Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 11-р сарын 03 өдөр
Ulaanbaatar city
Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ЗОРИЛТ
1.1.Энэ хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 ДУГААР ЗҮЙЛ.ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1.Гэр бүлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 ДУГААР ЗҮЙЛ.ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ЗАРЧИМ
3.1.Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ.
3.2.Хүнийг гэрлэхэд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.
3.3.Монгол Улсад эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна.
3.4.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, гэр бүлийн гишүүний өмнө хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.
3.5.Эцэг, эх хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх хамтын үүрэгтэй бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаална.
3.6.Гэр бүл аюулгүй, амар тайван, хүчирхийллээс ангид байна.
3.7.Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж бөгөөд төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.
3.8.Төр хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаална.
3.9.Шүүх хүүхдийн гэр бүлийн орчинд өсөн хүмүүжих эрхийг нэн тэргүүнд хамгаалах бөгөөд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ эрхийг хязгаарлаж болно.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛИЙН НЭР ТОМЬЁО
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний сайн дурын, чөлөөтэй харилцаанд үндэслэн гэр бүл болох хүсэл зоригоо харилцан илэрхийлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг;
4.1.2.“гэрлэгчид” гэж гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхээр гэрлэлтээ иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нөхөр, эхнэрийг;
4.1.3.“гэр бүл” гэж гэрлэлт, төрөлт, үрчлэлтийн үр дүнд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;
4.1.4.“гэр бүлийн гишүүн”-д дараах хүмүүс хамаарна:
4.1.4.б.гэрлэгчдийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд;
4.1.4.в.гэрлэгчдийн хамт амьдарч байгаа төрөл, садангийн хүнийг;
4.1.5.“төрлийн хүн” гэж гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, тэдгээрийн хүүхдийг;
4.1.6.“садангийн хүн” гэж гэрлэгчдийн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;
4.1.7.“овог” гэж гэр бүл, ураг төрлийнхөн үе уламжлан хэрэглэх нэрийг;
4.1.8.“үрчлэлт” гэж шүүхийн шийдвэрийн дагуу үрчлэн авсан эцэг, эх болон үрчлүүлсэн хүүхдийн хооронд төрсөн эцэг, эх, хүүхдийн адил эрх, үүрэг, хариуцлага үүсгэхээр иргэний улсын бүртгэлд бүртгүүлснийг;
4.1.9.“асран хамгаалах” гэж эцэг, эхийн асран хамгаалалтгүй болсон 14 насанд хүрээгүй хүүхдийг, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй нь шүүхээр тогтоогдсон, эсхүл байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл ахмад настай хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;
4.1.10.“харгалзан дэмжих” гэж эцэг, эхийн харгалзан дэмжлэггүй болсон 14, түүнээс дээш насны хүүхдийн, эсхүл иргэний эрх зүйн чадамжийг нь шүүхээс хязгаарласан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;
4.1.11.“хүүхэд” гэж иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдсоноос бусад тохиолдолд 18 насанд хүрээгүй хүнийг;
4.1.12.“бүтэн өнчин хүүхэд” гэж эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл цуцалсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан бөгөөд тусдаа амьдарч байсан эцэг /эх/ асрамждаа аваагүй 18 хүртэлх насны хүүхдийг;
4.1.13.“сонирхогч тал” гэж 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө, эсхүл түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад гэр бүлийн гишүүн, төрөл, садан, эсхүл хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, албан тушаалтан, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн этгээдийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ГЭРЛЭХ НӨХЦӨЛ, ЖУРАМ, ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛОХ
5 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭХ НӨХЦӨЛ
5.1.Энэ хуулийн 8.1-д заасан харшлах шалтгаангүй, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр, эсхүл Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй сайн дурын үндсэн дээр Монгол Улсад гэрлэж болно.
5.2.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө эрүүл мэндийн шинжилгээ өгч, гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдана.
5.3.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамрагдаж болно.
6 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭХ ЖУРАМ
6.1.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ.
6.2.Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүснэ.
7 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭ, ҮР ДАГАВАР
7.1.Гэрлэхийг хүсэгчид бэлгийн замаар дамжих халдвар болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн байгууллагад шинжилгээнд хамрагдаж, тодорхойлолт гаргуулсан байна.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан өвчтэй, халдвартай нь тогтоогдсон тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтан тухайн өвчин, түүний үр дагаврын талаар гэрлэхийг хүсэгчдэд тайлбар, зөвлөгөө өгч, шинжилгээний хариуг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хадгална.
7.3.Энэ хуулийн 7.1-д заасан өвчтэй, халдвартай нь тогтоогдсон хүн өөрийн шинжилгээний хариуг нөгөө талдаа мэдэгдэнэ.
7.4.Гэрлэхийг хүсэгчид хоёулаа эсхүл хэн нэг нь удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байсныг гэр бүл болсноос хойш мэдсэн тохиолдолд гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
8 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТ БҮРТГҮҮЛЭХЭД ХАРШЛАХ НӨХЦӨЛ
8.1.Дараах нөхцөл гэрлэхэд харшлах шалтгаан болно:
8.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа;
8.1.2.гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь энэ хуулийн 5.1-д заасан насанд хүрээгүй;
8.1.3.гэрлэхийг хүсэгчид гэр бүлийн гишүүд, эсхүл төрөл, садангийн холбоотой;
8.1.4.гэрлэхийг хүсэгчид хоорондоо асран хамгаалагч, асран хамгаалуулагч, эсхүл харгалзан дэмжигч, харгалзан дэмжүүлэгч;
8.1.5.гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй.
8.2.Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон бол энэ хуулийн 8.1.2-т заасан шалтгаан үл хамаарна.
9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГЭРЛЭГЧДИЙН ЭРХ, ҮҮРЭГ
9.1.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.
9.2.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах эрхтэй:
9.2.1.гэр бүлээ төлөвлөх;
9.2.2.оршин суух газраа сонгох;
9.2.3.сурах, ажил, мэргэжлээ сонгох;
9.2.4.хуваарьт хөрөнгөтэй байх;
9.2.5.сайн дурын үндсэн дээр гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах;
9.2.6.гэр бүлийн хүчирхийллээс ангид байх.
9.3.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах үүрэг хүлээнэ:
9.3.1.бие биеэ, хүүхдээ тэжээн тэтгэх, асран халамжлах, харгалзан дэмжих;
9.3.2.гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
9.3.3.хүүхэд төрүүлэхэд бэлтгэх, ургийн өсөлт, бойжилтыг тогтмол хянуулах;
9.3.4.угийн бичиг хөтлөх, өвлүүлэх;
9.3.5.хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх;
9.3.6.гэр бүлийн үнэт зүйл, үндэсний соёл, уламжлал, зан заншлыг хүүхэддээ өвлүүлэх, оюун санааны дархлааг бэхжүүлэх;
9.3.7.хамтын үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гэрлэгчид бие биедээ үнэнч байх, гэр бүлийн хамтын амьдралаа тогтвортой байлгах, гэр бүлийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх.
9.4.Гэрлэгчдийн хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалж гэрлэлт цуцалсан нь нөхөр, эсхүл эхнэрийн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан бол Иргэний хуульд заасны дагуу хохирогч тал гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргах эрхтэй.
9.5.Энэ хуулийн 9.3.4-т заасан угийн бичиг хөтлөх журмыг соёлын болон хүн амын хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
10 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛОХ
10.1.Гэрлэлтийг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно:
10.1.1.гэрлэгч нас барсан, эсхүл түүнийг нас барсан гэж зарласан;
10.1.2.гэрлэгч сураггүй алга болсон гэж тооцогдсон;
10.1.2.захиргааны, эсхүл шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж шүүх шийдвэрлэсэн.
10.2.Захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан бол Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1-д заасны дагуу гэрлэлт дуусгавар болно.
10.3.Шүүхийн журмаар гэрлэлт цуцалсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болно.
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ ЖУРАМ
11.1.Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны болон шүүхийн журмаар цуцална.
11.2.Эхнэр нь жирэмсэн, эсхүл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн, эсхүл хөдөлмөрийн чадвараа хагас, эсхүл бүрэн алдсан тохиолдолд хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгоно.
11.3.Энэ хуулийн 11.2-т заасан нөхцөл байдал арилсан бол гэрлэгчдийн хэн нэг нь гэрлэлт цуцлах нэхэмжлэл дахин гаргаж болно.
12 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЦУЦЛАХ
12.1.Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай хүсэлтээ тус тусдаа бичгээр гаргаж, иргэний улсын бүртгэлийн байгууллага, эсхүл хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ.
12.2.Улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар нь энэ хуулийн 12.1-д заасан хүсэлтийг хянан үзэж, 21 хоногийн дотор гэрлэлтийг цуцална.
12.3.Гэрлэгчид 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй, гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бол гэрлэлтийг захиргааны журмаар цуцална.
13 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТИЙГ ШҮҮХИЙН ЖУРМААР ЦУЦЛАХ
13.1.Захиргааны журмаар гэрлэлт цуцлахаас бусад тохиолдолд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.
13.2.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гэрлэгчдийн хэн нэг нь гаргах эрхтэй.
13.3.Шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргахдаа тэргүүн ээлжинд хүүхэд, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл хөдөлмөрийн чадваргүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзнэ.
13.4.Иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон гэрлэгчдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
13.5.Шүүх шаардлагатай гэж үзсэн бол гэрлэгчдийг эвлэрүүлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаагаар түдгэлзүүлж болно.
13.6.Эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажиллаж болно.
13.7.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээнд эд хөрөнгийн эрх, үүргийг тусгасан эсэхээс үл хамаарч, гэрлэлт цуцлуулах үед эд хөрөнгийн эрх, үүргийн талаар харилцан тохиролцож болно.