Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 10-р сарын 07 өдөр
Ulaanbaatar city
Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг үндэслэн Чөлөөт бүсийн тухай хуулийн биелэлтийг хангуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай:
1/"Алтанбулаг", "Замын-Үүд", "Цагааннуур" чөлөөт бүсийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, газар олголт, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, дэд бүтцийн ашиглалтын түвшинд нэгдсэн үнэлгээ хийж, Чөлөөт бүсийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд хүргүүлэх;
2/улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барьж байгуулсан боловч бүрэн ашиглалтад ороогүй дэд бүтцийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах хугацаатай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, Чөлөөт бүсийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4-т заасан эх үүсвэрийн хүрээнд санхүүжилтийн талаар санал боловсруулах;
3/чөлөөт бүсийн газар ашиглуулах сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны ил тод байдлыг хангаж, ашиглагдахгүй байгаа газрын гэрээг дүгнэж, холбогдох арга хэмжээ авах;
4/Чөлөөт бүсийн тухай хуулийн 19.2-т заасан орлогын 20 хүртэл хувийг зарцуулах зохицуулалтын хэрэгжилтийг хангаж, зарцуулалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах;
5/Улсын Их Хурлын 1995 оны 87 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал"-ыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтын биелэлтийг 2027 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор, бусад дэд заалтын биелэлтийг ээлжит чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Б.Жавхлан/-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа

Төслийн хэрэглэгчид

Б. БАТБААТАР

Б. БАТБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх