.5. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөрийтэй тоглоомоос шударгаар хожсон хонжворыг оролцогчид даруй олгоно.
6.6. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөрийтэй тоглоомонд оролцуулахгүй хүний жагсаалт хөтөлж болох бөгөөд хариуцлагатай тоглохыг дэмжих үүднээс оролцогч өөрөө, эсхүл түүний гэр бүлийн гишүүн хүсэлт гаргасан бол түүнийг мөрийтэй тоглоомонд оролцуулахгүй хүний жагсаалтад оруулна.
7 дугаар зүйл. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хориглох зүйл
7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
7.1.1. насанд хүрээгүй хүнийг мөрийтэй тоглоом тоглоход оролцуулах;
7.1.2. мөрийтэй тоглоомыг олон нийтэд сурталчлах;
7.1.3. Зөвлөлийн баталсан бооцоот үйл явдлын жагсаалтад хамаарахгүй үйл явдал дээр бооцоот таавар зохион байгуулсан;
7.1.4. хуульд заасан бусад.
7.2. Энэ хуулийн 5.1-д заасан үйл ажиллагааг сургууль, цэцэрлэгийн орчинд явуулахгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
БООЦООТ ТААВАР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
8 дугаар зүйл. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах
8.1. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгоно.
8.2. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг баримтыг ирүүлнэ:
8.2.1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
8.2.2. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
8.2.3. аж ахуйн нэгжийн танилцуулга;
8.2.4. хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, эрхэлж байсан болон эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний танилцуулга;
8.2.5. аж ахуйн нэгжийг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээд болон эцсийн өмчлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, иргэний бүртгэлийн дугаар, намтар, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар тодорхойлолт;
8.2.6. харилцагч банкны тодорхойлолт;
8.2.7. тусгай зөвшөөрөл хүсэгчийн энэ хуулийн 8.3-т заасан шаардлагыг хангаж ажиллах баталгаа;
8.2.8. хүний нөөц, энэ хуулийн 9.4-т заасан шаардлагыг хангасан ажлын байрны талаарх мэдээлэл;
8.2.9. зохион байгуулахаар төлөвлөсөн тоглоомын нэр, төрөл, тус бүрийн дүрэм;
8.2.10. бооцооны төрөл, бооцоог өсгөх, алдах дүрэм, бооцооны хонжворыг олгох журам;
8.2.11. татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт;
8.2.12. үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулах төлөвлөгөө.
8.3. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид “бооцоот таавар зохион байгуулагч” гэх/ нь тусгай зөвшөөрлийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгана.
8.4. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
8.5. Бооцоот таавар зохион байгуулагч тусгай зөвшөөрлийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ ноцтой зөрчсөн, эсхүл хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
9 дүгээр зүйл. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлага
9.1. Бооцоот таавар зохион байгуулагч дараах шаардлагыг хангаж ажиллана:
9.1.1. бооцоот таавар зохион байгуулах үйл ажиллагаа эрхлэхэд зохимжтой этгээдийн шалгуурыг хангасан байх;
9.1.2. бооцоот тоглоом зохион байгуулагчийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байх;
9.1.3. бооцоот таавар зохион байгуулах, бооцоо тооцоолохтой холбоотой дотоод хяналтын болон мэдээллийг хадгалах системтэй байх, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулах ажлын байранд дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулах;
9.1.4. бооцоот таавар зохион байгуулагч нь үйл ажиллагаагаа эрхлэхэд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй байх;
9.1.5. бооцоот таавар зохион байгуулагч нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутмын орлогоо байршуулах;
9.1.6. цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх.
9.2. Бооцоот тааврыг зайнаас зохион байгуулах бол энэ хуулийн 9.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
9.2.1. бооцоот тааврыг зайнаас зохион байгуулах бол зайнаас зохион байгуулах техникийн үзүүлэлт, вебсайтаар үйлчилгээ үзүүлэх, хувийн дугаар бүхий техник, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг гаргаж өгөх;
9.2.2. цахим бооцоот таавар зохион байгуулах сервер нь Монгол Улсад байршилтай байх, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах мэргэшсэн хүний нөөцтэй байх;
9.2.3. бооцоот таавар зохион байгуулахад ашиглах мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан байна.
9.3. Бооцоот таавар зохион байгуулагч нэг тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй байна.
9.4. Бооцоот таавар зохион байгуулагч бооцоот таавар зохион байгуулах үйл ажиллагааг явуулах өөрийн өмчийн ажлын байртай байх бөгөөд тус ажлын байрыг зориулалтын дагуу тохижуулсан байна.
9.5. Бооцоот тааврыг зохион байгуулах үйл явдал нь Зөвлөлийн баталсан жагсаалтад заасан үйл явдал байна.
9.6. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох болон бооцоот таавар зохион байгуулах үйл ажиллагаа явуулахад тавигдах нөхцөл, шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хангаж байгаа эсэхэд хяналт тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.7. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүн, 14 насанд хүрээгүй хүний оролцсон үйл явдал дээр бооцоот таавар зохион байгуулахгүй.
9.8. Бооцоот таавар зохион байгуулагч нь бусдын зохион байгуулж байгаа үйл явдлын үр дүнгийн талаар бооцоот таавар зохион байгуулах бол түүнтэй харилцан тохиролцох үүрэгтэй бөгөөд бусдын оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй.
10 дугаар зүйл. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
10.1. Бооцоот таавар зохион байгуулагч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хуульд заасан үүргээ зөрчсөн бол Зөвлөл тухайн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлнэ.
10.2. Бооцоот таавар зохион байгуулагч нь татварын өр төлөх эцсийн хугацааг нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд хэтрүүлсэн тохиолдолд татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Зөвлөлд хүргүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөл бооцоот тааврын тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.
10.3. Бооцоот таавар зохион байгуулагч Зөвлөлийн өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ. Бооцоот тааврын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.
10.4. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчлийг бооцоот таавар зохион байгуулагч тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд арилгасан бол Зөвлөл тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
10.5. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд бооцоот тааврын үйл ажиллагааг зогсоох бөгөөд үүнд Зөвлөл хяналт тавина.
11 дүгээр зүйл. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
11.1. Эрх бүхий этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
11.1.1. татвараа энэ хуулийн 10.2-т заасан хугацаанд төлөөгүй;
11.1.2. бооцоот үйл явдал, бооцоот тааврын үр дүнд бооцоот таавар
11.2. Энэ хуулийн 11.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
11.3. Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХОНЖВОРТ СУГАЛАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
12 дугаар зүйл. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах
12.1. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгоно.
12.2. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг баримтыг ирүүлнэ:
12.2.1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
12.2.2. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
12.2.3. хуулийн этгээдийн танилцуулга;
12.2.4. хонжворт сугалааны нөхцөл буюу үйл ажиллагаа эрхлэх төсөл;
12.2.5. хуулийн этгээдийг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, иргэний бүртгэлийн дугаар, намтар, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар тодорхойлолт;
12.2.6. харилцагч банкны тодорхойлолт;
12.2.7. тусгай зөвшөөрөл хүсэгчийн энэ хуулийн 12.3-т заасан шаардлагыг хангаж ажиллах баталгаа;
12.2.8. хүний нөөц, энэ хуулийн 13.4-т заасан шаардлагыг хангасан ажлын байрны талаарх мэдээлэл;
12.2.9. хонжворт сугалаанаас олсон орлогыг хуваарилах норматив;
12.2.10. хонжворт сугалааны тасалбар, эсхүл сугалааны нөхцөлөөр тохирсон бусад баримт бичгийн загвар, түүнд тавигдах шаардлага, түүн дээр буулгасан бичиг, тэмдгийн нууцлал, хонжворт сугалааны тасалбарыг дууриалган хуулбарлахаас сэргийлэх арга;
12.2.11. хонжворыг олгох, төлөх үед сугалааны тасалбарыг шалгах, магадлах дүрэм;
12.2.12. сугалааны тасалбар борлуулах зах зээлийн судалгаа, сугалааны орлогын урьдчилсан тооцоо, сугалаа зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн талаарх мэдээлэл;
12.2.13. хонжворт сугалаа зохион байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, сугалааны тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл;
12.2.14. тараагдсан болон тараагдаагүй сугалааны тасалбарыг бүртгэх журам;
12.2.15. тараагдаагүй сугалааны тасалбарыг хураан авах, хадгалах, устгах журам;
12.2.16. азтан тодруулах, азтанд хонжворыг хүлээлгэн өгөх журам;
12.2.17. хонжворт сугалааг зайнаас зохион байгуулах бол энэ хуулийн 12.2.4-т заасан төсөлд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.5-д заасан этгээдтэй хийсэн гэрээг хавсаргах;
12.2.18. татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт;
12.2.19. үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулах төлөвлөгөө.
12.3. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид “хонжворт сугалаа зохион байгуулагч” гэх/ тусгай зөвшөөрлийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг олгосон хугацаагаар сунгана.
12.4. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
12.5. Хонжворт сугалаа зохион байгуулагч тусгай зөвшөөрлийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ ноцтой зөрчсөн, эсхүл хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
13 дугаар зүйл. Хонжворт сугалаа зохион байгуулагчид тавигдах нөхцөл, шаардлага
13.1. Хонжворт сугалаа нь дараах төрөлтэй байна:
13.1.1. хонжворт сугалаанаас азтан болсон эсэхээ сугалааны тасалбар худалдан авсан даруй мэдэж, хонжвороо авах боломжтой сугалаа;
13.1.2. тогтоосон хонжворт сугалааны тохирол болох өдөр сугалааны азтанг шалгаруулснаар хонжвороо авах боломжтой болох сугалаа;
13.1.3. энэ хуулийн 13.1.1 болон 13.1.2-т заасан сугалааны аль алины шинжийг агуулсан сугалаа.
13.2. Хонжворт сугалаа зохион байгуулагч нь дараах шаардлагыг хангаж ажиллана:
13.2.1. сугалааны тасалбарын борлуулалтын нийт орлогын 55-аас доошгүй хувийг сугалааны хонжворт олгох;
13.2.2. хонжворт сугалаанд оролцогчдоос төвлөрүүлсэн орлогын 35 хувиас доошгүй мөнгөн хөрөнгийг хонжворт сугалаа зохион байгуулагч хонжворт сугалааны азтан тодорч, хонжворыг олготол банкны тусгайлсан дансанд байршуулах;
13.2.3. олон улсын стандартад нийцсэн, үйлдвэрийн баталгаа бүхий сугалааны азтан тодруулах зориулалтын тоног төхөөрөмж, программ хангамжаар хангагдсан байх;
13.2.4. хонжворт сугалаа зохион байгуулагчийн нэр, хаяг болон сугалааны танилцуулга, энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан дүрэм, сугалааны тасалбарын үнэ, тоо ширхэг зэрэг мэдээллийг өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт сонирхсон этгээд танилцаж болохуйцаар ил байрлуулах;
13.2.5. цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх.
13.3. Хонжворт сугалаа зохион байгуулагч нь 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй байна.
13.4. Хонжворт сугалаа зохион байгуулагч хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааг явуулах өөрийн өмчийн ажлын байртай байх бөгөөд тус ажлын байрыг зориулалтын дагуу тохижуулсан байна.
13.5. Хонжворт сугалаа зохион байгуулагч өөрөө, эсхүл хөрөнгө хариуцах чадвартай итгэмжлэгдсэн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр сугалааны тасалбарыг борлуулна.
13.6. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох болон хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаа явуулахад тавигдах нөхцөл, шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хангаж байгаа эсэхэд хяналт тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
14 дүгээр зүйл. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
14.1. Хонжворт сугалаа зохион байгуулагч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хууль тогтоомжид заасан үүргээ зөрчсөн бол Зөвлөл тухайн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлнэ.
14.2. Хонжворт сугалаа зохион байгуулагч нь татварын өр төлөх эцсийн хугацааг нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд хэтрүүлсэн тохиолдолд татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Зөвлөлд хүргүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөл хонжворт сугалааны тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.
14.3. Хонжворт сугалаа зохион байгуулагч Зөвлөлийн өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.
14.4. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчлийг хонжворт сугалаа зохион байгуулагч тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд арилгасан бол Зөвлөл тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
14.5. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хонжворт сугалааны үйл ажиллагааг зогсоох бөгөөд үүнд Зөвлөл хяналт тавина.
15 дугаар зүйл. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
15.1. Эрх бүхий этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
15.1.1. татвараа энэ хуулийн 14.2-т заасан хугацаанд төлөөгүй;
15.1.2. хонжворт сугалааны үр дүнд хонжворт сугалаа зохион байгуулагч шударга бусаар нөлөөлсөн, эсхүл хонжворт сугалааны тохирлыг шударга бусаар шалгаруулсан нь тогтоогдсон.
15.2. Энэ хуулийн 15.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг холбогдох байгууллага эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
15.3. Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

ТАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ОРОЛЦОГЧ
16 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
16.1. Энэ хуулийн 5.1.3, 5.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрхтэй байна:
16.1.1. хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажилласан бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах;
16.1.2. Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан бусад.
16.2. Энэ хуулийн 5.1.3, 5.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэгтэй байна:
16.2.1. оролцогчийн эрх ашгийг зохих ёсоор хамгаалж, бооцоот таавар болон хонжворт сугалааг оролцогчид шударга, ойлгомжтойгоор зохион байгуулах;
16.2.2. оролцогчтой гэрээ, хэлцэл байгуулахаас өмнө эрсдэлийн талаарх мэдээллийг ойлгомжтойгоор мэдэгдэх;
16.2.3. хонжворыг оролцогчид даруй олгох;
16.2.4. бооцоот таавар, хонжворт сугалаанд зээлээр оролцуулахгүй байх, оролцогчийн хөрөнгө, бичиг баримтыг барьцаалж тоглуулахгүй байх;
16.2.5. оролцогчийн бичиг баримтыг шалгах, таньж мэдэх;
16.2.6. жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн аудит хийлгэх;
16.2.7. оролцогчийн гомдлыг шийдвэрлэж, хариу өгөх;
16.2.8. анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа өөрийн хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих;
16.2.9. энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг үйл ажиллагаандаа байнга хангаж ажиллах.
17 дугаар зүйл. Бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцогч
17.1. Бооцоот таавар, хонжворт сугалааны оролцогч нь 18 насанд хүрсэн байна.
17.2. Оролцогч нь зохион байгуулагчаас мэдээлэл, тайлбар авах, бооцоо, хонжворын талаарх гомдлоо зохион байгуулагчид, эсхүл Зөвлөлд гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй байна.
17.3. Бооцоот үйл явдлын талаар дотоод мэдээлэл эзэмшигч этгээд өөрөө, эсхүл бусад этгээдээр дамжуулан бооцоот тааварт оролцохыг хориглоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗӨВЛӨЛ
18 дугаар зүйл. Мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл
18.1. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах ажлыг улсын хэмжээнд мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ зохион байгуулна.
18.2. Зөвлөл нь энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг нь хангуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
18.3. Зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүнийг санхүүгийн, шударга өрсөлдөөн, аялал жуулчлалын болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тус тус санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилно.
18.4. Зөвлөлийн даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилно.
18.5. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.
18.6. Зөвлөлийн дарга, гишүүдийг үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий орон тооны ажлын албатай байна. Зөвлөлийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг Засгийн газар батална.
18.7. Зөвлөлийн ажлын алба /цаашид “Ажлын алба” гэх/-ны бүтцэд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. Зөвлөлийн дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлнө.
18.8. Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч тус тус олгоно.
18.9. Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хурлын шийдвэр нь тогтоол, зөвлөмж хэлбэртэй байна. Шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн дарга ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж болно.
18.10. Зөвлөлийн дарга, гишүүнд урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээг Засгийн газар тогтооно.
18.11. Зөвлөл улсын хэмжээнд мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, түүний сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын төлөв байдлын талаар нэгдсэн тайланг Засгийн газарт жил бүр танилцуулна.
18.12. Зөвлөл нь тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
19 дүгээр зүйл. Зөвлөлийн дарга, гишүүнд тавигдах шаардлага
19.1. Зөвлөлийн дарга, гишүүн дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна:
19.1.1. хууль зүйн, эсхүл санхүүгийн өндөр мэргэшилтэй;
19.1.2. сүүлийн хоёр жил төрийн улс төрийн албан тушаал эрхлээгүй;
19.1.3. мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай хамаарал бүхий этгээд биш байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх;
19.1.4. сүүлийн хоёр жилийн байдлаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хувьцаа эзэмшигч, ажилтан байгаагүй байх.
19.2. Зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хараат бусаар, бие даан хэрэгжүүлнэ.
20 дугаар зүйл. Зөвлөлийн чиг үүрэг
20.1. Зөвлөл нь мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай холбоотойгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.1.1. хуульд заасан бол тусгай зөвшөөрөл хүсэгч зохих шаардлага шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах;
20.1.2. оролцогчоос цаасаар болон цахимаар гомдол хүлээн авах, шийдвэрлэх, эсхүл харьяаллын дагуу гомдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
20.1.3. тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон хуульд заасан үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
20.1.4. ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, дүрмийг хэлэлцэж батлах;
20.1.5. энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;
20.1.6. хуульд заасан бусад.
20.2. Бооцоот таавар зохион байгуулж болох үйл явдлын нэр төрлийн жагсаалт, бооцоот тааврын дүрэм боловсруулахад баримтлах зарчим, бооцооны дээд хэмжээг Зөвлөл батална.
20.3. Зөвлөл нь мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах зохимжтой этгээдийн шалгуурыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн батална.
20.4. Иргэнээс өргөдөл, гомдол ирүүлсэн бол казино, бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулахад ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, программ хангамжид тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардлаар хөндлөнгийн шалгалт хийлгэж болно.
21 дүгээр зүйл. Бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт
21.1. Ажлын албаны бүтцэд харьяалагдах улсын байцаагч бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус, эсхүл гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.
21.2. Бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс гомдол ирсэн тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлсэн хугацаатай албан шаардлагын биелэлтийг шалгах зорилгоор гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.
21.3. Улсын байцаагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.3.1. энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
21.3.2. хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үнэ төлбөргүй гаргуулан авах;
21.3.3. хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэн орох, хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт цуглуулах, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг түр хураан авах;
21.3.4. бооцоот тоглоомын үйл ажиллагааны явцын хяналтын дуу, дүрс, бичлэгийг шалгах;
21.3.5. хяналт шалгалтын явцад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл илэрсэн бол энэ тухай тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд дүгнэлт хүргүүлэх;
21.3.6. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД
22 дугаар зүйл. Бооцоот таавар, хонжворт сугалааны хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
23.1. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд заасан шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрлөө шинээр авах тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргана.
23.2. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь энэ хуулийн 23.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлөө шинээр авах тухай хүсэлт гаргаагүй бол энэ хуульд заасан эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу хүчингүй болгоно.
24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
24.1. Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

2. Хэлэлцэх эсэх -Нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх