Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 3-р сарын 10 өдөр
Ulaanbaatar city
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ДООР ДУРДСАН АГУУЛГААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараах 161 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“161.1.Улсын Их Хурлаас Монгол Улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангуулах үүрэг бүхий хараат бус, бие даасан, байнгын ажиллагаатай Төсвийн тогтвортой байдлын зөвлөл/цаашид “Зөвлөл” гэх/-ийг байгуулна.
161.2.Зөвлөл үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, төсвийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хамтын удирдлагын зарчмаар асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.
161.3.Зөвлөл нь орон тооны 7 гишүүнээс бүрдэх бөгөөд Төсвийн байнгын хороо нэр дэвшигчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулан, сонсгол хийсний дагуу Зөвлөлийн гишүүдийг Улсын Их Хурал 4 жилийн хугацаагаар томилно.
161.4.Төсвийн тогтвортой байдлыг хангахад Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
161.4.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулах;
161.4.2.Монгол Улсын жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт, зөвлөмж өгөх;
161.4.3.Төсвийн байнгын хороо хүсэлт гаргасан бол хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн улсын төсөвт нөлөөлөл, ачаалал үзүүлэх эсэх талаар шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах;
161.4.4.төсөв, санхүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, Улсын Их Хуралд танилцуулах;
161.4.5.Зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, судалгааг Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Эдийн засаг, хөгжлийн болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаас гаргуулан авах;
161.4.6.шаардлагатай гэж үзвэл Зөвлөлөөс гаргасан дүгнэлт, зөвлөмжийн талаар Засгийн газраас холбогдох тайлбарыг гаргуулж авах.
161.5.Зөвлөл төсвийн дунд хугацааны таамаглалын тайлан, төсвийн тогтвортой байдлын болон эрсдэлийн тайлан, бодлогын нөлөөллийн шинжилгээний тайланг гаргаж хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хуралд танилцуулж, нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
161.6.Зөвлөл шаардлагатай тохиолдолд холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төв, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар судалгаа, шинжилгээний ажил хийлгэж болно.
161.7.Зөвлөлийн дарга, гишүүн нь дараах шаардлагыг хангасан байна:
161.7.1.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
161.7.2.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй байх;
161.7.3.зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш 6 жилийн хугацаанд аливаа сонгуульд нэр дэвшихгүй байх;
161.7.4.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх;
161.7.5.хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Зөвлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
161.7.6.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, олон улсад нэр хүнд бүхий эрдэм, шинжилгээ судалгааны сэтгүүлд нийтлүүлсэн байх, эсхүл эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, санхүү, татварын чиглэлээр мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
161.8.Зөвлөлийн дарга, гишүүнийг сонгон шалгаруулах, томилоход дараах журмыг баримтална:
161.8.1.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 45-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх;
161.8.2.энэ хуулийн 161.7-д заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтын зар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлагдсанаас хойш 30 хоногийн дотор нэр дэвших хүсэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлэх;
161.8.3.Төсвийн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, энэ хуулийн 161.8.1-т заасан хугацаанд багтаан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
161.8.4.ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үр дүнд хамгийн өндөр үнэлгээ авсан иргэнийг Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж томилох саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэх;
161.8.5.Төсвийн байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123-127 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах.
161.8.6.Зөвлөлийн гишүүд нь даргаа олонхын саналаар 2 жилийн хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно.
161.9.Зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө Улсын Их Хурал чөлөөлнө:
161.9.1.өөр ажилд томилогдон ажиллах болсон;
161.9.2.өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
161.9.3.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
161.9.4. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;
161.9.5.Зөвлөлийн гишүүн хуульд заасан чиг үүргээ удаа дараа биелүүлээгүй;
161.9.6.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашигласан;
161.9.7.энэ хуулийн 161.7.4, 161.7.5, 161.18-т заасан шаардлагыг зөрчсөн;
161.9.8.эрх зүйн чадамжгүй болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон;
161.9.9.хуульд заасан бусад үндэслэл.
161.10.Зөвлөл энэ хуулийн 161.4-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, нэгдсэн зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын алба нь Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд хамаарна. Ажлын албаны орон тоо, бүтцийг Улсын Их Хурлын Тамгын газар батална.
161.11.Зөвлөлийн төсөвтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, туслах чиг үүрэг бүхий 7 орон тоотой төсвийн судалгааны нэгжийг Зөвлөлийн харьяанд ажиллуулна. Судалгааны нэгжийн албан тушаалтныг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын Тамгын Газар томилж, чөлөөлнө.
161.12.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын төсөвт тусгана.
161.13.Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж хэлбэртэй байна.
161.14.Зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурал батална.
161.15.Зөвлөл үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана.
161.16.Зөвлөлийн гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлсийг Улсын Их Хурал тогтооно. Зөвлөлийн дарга, гишүүдийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ;
161.17.Зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 161.9-д зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хориглоно;
161.18.Зөвлөлийн дарга, гишүүн нь төсвийн байгууллагад шууд болон шууд бус хэлбэрээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх, өөр ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.”
2/Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт:
“6.1.4.Засгийн газрын өрийн нэрлэсэн үнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх.”

2 ДУГААР ЗҮЙЛ
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.1.4 ДЭХ ЗААЛТЫН “ЭСХҮЛ” ГЭСНИЙГ “УРСГАЛ ТЭНЦЭЛ” ГЭЖ, “6.4” ГЭСНИЙГ “6.2” ГЭЖ, “6.5” ГЭСНИЙГ “6.3” ГЭЖ, 6.3 ДАХЬ ХЭСГИЙН “6.4” ГЭСНИЙГ “6.2” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.

3 ДУГААР ЗҮЙЛ
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.2, 6.3 ДАХЬ ХЭСГИЙГ ТУС ТУС ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.

5 ДУГААР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ БАТАЛСАН ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

 . зохицуулагч

Г. ТЭМҮҮЛЭН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх