Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 12-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гэрээ байгуулах, тайлагнах, хяналт тавих, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж
2.1. Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.
3.2. Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “ажил” гэж барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барих, засварлах, өргөтгөх, буулгах, шинэчлэх, геологийн судалгаа хийх болон тэдгээрт холбогдох тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, турших, тохируулах зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг болон түүнийг дагалдан нийлүүлэх барааг;
4.1.2. “аж ахуй эрхлэгч” гэж хүн, хуулийн этгээдийг;
4.1.3. “ашиглалтын хугацааны өртөг” гэж харьцуулах үнэ дээр ашиглалтын хугацаанд гарах зардлыг харгалзан тооцсон тоон утгыг;
4.1.4. “бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдах, солилцох, хөлслөх, түрээслэх боломжтой эд юмс, бэлэн шийдэл бүхий биет бус хөрөнгө болон тухайн барааг дагалдан үзүүлэх ажил, үйлчилгээг;
4.1.5. “бэлэн шийдэл” гэж зах зээлд бэлэн байгаа, өөрчлөлт оруулахгүйгээр захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой шийдлийг;
4.1.6. “гадаадын этгээд” гэж гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд, гадаадын иргэн, эсхүл харьяалалгүй хүнийг;
4.1.7. “дотоодын бараа” гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрийг өөрчилж шинээр бүтээсэн барааг;
4.1.8. “ерөнхий гэрээний арга” гэж захиалагчийн тодорхой хугацаанд давтамжтай худалдан авдаг, эсхүл үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардагдах байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж дээд үнэ болон бусад нөхцөлийг тогтоосон ерөнхий гэрээг нэг ба түүнээс дээш оролцогчтой байгуулж, цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авахыг;
4.1.9. “захиалагч” гэж:
4.1.9.а.төрийн өмчит хуулийн этгээд; 4.1.9.б.орон нутгийн өмчит хуулийн этгээд; 4.1.9.в.50 ба түүнээс дээш хувийн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; 4.1.9.г.50 ба түүнээс дээш хувийн орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; 4.1.9.д.Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасан төсөл хэрэгжүүлэгч; 4.1.9.е.худалдан авах ажиллагааг энэ хуулийн дагуу зохион байгуулахаар хуульд заасан бусад этгээд.
4.1.10. “захиалагчаас хараат этгээд” гэж дараах нөхцөлийн аль нэгд хамаарах этгээдийг:
4.1.10.а.тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэхүүнийг захиалагч томилж, чөлөөлдөг; 4.1.10.б.захиалагч нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг тодорхойлдог, эсхүл тодорхойлоход оролцдог.
4.1.11. “зарлал” гэж тендер шалгаруулалт явуулах тухай цахим систем дэх мэдээллийг;
4.1.12. “оролцогч” гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг;
4.1.13. “өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ” гэж захиалагчийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад шаардагдах бараа, ажил, үйлчилгээг;
4.1.14. “сонирхогч этгээд” гэж тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар оролцох сонирхлоо илэрхийлсэн, эсхүл энэ хуульд заасан урилга хүлээн авсан аж ахуй эрхлэгчийг;
4.1.15. “тендер” гэж бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсхүл үйлчилгээ үзүүлэхээр оролцогчийн ирүүлсэн саналыг;
4.1.16. “тендер шалгаруулалт” гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг;
4.1.17. “тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.18. “техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг;
4.1.19. “түншлэл” гэж гэрээний дагуу нэг тендер ирүүлсэн хэд хэдэн аж ахуй эрхлэгчийг;
4.1.20. “түлхүүр гардуулах гэрээ” гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо боловсруулж, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан, уг барилга байгууламжийг барьж, ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг хамарсан нэг гэрээг;
4.1.21. “үйлчилгээ” гэж энэ хуулийн 4.1.1-д заасан ажил гүйцэтгэхэд хамаарахгүй угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын болон бусад үйлчилгээ, эсхүл тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйл ажиллагааг;
4.1.22. “урилга” гэж захиалагчаас аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцохыг урьсан баримт бичгийг;
4.1.23. “харьцуулах үнэ” гэж энэ хуульд заасны дагуу шаардлагад нийцсэн тендерийг эрэмбэлэх зорилготой тоон утгыг;
4.1.24. “худалдан авах ажиллагаа” гэж бараа худалдан авах, хөлслөх, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг;
4.1.25. “худалдан авах гэрээ” гэж энэ хуульд заасны дагуу байгуулсан бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэрээг;
4.1.26. “цахим дэлгүүр” гэж ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээг худалдан авахад зориулсан цахим системийн бүрэлдэхүүнийг;
4.1.27. “цахим каталог” гэж бараа, ажил, үйлчилгээний мэдээллийг ангилж тодорхойлсон цахим системийн бүрэлдэхүүнийг;
4.1.28. “цахим систем” гэж программ хангамж ашиглан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, интернэтэд суурилсан мэдээллийн системийг.
5 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны зарчим
5.1. Худалдан авах ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1. худалдан авах ажиллагааг оновчтой, үр ашигтай төлөвлөх, зохион байгуулах;
5.1.2. худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломжтой байх;
5.1.3. худалдан авах ажиллагаа нээлттэй, ил тод байх;
5.1.4. хариуцлагатай байх;
5.1.5. дотоодын үйлдвэрлэлийг дэмжих;
5.1.6. авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх.
6 дугаар зүйл. Оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч
6.1. Тендер шалгаруулалтад аж ахуй эрхлэгч дангаараа, эсхүл түншлэлээр тендер ирүүлж болно.
6.2. Энэ хуульд өөрөөр заагаагүй түншлэлийн гишүүн бүрийн гүйцэтгэх үүрэг тендерийн үнийн 15 хувиас дээш байна.
6.3. Түншлэлийн гишүүд дараах шаардлага хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ:
6.3.1. гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байх;
6.3.2. худалдан авах ажиллагаанд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч болон бусад этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилсон байх.
6.4. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийн үнийн 15 хүртэл хувийг нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдээр туслан гүйцэтгүүлэхээр санал ирүүлж болно.
6.5. Оролцогч, сонирхогч этгээд худалдан авах ажиллагаанд оролцохдоо төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан оролцоно.
7 дугаар зүйл. Оролцогчийн ерөнхий шаардлага
7.1. Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ:
7.1.1. төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлсэн, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөлд байгаа;
7.1.2. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу энэ хуульд заасан худалдан авах гэрээтэй холбоотой үүссэн өр төлбөр төлүүлэх шүүх, эсхүл арбитрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа;
7.1.3. Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасан харилцан хамааралтай этгээдийн оролцсон тендер шалгаруулалт, түүний багцад оролцогч тендер ирүүлсэн ;
7.1.4. тухайн тендер шалгаруулалтад оролцохдоо бусад оролцогчтой өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл үнэ, бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцсон;
7.1.5. энэ хуулийн 4.1.10-т заасан этгээд;
7.1.6. дараах этгээдийн аль нэг нь авлига, албан тушаалын, эсхүл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон:
7.1.6.а.оролцогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд; 7.1.6.б.оролцогчийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасан эцсийн өмчлөгч; 7.1.6.в.оролцогчийн Компанийн тухай хуулийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан.
7.1.7. тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахад зөвлөгөө өгсөн, оролцсон, эсхүл тухайн зөвлөгөө өгсөн, оролцсон этгээдтэй харилцан хамааралтай;
7.1.8. тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн хугацаа дуусаагүй;
7.1.9. .энэ хуулийн 58.5.1, 58.5.2, 58.5.3, 58.6.3-т заасан үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн эцсийн өмчлөгчийн үүсгэн байгуулсан, эсхүл эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээд.
7.2. Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргах бөгөөд энэ хуулийн 26.3-т заасны дагуу хариуцна.
7.3. Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан эсэхэд холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгайлан заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ.
7.4. Түншлэлийн гишүүн тус бүр ерөнхий шаардлага хангасан байх бөгөөд холбогдох мэдэгдэл, баримт бичгийг энэ хуулийн 7.2, 7.3-т зааснаар ирүүлнэ.
7.5. Энэ хуулийн 7.1.8-д заасан шаардлага нь түншлэлийн бүх гишүүн, туслан гүйцэтгэгч, бараа, ажил, үйлчилгээний үйлдвэрлэгч, гүйцэтгэгчид нэгэн адил хамаарна.
7.6. Энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон оролцогчоос энэ зүйлд заасан шаардлагыг шаардахгүй байж болно.
8 дугаар зүйл. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, давуу эрх тооцох
8.1. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой чанар, стандартын шаардлага хангасан барааг худалдан авахаар тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
8.2. Энэ хуулийн 8.1-д заасан барааны нэр, төрлийн жагсаалтыг хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн, төрийн худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн боловсруулж, Засгийн газар батална.
8.3. Захиалагч ажлын хувьд 30 тэрбум, барааны хувьд нэг тэрбум, үйлчилгээний хувьд 300 сая төгрөгөөс доош төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцуулах эсэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
8.4. Оролцогч энэ хуулийн 8.2-т зааснаас бусад дараах нөхцөлийн аль нэгийг хангасан дотоодын бараа санал болговол давуу эрх олгоно:
8.4.1.хог хаягдлыг дахин боловсруулсан; 8.4.2.хэрэглээний хог хаягдлыг дахин ашиглах, эсхүл боловсруулахаар эргүүлэн авах санал ирүүлсэн; 8.4.3.нийслэл, дүүргээс бусад орон нутагт үйлдвэрлэсэн түүхий эд, бараа, материалыг ашиглан үйлдвэрлэсэн; 8.4.4.Инновацийн тухай хуулийн 3.1.4-т заасан инновацийн бүтээгдэхүүн; 8.4.5.ажиллах хүчний 30 ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл 34 хүртэлх насны залуучууд, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн болон 34 хүртэлх насны залуучууд эзэлдэг, 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуй эрхлэгч үйлдвэрлэсэн.
8.5. Оролцогч ажил гүйцэтгэхэд дотоодын бараа ашиглахаар санал болговол давуу эрх олгоно.
8.6. Энэ хуулийн 8.4, 8.5-д зааснаар давуу эрх олгоход дотоодын барааны хэсгийн үнийн 10 хувиар, энэ хуулийн 8.4-т заасан оролцогч нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бол дотоодын барааны хэсгийн үнийн 15 хувиар тендерийн үнээс хийсвэрээр бууруулж тооцно.
8.7. Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтад дараах давуу эрхийн аль нэгийг олгож, тендерийн үнийг хийсвэрээр бууруулж тооцож болно:
8.7.1. оролцогч нийслэл, дүүргээс бусад орон нутагт сүүлийн хоёр жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж ажлын байр бий болгосон бол тухайн орон нутагт хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад түүний тендерийн үнийн дотоодын бараанаас бусад хэсгийн үнийн таван хувиар;
8.7.2. эцсийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх оролцогч энэ хуулийн 8.3-т зааснаас дээш төсөвт өртөгтэй ажлыг дангаар гүйцэтгэхээр, эсхүл гэрээний үүргийн 50-аас доошгүй хувийг гүйцэтгэж, энэ хуулийн 6.3.2-т заасан эрх эдлэх түншлэлийн гишүүний хувиар гүйцэтгэхээр санал ирүүлсэн бол тендерийн үнийн дотоодын бараанаас бусад хэсгийн үнийн 7.5 хувиар.
8.8. Энэ хуулийн 8.1-д заасан бараа худалдан авах болон бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахад давуу эрх олгохгүй.
8.9. Энэ хуульд зааснаар давуу эрх тооцоход шаардлагатай мэдээлэл, нотлох баримтыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
9 дүгээр зүйл. Худалдан авах ажиллагааны цахим систем
9.1. Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ.
9.2. Цахим системд мэдээллийг нээлттэй өгөгдөл хэлбэрээр хадгална.
9.3. Худалдан авах ажиллагаанд холбогдох баримт бичгийг Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсгээр баталгаажуулж, энэ хуульд зааснаар цахим системээр илгээсэн бол бичгээр үйлдсэнд тооцно.
9.4. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмыг баталж, цахим системээр тендер илгээхэд төлөх үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтооно.
9.5. Цахим системийн үйл ажиллагаанаас шалтгаалан тендер шалгаруулалт тасалдсан, эсхүл тасалдах нөхцөл байдал байгаа гэж үзсэн бол худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ тухай захиалагчид мэдэгдэж, тендер шалгаруулалтад холбогдох хугацааг сунгана.
9.6. Худалдан авах ажиллагаанд хиймэл оюунд суурилсан цахим систем нэвтрүүлэх ажлыг худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
9.7. Хиймэл оюунд суурилсан цахим системээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:
9.7.1.бараа, ажил, үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх; 9.7.2.тендер нээх; 9.7.3.тендерийг хянан үзэх; 9.7.4.тендерийг үнэлэх; 9.7.5.тендер шалгаруулалтын мэдээллийг ил болох; 9.7.6.энэ хуульд заасан хураангуй жагсаалт үүсгэх.
9.8. Энэ хуулийн 9.7.3-т заасны дагуу хиймэл оюуныг ашиглан гаргасан дүгнэлтийг тендертэй харьцуулан хянан үзэж болно.
9.9. Хиймэл оюунд суурилсан цахим системийг худалдан авах ажиллагааны болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хамтран баталгаажуулна.
9.10. Хиймэл оюунд суурилсан цахим системийн хэвийн ажиллагаа, бүрэн бүтэн байдал, нууцлал, мэдээллийн хүртээмжтэй байдлын хяналтыг худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тагнуулын байгууллагатай хамтран жил бүр хэрэгжүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ
10 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын зохион байгуулалт
10.1. Захиалагч тендер шалгаруулалтыг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан аргаар зохион байгуулна.
10.2. Нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно.
10.3. Захиалагч шууд худалдан авах, үнийн санал дуудах аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.
10.4. Бараа худалдан авах тендер шалгаруулалт зохион байгуулахад энэ хуулийн 8.2-т заасан барааг бусад бараанаас тусад нь багцална.
10.5. Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар багцалж болно.
10.6. Оролцогч тендер шалгаруулалтын хэдэн багцад тендер ирүүлэхийг захиалагч хязгаарлахгүй.
10.7. Энэ хуулийн 4.1.8-д заасан ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар гурван жил тутам шинэчлэн батална.
10.8. Захиалагч үр ашигтай гэж үзсэн дараах тохиолдолд өөрийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээг харьяа тухайн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно:
10.8.1.Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, хил хамгаалах, онцгой байдлын байгууллага, цагдаа, дотоодын цэрэг, хорих байгууллагын тусгай хэрэгцээний бараа; 10.8.2.нийслэл, аймаг, дүүргийн хот, нийтийн аж ахуй, авто зам, инженерийн хангамжийн засвар, тохижилтын арчилгаатай холбоотой бараа, ажил, үйлчилгээ; 10.8.3.тендер шалгаруулалтад нэг ч тендер ирүүлээгүй үндэслэлээр амжилтгүй болсон; 10.8.4.улсын чанартай авто замын засвар, арчилгаатай холбоотой ажил, үйлчилгээг төрийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх; 10.8.5.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн нэгдлийн хуулийн этгээд нэгдлийн бусад хуулийн этгээдийн үйлдвэрлэдэг бараа худалдан авахад.
Тайлбар: Энэ хуулийн 10.8-д заасны дагуу гэрээ байгуулахад сунгасан гарын зарчмыг баримтална.
10.9. Захиалагч энэ хуулийн 12.6-д заасан тусгайлсан шаардлагын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сургах, нийгмийн амьдралд оролцуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээр гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно.
10.10. Захиалагч цахим дэлгүүрт бүртгэгдсэнээс бусад байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг гурав хүртэл жилийн хугацаанд тогтоох нөхцөлтэй тендер шалгаруулалт зохион байгуулж болно.
10.11. Энэ хуулийн 10.2, 35.1-д заасан төсөвт өртгийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно.
10.12. Хэрэглээний үнийн индекс 10-аас дээш хувиар өөрчлөгдөх тухай бүр энэ хуулийн 10.11-д заасан төсөвт өртгийн дээд хязгаарыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шинэчлэн тогтооно.
10.13. Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй гэрээ байгуулахаар тендер шалгаруулалт зохион байгуулж болно.
10.14. Бэлэн шийдэл бүхий бараа, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалт зохион байгуулж болно.
11 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын баримт бичиг
11.1. Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.
11.2. Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.3. Энэ хуулийн 8.3-т зааснаас дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг монгол хэлээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэлээр бэлтгэж болно.
11.4. Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана:
11.4.1.чанар ба үнийн хосолмол; 11.4.2.ашиглалтын хугацааны өртөг; 11.4.3.харьцуулах үнэ.
11.5. Энэ хуулийн 11.4.1, 11.4.2-т заасан тендер үнэлэх үндсэн шалгуур бүхий тендер шалгаруулалт зарлах тохиолдолд үнэлэх аргачлалыг захиалагч боловсруулж, тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.6. Захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний онцлогийг харгалзан дараах шалгуур үзүүлэлтээс аль тохирохыг мөнгөөр илэрхийлэн харьцуулах үнэ дээр хийсвэрээр нэмж тооцохоор тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно:
11.6.1.бараа хүргэх, ажил, үйлчилгээ дуусгах хугацаа; 11.6.2.гэрээний гүйцэтгэлийн дараах үйлчилгээ; 11.6.3.байгаль орчинд нөлөөлөх байдал; 11.6.4.энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт.
11.7. Энэ хуулийн 11.6-д заасан шалгуур үзүүлэлт нь зөвхөн санал болгох бараа, ажил, үйлчилгээнд хамаарна.
11.8. Бараа, ажил, үйлчилгээний үр дүнд бий болох оюуны өмчийн эрхийг захиалагч, эсхүл түүний нэр заасан этгээд эзэмших нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.9. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ, шаардлагыг хангахуйц хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрөх бол энэ тухай тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.10. Захиалагч гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эдийн үнэ, хөдөлмөрийн хөлс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээний үнийг тохируулах бол тохируулга хийх нөхцөл, аргачлалыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
11.11. Тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулсан тухай бүрд цахим системийн холбогдох хэсэгт өөрчлөлтийг тусгана.
11.12. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тендер шалгаруулалтын баримт бичигт тусгах гэрээний жишиг нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.13. Захиалагч гэрээний нөхцөлийг энэ хуулийн 11.12-т зааснаас өөрөөр тодорхойлох шаардлагатай гэж үзвэл гэрээний нөхцөлийг энэ хуулийн 41.3-т заасан худалдан авах гэрээний нөхцөлд нийцүүлэн тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно.
12 дугаар зүйл. Техникийн тодорхойлолт
12.1. Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.
12.2. Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.
12.3. Техникийн тодорхойлолтод хүний эрүүл мэнд, байгаль орчин, уур амьсгалд нөлөөлөх нөлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байх, эрчим хүчний хэмнэлттэй байх шалгуур үзүүлэлтийг тусгаж болно.
12.4. Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно.
12.5. Барилга байгууламж, дэд бүтэцтэй холбогдох техникийн тодорхойлолтод хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүн, түгээмэл загварыг тусгана.
12.6. Барааг үйлдвэрлэх, нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх явцад баримтлах тусгайлсан шаардлагыг техникийн тодорхойлолтод тусгаж болно.
12.7. Хуульд заасан зураг төсөл, барилга байгууламж, мэргэжлийн үйлчилгээг гүйцэтгэх техникийн тодорхойлолт барилга байгууламж, материалтай холбоотой техникийн зохицуулалтад үндэслэсэн байна.
12.8. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт бэлтгэхэд өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх зөвлөгөөг тухайн салбарын иргэний нийгмийн байгууллага, аж ахуй эрхлэгчээс авч болно.
12.9. Техникийн тодорхойлолтыг хүрээлэн буй орчинд ээлтэй хэлбэрээр боловсруулах аргачлал, зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.10. Энэ хуулийн 12.3-т заасан эрчим хүчний хэмнэлттэй байх барилга байгууламжийн шалгуур үзүүлэлтийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13 дугаар зүйл. Техникийн тодорхойлолтод нийцэхийг нотлох баримт, загвар, дээж
13.1. Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно.
13.2. Захиалагч шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 13.1-д заасан шалгалт, туршилтыг өөрөө зохион байгуулж болно.
13.3. Энэ хуулийн 13.2-т заасан шалгалт, туршилтыг хэрхэн зохион байгуулах тухай тендер шалгаруулалтын баримт бичигт зааж, оролцогчийг уг ажиллагаанд оролцох боломжоор хангана.
13.4. Захиалагч хүлээн авсан загвар, дээжийг шалгах, турших үйл явцыг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулна.
13.5. Гэрээ байгуулах эрх авсан оролцогчоос бусад оролцогчийн ирүүлсэн загвар, дээжээс хэрэглэх боломжтой барааг тендер шалгаруулалтын эцсийн шийдвэр гарснаас хойш оролцогчдод буцаан олгоно.
13.6. Гэрээ байгуулах эрх авсан оролцогчийн ирүүлсэн загвар, дээжээс хэрэглэх боломжтой барааг гэрээгээр ажил хүлээлцэх үед буцаан олгох, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлд оролцуулан тооцож болно.
14 дүгээр зүйл. Тендерийн баталгаа
14.1. Аж ахуй эрхлэгч өөрийн тендерийг гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд хүчинтэй байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулсан тендерийн баталгаа гаргана.
14.2. Тендерийн баталгааг дараах нөхцөл, хэлбэрээр гаргана:
14.2.1. тендер шалгаруулалт, эсхүл түүний багцын төсөвт өртөг 10 тэрбум төгрөгөөс дээш бол төсөвт өртгийн хоёр хувиар тооцсон үнийн дүн бүхий банкны, эсхүл Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны, эсхүл Монгол Улсын даатгагчаас гаргасан баталгаагаар;
14.2.2. тендер шалгаруулалт, эсхүл түүний багцын төсөвт өртөг 10 тэрбум төгрөгөөс доош бол тендерийн баталгааны мэдэгдлээр, эсхүл энэ хуулийн 14.2.1-д заасан нөхцөл, хэлбэрээр.
14.3. Энэ хуулийн 14.2.1-д заасан тендерийн баталгаа 10 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байна.
14.4. Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно:
14.4.1. оролцогч тендер нээсний дараа тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзсан;
14.4.2. гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй;
14.4.3. Тендер шалгаруулалтын маргаан хянан шийдвэрлэх зөвлөл (цаашид “зөвлөл” гэх) гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
14.5. Энэ хуулийн 14.2.2-т заасан тендерийн баталгааны мэдэгдлээр баталгаа гаргасан оролцогчид энэ хуулийн 14.4.1, 14.4.2-т заасан нөхцөлийн аль нэг үүссэн бол тус оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх үндэслэл болно.
14.6. Энэ хуулийн 14.4.3-т заасан тохиолдолд 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг, 20-100 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 40 сая төгрөгийг, 100 тэрбумаас дээш төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 60 сая төгрөгийг тус тус улсын орлого болгоно.
14.7. Тендерийн баталгааны дүнг гадаад валютаар илэрхийлсэн тохиолдолд баталгааг хөрвүүлэх ханшийг тендер шалгаруулалт зарласан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тодорхойлно.
14.8. Нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч худалдан авахад энэ хуулийн 14.1-д заасан тендерийн баталгаа шаардахгүй.
15 дугаар зүйл. Чадавхын болон туршлагын шаардлага тавих үндэслэл
15.1. Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
15.2. Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй.
15.3. Энэ хуулийн 15.2 дахь хэсэг гадаадын этгээдийн гадаад улсаас бүрдүүлэх баримт бичигт хамаарахгүй.
15.4. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хамаарах шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заахыг хориглоно.
15.5. Гэрээний үүргийг гүйцэтгэхэд хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ шаардах бол тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
15.6. Захиалагч оролцогчийн хэрэгжүүлж байгаа гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно.
16 дугаар зүйл. Санхүүгийн чадавхын шаардлага
16.1. Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.
16.2. Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно:
16.2.1. үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан;
16.2.2. оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл.
16.3. Захиалагч санхүүгийн чадавхын шаардлага шаардсан бол энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
16.4. Хуульд заасны дагуу санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчоос аудит хийлгэсэн санхүүгийн тайлан, аудиторын дүгнэлтийг шаардаж болно.
16.5. Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна.
16.6. Захиалагч энэ хуулийн 15.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг оролцогчийн санхүүгийн чадавхын шаардлага хангасан эсэхийг хянан үзэхэд харгалзан үзэх тохиолдолд энэ талаар тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
16.7. Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих санхүүгийн чадавхын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
17 дугаар зүйл. Техникийн чадавх болон туршлагын шаардлага
17.1. Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.
17.2. Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно:
17.2.1. ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт;
17.2.2. бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт;
17.2.3. гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл;
17.2.4. гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл;
17.2.5. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт, загвар, дээж.
17.3. Захиалагч техникийн чадавх, туршлагын шаардлага шаардсан бол энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
17.4. Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна.
17.5. Захиалагч энэ хуулийн 15.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шаардлага хангасан эсэхийг хянан үзэхэд харгалзан үзэх тохиолдолд энэ талаар тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
17.6. Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих техникийн чадавх, туршлагын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
17.7. Туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхэд энэ хуулийн 15.5-д зааснаар зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ шаардах бол туслан гүйцэтгэгч энэ шаардлагыг хангасан байна.
18 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын зарлал
18.1. Захиалагч энэ хуулийн 10.2-т заасан шууд худалдан авч болох төсөвт өртгөөс дээш тендер шалгаруулалтын зарлалыг цахим системд нийтэлнэ.
18.2. Энэ хуулийн 11.3-т заасан тохиолдолд тендер шалгаруулалтын зарлалыг цахим системээс гадна гадаад улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст нийтэлж болно.
18.3. Тендер шалгаруулалтын зарлалд дараах мэдээллийг заана:
18.3.1.захиалагчийн нэр, хаяг; 18.3.2.тендер шалгаруулалтын нэр, дугаар, төсөвт өртөг; 18.3.3.тендер шалгаруулалтын арга; 18.3.4.тендер хүлээн авах эцсийн хугацаа; 18.3.5.тендер нээх хугацаа; 18.3.6.тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх; 18.3.7.гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх; 18.3.8.тендерийн баталгааны мэдэгдэл, эсхүл тендерийн баталгаа шаардах эсэх; 18.3.9.тендер шалгаруулалтыг багцад хуваасан бол багцын мэдээлэл.
18.4. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тендер шалгаруулалтын баримт бичгийг энэ хуулийн 18.1-д заасан зарлалын хамт цахим системд нийтэлж, аж ахуй эрхлэгчийг танилцах боломжоор хангана.
19 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын баримт бичгийг тодруулах
19.1. Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.
19.2. Захиалагч тодруулга авах хүсэлт хүлээн авснаас хойш тодруулгыг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр гаргана.
19.3. Тодруулгыг цахим системд нээлттэй байршуулснаар сонирхогч этгээдэд хүргүүлсэнд тооцно.
19.4. Захиалагч тендер ирүүлэхийн өмнө сонирхогч этгээд, түүний төлөөлөлтэй тендер бэлтгэхтэй холбоотой асуултад хариулт өгөх уулзалт зохион байгуулах, эсхүл ажлын талбайтай танилцуулах бол энэ тухай тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
20 дугаар зүйл. Тендер хүлээн авах хугацаа
20.1. Захиалагч сонирхогч этгээдэд тендер бэлтгэж ирүүлэх ижил хугацаа олгож, тендер хүлээн авах эцсийн хугацааг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт тусгайлан зааснаас багагүй хугацаагаар тогтооно.
20.2. Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбайтай танилцуулах шаардлагатай бол түүнд шаардагдах хугацааг энэ хуулийн 20.1-д заасан хугацаанд оруулан тооцно.
20.3. Тендер хүлээн авах эцсийн хугацааг зарлал нийтэлсэн өдрөөс эхлэн тоолно.
20.4. Оролцогч тендерийг энэ хуулийн 20.1-д заасан хугацааны дотор ирүүлэх бөгөөд уг хугацаанаас өмнө тендерийг өөрчлөх, эсхүл буцаах эрхтэй.
20.5. Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийг өөрчлөх, эсхүл буцаахыг хориглоно.
20.6. Захиалагч тендер нээхээс ажлын таван өдрийн дотор тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим системд нийтэлсэн бол тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын таваас доошгүй өдөр байхаар тооцож, шаардлагатай хугацаагаар сунгана.
20.7. Энэ хуулийн 20.6-д заасан тендер нээх хугацаа тухайн нэмэлт, өөрчлөлтийг цахим системд нийтэлсэн өдрөөс хойш ажлын таваас дээш өдөр бол тендер нээх хугацааг сунгахгүй байж болно.
21 дүгээр зүйл. Тендер бэлтгэх
21.1. Сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх ба тендер нь дараах шаардлагыг хангасан байна:
21.1.1. тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байх;
21.1.2. тендерийг хянан үзэх, үнэлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг эрх бүхий байгууллагаас гаргуулах, холбогдох этгээдээс лавлагаа, тодорхойлолт авахыг зөвшөөрсөн байх;
21.1.3. тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээх.
21.2. Сонирхогч этгээд болон оролцогч тендер бэлтгэх, илгээх, тендер шалгаруулалтад оролцохтой холбогдох зардлыг бүрэн хариуцна.
21.3. Энэ хуулийн 21.1.3-т зааснаар илгээсэн мэдээлэл тендерийн бусад баримт бичигтэй зөрсөн бол цахим системийн мэдээллийг баримтална.
21.4. Хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн бол хувилбарт саналыг үндсэн тендерийн хамт ирүүлж болно.
21.5. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын оролцогч тендерийн үнийг төсөвт өртгийн 80 хувиас доош үнэ санал болгох бол уг үнэ нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ.
22 дугаар зүйл. Тендер илгээх
22.1. Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ.
22.2. Оролцогч тендер шалгаруулалтад нэг тендер ирүүлнэ.
22.3. Энэ хуулийн 11.9, 21.4-т зааснаар тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлсэн нь энэ хуулийн 22.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
22.4. Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг тендерийн бусад мэдээллээс тусад нь энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээж болно.
22.5. Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ:
22.5.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага хангасныг нотлох баримт бичиг; 22.5.2.тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл; 22.5.3.энэ хуулийн 22.4-д заасан үндэслэлээр ил болгохгүй баримт бичиг, мэдээлэл байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл; 22.5.4.тендер шалгаруулалтын баримт бичигт ил болгохоор заасан бусад баримт бичиг.
22.6. Тендерийн баталгааг цахим системд байршуулж, тендер илгээнэ.
22.7. Энэ хуулийн 56.6-д зааснаар цахим системд баталгаажуулж, бүртгэсэн туршлага, гэрээний үүргийн гүйцэтгэлийн мэдээллийг сонгон илгээх бол тухайн мэдээллийг нотлох баримт илгээх шаардлагагүй.
22.8. Захиалагч шалгалт, туршилт зохион байгуулах тохиолдолд оролцогч өөрийн санал болгож байгаа бараа, ажил, үйлчилгээнд холбогдох загвар, дээжийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар хүргүүлнэ.
22.9. Оролцогч цахим системээр тендер илгээхэд үйлчилгээний хураамж төлнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗАХИАЛАГЧ ШИЙДВЭР ГАРГАХ
23 дугаар зүйл. Тендер нээх
23.1. Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ.
23.2. Тендерийг нээж, дараах мэдээллийг цахим системээр зарлана:
23.2.1.оролцогчийн нэр; 23.2.2.тендерийн үнэ; 23.2.3.санал болгосон үнийн хөнгөлөлт; 23.2.4.хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ; тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад тендерийн баталгаа ирүүлсэн эсэх.
23.3. Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг энэ хуулийн 22.6-д зааснаар ирүүлээгүй нь тухайн тендерийг нээхээс татгалзах үндэслэл болно.
24 дүгээр зүйл. Захиалагч шийдвэр гаргах хугацаа
24.1. Захиалагч тендер нээснээс хойш тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг ажлын 15 өдрийн дотор гаргана.
24.2. Төсөвт өртөг 30 тэрбум төгрөгөөс дээш ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтад энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг тендер нээснээс хойш ажлын 30 өдрийн дотор гаргана. Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулсан тендер шалгаруулалтад шийдвэр гаргах хугацааг ажлын 30 хүртэл өдрөөр сунгаж болно.
24.3. Зөвлөл энэ хуулийн 63.8-д заасан шийдвэр гаргасан, эсхүл захиалагчаас үл хамаарах, эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр нэг удаа сунгаж болно.
24.4. Энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасан үндэслэлээр гэрээ байгуулах бол энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргана.
24.5. Захиалагч энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд, эсхүл сунгасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол тухайн төсвийн жилд тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулахыг хориглоно.
24.6. Энэ хуулийн 10.8.3-т зааснаас бусад тохиолдолд тендер шалгаруулалтад нэг ч тендер ирээгүй бол захиалагч тендер ирээгүй шалтгааныг судалж, худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах эсэхийг шийдвэрлэнэ.
25 дугаар зүйл. Тендерийн талаар тодруулга авах
25.1. Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.
25.2. Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно.
25.3. Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй.
25.4. Захиалагч энэ хуулийн 27.3-т заасны дагуу арифметик алдааг залруулсан тохиолдолд оролцогчоос тодруулж болно.
25.5. Тендерийн талаар тодруулга авах захиалагчийн хүсэлтэд заасан хугацааны дотор оролцогч хариу ирүүлээгүй нь хянан үзэх, үнэлэх ажиллагааг хойшлуулах үндэслэл болохгүй.
25.6. Энэ хуулийн 25.1, 25.2-т заасан захиалагчийн хүсэлт, түүний хариуг тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгална.
26 дугаар зүйл. Тендер хянан үзэх
26.1. Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.
26.2. Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.
26.3. Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна.
26.4. Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:
26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.3.захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх; 26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх.
26.5. Оролцогчийн чадавхын болон туршлагын мэдээлэл төрийн эрх бүхий байгууллагад тайлагнаж баталгаажсан санхүү, нийгмийн даатгалын тайлангийн мэдээлэлтэй нийцсэн эсэхийг хянан үзэж болно.
26.6. Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.
26.7. Захиалагч тендерийг энэ хуулийн 26.4.1, 26.4.2, 26.4.3-т зааснаар хянан үзэхэд дараах зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харгалзан үзнэ:
Тайлбар:Өрсөлдөөнд сөрөг үзүүлэх эсэхийг тендер шалгаруулалтад нэг оролцогч тендер ирүүлсэн, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүх оролцогчийн ирүүлсэн тендер нэгэн зэрэг хангахгүй байхыг ойлгоно.
26.7.1. бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй;
26.7.2. захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулаагүй;
26.7.3. захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх.
26.8. Энэ хуулийн 26.7-д өөрөөр заагаагүй бол тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.
26.9. Энэ хуулийн 26.8-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж, татгалзана:
26.9.1. тендерийн үнэ төсөвт өртгөөс, эсхүл энэ хуулийн 10.10-т заасан болон ерөнхий гэрээний нэгж дээд үнээс хэтэрсэн;
26.9.2. энэ хуулийн 8.1-д заасны дагуу зохион байгуулсан дотоодын барааны багцад импортын бараа санал болгосон;
26.9.3. тендер шалгаруулалтын баримт бичигт шаардсан оролцогчийн хүлээх үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл мэдэгдлийг үнэн зөвөөр гаргаагүй;
26.9.4. ерөнхий гэрээний арга болон үнэ дуудах ажиллагааны аргын тендер шалгаруулалтаас бусад тохиолдолд энэ хуулийн 21.5-д заасан тайлбар ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн.
27 дугаар зүйл. Тендер үнэлэх
27.1. Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.
27.2. Тендерийн нээлтэд зарлагдсан тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтөд үндэслэн харьцуулах үнийг дараах байдлаар тооцно:
27.2.1. үнийн хөнгөлөлтийг оролцогчоос ирүүлсэн аргачлалын дагуу тооцох, аргачлал ирүүлээгүй бол тендерийн үнээс тооцох;
27.2.2. тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар гадаад валютаар ирүүлсэн тендерийн үнийг тендер шалгаруулалт зарласан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тооцож хөрвүүлэх;
27.2.3. давуу эрх олгож харьцуулах үнийг хийсвэрээр бууруулах;
27.2.4. энэ хуулийн 11.6-д заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлт хэрэглэхээр тусгасан бол мөнгөөр илэрхийлж, харьцуулах үнийг хийсвэрээр нэмэгдүүлэх.
27.3. Үнэлж байгаа тендерийн үнэд арифметик алдаа байвал захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар залруулж, энэ тухай оролцогчид мэдэгдэж, хүлээн зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу ирүүлэхийг шаардана.
27.4. Оролцогч энэ хуулийн 27.3-т заасан мэдэгдлийн дагуу арифметик алдааг хүлээн зөвшөөрсөн бол залруулсан үнийг энэ хуулийн 27.2-т зааснаар үнэлнэ.
27.5. Тендерийг дараах байдлаар үнэлж, өсөх дарааллаар эрэмбэлэхэд эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ:
27.5.1. чанар ба үнийн хосолмол үнэлгээний үндсэн шалгуураар үнэлэхэд тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар тооцсон оноог;
27.5.2. ашиглалтын хугацааны өртөг үнэлгээний үндсэн шалгуураар үнэлэхэд тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар тооцсон харьцуулах үнийг;
27.5.3. харьцуулах үнэ үнэлгээний үндсэн шалгуураар үнэлэхэд харьцуулах үнийг.
27.6. Хоёр ба түүнээс дээш тооны тендерийн харьцуулах үнэ, эсхүл оноо тэнцүү бол хугацааны хувьд цахим системд түрүүлж ирсэн тендерийг эхэнд эрэмбэлнэ.
27.7. Хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн бол хамгийн сайн тендерийн хувилбарт саналыг хянан үзэж, уг саналын харьцуулах үнэ тендерийн харьцуулах үнээс ихгүй бол сонгож болно.
27.8. Багцтай тендер шалгаруулалтын багц тус бүрд үнэлгээ хийх ба оролцогч хоёр ба түүнээс дээш багцад хамгийн сайн тендер ирүүлсэн бол оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадална.
27.9. Хэд хэдэн багцад шалгарсан оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадлахад аль нэг багцад шаардлага хангахгүй бол түүний чадавхын шаардлага хангах багцуудаас гэрээний үнэ хамгийн өндөр байх нэг, эсхүл түүнээс дээш тооны багцад гэрээ байгуулах эрх олгоно.
27.10. Ерөнхий гэрээний аргын нэгдүгээр үе шатанд тендерийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн оролцогчдод ерөнхий гэрээ байгуулах эрх олгоно.
27.11. Захиалагч тендерийн харьцуулах үнийг хийсвэрээр тооцсон нь гэрээний үнийг өөрчлөх үндэслэл болохгүй.
27.12. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлөөр гэрээний үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай татвар, даатгал, тээвэрлэлтийн болон бусад бүх зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ.
27.13. Оролцогч чадавхын болон туршлагын шаардлагыг давуулан хангах нь түүний тендерт давуу байдал олгох үндэслэл болохгүй.
27.14. Энэ хуулийн 10.10-т заасан тендер шалгаруулалт болон ерөнхий гэрээний аргаар худалдан авахад энэ хуулийн 27.2-т заасныг баримтлахгүй.
27.15. Тендер үнэлэх, давуу эрх олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28 дугаар зүйл. Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх
28.1. Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:
28.1.1. хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;
28.1.2. шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай;
28.1.3. шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.
28.2. Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнийг оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.
28.3. Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.
28.4. Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана.
28.5. Захиалагч бүх тендерээс татгалзсантай холбоотойгоор дахин тендер шалгаруулалт зарлах тохиолдолд энэ хуулийн 62.1-д зааснаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дараагийн тендер нээхийг хориглоно.
28.6. Энэ хуулийн 14.4.2-т заасан нөхцөл бий болсноор захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах эрэмбэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.
28.7. Захиалагч хамгийн сайн тендерийн үнийг залруулсан, үнийн хөнгөлөлт тооцсон, нэг валютад хөрвүүлсэн бол уг үнийг гэрээний үнээр тогтоож, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрт заана.
28.8. Захиалагч шийдвэр гаргах, эсхүл гэрээ байгуулах хүртэл хугацаанд оролцогчийг тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж болох ба оролцогч хугацааг сунгах бол захиалагчид бичгээр мэдэгдэнэ.
28.9. Оролцогч тендер хүчинтэй байх хугацааг сунгаагүй нь түүний тендерийн баталгааг улсын орлого болгох үндэслэл болохгүй.
29 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын мэдээллийг оролцогчид ил болгох
29.1. Хуульд өөрөөр заагаагүй бол тендер хянан үзэх, үнэлэх үйл явц, тендерийн мэдээлэл, баримт бичгийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргах хүртэл хугацаанд задруулахгүй.
29.2. Шалгарсан оролцогчийн тендерийн нууцлаагүй хэсэг, тендерийн талаар оролцогчоос өгсөн тодруулгыг гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын таван өдрийн хугацаанд цахим системээр бусад оролцогчид ил болгоно.
29.3. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн хугацаанд хүсэлт гаргасан оролцогчид танилцуулна.
29.4. Оролцогч, түүний төлөөлөгч шалгарсан тендерийг аливаа хэлбэрээр хуулбарлах, түгээхийг хориглоно.
30 дугаар зүйл. Гэрээ байгуулах
30 .1. Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл авснаас хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ. Энэ хугацаанд шалгарсан оролцогчийн тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаагүй байна.
30 .2. Захиалагч доор дурдсан тохиолдолд энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлахгүй байж болно:
30 .2.1. тендер шалгаруулалтад нэг оролцогч тендер ирүүлж шалгарсан;
30 .2.2. энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасан үндэслэлээр гэрээ байгуулах;
30 .2.3. ерөнхий гэрээ байгуулах, цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авах.
30 .3. Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна:
30 .3.1. энэ хуулийн 14.4.2-т заасан нөхцөл үүссэн;
30 .3.2. зөвлөл, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон;
30 .3.3. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй.
30 .4. Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 51.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно.
30 .5. Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй.
30 .6. Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно.
30 .7. Энэ хуульд зааснаар нээлттэй тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулсан бол холбогдох зээл, тусламжийн гэрээ байгуулагдах хүртэл худалдан авах гэрээ байгуулахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АРГА
31 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын арга
31.1. Захиалагч тендер шалгаруулалтыг дараах аргын аль нэгийн дагуу зохион байгуулна:
31.1.1.нээлттэй; 31.1.2.үнийн санал дуудах; 31.1.3.гэрээ шууд байгуулах; 31.1.4.нэг эх үүсвэрээс худалдан авах; 31.1.5.ерөнхий гэрээ байгуулах; 31.1.6.чадавхад суурилсан хэлэлцээ.
31.2. Энэ хуулийн 38.2.4-т тодорхойлсон захиалагч ерөнхий гэрээ байгуулсан бараа, үйлчилгээг энэ хуульд өөрөөр заагаагүй бол цахим дэлгүүрээс худалдан авна.
31.3. Энэ хуулийн 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40 дүгээр зүйл дэх тухайн тендер шалгаруулалтын аргад хамаарах зохицуулалтад тусгайлан өөрөөр заагаагүй асуудлаар энэ хуулийн хоёр, гуравдугаар бүлэгт заасныг баримтална.
31.4. Захиалагч энэ хуулийн 10.8-д заасан тохиолдолд энэ хуулийн 31.1.3, 31.1.4-т заасан аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулж болно.
32 дугаар зүйл. Урьдчилсан сонголт явуулах
32.1. Захиалагч шаардлагатай гэж үзвэл тендер ирүүлэхээс өмнө сонирхогч этгээдийн чадавхын болон туршлагын шаардлагыг магадлах зорилгоор урьдчилсан сонголт явуулж болох бөгөөд дараахыг баримтална:
32.1.1. чадавхын болон туршлагын шаардлага, шалгуур үзүүлэлт, тэдгээрийг хангасныг нотлох баримтыг тусгасан урьдчилсан сонголтын баримт бичгийг бэлтгэх;
32.1.2. урьдчилсан сонголт явуулах тухай энэ хуулийн 18.3-т заасан зарлалд тусгах;
32.1.3. урьдчилсан сонголтын баримт бичигт заасан чадавхын болон туршлагын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан оролцогчид тендер ирүүлэхийг мэдэгдэх.
32.2. Урьдчилсан сонголтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн сонирхогч этгээдийг урьдчилсан сонголтын шаардлага хангасан сонирхогч этгээдийн бүртгэлд гурван жилийн хугацаагаар бүртгэнэ.
32.3. Захиалагч энэ хуульд заасан тендер шалгаруулалтын урилгыг аж ахуй эрхлэгчид хүргүүлэхэд энэ хуулийн 32.2-т заасан бүртгэлийг үндэслэж болно.
32.4. Урьдчилсан сонголт явуулах жишиг баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
33 дугаар зүйл. Нээлттэй тендер шалгаруулалтын арга
33.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэнэ.
33.2. Нээлттэй тендер шалгаруулалтын зарлалыг энэ хуулийн 18.1-д заасны дагуу нийтэлнэ.
33.3. Нээлттэй тендер шалгаруулалтын тендер хүлээн авах эцсийн хугацаа ажлын 15-аас дээш, энэ хуулийн 8.3-т заасан төсөвт өртгөөс дээш ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад ажлын 20-оос дээш өдөр байхаар заана.
33.4. Энэ хуулийн 34 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулна.
33.5. Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтыг холбогдох Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, эсхүл Засгийн газар тусгайлсан хэлэлцээрийг байгуулахаас өмнө урьдчилан зохион байгуулж болно.
33.6. дер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
34 дүгээр зүйл. Нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах
34.1. Захиалагч бараа, ажил, үйлчилгээний цар хүрээ, төсөвт өртөг өндөр, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэх шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл шаардлага хангах, ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөхүйц хоёр ба түүнээс дээш техникийн шийдэл байх боломжтой гэж үзсэн бол нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж болно.
34.2. Нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулахад захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон техникийн тодорхойлолт бүхий тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, энэ хуулийн 18.3-т заасан зарлалд тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах талаар заана.
34.3. Нэгдүгээр үе шатанд техникийн санал ирүүлэх сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангах бараа, ажил, үйлчилгээний шийдлийг санал болгоно.
34.4. Захиалагч нэгдүгээр үе шатанд ирүүлсэн техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендер шалгаруулалтын урилгыг нэгдүгээр үе шатанд оролцсон этгээдэд хүргүүлнэ.
34.5. Энэ хуулийн 34.4-т заасан урилгын дагуу зохион байгуулах тендер шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд энэ хуулийн 33.3-т заасан хугацааг баримтална.
34.6. Нээлттэй тендер шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд нэгдүгээр үе шатанд оролцсон этгээд тендер ирүүлнэ.
35 дугаар зүйл. Үнийн санал дуудах арга
35.1. Захиалагч нийт төсөвт өртөг нь үнийн санал дуудах аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээ, эсхүл стандартчилагдсан шинж чанар бүхий бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтыг цахим системд үнийн санал дуудаж зохион байгуулж болно.
35.2. Захиалагч тендер шалгаруулалтын зарлалд энэ хуулийн 18.3-т зааснаас гадна дараах мэдээллийг заана:
35.2.1. үнийн санал дуудах ажиллагаа хүчин төгөлдөр байхад шаардлагатай оролцогчийн тоо;
35.2.2. үнийн санал дуудах хугацаа.
35.3. Захиалагч энэ хуульд заасан цахим системд бүртгэлтэй аж ахуй эрхлэгчдэд үнийн санал дуудах ажиллагаанд оролцох урилга хүргүүлж болно.
35.4. Цахим системд тендер шалгаруулалтын зарлал нийтэлсэн өдрөөс хойш ажлын таваас доошгүй өдрийн дараа үнийн санал дуудах ба үргэлжлэх хугацааг хоёроос доошгүй цаг байхаар зарлалд заана.
35.5. Үнийн санал дуудах ажиллагаанд бүртгүүлсэн сонирхогч этгээд уг ажиллагаанд оролцох эрхтэй.
35.6. Бүртгүүлсэн сонирхогч этгээдийн тоо зарлалд заасан шаардлагатай тоонд хүрээгүй бол захиалагч үнийн санал дуудах ажиллагааг цуцалж, энэ тухай цахим системээр мэдэгдэнэ.
35.7. Сонирхогч этгээд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу тендерийг цахим системд ирүүлнэ.
35.8. Үнийн санал дуудах ажиллагааны туршид оролцогчийн мэдээлэл нууц байх бөгөөд оролцогч цахим системээс олгосон ялгах дугаарыг ашиглаж, заасан хугацаанд үнийн саналыг бууруулан хэдэн ч удаа ирүүлж болно.
35.9. Үнийн санал дуудах ажиллагаа хаагдахад эцсийн үнийг өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн үнийн санал бүхий оролцогчийн тендерийг хянан үзэж, шаардлага хангасан бол гэрээ байгуулах эрх олгоно.
35.10. Энэ хуулийн 35.9-д зааснаар хянан үзэхэд тендер шаардлагад нийцээгүй бол удаах эрэмбэлэгдсэн тендерийг хянан үзнэ. Захиалагч тендер шалгаруулалтад тендер ирүүлсэн бүх оролцогчийн тендерийг нэгэн зэрэг хянан үзэж болно.
35.11. Энэ хуулийн 9.5-д заасан нөхцөлд захиалагч үнийн санал дуудах ажиллагааг дахин зарлах хугацааг оролцогчид цахим системээр мэдэгдэнэ.
35.12. Цахим каталогт бүртгэгдсэн бараа, ажил, үйлчилгээ санал болгох тохиолдолд энэ хуулийн 35.7-д зааснаар тендер ирүүлэх шаардлагагүй бөгөөд үнийн санал хаагдахад эцсийн үнийг өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн үнийн санал бүхий оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.
36 дугаар зүйл. Гэрээ шууд байгуулах арга
36.1. Захиалагч дараах үндэслэлээр аж ахуй эрхлэгчдийн дунд хэлэлцээ хийж, гэрээ шууд байгуулж болно:
36.1.1. захиалагч урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлын улмаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах яаралтай хэрэгцээ үүссэн шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй;
Тайлбар:Энэ заалтын дагуу гэрээ шууд байгуулахад өмнөх тендер шалгаруулалт амжилтгүй болсон, захиалагчаас хамаарах шалтгаанаар худалдан авах ажиллагаа удааширсан, эсхүл төсвийн жил дуусаж санхүүжилтийн эх үүсвэргүй болох нөхцөл байдал хамаарахгүй.
36.1.2. үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, онц байдал, гамшиг, ослын нөхцөл байдлын улмаас бий болсон хэрэгцээ, шаардлагыг даван туулахтай шууд холбогдох бараа, ажил, үйлчилгээг худалдан авах яаралтай хэрэгцээ бий болсон шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй;
36.1.3. хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авах;
36.1.4. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд тусгайлан заасан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой үнэт цаас, валют худалдан авах, мөнгөн тэмдэгт хэвлүүлэх, хадгалуулах, тээвэрлэх, гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэхтэй холбогдуулан гадаад валют, алт худалдан авах, цэвэршүүлэх, тээвэрлэх, банкны хяналт, шалгалтын хүрээнд зөвлөх үйлчилгээ авах, үндэсний төлбөрийн системийн программ хангамж, түүний тоног төхөөрөмж, Эрдэнэсийн санг бүрдүүлэхэд хамаарах худалдан авах;
36.1.5. Засгийн газар, нийслэл, төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах;
36.1.6. Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан төсвийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, программ хангамж болон харилцаа холбооны үйлчилгээ худалдан авах;
36.1.7. Монгол Улсын хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын хэрэгцээнд гадаад улсад худалдан авах;
36.1.8. Засгийн газраас Монгол Улсыг гадаад улсад сурталчлахтай холбоотойгоор гадаад улсаас бараа худалдан авах, үйлчилгээ авах;
36.1.9. Төрийн аудитын тухай хуульд заасан аудитад шинжээч оролцуулах худалдан авах;
36.1.10. энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргаар зохион байгуулсан тендер шалгаруулалтын гэрээний хэлэлцээ хийх, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээ худалдан авах;
36.1.11. тогтоосон жишиг үнийн дагуу төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээг үзүүлэх хуульд заасан этгээдийг сонгох, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн чанар, стандартын шаардлага хангасан бараа худалдан авах;
36.1.12. сонгон шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний гүйцэтгэлтэй холбогдох бараа, ажил, үйлчилгээ худалдан авах;
36.1.13. захиалагчийн хэрэглээний зориулалттай тогтмол зардалд хамаарах эрчим хүч, уур, дулаан, ус, бохир усыг дэд бүтэц холбогдсон этгээдээс худалдан авах;
36.1.14. захиалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн болон шүүхийн бус маргаан шийдвэрлэх ажиллагаанд захиалагчийг төлөөлөх хуулийн зөвлөх үйлчилгээ худалдан авах;
36.1.15. Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой үндэсний үнэт зүйл, соёлын өвийг таниулсан соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, урлагийн бүтээл худалдан авах.
36.2. Гэрээ шууд байгуулах тухай зарлалыг бараа, ажил, үйлчилгээний ерөнхий мэдээллийн хамт цахим системд нийтэлж, энэ хуулийн 56.8-д зааснаар аж ахуй эрхлэгчид хэлэлцээ хийх урилга хүргүүлнэ.
36.3. Захиалагчаас бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх хүчин чадал, нөөц бололцоотой гэж үзсэн гадаадын этгээдэд хэлэлцээ хийх урилгыг хүргүүлж болно.
36.4. Хэлэлцээнд оролцох сонирхлоо илэрхийлэх хугацааг урилга хүргүүлснээс хойш ажлын таван өдөр байхаар, хэлэлцээ эхлүүлэх хугацааг сонирхлоо илэрхийлэх эцсийн хугацаанаас хойш ажлын гурваас доошгүй өдөр байхаар урилгад заана.
36.5. Захиалагч хэлэлцээг урилгад заасан хугацаанд сонирхогч этгээдтэй нэгэн зэрэг хийнэ.
36.6. Захиалагч хэлэлцээ хийхэд баримтлахаар тогтоосон дэгийг сонирхогч этгээдэд танилцуулж, хэлэлцээний тэмдэглэл хөтөлнө.
36.7. Сонирхогч этгээд урилгад заасан хугацаанд хүрэлцэн ирээгүй, оролцоогүй нь хэлэлцээг хойшлуулах үндэслэл болохгүй.
36.8. Хэлэлцээгээр техникийн тодорхойлолт, санхүүжилтийн болон гэрээний нөхцөлийн талаар мэдээллийг солилцоно.
36.9. Захиалагч хэлэлцээний үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн баталж, тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын гурваас доошгүй өдөр байхаар заана.
36.10. Хэлэлцээнд оролцсон этгээд тендер ирүүлэх эрхтэй байна.
36.11. Энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасан нөхцөлийг даван туулах, эсхүл түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг авран хамгаалахад энэ зүйлд заасан доод хугацаа, журмыг баримтлах боломжгүй бодитой нөхцөл байгаа бол шаардлагатай хугацаагаар багасгаж, урилга хүргүүлэх, хэлэлцээ хийх, тендер хүлээн авах журмыг баримтлахгүй байж болно.
36.12. Тендер нээснээс хойш захиалагч энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаар тодруулга авах эрхгүй байна.
36.13. Энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасны дагуу байгуулах гэрээний тоо хэмжээ, хугацаа нь уг аргыг сонгох болсон яаралтай нөхцөл байдлыг даван туулахад шаардлагатай тоо хэмжээ, хугацаанд нийцсэн байна.
36.14. Бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тоо хэмжээ, хугацааг энэ хуулийн 36.13-т нийцүүлэн хязгаарласны дараа үлдэх төсөвт өртөг энэ хуулийн 10.2-т заасан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрэх бол худалдан авах ажиллагааг аль болох богино хугацаанд эхлүүлнэ.
36.15. Захиалагч энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т зааснаар зохион байгуулсан тендер шалгаруулалтад бүх тендерээс татгалзсан үндэслэлээр дахин тендер шалгаруулалт зарлах бол энэ хуулийн 28.5-д заасныг мөрдөхгүй байж болно.
36.16. Захиалагч энэ зүйлд заасан хэлэлцээ хийхэд баримтлах дэгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
36.17. Энэ хуулийн 36.1.3, 36.1.4, 36.1.5, 36.1.7, 36.1.8-д заасан худалдан авах ажиллагаанд зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, хэлэлцээ хийх, тендер хүлээн авах журмыг баримтлахгүй байж болно.
36.18. Энэ хуулийн 36.1.3-д заасан төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журмыг тагнуулын байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
37 дугаар зүйл. Нэг эх үүсвэрээс худалдан авах арга
37.1. Захиалагч дараах нөхцөлд нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж болно:
37.1.1. оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэгч оюуны өмчийн эрх эзэмшигч, эсхүл түүнээс лицензийн гэрээний дагуу ашиглах эрх авсан албан ёсны нэг этгээд гүйцэтгэх боломжтой бол;
37.1.2. олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллага, эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсаас шууд болон дамжуулан худалдан авах бол;
37.1.3. нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан бараа, үйлчилгээний нэмэлт нийлүүлэлт анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэхгүй нөхцөлд анхны гэрээний дагуу нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах болон нэмж нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах, эсхүл үргүй зардал гаргахаар бол;
37.1.4. нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан ажлын нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрэхгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол;
37.1.5. гадаад улсаас соёлын биет өв болон түүний хуулбарыг өмчлөгчтэй тохиролцон худалдан авах эсхүл, төрийн болон орон нутгийн өмчийн музей болон галерейн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг нэг өмчлөгчөөс худалдан авах шаардлага үүссэн бол;
37.1.6. төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах үед үйлдвэрлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах нөхцөлд тухайн бараа, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс худалдан авах бол;
37.1.7. гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд олон улсын чанарын шаардлага хангасан мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах бол;
37.1.8. шүүх шинжилгээний байгууллагын нарийн мэргэжлийн шинжилгээнд шаардлагатай урвалж бодис худалдан авах бол;
37.1.9. Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үйл ажиллагааны тодорхой чиглэлээр шинжлэх ухааны суурь, хавсарга, технологи хөгжүүлэлтийн туршилт судалгаа болон инновацын судалгааны ажил, үйлчилгээ тухайн чиглэлийн төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаас гүйцэтгүүлэх бол.
37.2. Энэ зүйлд заасан тендер шалгаруулалтын зарлалыг энэ хуулийн 18.1-д заасны дагуу нийтлэхгүй байж болно.
37.3. Энэ зүйлд заасан аргаар зохион байгуулах тендер шалгаруулалтад тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа шаардахгүй байж болно.
37.4. Энэ хуулийн 37.1.2-т заасны дагуу худалдан авах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
38 дугаар зүйл. Ерөнхий гэрээний арга
38.1. Бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахад дараах хоёр үе шаттайгаар зохион байгуулна:
38.1.1. нэгдүгээр үе шатанд худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага захиалагчийн худалдан авах бараа, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангах бараа нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулж, шалгарсан оролцогчтой ерөнхий гэрээ байгуулан, цахим дэлгүүрт бүртгэх;
38.1.2. хоёрдугаар үе шатанд захиалагч бараа, үйлчилгээг үнийн санал дуудаж цахим дэлгүүрээс худалдан авах;
38.1.3. энэ хуулийн 8.2-т заасан жагсаалтад багтсан барааг цахим дэлгүүрт бүртгэж, захиалагчийг захиалга хийх нөхцөлөөр хангана.
38.2. Ерөнхий гэрээний аргын нэгдүгээр үе шатанд ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтыг дараах нөхцөлтэйгөөр энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж, захиалагчийн хэрэгцээнд үндэслэн бараа, үйлчилгээний нэгж дээд үнэ болон бусад нөхцөлийг урьдчилан тогтооно:
38.2.1.гурав хүртэл жилийн хугацаанд хүчинтэй байх; 38.2.2.гэрээ байгуулах оролцогчийн тоог хязгаарлахгүй байх; 38.2.3.гэрээ хүчинтэй байх хугацаанд шаардлага хангасан оролцогчийг нэмж оруулах боломжтой байх; 38.2.4.үйл ажиллагааны салбар, газар зүйн байрлалд үндэслэн захиалагчийг тодорхойлсон байх.
38.3. Ерөнхий гэрээний нэгдүгээр үе шатны тендер шалгаруулалтын зарлалд энэ хуулийн 18.3-т заасан мэдээллээс гадна гэрээний хүчинтэй байх хугацааг заана.
38.4. Энэ хуулийн 38.2-т заасан тендер шалгаруулалтад оролцогчийн ирүүлсэн тендерийг энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж, энэ хуулийн 27.10-д заасны дагуу гэрээ байгуулна.
38.5. Шалгарсан оролцогчтой байгуулсан ерөнхий гэрээний дагуу худалдан авах бараа, үйлчилгээг цахим дэлгүүрт нэгж үнээр байршуулна.
38.6. Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, шалгарсан оролцогчийн хооронд байгуулах ерөнхий гэрээнд энэ хуулийн 38.3, 41.3-т заасан нөхцөлийг тусгана.
38.7. Ерөнхий гэрээнд энэ хуулийн 41.4, 41.5, 42 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
39 дүгээр зүйл. Цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авах
39.1. Ерөнхий гэрээний аргын хоёрдугаар үе шатанд захиалагч худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээ, хүргэх газар, хуваарь бүхий захиалгын хуудсыг цахим системд илгээж, үнийн санал дуудаж цахим дэлгүүрээс худалдан авна.
39.2. Ерөнхий гэрээ байгуулсан тухайн бараа, үйлчилгээний гүйцэтгэгчид үнийн санал дуудах урилгыг цахим системээр хүргүүлнэ.
39.3. Урилга хүргүүлсэн өдрөөс хойш ажлын хоёроос доошгүй өдрийн дараа үнийн санал дуудах ба үргэлжлэх хугацааг хоёроос доошгүй цаг байхаар урилгад заана.
39.4. Энэ хуулийн 35.8-д заасан журмын дагуу зохион байгуулагдсан үнийн санал дуудах ажиллагаа хаагдахад эхэнд эрэмбэлэгдсэн үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгчтэй захиалагч гэрээ байгуулна.
39.5. Цахим дэлгүүрт нэг гүйцэтгэгч байгаа, эсхүл үнийн санал дуудахад үнийн санал ирээгүй бол захиалагч цахим дэлгүүрт бүртгэгдсэн хамгийн бага үнийн санал бүхий бараа, үйлчилгээг худалдан авч болно.
39.6. Бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авахад энэ хуулийн 14.2, 44.1-д заасан тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа шаардахгүй ба тендерийг оролцогч, гүйцэтгэгчийн гаргасан баталгааны мэдэгдлээр баталгаажуулна.
39.7. Цахим дэлгүүрээс шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно.
40 дүгээр зүйл. Чадавхад суурилсан хэлэлцээний арга
40.1. Төслийн хамрах хүрээ, төсөвт өртөг өндөр, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад чиглэгдсэн, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэх шаардлагатай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхтай аж ахуй эрхлэгчийг энэ зүйлд заасан аргаар сонгож болно.
40.2. Энэ хуулийн 40.1-д заасан аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах төсөл, арга хэмжээний жагсаалтыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
40.3. Улсын Их Хурлаас баталсан жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээнд дараахыг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг энэ зүйлд заасан аргаар сонгон шалгаруулж болно:
40.3.1.техник эдийн засгийн үндэслэл болон бэлтгэл хангах зорилгоор шаардлагатай судалгаа, дагалдах баримт бичгийг боловсруулах; 40.3.2.гэрээний хэрэгжилтэд захиалагчийн нэрийн өмнөөс хяналт хэрэгжүүлэх, төслийн менежментийн үйлчилгээ үзүүлэх; 40.3.3.энэ хуулийн 10.13-т заасан нөхцөлтэй ажил гүйцэтгүүлэх.
40.4. Захиалагч төсөл, арга хэмжээний зорилго, цар хүрээ зэрэгт үндэслэн чадавхад суурилсан хэлэлцээний аргаар зохион байгуулах тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэх урилгыг чадавх бүхий аж ахуй эрхлэгчид хүргүүлнэ.
40.5. Чадавхад суурилсан хэлэлцээний аргаар зохион байгуулах тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэх мэдэгдэл, тендер ирүүлэх, хэлэлцээ хийх аргачлалыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
40.6. Энэ хуулийн 40.1-д заасан төсөл, арга хэмжээний цар хүрээ, онцлогийг харгалзан тендер шалгаруулалтын баримт бичигт дараах болон бусад нөхцөлийг энэ хуульд зааснаас өөрөөр зааж болно:
40.6.1.тендер, тендерийн баталгааг цахимаар, эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авах; 40.6.2.тендер шалгаруулалт зохион байгуулах, гэрээ байгуулах хэлийг олон улсад өргөн хэрэглэгддэг гадаад хэл байхаар; 40.6.3.олон улсад өргөн хэрэглэгддэг худалдан авах гэрээний загвараар гэрээ байгуулахаар.
40.7. Хэлэлцээний шатанд дараах нөхцөлийг оролцогчтой харилцан тохиролцож болно:
40.7.1.тендерийн үнэ, гэрээний үнэ, төлбөрийн нөхцөл, санхүүжилтийн хуваарь, төлбөр тооцоо гүйцэтгэх валют; 40.7.2.олон улсад өргөн хэрэглэгддэг худалдан авах гэрээний нөхцөл; 40.7.3.гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргааныг харьяалан шийдвэрлэх арбитр, эсхүл шүүх, маргаан шийдвэрлэх журам.
40.8. Захиалагч оролцогчтой хэлэлцээ хийх ажлын хэсгийг томилон ажиллуулна.
40.9. Энэ хуулийн 40.3.2, 40.3.3-т заасан гүйцэтгэгч харилцан хамааралтай байхыг хориглоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛ
41 дүгээр зүйл. Худалдан авах гэрээ
41.1. Захиалагч, шалгарсан оролцогчийн хооронд байгуулах худалдан авах гэрээний гол нөхцөл нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендер байна.
41.2. Худалдан авах гэрээний үнийг гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрт заасан үнээр тогтооно.
41.3. Худалдан авах гэрээнд дараах нөхцөлийг заана:
41.3.1.гэрээний үнэ; 41.3.2.гэрээний зүйл болон бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл; 41.3.3.төлбөрийн нөхцөл, хугацаа; 41.3.4.урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны дүн; 41.3.5.захиалагчийн хяналт хэрэгжүүлэх этгээд, хэлбэр; 41.3.6.бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх хуваарь; 41.3.7.давуу эрх олгосон мэдээлэл; 41.3.8.гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлал; 41.3.9.түншлэл, туслан гүйцэтгэгчийн мэдээлэл; 41.3.10.гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзах үндэслэл, журам; 41.3.11.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл.
41.4. Захиалагч худалдан авах гэрээ, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг цахим системд бүртгэж, олон нийтэд нээлттэй байршуулна.
41.5. Худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна.
42 дугаар зүйл. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
42.1. Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээнд дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно:
42.1.1. захиалагч урьдчилан харах боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах;
42.1.2. энэ хуулийн 11.10-т заасан нөхцөл, аргачлалын дагуу гэрээний үнийг тохируулах;
42.1.3. ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг өөрчлөгдсөн бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг өөрчлөх.
42.2. Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээний үүргийн гүйцэтгэлийн явцад дараах зүйлийг хориглоно:
42.2.1. энэ хуулийн 42.1-д зааснаас бусад үндэслэлээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
42.2.2. гүйцэтгэгч гэрээний үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэх.
42.3. Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулснаар гүйцэтгэгч энэ хуулийн 7.1.1, 7.1.6, 7.1.8, 7.1.9-д заасан нөхцөл үүссэн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцно.
42.4. Энэ хуулийн 10.10-т заасны дагуу байгуулсан гэрээний хугацааг сунгахыг хориглоно.
43 дугаар зүйл. Илт хууль бус гэрээ
43.1. Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна:
43.1.1.энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан; 43.1.2.энэ хуулийг зөрчиж нэг эх үүсвэрээс худалдан авсан; 43.1.3.хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй; 43.1.4.энэ хуулийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан; 43.1.5.тендер хүлээн авах эцсийн хугацааг баримтлаагүй; 43.1.6.энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй; 43.1.7.захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн.
43.2. Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад энэ хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлаагүй бол уг нэмэлт, өөрчлөлт илт хууль бус байна.
44 дүгээр зүйл. Гүйцэтгэлийн болон зүгшрүүлэх, тохируулах хугацааны баталгаа
44.1. Тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардана.
44.2. Захиалагч гүйцэтгэлийн баталгааны дүнг тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн гурван хувиар тогтоож тендер шалгаруулалтын баримт бичигт заана.
44.3. Гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааг дараах хэлбэрээр ирүүлж болно:
44.3.1. энэ хуулийн 44.2-т заасан дүнгээс багагүй мөнгөн төлбөрийн үүргийг захиалагчийн шаардлагаар гүйцэтгэх тухай банкны, эсхүл Монгол Улсын даатгагчийн баталгаа;
44.3.2. энэ хуулийн 44.2-т заасан дүнгээс багагүй нэрлэсэн үнэтэй Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас, Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг захиалагчийн шаардлагаар шилжүүлэх тухай эрх бүхий этгээдийн баталгаа.
44.4. Гадаад улсын банкнаас баталгаа гаргуулах эрхийг гадаадын этгээд эдлэх бөгөөд энэ тохиолдолд баталгаа гаргагчийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдээр Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банкийг заасан байна.
44.5. Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаа болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор захиалагч худалдан авах гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барьцаалах нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно.
44.6. Гүйцэтгэгч энэ хуулийн 44.5-д заасан барьцааг энэ хуулийн 44.3-т заасан хэлбэрээр гаргаж болно.
44.7. Гүйцэтгэгч энэ хуулийн 44.6-д заасан хэлбэрээр гаргасан бол захиалагч барьцаалсан мөнгийг уг баталгаанд заасан дүнтэй тэнцэх хэмжээгээр олгоно.
44.8. Энэ хуульд зааснаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, эсхүл гэрээний хүчинтэй хугацаанд гүйцэтгэлийн баталгаа хүчингүй болох нөхцөл үүсвэл гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааг зохих шаардлагад нийцүүлэн шинэчлэн гаргуулах, хүчинтэй гүйцэтгэлийн баталгаагаар солих үүрэг хүлээнэ.
44.9. Төсвийн жил дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааны хугацаа дуусахаас өмнө захиалагчид гүйцэтгэлийн баталгааг шинэчлэн хүргүүлнэ.
44.10. Гүйцэтгэгч энэ хуулийн 44.9-д заасан гүйцэтгэлийн баталгааг шинэчлэн хүргүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг гэрээний үүргээ зөрчсөнд тооцож, гүйцэтгэлийн баталгааг захиалагчийн орлого болгоно.
45 дугаар зүйл. Урьдчилгаа төлбөр, түүний баталгаа
45.1. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлнө.
45.2. Урьдчилгаа төлбөрийн баталгаа урьдчилгаа төлбөрөөс багагүй дүнтэй байна.
45.3. Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаагүй бол захиалагч урьдчилгаа төлбөр төлөхийг хориглоно.
45.4. Урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнд энэ хуулийн 44 дүгээр зүйлийн дагуу гаргасан гүйцэтгэлийн баталгааны дүнг оруулан тооцож болно.
45.5. Урьдчилгаа төлбөрийн баталгааг энэ хуулийн 44.3-т заасан хэлбэрээр гаргана.
45.6. Энэ хуулийн 44, 45 дугаар зүйлд заасан баталгааг гадаад валютаар илэрхийлэх бол баталгаа гаргасан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тодорхойлно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА
46 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааг төлөвлөх
46.1. Захиалагч батлагдсан төсөвт туссан төсөл, арга хэмжээ бүрээр худалдан авах ажиллагааг үр ашигтай төлөвлөж, батална.
46.2. Захиалагч санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг харьяалах дээд шатны төсвийн захирагчид цахим системээр илгээнэ.
46.3. Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш нэг сарын дотор харьяа захиалагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн хянаж, баталгаажуулан цахим системд нийтэлнэ.
46.4. Худалдан авах ажиллагааг төлөвлөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
47 дугаар зүйл. Худалдан авах ажиллагаа зохион байгуулах
47.1. Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 47.2-т заасан жагсаалтад тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна.
47.2. Энэ хуулийн 47.1-д заасан төсөл, арга хэмжээний жагсаалтыг дараа оны төсвийн тухай хууль албан ёсоор нийтлэгдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор Засгийн газар батална.
47.3. Энэ хуулийн 47.2-т заасан жагсаалтад хамаарахгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд төсвийн шууд захирагч захиалагч байна.
47.4. Энэ хуулийн 47.1, 47.2, 47.3-т зааснаас бусад улсын төсвийн хөрөнгө, захиалагчийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг захиалагч өөрөө зохион байгуулна.
47.5. Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг дарга захиалагч байна.
47.6. Аймаг, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 47.5-д заасан захиалагч өөрийн хэрэгцээнд худалдан авахаас бусад тохиолдолд тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж зохион байгуулна.
47.7. Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн төсвийн жилд хэрэгжүүлэх энэ хуулийн 47.1, 47.2, 47.3, 47.4-т зааснаас бусад төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг харьяалах доод шатны төсвийн захирагчид, эсхүл худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол ажлын 10 өдрийн дотор шилжүүлнэ.
47.8. Төсвийн шууд захирагч тухайн төсвийн жилд хэрэгжүүлэх энэ хуулийн 47.1, 47.2-т зааснаас бусад төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол ажлын 10 өдрийн дотор шилжүүлнэ.
48 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааг тайлагнах
48.1. Захиалагч худалдан авах ажиллагааны хэрэгжилт, үр дүнг тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд заасан төсөл, арга хэмжээ бүрээр харьяалах дээд шатны төсвийн захирагчид цахим системээр тайлагнана.
48.2. Төсвийн ерөнхийлөн захирагч харьяа захиалагчийн худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэн дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим системээр тайлагнана.
48.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн тайланг нэгтгэн дүгнэж, дараа оны эхний улиралд Засгийн газарт тайлагнана.
48.4. Засгийн газар жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн үр дүнг тусгана.
48.5. Худалдан авах ажиллагааг тайлагнах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
49 дугаар зүйл. Тендер шалгаруулалтыг төвлөрүүлэн, нэгтгэн зохион байгуулах
49.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрснөөр харьяа байгууллагын төсвийн хүрээнд төсвийн төвлөрүүлэн захирагч нь цахим дэлгүүрт байршуулаагүй нэг төрлийн бараа, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг төвлөрүүлэн зохион байгуулж болно.
49.2. Хоёр ба түүнээс дээш төсвийн шууд захирагч дараах нөхцөлийн аль нэгд үндэслэн тендер шалгаруулалтыг хамтран зохион байгуулах хүсэлтийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлж болно:
49.2.1. тодорхой зорилгыг хамтран хэрэгжүүлэх бол;
48.2.2. ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг нэгтгэн зохион байгуулах нь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх боломжтой бол.
49.3. Бараа, ажил, үйлчилгээ хамтран худалдан авах төсвийн шууд захирагч тус тусын худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.
50 дугаар зүйл. Захиалагчийн эрх, үүрэг
50.1. Төсвийн шууд захирагч болон захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бусад этгээд энэ хуульд заасан захиалагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
50.2. Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
50.2.1. худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах;
50.2.2. үнэлгээний хороо байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих;
50.2.3. үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих;
50.2.4. энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах;
50.2.5. тендер шалгаруулалтын үр дүнг тухай бүр цахим системд нийтлэх;
50.2.6. худалдан авах гэрээ байгуулах;
50.2.7. худалдан авах гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, удирдлагаар хангах, хэрэгжилтийг цахим системд хөтлөх;
50.2.8. энэ хуульд зааснаар худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах;
50.2.9. энэ хуулийн 56.6-д заасан гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах, мэдээллийн үнэн зөвийг хариуцах;
50.2.10. энэ хуулийн 58.5, 58.6-д заасан нөхцөл илэрсэн оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан улсын байцаагчид хянуулахаар хүргүүлэх;
50.2.11. гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх;
50.2.12. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29.1-д заасан зөвлөмж, дүгнэлтэд үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
50.2.13. энэ хуулийн 10.10-т заасны дагуу тендер шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн бол дараа оны төсвийн төсөлд тусгах;
50.2.14. барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх;
50.2.15. энэ хуулийн 22.9-д заасан хураамжийг энэ хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагаа зохион байгуулахтай холбоотой зардалд зарцуулах;
50.2.16. хуульд заасан бусад.
50.3. Энэ хуулийн 50.2.7-д заасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
50.4. Захиалагчийг төлөөлөх этгээд энэ хуулиар олгогдсон эрх, үүргийг тухайн байгууллагын холбогдох бусад этгээдэд шилжүүлэх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
50.5. Захиалагч худалдан авах ажиллагаа зохион байгуулах бүрд тендер шалгаруулалтын хувийн хэрэг бүрдүүлж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана:
50.5.1.санхүүжилтийн эх үүсвэр баталсан шийдвэр; 50.5.2.нээлттэй тендер шалгаруулалтын аргаас өөр арга хэрэглэсэн тохиолдолд тухайн аргыг сонгох болсон үндэслэл; 50.5.3.захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичиг, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт; 50.5.4.захиалагч, оролцогчтой харилцсан албан бичиг; 50.5.5.оролцогчдын ирүүлсэн тендер; 50.5.6.үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж; 50.5.7.тендер шалгаруулалт амжилтгүй болсон, эсхүл бүх тендерээс татгалзсан тохиолдолд түүний шалтгаан, үндэслэл; 50.5.8.захиалагчийн шийдвэр; 50.5.9.худалдан авах гэрээ; 50.5.10.энэ хуулийн 13.4-т зааснаар баримтжуулсан гэрэл зураг, дүрс бичлэг; 50.5.11.бусад баримт бичиг.
50.6. Тендер шалгаруулалтын хувийн хэргийг архивын нэгж болгон хадгална.
50.7. Захиалагч шалгарсан оролцогчийн тендерт ирүүлсэн загвар, дээжийг гэрээний үргэлжлэх хугацааны туршид хадгалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хянахад ашиглаж болно.
50.8. Захиалагч энэ хуулийн 36.17-д зааснаас бусад болон 37 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт гэрээ байгуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.
50.9. Захиалагч энэ хуулийн 7.1.4-т заасан нөхцөл үүссэн, эсхүл энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан ажилтан, албан тушаалтанд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байгаа тохиолдолд захиалагч холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.
51 дүгээр зүйл. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага
51.1. Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэл, дүүрэгт худалдан авах ажиллагааны нэгжтэй байх бөгөөд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлнэ.
51.2. Аймаг, нийслэл дэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухайн шатны Засаг дарга худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай, дүүрэг дэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг дүүргийн Засаг дарга нийслэлийн Засаг даргатай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө.
51.3. Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгжийн дарга нь ял шийтгүүлж байгаагүй, төрийн албанд зургаагаас дээш жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр гурваас дээш жил ажилласан туршлагатай, сүүлийн гурван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй байна.
51.4. Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д зааснаас гадна худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
51.4.1.цахим системийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар захиалагч, оролцогчийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах; 51.4.2.захиалагчийн энэ хуулийн 50.2.6, 50.2.7, 50.2.11, 50.2.13, 50.2.14-т зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх; 51.4.3.ерөнхий гэрээ байгуулахтай холбоотойгоор энэ хуулийн 50.2.11-д зааснаас бусад захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх; 51.4.4.худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих; 51.4.5.цахим системийн ашиглалт, худалдан авах ажиллагааны талаар сургалтыг цахим болон бусад хэлбэрээр зохион байгуулах; 51.4.6.цахим систем, түүний бүрэлдэхүүн хэсгийн хэвийн үйл ажиллагааг хариуцан, цахим системийн аюулгүй байдал, нууцлалыг хангах, техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг тогтмол нэмэгдүүлэх; 51.4.7.энэ хуулийн 22.9-д заасан хураамжийн 30 хүртэл хувийг цахим системийн найдвартай ажиллагаа, шинэчлэл сайжруулалт, аюулгүй байдлыг хангахад зарцуулах; 51.4.8.энэ хуулийн 56 дугаар зүйлд заасан бүртгэлийн тогтолцоо үүсгэх, хөтлөх, боловсронгуй болгох; 51.4.9.цахим системийн ашиглалтад дүн шинжилгээ хийж, холбогдох мэдээ, тоо баримтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; 51.4.10.бараа, ажил, үйлчилгээний жишиг техникийн тодорхойлолт боловсруулах, ерөнхий гэрээ байгуулах бараа, үйлчилгээг тодорхойлох зорилгоор зах зээлийн судалгаа хийх; 51.4.11.ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээний нэгж үнийн дээд хязгаарыг тогтоох, ерөнхий гэрээний аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах; 51.4.12.энэ хуульд заасан баталгааг цахим системээр гаргах эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих; 51.4.13.шалгарсан оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдлийг гэрээ байгуулах эрх бүхий этгээдэд хүргүүлэх; 51.4.14.захиалагч, эрх бүхий этгээдээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээг хүчингүй болгох; 51.4.15.энэ хуульд заасан бусад.
51.5. Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 51.4.5, 51.4.8, 51.4.10-т заасан чиг үүргийг мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
51.6. Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 51.5-д зааснаар чиг үүргээ бусад этгээдэд шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
51.7. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж энэ хуулийн 47.6-д заасан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулна.
51.8. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
51.8.1.худалдан авах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн саналаа худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх; 51.8.2.захиалагчийн энэ хуулийн 50.2.6, 50.2.7, 50.2.11, 50.2.13, 50.2.14-т зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх; 51.8.3.худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу энэ хуулийн 51.4.10-т заасан судалгаа хийх; 51.8.4.цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авахад дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулах; 51.8.5.энэ хуулийн 51.4.13-т заасан чиг үүрэг.
51.9. Гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны тухайн байгууллагын хүсэлтэд үндэслэн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.
52 дугаар зүйл. Үнэлгээний хороо
52.1. Захиалагч энэ хуулийн 10.2-т зааснаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаас бусад тохиолдолд үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулна:
52.1.1. сая төгрөг хүртэл төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын үнэлгээний хороог гурваас доошгүй;
52.1.2. ерөнхий гэрээний нэгдүгээр үе шатны, эсхүл энэ хуулийн 52.1.1-д зааснаас бусад тендер шалгаруулалтын үнэлгээний хороог таваас доошгүй.
52.2. Ерөнхий гэрээний хоёрдугаар үе шатны тендер шалгаруулалтад үнэлгээний хороо байгуулахгүй.
52.3. Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
52.3.1.тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах; 52.3.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх; 52.3.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.
52.4. Үнэлгээний хорооны гишүүдийн олонх худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан байна. Үнэлгээний хорооны гишүүдэд урамшуулал олгоно.
52.5. Үнэлгээний хорооны гишүүнээр захиалагчаас хараат бус гишүүнийг томилж болно.
52.6. Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн хүнийг томилон ажиллуулна.
52.7. Үнэлгээний хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн бол захиалагч түүнийг үнэлгээний хорооны гишүүний үүргээс чөлөөлж, шинэ гишүүн нөхөн томилно.
52.8. Захиалагч үнэлгээний хорооны хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор энэ хуулийн 52.3.1-д заасан чиг үүргийг гүйцэтгэснээр үнэлгээний хорооны чиг үүрэг дуусгавар болохоор байгуулж болно.
52.9. Энэ хуулийн 52.8-д заасан тохиолдолд энэ хуулийн 52.3.2, 52.3.3-т заасан чиг үүрэгтэй үнэлгээний хороог шинээр байгуулна.
52.10. Үнэлгээний хорооны дарга үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хурлыг товлох, тогтоосон хугацаанд шуурхай шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлэх, үнэлгээний хороог захиалагчийн өмнө төлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
52.11. Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй харилцахыг хориглоно.
52.12. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, үнэлгээний хорооны гишүүнд урамшуулал олгохтой холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
53 дугаар зүйл. Үнэлгээний хорооны хурал
53.1. Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна.
53.2. Үнэлгээний хороо тендер нээсэн өдөр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлнэ.
53.3. Үнэлгээний хороо нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хурлыг хүчинтэйд тооцно.
53.4. Тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болно.
53.5. Хууль тогтоомжид заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас тогтоосон бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон болон түүнтэй адилтгах бусад нөхцөл байдлаас шалтгаалан хуралд үнэлгээний хорооны бүх, эсхүл зарим гишүүд биечлэн оролцох боломжгүй бол тухайн гишүүдийг хуралд цахим хэлбэрээр оролцуулж болно.
53.6. Үнэлгээний хорооны хуралд цахимаар оролцсон гишүүнийг ирцэд оруулан тооцож, хурлын тэмдэглэлд цахим системээр баталгаажуулна.
53.7. Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
53.8. Үнэлгээний хорооны гишүүд хуралд биечлэн оролцсон эсэхээс үл хамааран зөвлөмжтэй танилцаж, түүнийг дэмжих эсэх саналаа тусган цахим системээр баталгаажуулна.
54 дүгээр зүйл. Худалдан авах ажиллагаанд оролцох ажилтан, албан тушаалтны үүрэг
54.1. Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, тендер хянан үзэх, үнэлэх, хяналт тавих, тайлагнах, гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан энэ хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарыг гаргах, түүнчлэн албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг мэдэгдэх үүрэгтэй.
54.2. Энэ хуулийн 54.1-д заасан ажилтан, албан тушаалтан энэ хуульд зааснаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад цаг тухайд нь оролцох үүрэгтэй.
54.3. Захиалагч, түүнийг төлөөлөх аливаа этгээд худалдан авах ажиллагаанд холбогдох асуудлаар сонирхогч этгээд, оролцогч, тэдгээрийн төлөөлөлтэй хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр харилцана.
54.4. Захиалагч, түүнийг төлөөлөх ажилтан, албан тушаалтан болон үнэлгээний хорооны гишүүн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар энэ хуульд зааснаас бусад үндэслэл, журмаар сонирхогч этгээд, оролцогч болон тэдгээрийг төлөөлж байгаа аливаа этгээдтэй уулзах, холбоо тогтоохыг хориглоно.
54.5. Энэ хуулийн 54.1-д заасан ажилтан, албан тушаалтан дараах үүргийн аль нэгийг хэрэгжүүлээгүй нь түүнийг тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргээс чөлөөлж, эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно:
54.5.1. ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд захиалагчид мэдэгдээгүй, эсхүл худал мэдүүлсэн;
54.5.2. ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд тайлбар гаргаагүй, эсхүл худал мэдүүлсэн;
54.5.3. худалдан авах ажиллагаанд холбогдох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн.
55 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, мэргэшсэн ажилтан
55.1. Худалдан авах ажиллагаа зохион байгуулах ажилтан, албан тушаалтан худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан байна.
55.2. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээг худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.
55.3. Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага, түүний багш, ажилтанд тавигдах шаардлага, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалтын журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
55.4. Энэ хуулийн 55.2-т заасан сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авах ажлыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
56 дугаар зүйл. Бүртгэлийн тогтолцоо
56.1. Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим системээр дараах бүртгэлийг хөтөлнө:
56.1.1.захиалагч; 56.1.2.худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуй эрхлэгч; 56.1.3.худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан; 56.1.4.бараа, ажил, үйлчилгээний каталог.
56.2. Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.1-д заасан бүртгэлийг цахим системд нээлттэй байршуулна.
56.3. Захиалагч цахим системд бүртгүүлснээр худалдан авах ажиллагаа зохион байгуулна.
56.4. Аж ахуй эрхлэгч цахим системд бүртгүүлж, тус системд холбогдсон төрийн эрх бүхий байгууллагын мэдээллийн сангаас оролцож байгаа тендер шалгаруулалттай холбоотойгоор түүний мэдээллийг цахим системээр харилцан дамжуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
56.5. Цахим системд бүртгүүлсэн аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага, энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавх, туршлагын шаардлагыг хангасан талаарх мэдээлэл, баримт бичгийг оруулан өөрийн хувийн бүртгэлийг үүсгэнэ.
56.6. Аж ахуй эрхлэгчийн туршлага, гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг холбогдох төрийн эрх бүхий байгууллага болон захиалагч баталгаажуулснаар худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим системд бүртгэнэ.
56.7. Аж ахуй эрхлэгч цахим систем дэх өөрийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орох тухай бүрд шинэчлэх үүрэгтэй ба мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
56.8. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч энэ хуульд зааснаар хүргүүлэх урилгыг тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, цахим системд бүртгүүлсэн аж ахуй эрхлэгчид нэгэн зэрэг илгээнэ.
56.9. Энэ хуулийн 56.8-д зааснаар урилга хүргүүлсэн нь урилга хүлээн авсан этгээдэд давуу байдал олгох, энэ хуульд заагаагүй бол бусад сонирхогч этгээд тендер ирүүлэхийг хориглох үндэслэл болохгүй.
56.10. Энэ хуулийн 56.1-д зааснаар бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
57 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
57.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдан авах ажиллагааны талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
57.1.1. худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;
57.1.2. худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар захиалагчийн хүсэлтээр мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
57.1.3. худалдан авах ажиллагаатай холбоотой журам, аргачлал, заавар, тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг, гэрээний загварыг батлах;
57.1.4. энэ хуульд зааснаар тендерийн, гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах, тендерийн баталгааг улсын орлого болгох журмыг батлах;
57.1.5. худалдан авах ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, журам, заавар, аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх;
57.1.6. худалдан авах ажиллагааны тайланг улсын хэмжээнд нэгтгэж, мэдээлэл гаргах;
57.1.7. худалдан авах ажиллагаанд оролцох ажилтан, албан тушаалтны чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах;
57.1.8. худалдан авах ажиллагааны асуудлаар олон улсын байгууллага, гадаад улсын бусад байгууллагатай хамтран ажиллах;
57.1.9. хуульд заасан бусад.
57.2. Энэ хуулийн 57.1.7-д заасан сургалт зохион байгуулах этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болно.
58 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч
58.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ байна.
58.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч байна. Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
58.3. Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргана.
58.4. Засгийн газар энэ хуулийн 58.1-д заасан улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нийтлэг баталгааг тогтоож, улсын байцаагчийн дүрмийг батална.
58.5. Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр тухайн салбарт хэрэгжсэн төсөл, арга хэмжээнд байгуулагдсан худалдан авах гэрээтэй холбоотойгоор салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дахь салбарын ахлах байцаагч, байцаагч /цаашид “салбарын улсын байцаагч” гэх/ оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана:
58.5.1. гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсан, эсхүл захиалагч хохирол барагдуулахыг шаардсан;
58.5.2. гэрээний үүргээ гүйцэтгэхэд мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эсхүл эрх бүхий бусад этгээд тогтоосон;
58.5.3. энэ хуулийн 10.9-д зааснаар, эсхүл давуу эрх авч гэрээ байгуулсан гүйцэтгэгч гэрээний үүрэг гүйцэтгэхэд хөгжлийн бэрхшээлтэй ажилтныг зохих ёсоор оролцуулаагүй, эсхүл давуу эрх тооцуулсан нөхцөлийг биелүүлээгүй.
58.6. Энэ хуулийн 58.1-д заасан улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана:
58.6.1. худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн;
58.6.2. энэ хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, 7.1.9-д заасан нөхцөлийн талаар худал мэдүүлсэн тендер ирүүлсэн.
58.7. Улсын байцаагч, салбарын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
58.7.1. энэ хуулийн 58.5, 58.6-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах;
58.7.2. энэ хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
58.7.3. гэрээний үүргийн гүйцэтгэлд гарсан алдааг залруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх.
58.8. Энэ хуулийн 58.7.2, 58.7.3-т заасан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар салбарын улсын байцаагч, эсхүл улсын байцаагчид тус тус хариу мэдэгдэнэ.
58.9. Энэ хуулийн 58.7.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг дараах этгээд гаргана:
58.9.1. энэ хуулийн 58.5-д заасан дүгнэлтэд салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;
58.9.2. энэ хуулийн 58.6-д заасан дүгнэлтэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн.
58.10. Энэ хуулийн 58.9.1, 58.9.2-т заасан Засгийн газрын гишүүн тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хөтөлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
58.11. Холбогдох этгээд энэ хуулийн 58.5, 58.6-д заасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо ажлын 10 өдрийн дотор дараах улсын ерөнхий байцаагчид гаргаж болно:
58.11.1. энэ хуулийн 58.5-д заасан дүгнэлтэд салбарын улсын ерөнхий байцаагчид;
58.11.2. энэ хуулийн 58.6-д заасан дүгнэлтэд энэ хуулийн 58.2-т заасан улсын ерөнхий байцаагчид.
58.12. Энэ хуулийн 58.11-д заасан улсын ерөнхий байцаагч энэ хуулийн 58.11-д заасан гомдлыг ажлын 20 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.
58.13. Энэ хуулийн 58.5, 58.6-д заасан нөхцөл бий болсноос хойш гурван жилийн хугацаанд улсын байцаагчийн хяналт шалгалтыг эхлүүлж болно.
58.14. Энэ хуулийн 58.13-т заасан хугацааны дотор эхлүүлсэн хяналт шалгалтад холбогдох асуудлыг эрх бүхий байгууллагаар шалган тогтоолгох зорилгоор хяналт шалгалтыг хойшлуулсан бол уг хугацаа тасалдсанд тооцно.
58.15. Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 58.10-т заасан тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад холбогдох нээлттэй мэдээллийг цахим системийн нэгдсэн бүртгэлд тухай бүр бүртгэнэ.
59 дүгээр зүйл. Худалдан авах ажиллагаанд хувийн хэвшлийг оролцуулах
59.1. Энэ хуульд заасан тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, техникийн тодорхойлолт боловсруулах, тендерийг хянан үзэх, үнэлэх, худалдан авах гэрээний хяналтыг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
59.2. Энэ хуулийн 59.1-д заасны дагуу хувийн хэвшлээр гүйцэтгүүлж байгаа тохиолдолд энэ хуулийн 50.2.2, 52 дугаар зүйлд үнэлгээний хороо байгуулахтай холбоотой зохицуулалт хамаарахгүй.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
60 дугаар зүйл. Захиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
60.1. Захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл сонирхогч этгээд, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.
60.2. Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт үндэслэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдана.
60.3. Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргахгүй.
60.4. Энэ хуулийн 60.3-т заасан үндэслэлээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бол холбогдох үндэслэлийг гомдол гаргагчид мэдэгдэнэ.
60.5. Захиалагч гомдол хянан шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулсан бол энэ хуулийн 20.6-д заасны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацааг сунгана.
60.6. Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй.
61 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын маргаан хянан шийдвэрлэх зөвлөл
61.1. Зөвлөл худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.
61.2. Зөвлөл дарга, найман гишүүнээс бүрдэнэ.
61.3. Зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:
61.3.1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчлөх эрхийн, үндэсний аюулгүй байдлын эсрэг аль нэг гэмт хэрэгт шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
61.3.2. эрх зүй, санхүү, аудит, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засгийн аль нэг мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн;
61.3.3. сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
61.3.4. худалдан авах ажиллагааны чиглэлээр гурваас дээш жил ажилласан туршлагатай.
61.4. Зөвлөлийн зургаан гишүүнийг дараах байгууллагаас тус тус нэр дэвшүүлнэ:
61.4.1.Улсын Их Хурлын төсвийн байнгын хороо; 61.4.2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар; 61.4.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; 61.4.4.хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; 61.4.5.өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага; 61.4.6.худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.
61.5. Зөвлөлийн хоёр гишүүнийг худалдааны танхимуудаас, нэг гишүүнийг Хуульчдын холбооноос тус тус нэр дэвшүүлнэ.
61.6. Энэ хуулийн 61.4, 61.5-д зааснаар нэр дэвшүүлсэн этгээдийг дарга, гишүүнээр Засгийн газраас таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Зөвлөлийн дарга, гишүүнийг улираан томилохгүй.
61.7. Зөвлөлийн дарга, гишүүнийг дараах тохиолдолд үүрэгт ажлаас чөлөөлнө:
61.7.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон; 61.7.2.гэмт хэрэг үйлдсэн тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон; 61.7.3.үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал бий болсон, эсхүл өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; 61.7.4.албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашигласан, эсхүл хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан; 61.7.5.үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан.
61.8. Зөвлөлийн гишүүнд гомдол хуваарилах, гомдол хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг сонгох журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд зөвлөлийн нийт гишүүдийн хурлаар батална.
61.9. Зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий зөвлөлийн ажлын албатай байна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангана.
61.10. Зөвлөлийн дарга зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилно.
61.11. Зөвлөлийн ажлын алба нь гомдлын асуудлаар дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргана.
61.12. Зөвлөл тусгай мэдлэг шаардсан нарийн мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах эрхтэй.
61.13. Зөвлөл нь хараат бусаар ажиллана.
61.14. Зөвлөлийн ажиллах журам, ажлын албаны бүтэц, орон тоо, цалин урамшууллын хэмжээг тогтоох болон зөвлөлийн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой журмыг Засгийн газар батална.
62 дугаар зүйл. Захиалагчийн шийдвэрт гомдол гаргах
62.1. Зөвлөл дараах үндэслэлийн аль нэгд хамаарах гомдлыг дараах хугацааны дотор хүлээн авна:
62.1.1. энэ хуулийн 30.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай оролцогчийн гомдлыг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдөр;
62.1.2. энэ хуулийн 60.3-т заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай оролцогчийн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдөр;
62.1.3. захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай сонирхогч этгээд, оролцогчийн гомдлыг энэ хуулийн 60.2-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдөр;
62.1.4. өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын таваас доошгүй өдрийн өмнө, тендер шалгаруулалтын бусад аргын хувьд ажлын гурваас доошгүй өдрийн өмнө.
62.2. Гомдолд дараах баримт бичгийг хавсарган бичгээр, эсхүл цахим системээр гаргаж болно:
62.2.1. итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд гарын үсэг зурсан бол эрх олгосон итгэмжлэл;
62.2.2. гадаадын этгээдийн хувьд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг нотлох баримт;
62.2.3. гадаад хэлээр үйлдсэн бол баримт бичгийн монгол орчуулга;
62.2.4. гомдолд хамаарах захиалагчийн шийдвэрийн хуулбар, эсхүл энэ хуулийн 62.1.3-т заасан гомдолд захиалагчид гаргасан гомдлын хуулбар.
62.3. Сонирхогч этгээд, оролцогчоос зөвлөлд гаргах гомдол үндэслэл бүхий байх бөгөөд дараах шаардлагад нийцсэн байна:
62.3.1.гомдлыг Монгол хэлний тухай хуулийн 6.7-д нийцүүлж монгол хэлээр үйлдсэн байх; 62.3.2.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38.1-д заасан бүрдүүлбэрийг хангах; 62.3.3.гарын үсэг, тамга /тэмдэг/-ийг эх хувиар хэрэглэсэн байх; 62.3.4.гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх; 62.3.5.энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдолд захиалагчийн тендерээс татгалзсан үндэслэлээс аль нэгийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрөх тухай үндэслэл дурдаагүй тохиолдолд тендерээс татгалзсан шийдвэрийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ; 62.3.6.энэ хуулийн 62.1.1-д заасан гомдолд тендерийн баталгаа хүчинтэй бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд дуусгавар болохгүй байх; 62.3.7.гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд санхүүжилтийн эх үүсвэртэй байх.
62.4. Тендер шалгаруулалт, түүний багц тус бүр хамаарах энэ хуулийн 62.3.6-д заасан тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг цахим системээр шалгана.
62.5. Энэ хуулийн 14.2.2-т зааснаар тендерийн баталгааны мэдэгдэл ирүүлсэн оролцогч энэ хуулийн 62.1.1-д зааснаар зөвлөлд гомдол гаргахад тендер шалгаруулалтын төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэх тендерийн баталгааг зөвлөлд гаргана.
62.6. Зөвлөл энэ хуулийн 62.1-д заасан хугацаанд ирүүлээгүй, 62.2, 62.3-т заасан шаардлага хангахгүй гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана.
62.7. Гомдлыг зөвлөлийн ажлын албаны бичиг хэргийн бүртгэлд бүртгэснээр, эсхүл цахим системээр ирүүлснээр хүлээн авсанд тооцно.
63 дугаар зүйл. Зөвлөл гомдлыг хянан шийдвэрлэх
63.1. Зөвлөл дараах тохиолдолд зөвлөлөөс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно:
63.1.1.гомдлыг хангах илүү үндэслэлтэй байгаа бол; 63.1.2.түдгэлзүүлээгүй, үйлдэл хийхгүй байхыг даалгаагүй тохиолдолд оролцогчид их хэмжээний хохирол учрахаар бол; 63.1.3.түдгэлзүүлэх, үйлдэл хийхгүй байхыг даалгах нь төрийн эрх бүхий байгууллага, захиалагч болон бусад оролцогчдод илтэд хохиролтой биш бол.
63.2. Захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгасан, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлснээс хойш гомдол хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 24.1-д заасан хугацаа зогсоно.
63.3. Зөвлөл гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлснээс хойш тухайн тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршсан бүх баримт бичиг, мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд баримт бичиг, мэдээллийн бүрэн, үнэн зөв байдлыг захиалагч хариуцна.
63.4. Зөвлөл шаардлагатай гэж үзвэл тендер шалгаруулалтад холбогдох баримт бичгийг захиалагчаас ирүүлэхийг шаардах ба захиалагч шаардсан хугацаанд ирүүлэх үүрэг хүлээнэ.
63.5. Зөвлөл энэ хуулийн 62.1-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
63.6. Зөвлөл оролцогчийг шаардлага хангасан эсэх, тендерийг хянан үзсэн, үнэлсэн эсэх асуудлаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд хянан үзнэ.
63.7. Энэ хуулийн 63.6-д зааснаар гомдлын хүрээнд хянан шийдвэрлэх нь захиалагч худалдан авах ажиллагаа зохион байгуулахад энэ хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянан үзэхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
63.8. Зөвлөл гомдлыг хянан үзэж захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна:
63.8.1.тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэр хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах; 63.8.2.тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах; 63.8.3.зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах.
63.9. Энэ хуулийн 63.8-д заасны дагуу шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг зөвлөл хүлээн авахаас татгалзана.
63.10. Зөвлөл энэ хуулийн 63.8-д заасан шийдвэрийг захиалагч болон гомдол гаргагчид цахим системээр, албан бичгээр хүргүүлнэ.
63.11. Зөвлөл энэ хуулийн 63.8-д зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 50.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгаж болно.
63.12. Энэ хуулийн 63.11-д заасны дагуу хяналт тавихыг даалгасан бол захиалагч энэ хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ.
63.13. Зөвлөл гомдол хянан шийдвэрлэх явцад илэрсэн зөрчлийн талаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болно.
63.14. Зөвлөлийн гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллийг улирал тутамд цахим системд олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
64 дүгээр зүйл. Шүүхэд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
64.1. Сонирхогч этгээд, эсхүл оролцогч зөвлөлийн шийдвэр, эсхүл энэ хуулийн 58.12-т заасан улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлыг захиргааны хэргийн шүүхэд гаргаж болно.
64.2. Тендер шалгаруулалтад холбогдох худалдан авах гэрээ байгуулснаас хойших гомдлыг шүүхэд гаргана.
64.3. Шүүх захиалагчийн шийдвэр, худалдан авах гэрээний биелэлтийг түдгэлзүүлэх нь нийтийн ашиг сонирхолд илтэд хохиролтой гэж үзсэн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түдгэлзүүлэхгүй.
64.4. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлүүлнэ.
64.5. Санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалтад гарсан гомдлыг шүүх хүлээн авахаас татгалзана.

НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД
65 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
65.1. Худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн ажилтан, албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол буруутай албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48.1, хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдалд тохируулан ногдуулах, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
65.2. Энэ хуулийн 65.1-д зааснаар холбогдох этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнд энэ хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх, хохирол нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
65.3. Энэ хуулийн 24.1, 24.2, 24.4-т заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй бол оролцогч тендер шалгаруулалтад оролцохтой холбогдсон бодит зардлыг буруутай ажилтан, албан тушаалтан төлнө.
65.4. Эрх бүхий байгууллага, эсхүл шүүхээс энэ хуулийн 54.1-д заасан ажилтан, албан тушаалтныг энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан үүргээ зөрчсөн гэж тогтоосон бол Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн эсэхээс үл хамааран худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээг хүчингүй болгоно.
66 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
66.1. Энэ хуулийн 58, 61, 62, 63 дугаар зүйл, 64.1 дэх хэсгийг 202.. оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
66.2. Энэ хуулийг 202.. оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

П. САЙНЗОРИГ

П. САЙНЗОРИГ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх