Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 3-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэх/-ийн бүрэн эрх, үйл ажиллагааны үндсэн зарчим, зохион байгуулалт, хараат бус байдлын баталгаа, Цэцийн гишүүний эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Цэцийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.
3 дугаар зүйл. Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим
3.1. Цэц үйл ажиллагаандаа гагцхүү Үндсэн хуульд захирагдах, хууль дээдлэх, төвийг сахих, судалгаанд үндэслэх, хараат бус, ил тод байх үндсэн зарчмыг баримтална.
4 дүгээр зүйл. Үндсэн хуулийн цэц, түүний бүрэн эрх
4.1. Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.
4.2. Цэц дараах маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах замаар энэ хуулийн 4.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:
4.2.1. хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
4.2.2. ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
4.2.3. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
4.2.4. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх;
4.2.5. иргэний үндсэн эрхийн маргаан.
4.3. Энэ хуулийн 4.2.1, 4.2.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэсэн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5 дугаар зүйл. Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлага
5.1. Цэцийн гишүүнээр хууль зүйн дээд боловсролтой, хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
5.2. Дараах иргэнийг Цэцийн гишүүнээр томилохыг хориглоно:
5.2.1. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
5.2.2. сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлсэн;
5.2.3. санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан.
6 дугаар зүйл. Цэцийн гишүүнийг томилох
6.1. Цэц есөн гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүх /цаашид “эрх бүхий байгууллага, албан тушаалтан” гэх/-ийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно. Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно.
6.2. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45 хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд энэ хуулийн 6.6-д заасан танилцуулга, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ.
6.3. Улсын Их Хурал Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгохдоо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 1011 дүгээр зүйлд заасныг баримтална.
6.4. Ерөнхийлөгч Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 141 дүгээр зүйлд заасныг баримтална.
6.5. Улсын дээд шүүх Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгохдоо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтална.
6.6. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээс өмнө тухайн нэр дэвшигч Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан тухай танилцуулгыг таваас доошгүй ажлын өдөр цахим хуудастаа байршуулна.
6.7. Энэ хуулийн 6.2-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулж томилно. Цэцийн гишүүнээр дахин томилох тохиолдолд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахгүй.
6.8. Энэ хуулийн 6.2-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилохоос татгалзсан бол санал гаргасан байгууллага, албан тушаалтан 30 хоногийн дотор энэ зүйлд заасны дагуу өөр нэр дэвшигчийг санал болгоно.
6.9. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангах боломжтой хүмүүсийг судлах, ярилцлага хийх, ил тод байх, олон нийтийн болон мэргэжлийн байгууллагын оролцоог хангах зэрэг асуудлыг зохицуулсан журмыг энэ хуульд нийцүүлэн баталж, цахим хуудастаа байршуулна.
7 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрх эхлэх, дуусгавар болох
7.1. Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж энэ хуулийн 7.2-т заасан үндэслэлээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.
7.2. Цэцийн гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:
7.2.2. бүрэн эрхийн хугацаа дуусаж дараагийн гишүүн томилогдсон;
7.2.3. чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
7.2.4. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан;
7.2.5. энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан;
7.2.6. гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
7.3. Цэцийн гишүүнээр томилогдсоноос хойш төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь тухайн гишүүний бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.
8 дугаар зүйл. Цэцийн гишүүний тангараг
8.1. Цэцийн гишүүн томилогдсоноос хойш 30 хоногийн дотор “Үндсэн хуулийн цэцийн гишүүн би Монгол Улсын Үндсэн хуулийг чин үнэнчээр хамгаалж, маргааныг гагцхүү Үндсэн хуульд захирагдан төвийг сахиж, хараат бус, шударгаар хянан шийдвэрлэж, Цэцийн гишүүний үүргээ чандлан биелүүлэхээ тангараглая” хэмээн Цэцийн хуралдааны танхимд Үндсэн хуульд тангараг өргөнө.
8.2. Цэцийн гишүүний тангараг өргөх журмыг Үндсэн хуулийн цэцийн дэг /цаашид “Дэг” гэх/-ээр зохицуулна.
9 дүгээр зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх зохион байгуулалт
9.1. Цэцэд маргааныг Бага, Дунд, Их суудлаар хянан шийдвэрлэнэ.
9.2. Бага суудал гурван гишүүнээс, Дунд суудал зургаан гишүүнээс, Их суудал нийт гишүүнээс тус тус бүрдэнэ.
9.3. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.3-д заасан тохиолдолд Их суудлыг долоогоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй явуулж болно.
10 дугаар зүйл. Цэцийн нийт гишүүний хуралдаан
10.1. Цэцийн нийт гишүүнээс бүрдсэн Цэцийн нийт гишүүний хуралдаан /цаашид “Нийт гишүүний хуралдаан” гэх/ ажиллана.
10.2. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад Цэцийн гишүүн Нийт гишүүний хуралдаанд оролцох, саналаа өгөх үүрэгтэй. Уг хуралдааныг долоогоос доошгүй гишүүн хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлаа шийдвэрлэнэ.
10.3. Нийт гишүүний хуралдаан дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
10.3.1. Цэцийн даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;
10.3.2. Үндсэн хуулийн цэцийн дэгийг батлах;
10.3.3. Цэцийн төсвийн талаар санал гаргах, төсвийн гүйцэтгэлтэй танилцах;
10.3.4. Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх;
10.3.5. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг тогтоох, энэ тухай шийдвэрээ Улсын Их Хуралд хүргүүлэх;
10.3.6. Цэцийн ажлын алба /цаашид “ажлын алба” гэх/-ны бүтэц, орон тоо, дүрмийг батлах;
10.3.7. Цэцийн даргын саналаар ажлын албаны дарга, Цэцийн судалгааны төвийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх;
10.3.8. Ажлын албаны үйл ажиллагааны тайлан, мэдээлэл сонсох, чиглэл өгөх;
10.3.9. Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн санал болгосон асуудал.
10.4. Нийт гишүүний хуралдаанаас хэлэлцсэн асуудлаараа хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргана.
10.5. Нийт гишүүний хуралдааны тэмдэглэлийг хөтлөн баримтжуулж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасны дагуу хадгална.
10.6. Дэгийг Цэцийн цахим хуудаст байршуулна.
10.7. Нийт гишүүний хуралдаан ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна. Ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус хуралдааныг энэ хуульд заасан хугацаанд, эсхүл Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь, эсхүл Цэцийн даргын саналаар хуралдуулна.
10.8. Цэцийн гишүүн Нийт гишүүний хуралдаанаар хэлэлцэх асуудалтай гурваас доошгүй ажлын өдрийн өмнө урьдчилан танилцаж, хуралдаанд оролцох, санал гаргах, өгөх тэгш боломжоор хангагдана.
10.9. Нийт гишүүний хуралдааны журмыг Дэгээр зохицуулна.
11 дүгээр зүйл. Цэцийн дарга, түүний бүрэн эрх
11.1. Цэцийн даргыг гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
11.2. Цэцийн даргын бүрэн эрх дуусгавар болсон бол 14 хоногийн дотор даргыг сонгоно.
11.3. Цэцийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар санал хурааж нийт гишүүний олонхын санал авсан гишүүнийг Цэцийн даргаар сонгоно. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш гишүүн нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр гишүүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
11.4. Цэцийн дарга нь гишүүний бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.4.1. Цэцийг дотоод, гадаадад төлөөлөх;
11.4.2. Нийт гишүүний хуралдааныг хуралдуулах, даргалах;
11.4.3. төрийн бусад байгууллагатай харилцахдаа Цэцийн хараат бус байдлыг сахин хамгаалах;
11.4.4. Цэцийн төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
11.4.5. хуульд заасан бусад.
11.5. Цэцийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
11.6. Цэцийн тамгыг Цэцийн дарга барина.
11.7. Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн гишүүнээр хамгийн удаан ажилласан гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
Тайлбар:. Энэ зүйлд заасан “Цэцийн гишүүнээр хамгийн удаан ажилласан” гэдгийг Цэцийн гишүүнээр томилогдсон өдрөөс эхэлж тооцох бөгөөд хэрэв Цэцийн гишүүд нэг өдөр томилогдсон бол эдгээрээс хамгийн ахмадыг нь ойлгоно. Энэ зүйлд заасан “нийт гишүүний олонх” гэж Цэцийн таваас доошгүй гишүүнийг ойлгоно.
12 дугаар зүйл. Цэцийн ажлын алба
12.1. Цэц нь Цэцийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй, аюулгүй явуулах, ажиллах нөхцөлөөр хангах, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэшсэн ажлын албатай байна.
12.2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг шаардлага хангасан эсэхийг нягтлан үзэх чиг үүрэг бүхий Ерөнхий бүртгэгч, мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий бүртгэгч ажиллана.
12.3. Ерөнхий бүртгэгч долоогоос доошгүй жил, бүртгэгч гурваас доошгүй жил эрх зүйч мэргэжлээр ажилласан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна.
12.4. Цэцийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий судалгааны төв, номын сан, тусгай архив болон зохион байгуулалтын бусад нэгж ажиллана.
13 дугаар зүйл. Цэцийн гишүүний туслах, судлаач
13.1. Цэцийн гишүүн туслахтай байна.
13.2. Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий судлаачтай байна. Судлаач нь харьцуулсан эрх зүйн судалгаа хийх чадвартай эрх зүйч байна.
13.3. Цэцийн гишүүний туслах, судлаачийг томилох, чөлөөлөхөд тухайн гишүүний саналыг үндэслэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦЭЦ, ТҮҮНИЙ ГИШҮҮНИЙ ХАРААТ БУС БАЙДАЛ
14 дүгээр зүйл. Цэцийн гишүүний хараат бус байдал
14.1. Цэцийн дарга, гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус, эрх тэгш байна.
14.2. Цэцийн дарга, гишүүн бусад гишүүнийхээ үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах зэргээр хараат бус байдалд нь халдахыг хориглоно.
14.3. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдохыг хориглоно.
14.4. Цэцийн гишүүний амь бие, орон байр, ажлын байр, унаа, холбооны хэрэгсэл, захидал харилцаа халдашгүй байна.
14.5. Албан үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай материал, унаа, техник, хэрэгслээр Цэцийн гишүүнийг хангана.
14.6. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, эсхүл түүнийг эгүүлэн татахыг хориглоно.
14.7. Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр түүнийг баривчлах, саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, ажлын байр, унаа, холбооны хэрэгсэл, захидал харилцаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, баримт бичиг, эд зүйлийг нь хураан авахыг хориглоно.
14.8. Цэцийн гишүүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн бол цагдаагийн байгууллага таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг нэн даруй авна.
14.9. Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аливаа албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
14.10. Цэцийн гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд илэрхийлсэн санал, гаргасан шийдвэрийнх нь төлөө Цэцийн гишүүн болон Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг аливаа хариуцлагад татахыг хориглоно.
15 дугаар зүйл. Нөлөөллийн мэдүүлэг
15.1. Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх явцад бусад этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдэл, эс үйлдэхүйг тэмдэглэн баталгаажуулах зорилгоор нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
15.2. Нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар маргаан үүсгэсэн даруйд тухайн маргааны оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна.
15.3. Цэцийн гишүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн бол маргааны материалд хавсаргаж, хувийг Цэцийн даргад хүргүүлнэ.
15.4. Цэцийн дарга нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар зохих байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.
15.5. Энэ хуулийн 15.4-д заасны дагуу шилжүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн Цэцийн гишүүн болон Цэцийн даргад хариу мэдэгдэнэ.
15.6. Ажлын алба энэ хуулийн 15.5-д заасны дагуу ирүүлсэн шийдвэрийг тухай бүр нийтэд мэдээлнэ.
16 дугаар зүйл. Цэцийн гишүүний эдийн засаг, нийгмийн баталгаа
16.1. Цэцийн гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ нь бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна.
16.2. Цэцийн гишүүний цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.
16.3. Цэцийн төсвийг батлахдаа гишүүний цалин хөлсний хэмжээг өмнөх жилийнхээс бууруулж болохгүй.
16.4. Цэцийн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Цэцийн төсвөөс санхүүжүүлнэ.
16.5. Энэ хуулийн 7.2.2-т заасан үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, тийм боломжгүй бол түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно.
16.6. Энэ хуулийн 6.5-д заасны дагуу томилогдсон Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хүн шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрээгүй бол Шүүхийн ерөнхий зөвлөл түүнийг хяналтын шатны шүүхийн шүүгчээр томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх бөгөөд энэ тохиолдолд шүүгчид нэр дэвшигчийн шалгалт авахгүй.
16.7. Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүний өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоох үеийн Цэцийн гишүүний цалин хөлсний 60-аас доошгүй хувиар бодож тогтооно.
16.8. Цэцийн гишүүний амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна.
16.9. Цэцийн гишүүний амь нас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна:
16.9.1. Цэцийн гишүүн үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр Цэцийн гишүүний гэр бүлд олгох;
16.9.2. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн гишүүний сүүлийн гурван жилийн цалинтай тэнцэх;
16.9.3. Цэцийн гишүүний эрүүл мэндэд хохирол учирсан нь түүний хөдөлмөрийн чадварыг алдагдуулаагүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд саад болохооргүй бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн гишүүний сүүлийн нэг жилийн цалинтай тэнцэх.
16.10. Энэ хуулийн 16.9-т заасан даатгалыг даатгалын байгууллагаас төлнө.
16.11. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд Цэцийн гишүүнээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг сар бүр олгоно.
16.12. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад амь насаа алдвал түүний асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд тухайн гишүүний авч байсан албан тушаалын цалингаас ногдох хэмжээгээр тэтгэмж /нөхөх төлбөр/-ийг сар бүр олгох бөгөөд түүнд улсын төсвөөс төлсөн даатгалын төлбөр, тэжээгчээ алдсаны болон бусад төрлийн тэтгэвэр, цалин, тэтгэлгийг оруулан тооцохгүй.
16.13. Цэцийн гишүүний тэтгэвэртэй холбогдсон харилцаа болон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар зохицуулна.
16.14. Цэцийн гишүүн буюу гишүүнээр ажиллаж байсан хүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.
17 дугаар зүйл. Цэцийн хараат бус байдал
17.1. Цэцийн бүрэн эрх, хараат бус байдалд хэн ч халдаж үл болно.
17.2. Цэц аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бус байж, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлөөр хангагдана.
17.3. Цэц, түүний гишүүний хараат бус байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.
17.4. Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
17.5. Цэц тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, хэвлэмэл хуудастай байна.
17.6. Цэц өөрийн бэлгэдэл, Цэцийн гишүүн өмсгөл, энгэрийн тэмдэгтэй байх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Дэгээр зохицуулна.
17.7. Цэцийн бэлгэдэл, оноосон нэртэй адил хэлбэр, агуулгатай бэлгэдэл, нэршлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
17.8. Цэц үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангасан өөрийн байртай байна.
17.9. Цэцийн байрны аюулгүй байдлыг төрийн тусгай хамгаалалтын байгууллага хариуцна.
17.10. Цэц, түүний гишүүний болон хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хуралдааны дэг сахиулах үүргийг төрийн тусгай хамгаалалтын байгууллага гүйцэтгэх бөгөөд холбогдох журмыг Цэцийн дарга, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга хамтран батална.
18 дугаар зүйл. Цэцийн төсөв, санхүүгийн баталгаа
18.1. Цэц бие даасан төсөвтэй байх бөгөөд төсөв нь үйл ажиллагаагаа явуулахад хангалттай хүрэлцэхүйц байна.
18.2. Цэцийн төсөв, цалингийн сан, гишүүдийн цалин хөлсний хэмжээг Нийт гишүүний хуралдааны санал болгосноор Улсын Их Хурал тогтоож, батална.
18.3. Цэцийн гишүүний туслах, судлаач, Ерөнхий бүртгэгч, бүртгэгч болон ажлын албаны бусад албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
18.4. Цэцийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГА
19 дүгээр зүйл. Цэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйл
19.1. Цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, төвийг сахих, хараат бус, бодитой, үндэслэлтэй хандах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг чанд баримтална.
19.2. Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан холбогдох үүрэг, хориглолт, хязгаарлалтыг дагаж мөрдөнө.
19.3. Цэцийн гишүүнд дараах зүйлийг хориглоно:
19.3.1. бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах, албан үүрэгтэйгээ холбоогүй зорилгоор ашиглах;
19.3.2. Цэцээр хянан шийдвэрлэх асуудал болон хянан шийдвэрлэж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг нийтэд урьдчилан илэрхийлэх, зөвлөгөө өгөх;
19.3.3. өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний эрх, ашиг сонирхол хөндөгдсөнөөс бусад тохиолдолд шүүхэд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд оролцох, бусдыг төлөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх;
19.3.4. багшлах болон судалгааны ажил гүйцэтгэхээс бусад албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;
19.3.5. улс төрийн, бизнес, худалдааны, эсхүл хараат бус, төвийг сахих байдалд нь харшлах бусад үйл ажиллагаа эрхлэх, оролцох.
20 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх
20.1. Цэцийн дарга, гишүүнд холбогдуулан үүсгэсэн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад уг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа Улсын ерөнхий прокурор Цэцэд хүргүүлнэ.
20.2. Нийт гишүүний хуралдаан энэ хуулийн 20.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хэлэлцэж, Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
20.3. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа Цэцийн дарга, гишүүн Нийт гишүүний хуралдаанд үг хэлэх эрхтэй бөгөөд санал хураалтад оролцохгүй. Уг хуралдаанд Улсын ерөнхий прокурор саналаа үндэслэлийн хамт амаар танилцуулна.
20.4. Нийт гишүүний хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь энэ хуулийн 20.1-д заасан саналыг үндэслэлтэй гэж үзсэн бол Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.
20.5. Дараах тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааны албан тушаалын цалинг бүхэлд нь нөхөн олгоно:
20.5.1. Цэцийн гишүүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон;
20.5.2. Цэцийн гишүүнийг гэм буруугүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
20.6. Нийт гишүүний хуралдааны шийдвэргүйгээр Цэцийн дарга, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хориглоно.
21 дүгээр зүйл. Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах
21.1. Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл түүнийг эгүүлэн татах үндэслэл болно.
21.2. Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах үндэслэл бий болсон гэж үзвэл Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103.4-т заасны дагуу саналаа Цэцэд хүргүүлнэ.
21.3. Нийт гишүүний хуралдаан энэ хуулийн 21.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж, Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
21.4. Эгүүлэн татах эсэхийг хэлэлцэж байгаа Цэцийн дарга, гишүүн Нийт гишүүний хуралдаанд үг хэлэх эрхтэй бөгөөд санал хураалтад оролцохгүй. Уг хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч Улсын Их Хурлын саналын үндэслэлийг танилцуулна.
21.5. Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй тухай Цэцийн шийдвэрийг Нийт гишүүний хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар гаргана.
21.6. Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй тухай Цэцийн шийдвэр гаргасан бол ажлын таван өдрийн дотор уг шийдвэрийг Улсын Их Хурал болон тухайн гишүүнийг анх илгээсэн байгууллагад хүргүүлж нийтэд мэдээлнэ.
21.7. Анх илгээсэн байгууллага Цэцийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор саналаа Улсын Их Хуралд хүргүүлнэ. Уг хугацаанд саналаа хүргүүлээгүй бол Улсын Их Хурал энэ хуулийн 21.8-д заасны дагуу шийдвэрлэхэд тусгайлсан саналгүйд тооцно.
21.8. Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах эсэхийг Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
21.9. Цэцийн шийдвэргүйгээр Цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татахыг хориглоно.
Тайлбар:. Энэ зүйлд заасан “анх илгээсэн байгууллага” гэдэгт энэ хуулийн 6 дугаар зүйлийн дагуу Цэцийн тухайн гишүүнийг санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтныг ойлгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
22 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.2. Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.3. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг, эсхүл бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гарсан бол энэ талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
23 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
23.1. Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

Б. Галсанбат

Ц. МӨНХ-ОРГИЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх