4.1.1.“ургамал” гэж амьд ургамал, түүний үр, суулгац, үр хөврөл, бусад эд эрхтэнг;
4.1.2."ургамлын гаралтай бүтээгдэхүүн" гэж ургамлын боловсруулаагүй түүхий эд болон шинж чанар, боловсруулалтын онцлогоос хамаарч хөнөөлт организм нэвтрэх, тархах эрсдэлийг үүсгэж болзошгүй боловсруулсан бүтээгдэхүүнийг;
4.1.3.“хөнөөлт организм” гэж ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөл учруулдаг ургамал, амьтны, эсхүл эмгэг төрүүлэгчийн аливаа зүйл, омог, биологийн төрөл зүйлийг;
4.1.4.“хорио цээртэй хөнөөлт организм” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт илрээгүй боловч хил дамнан орж ирж аюул учруулж болзошгүй, эсхүл илэрсэн ч өргөн тархаагүй, эрсдэл, нөлөөллийг бууруулах арга нь тодорхой, энэ хуулийн 4.1.12-т заасан эрсдэлийн шинжилгээгээр эдийн засгийн хохирол учруулж болзошгүй нь тогтоогдсон хөнөөлт организмыг;
4.1.5.“гоц хөнөөлт организм” гэж эдийн засаг, байгаль, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй болох нь энэ хуулийн 4.1.12-т заасан эрсдэлийн шинжилгээгээр тогтоогдсон хорио цээртэй хөнөөлт организмыг;
4.1.6.“зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организм” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт өргөн тархсан, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга нь тодорхой, энэ хуулийн 4.1.12-т заасан эрсдэлийн шинжилгээгээр эдийн засгийн хохирол багатай нь тогтоогдсон хөнөөлт организмыг;
4.1.7.“ургамлын эрүүл мэнд” гэж ургамлын хөнөөлт организмгүй байдлыг;
4.1.8.“ургамлын эрүүл мэндийг хамгаалах” гэж ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хор хөнөөлийг бууруулах, хөнөөлт организмгүй байдлыг тогтоох цогц үйл ажиллагааг;
4.1.9.“ургамлын эрүүл ахуйн үзлэг” гэж улсын байцаагчаас ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, бусад зохицуулалттай эд, материалд хөнөөлт организм байгаа эсэх болон эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагааг;
4.1.10."зохицуулалттай эд, материал" гэж хөнөөлт организмыг тээх, эсхүл дамжин тархаах эрсдэлтэй ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, тэдгээрийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдаалахад ашиглах сав, баглаа боодол, ачаа тээш, тээврийн хэрэгсэл, хүн, хөрс, өөр бусад организм зэрэг ургамлын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай бүх төрлийн эд материалыг;
4.1.11.“ургамал хамгаалал” гэж ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хамгаалах зорилгоор хөнөөлт организмыг илрүүлэх, гаралт, тархалтыг хязгаарлах, тэмцэх үйл ажиллагааг;
4.1.12.“эрсдэлийн шинжилгээ” гэж тухайн илэрсэн организмыг биологийн болон бусад шинжлэх ухааны судалгаа, эдийн засгийн нотолгоонд үндэслэн эдийн засаг, байгаль, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хөнөөлийн түвшин, түүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үйл ажиллагааг;
4.1.13.“хорио цээртэй хөнөөлт организмгүй газар нутаг” гэж хөнөөлт организмгүй болохыг тандан судалж тогтоох, хянах, тэмцэх, устгах арга хэмжээ хэрэгжүүлдэг болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон газар нутаг, эсхүл зарим хэсэг нутгийг;
4.1.14.“мэргэжлийн байгууллага” гэж хөнөөлт организм гарсан, тархсан тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийх аж ахуйн нэгжийг;
4.1.15."ургамал хамгааллын бүтээгдэхүүн" гэж хөнөөлт организмтай тэмцэхэд хэрэглэх химийн болон биологийн гаралтай бүтээгдэхүүнийг.