4.1.1. “хүний эрхтэн, эд, эс” гэж хүний эрхтэн, эрхтний хэсэг, эдийн нийлмэл бүрдэл болон эсийг;
4.1.2. “амьд донор” гэж бусдын эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор эрхтэн, эд, эсээ сайн дураар өгөгч гэр бүлийн гишүүн бөгөөд гэрлэгчид, төрлийн хүн, садангийн хүн, хүргэн, бэр гэсэн дарааллаар сонгогдсон хүнийг;
4.1.3. “амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, тархины үхэл нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эрхтэн, эд,эсийг шилжүүлэн суулгахаар авч болох донорыг;
4.1.4. “эсийн донор” гэж үүдэл эс болон бэлгийн эсийн донорыг;
4.1.5. “тархины үхэл” гэж тархины болон тархины багана хэсгийн үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр бүрэн алдагдсан байдлыг;
4.1.6. “реципиент” гэж донорын эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатай болон шилжүүлэн суулгуулсан хүнийг;
4.1.7. "реципиент эмнэлэг” гэж эрх бүхий байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, байгууллагын бүтцэд нь төрөлжсөн тасаг, мэргэжлийн багтай эрүүл мэндийн байгууллагыг;
4.1.8. “донор эмнэлэг” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.7, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан амьгүй донорыг илрүүлэх, оношлох, эрхтэн хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагыг;
4.1.9. “үүдэл эс” гэж хуваагдах замаар шинэ эс үүсгэх, ялгаран хөгжих чадвартай эсийг;
4.1.10. “хүйн цус” гэж нярайн хүй таслагдсаны дараа ихсийн хүйн судсанд байгаа цусыг;
4.1.11. “эд, эсийн сан” гэж эд, эс бүртгэж, шинжилж, өсгөвөрлөж, боловсруулж, хадгалж, шаардлагатай үед эмчилгээ, судалгааны зорилгоор тохирох эд, эсээр хангахыг;
4.1.12. “шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ” гэж эмнэлгийн нөхцөлд донорын эрхтэн, эд, эсийг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, реципиентэд суулгах мэс засал, эмчилгээг;
4.1.13. “эрхтэн, эд, эсийг авах” гэж донороос эрхтэн, эд, эсийг эмнэлгийн нөхцөлд авахыг;
4.1.14. “эд, эсийн тохироо” гэж донор болон реципиентийн эд, эс удам зүйн шинжээрээ тохирсон байдлыг;
4.1.15. “тээгч эх” гэж бусдын үр хөврөлийг тээж, хүүхэд төрүүлэх эмэгтэйг;
4.1.16. “биологийн эцэг эх” гэж тухайн хүүхдийн удмын мэдээллийг бүрдүүлсэн аав, ээжийг;
4.1.17. “эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ” гэж хүний эрүүл мэнд болон амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хийж буй цогц үйл ажиллагааг;