1/5.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалт:
“2.7.энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулбарлан авах зорилгоор зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглах”
2/5.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалт:
“2.11.цахим хавтаст хэргийн мэдээллийн системд нэвтэрч хэргийн материалтай танилцах, хуулбарлан авах;”
3/7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
“5.Мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай биечлэн, эсхүл цахимаар танилцаж, төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг хуулбарлан авах эрхтэй.”
4/11.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:
“7.Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй.”
5/11.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:
“7.Хавтаст хэргийг цахимжуулах, шүүх, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудын нэгдсэн системд холбох, ашиглах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.”
6/12.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:
“9.Мөрдөгч нь хэргийн оролцогчийн хүсэлтээр төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, мэдэгдэл хүргэх систем, мөн иргэний төрийн үйлчилгээний нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системд иргэний үүсгэсэн, бүртгүүлсэн цахим шуудан, тухайн этгээдийг таньж, баталгаажуулах боломжтой бусад цахим системд бүртгүүлэн холбогдсон хаягийг ашиглан дуудаж, прокурорын мэдэгдэх хуудсыг хүргүүлж болно.”
7/14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
“5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдан цагдан хоригдсон бол цагдан хорих хугацааг шинээр тоолно.”
8/14.10 дугаар зүйлийн 14, 15 дахь хэсэг:
“14.Хоригдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үед хорих ялын хугацаа дуусахаар бол энэ зүйлийн 7-д заасан журмын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
15.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийн дагуу хоригдлыг цагдан хорих байранд хүлээн авсан өдрөөс эхлэн цагдан хорих хугацааг тоолно.”
9/14.13 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсэг:
“13.Таслан сэргийлэх арга хэмжээний талаар талуудаас шүүхэд гаргасан санал, хүсэлт, тэдгээртэй холбоотой нотлох баримтыг эрүүгийн хэрэгт хавсаргана.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах санал, хүсэлт болон хугацаа сунгасан шүүхийн шийдвэрийг даруй мөрдөгч, прокурорт мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг цахим мэдээллийн сүлжээгээр эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.”
10/15.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
“5.Дээд шатны прокурорын газар нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянаж шийдвэрлэнэ.”
11/16.3 дугаар зүйлийн 10, 11, 12 дахь хэсэг:
“10.Гэрчээр мэдүүлэг авч байх үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрвэл мэдүүлэг авах ажиллагааг зогсоож, сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг энэ хуульд заасны дагуу явуулна.
11.Дүрс харж ярих боломжтой технологи, мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдүүлгийг авч болно. Энэ тохиолдолд өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчийн оролцоог ханган дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж, хавтаст хэрэгт хавсаргана.
12.Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, түүнээс гэрчийн мэдүүлэг авахыг хориглоно.”
12/16.14 дүгээр зүйлийн 5, 6, 7, 8, 9, 10 дахь хэсэг:
“5.Эд мөрийн баримтыг хэн, хэзээ, ямар эх сурвалжаас хэрхэн олж авсан талаар, түүний онцлог шинж, хэлбэр дүрс, тоо хэмжээ, хадгалсан, шилжүүлсэн, хүлээн авсан шилжилт хөдөлгөөний талаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана. Шаардлагатай тохиолдолд нотолгооны бусад арга хэрэгсэл болох дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг хийх зэргээр давхар бэхжүүлнэ.
6.Эд мөрийн баримтыг тэмдэглэлд тусгаж, хуулиар зөвшөөрсөн бусад аргаар давхар бэхжүүлэх гэсэн дарааллыг баримтлах бөгөөд тэмдэглэл үйлдэхгүйгээр бусад аргыг дангаар нь хэрэглэхгүй.
7.Цахим баримт нь түүний онцлог шинж чанараас шалтгаалан өөрчлөгдөх, устах, хуурамчаар үйлдэгдэх эрсдэлээс сэргийлэх үүднээс цуглуулах, бэхжүүлэх, хадгалах, зөөвөрлөх явцад мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээ, хэрэглэсэн техник хэрэгслийг бэхжүүлсэн тэмдэглэл үйлдэж, гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр давхар баталгаажуулна.
8.Мэргэжлийн байгууллага, ур чадвар бүхий мэргэжилтнийг цахим баримтыг эрж хайх, олж илрүүлэх, бэхжүүлэх ажиллагаанд оролцуулсан бол тэдний хийсэн үйлдэл, үйл ажиллагаа бүрийг нэг бүрчлэн тэмдэглэлд тусгана.
9.Цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн, устгасан мэдээллийг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцогдоно.
10.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахад бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хувийг хавтаст хэргийн хамт хадгална.”
13/30.14 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг:
“8.Хэрэг бүртгэлтийн хэргийг xaax саналтай прокурорт шилжүүлсэн хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор сунгаж болно.”
14/30.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргах хугацааг хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан дээд шатны прокурор 14 хүртэл хоногоор сунгаж болно.”
15/31.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
“6.Сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцах, гарын үсэг зурах, гардан авахаас татгалзсан нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад болохгүй.”
16/31.14 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт:
“1.4.гадаад улсад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт хүргүүлсэн бол.”
17/32.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулж, хувийг гардуулна.”
18/32.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:
“9.Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан яллах дүгнэлтийг яллагдагчид бүрэн танилцуулж, төрийн нууцад хамаарахаас бусад хэсгийг гардуулан өгнө.”
19/33.3 дугаар зүйлийн 1.4 дэх заалт:
“1.4.энэ хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй.”
20/34.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:
“5.Шүүгдэгч энэ хуулийн 35.9 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх эсэх эрхээ эдэлсний дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааныг орхин явж, шүүх хуралдаанд оролцохоос санаатай зайлсхийсэн бол шүүх түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэж болно. Шүүгдэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад шүүгдэгчийн өмгөөлөгчийг оролцуулна.”
21/34.16 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
“8.Шүүгдэгчийн сонгож авсан өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл шүүгдэгч өмгөөлөгчөөс татгалзсан тохиолдолд энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд өөр өмгөөлөгчийг томилж оролцуулна.“
22/34.19 дүгээр зүйлийн 1.9 дэх заалт:
“1.9.нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй.”
23/35.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэрэгт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоохдоо өөрийнх нь хууль ёсны ашиг, сонирхол хөндөгдөхгүй шүүхийн хэлэлцүүлэг явагдах үед шүүх хуралдааны танхимд байлцахгүй байх талаар оролцогчийн гаргасан хүсэлтийг талуудын саналыг харгалзан шийдвэрлэж болно. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцох товыг оролцогчид мэдэгдэнэ.”
24/36.13 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг:
“5.Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүхийн шийдвэрийн нууц агуулаагүй “Удиртгал” болон “Тогтоох” хэсгийг нууцын тэмдэглэлээ, дардас дарахгүйгээр прокурор, оролцогчид гардуулж, нууц мэдээлэл агуулсан “Тодорхойлох” хэсгийг гардуулахгүйгээр, шүүхийн шийдвэрийг бүрэн бодитой танилцуулах арга хэмжээ авна.
6.Шүүхийн шийдвэрийн “Удиртгал” болон “Тогтоох” хэсэгт төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулагдсан бол тэр хэсгийг хасч хэвлэн, прокурор, оролцогчид гардуулна.”
25/39.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:
“9.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхэд хамаарахгүй.”