Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 5-р сарын 30 өдөр
Ulaanbaatar city
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлж, түүнээс аж ахуй эрхлэгчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж төрийн байгууллага, бусад этгээдтэй харилцах харилцааг зохицуулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих, аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг сайжруулах, худалдаа, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд оршино.
2 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хууль тогтоомж
2.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, түүний салбар, төлөөлөгчийн газар, дагнасан танхимын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагаа, гишүүнчлэл, санхүүжилт, төрийн болон бусад байгууллагатай харилцах болон худалдаа, аж үйлдвэрийн танхимтай холбоотой бусад харилцааг зохицуулна.
3.2. Энэ хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан танхимаас бусад худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.
4 дүгээр зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажилллагаанд дараах зарчмыг баримтлана:
4.1.1. хууль дээдлэх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг хүндэтгэх;
4.1.2. улс төрийн нам, эвслээс хараат бус, бие даасан байх;
4.1.3. үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх;
4.1.4. зах зээл, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжих, өрсөлдөөнд харшлах аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх;
4.1.5. бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЗОРИЛГО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГИШҮҮНЧЛЭЛ, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ
5 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын зорилго, зохион байгуулалт, гишүүнчлэл
5.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь аж ахуй эрхлэгчдийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн санаачлагыг дэмжих, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
5.2. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /цаашид “Үндэсний танхим” гэх/ нь энэ хуулийн 5.1-д заасан зорилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ.
5.3. Үндэсний танхимын гишүүн эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нэгдэж дагнасан худалдаа, аж үйлдвэрийн танхим (цаашид “дагнасан танхим” гэх) байгуулж болох бөгөөд үндэсний танхимын харьяанд байна.
5.4. Монгол Улсад Үндэсний танхим нэг, эдийн засгийн үйл ажиллагааны салбар тус бүрт дагнасан танхим нэг байна.
5.5. Үндэсний танхим нь Монгол Улсын нэг ба хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хамарсан салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно.
5.6. Салбар, төлөөлөгчийн газар нь Үндэсний танхимын чиг үүргийг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүрээнд Үндэсний танхимаас эрх олгосноор бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэгжүүлнэ.
5.7. Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, энэ хуулийн 5.9-д зааснаас бусад ашгийн төлөө хуулийн этгээд нь Үндэсний танхимд заавал гишүүнчлэлтэй байна.
5.8. Энэ хуулийн 5.7-д заасан ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн дотор үндэсний танхимд бүртгүүлж, гишүүнээр элсэнэ.
5.9. Дараах ашгийн төлөө хуулийн этгээд нь сайн дурын үндсэн дээр Үндэсний танхимд гишүүнээр элсэж болно:
5.9.1. Монгол Улсын хуулиар үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч, эсхүл тухайн хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд, эсхүл мэргэжлийн холбооны заавал гишүүнчлэлтэй байхаар заасан бол;
5.9.2. төрийн өмчит хуулийн этгээд;
5.9.3. гадаад улсын хуулийн этгээд бол.
5.10. Танхимын дүрмээр тогтоосон шаадлагыг хангасан Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн дагнасан танхимд гишүүнээр элсэж болно.
5.11. Энэ хуулийн 5.7-5.10-т заасны дагуу Үндэсний танхимд гишүүнээр элссэн аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээд (цаашид “аж ахуй эрхлэгч” гэх) нь дүрэмд заасан эрх, үүргийг эдэлнэ.
5.12. Үндэсний танхимын гишүүн гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн нь Үндэсний танхим болон дагнасан танхимд сонгох, сонгогдох эрх эдлэхгүй.
5.13. Үндэсний танхимын гишүүн нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн үйл ажиллагааны салбараас хамааран нэг, эсхүл хэд хэдэн дагнасан танхимд харьяалагдах буюу дагнасан танхим үүсгэн байгуулах эрхтэй байна.
5.14. Үндэсний танхим аж ахуй эрхлэгчийн нэгдсэн бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө.
5.15. Энэ хуулийн 5.14-т заасан нэгдсэн бүртгэлд аж ахуй эрхлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагаа явуулж байгаа эдийн засгийн салбарын ангилал, хуулийн этгээд бол улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, харьяалагдах дагнасан танхим зэрэг мэдээллийг тусгана.
5.16. Үндэсний танхимын Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинээр бүртгүүлж, танхимын гишүүн болсон хуулийн этгээдийн гишүүнчлэлийн хураамжийг гурваас доошгүй жилээр чөлөөлөх зарчим баримтална.
5.17. Үндэсний танхим болон дагнасан танхимын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, гишүүнчлэлийн ангилал, гишүүдийн эрх, үүрэг, сайн дурын гишүүнээр элсүүлэхэд тавигдах шаардлагатай холбоотой хуульд зааснаас бусад харилцааг Үндэсний танхимын дүрмээр зохицуулна.
6 дугаар зүйл. Танхимын нэр
6.1. Үндэсний танхим болон дагнасан танхимаас бусад байгууллага, хуулийн этгээдийн оноосон нэрэнд “Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим”, “худалдаа, аж үйлдвэрийн танхим”, эсхүл худалдаа, аж үйлдвэрийн танхимын зорилгыг илэрхийлэх бусад төсөөтэй монгол болон гадаад үг, нэр томьёо хэрэглэх болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэр баталгаажуулж, бүртгэхийг хориглоно.
6.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 6.1-д заасан хуулийн этгээдийн оноосон нэрийг баталгаажуулах, бүртгэхдээ Үндэсний танхимаас олгосон зөвшөөрлийг үндэслэнэ.
7 дугаар зүйл. Үндэсний танхимын үндсэн чиг үүрэг
7.1. Үндэсний танхим нь энэ хуулийн 5.1-д заасан зорилгын хүрээнд хууль, эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэж гэрээгээр шилжүүлсэн төрийн зарим чиг үүргээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1. аж ахуй эрхлэгчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах;
7.1.2. төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, оролцоог хангах;
7.1.3. аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хууль, эрх зүй, эдийн засаг, нийгмийн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
7.1.4. аж ахуй эрхлэгчдийн гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулах, гадаадаас хөрөнгө оруулалт татах, инноваци нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих;
7.1.5. мэргэжлийн боловсрол, сургалт, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих;
7.1.6. хуульд заасан бусад.
8 дугаар зүйл. Аж ахуй эрхлэгчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах
8.1. Үндэсний танхим нь аж ахуй эрхлэгчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
8.1.1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл болон хөгжлийн бодлогын баримт бичгийг тодорхойлоход санал, дүгнэлт оруулах;
8.1.2. аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн эрх барих болон гүйцэтгэх дээд байгууллагад төлөөлөн илэрхийлэх;
8.1.3. эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх үүднээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал уламжлах, эсхүл татвар, эдийн засаг, бизнесийн чиглэлийн хууль тогтоомжийн төсөл, Монгол Улсын олон улсын гэрээ, захиргааны хэм хэмжээний актын төсөлд Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу санал өгөх;
8.1.4. Монгол Улсад бизнес эрхлэлтийн орчны судалгаа хийх;
8.1.5. худалдаа, үйлчилгээг хөнгөвчлөх, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн ложистик сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох хялбаршуулах чиглэлээр санал, зөвлөмж хүргүүлэх;
8.1.6. аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой асуудлаар сонсгол зохион байгуулах;
8.1.7. хууль, эсхүл Засгийн газрын шийдвэрээр шилжүүлсэн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх.
Тайлбар: Энэ хуулийн 8.1.3 дахь заалт нь Онц байдлын тухай болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Дайны байдлын тухай болон Дайн бүхий байдлын тухай хуулийн дагуу эрх бүхий төрийн байгууллага шийдвэр гаргахад хамаарахгүй.
9 дүгээр зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, оролцоог хангах
9.1. Үндэсний танхим нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, оролцоог хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
9.1.1. аж ахуй эрхлэгчдийн асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа, шийдвэрийн үр нөлөөг сайжруулах, хувийн хэвшлийн байгууллагуудтай уялдаа холбоог сайжруулах зорилгоор санал, зөвлөмж, дүгнэлт хүргүүлэх;
9.1.2. үндэсний хэмжээний бизнесийн орчны судалгааг жил бүр хараат бусаар хийж гүйцэтгэж, Засгийн газарт холбогдох саналын хамт хүргүүлэх;
9.1.3. Хуульд заасан болон холбогдох төрийн байгууллагаас зөвшилцсөний дагуу зөвлөл, хороо, комисс зэрэг хамтын удирдлагын бүрэлдэхүүнд төлөөлөл оролцуулах.
10 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хууль, эрх зүй, эдийн засаг, нийгмийн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
10.1. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хууль, эрх зүй, эдийн засаг, нийгмийн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
10.1.1. Арбитрын тухай хуульд заасны дагуу үндэсний арбитр байгуулах;
10.1.2. эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэх механизм бий болгох;
10.1.3. аж ахуй эрхлэгчдийн компанийн засаглалын байдалд дүн шинжилгээ хийх, тэдгээрийн удирдлагад компанийн засаглалын талаар сургалт зохион байгуулах, зөвлөмж өгөх;
10.1.4. шинээр аж ахуйн үйл ажиллагаа эхлүүлэх, эрхлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх;
10.1.5. аж ахуй эрхлэгчдэд зориулсан цахим мэдээллийн нэгдсэн систем бий болгох, хөгжүүлэх, аж ахуй эрхлэгчийн цахим бүртгэл хөтлөх;
10.1.6. эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэл эрхлэх хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалт зохион байгуулах, борлуулалтыг дэмжих үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ажлын байр, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслүүлэх, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх;
10.1.7. гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгох;
10.1.8. шаардлагатай судалгаа шинжилгээг хийх чиг үүрэг бүхий судалгааны институтыг дэргэдээ байгуулах.
11 дүгээр зүйл. Аж ахуй эрхлэгчдийн гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулах, гадаадаас хөрөнгө оруулалт татах, инноваци нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих
11.1. Аж ахуй эрхлэгчдийн гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулах, гадаадаас хөрөнгө оруулалт татах, инноваци нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
11.1.1. Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын болон бүс нутгийн аж ахуй эрхлэгчдийн бараа, ажил, үйлчилгээний болон Монгол Улсын аж ахуй эрхлэгчдийн гадаад улсад оролцох үзэсгэлэн, худалдааны бүртгэлийг хөтөлж, олон нийтэд таниулан сурталчлах;
11.1.2. Монгол Улсын аж ахуй эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, үзүүлэх ажил, үйлчилгээг бусад орны зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, олон улсын маркетингийн болон менежментийн сургалт, судалгаа явуулах;
11.1.3. гадаад эдийн засгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, судалгаа хийх, зуучлах, сурталчилгаа, маркетинг хийх болон орчуулгын болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
11.1.4. Монгол Улстай худалдаа, арилжаа хийдэг болон хийх боломжтой гадаад улсын экспортын болон импортын орчин нөхцөл, төлбөр тооцоо явуулах журам болон бусад шаардлагатай асуудлаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, гишүүдээ мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулах;
11.1.5. олон улсын зах зээлд үндэсний аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, олон улсын маркетинг болон зар сурталчилгааг дэмжих;
11.1.6. аж ахуй эрхлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн гадаадын хөрөнгө оруулалт, технологи дамжуулалт, шинжлэх ухаан, техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
11.1.7. холбогдох байгууллагатай хамтран инновацийн төслийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдэд энэ талаар үйлчилгээ үзүүлэх;
11.1.8. инновацийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, инновацийг хөгжүүлэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, инновацийн үйл ажиллагааг урамшуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах;
11.1.9. Инновацийн тухай хуулийн 14.3-т заасны дагуу инновацийн төсөл болон түүнийг хэрэгжүүлэх гарааны компанийг бүртгэх, тодорхойлолт олгох;
11.1.10. экспортын барааны гарал, үүслийг гэрчлэх;
11.1.11. экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадлагаа гаргах;
11.1.12. бараа, тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлэхэд таслах хуудас бүхий дагалдах дэвтэр /ата, спд карней/, олон улсын хэмжээнд бараа тээвэрлэх /тир карней/ олгох, бүрдүүлэх, хяналт тавих.
12 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалт, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хүний нөөцийг бий болгох, хөгжүүлэх
12.1. Мэргэжлийн боловсрол, сургалт, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хүний нөөцийг бий болгох, хөгжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
12.1.1. мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулиудыг аттестатчилах үйл ажиллагаанд төлөөлөл оролцуулах;
12.1.2. аж ахуй эрхлэгчдэд эрэлттэй мэргэжилтэн, боловсон хүчний судалгааны үндсэн дээр хүний нөөцийн сургалт, судалгаа зохион байгуулах;
12.1.3. ажил олгогч болон ажилтныг зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулах.
13 дугаар зүйл. Үндэсний танхимын их хурал
13.1. Үндэсний танхимын эрх барих дээд байгууллага нь Үндэсний танхимын их хурал /цаашид “Их хурал” гэх/ байна.
13.2. Их хурлын төлөөлөгчдийн 50-иас доошгүй хувийг дагнасан танхим тус бүрээс сонгогдсон гишүүдийн төлөөлөл, 25-аас дээшгүй хувийг дагнасан танхим бүрийн удирдах зөвлөлийн төлөөлөл, 25-аас дээшгүй хувийг Үндэсний танхимын салбаруудын төлөөлөл бүрдүүлнэ.
13.3. Их хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Удирдах зөвлөлөөс дараах зарчмыг баримтлан тогтооно:
13.3.1. дагнасан танхимын гишүүдийн төлөөллийн тоог тогтоохдоо тухайн танхимд харьяалагдах гишүүдийн тоонд дүйцүүлэх;
13.3.2. дагнасан танхим тус бүрийн удирдах зөвлөлийн төлөөлөл тэнцүү тоотой байх;
13.3.3. Үндэсний танхимын салбар бүрийн төлөөлөл тэнцүү тоотой байх.
13.4. Их хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг таван жилд нэг удаа хуралдуулна.
13.5. Их хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.5.1. Үндэсний танхимын дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
13.5.2. Үндэсний танхимын Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;
13.5.3. Үндэсний танхимын Удирдах зөвлөл, Аудитын хорооны гишүүдийн тоог тогтоох, сонгох, чөлөөлөх;
13.5.4. Үндэсний танхимын Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл болон Аудитын хорооны үйл ажиллагааны тайлан сонсох, зөвлөмж өгөх;
13.5.5. хууль болон Үндэсний танхимын дүрмээр тогтоосон бусад асуудал.
13.6. Ээлжит болон ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулахтай холбогдсон харилцааг Үндэсний танхимын дүрмээр зохицуулна.
13.7. Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
13.8. Их хурал асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.
14 дүгээр зүйл. Үндэсний танхимын Удирдах зөвлөл
14.1. Үндэсний танхимын Удирдах зөвлөл /цаашид “Удирдах зөвлөл” гэх/ нь Их хурлын чөлөөт цагт Үндэсний танхимын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.
14.2. Удирдах зөвлөл 50-иас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа таван жил байна.
14.3. Удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг Үндэсний танхимын дүрмээр тогтооно.
14.4. Удирдах зөвлөлийн гишүүнээр нэгдмэл сонирхолтой хоёроос дээш этгээдийг сонгохгүй.
14.5. Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.5.1. Үндэсний танхимын үйл ажиллагааны бодлого, стратеги, зорилт, ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
14.5.2. Үндэсний танхимын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
14.5.3. Их хурлыг зарлан хуралдуулах;
14.5.4. Үндэсний танхимын жилийн төсвийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх;
14.5.5. Ерөнхийлөгчийн санал болгосон Үндэсний танхимын Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэх;
14.5.6. Үндэсний танхимын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гишүүн хуулийн этгээд, иргэнээс гаргасан санал, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх;
14.5.7. Үндэсний танхимын бүтэц, орон тоо, ажилтны тоог батлах;
14.5.8. салбар, төлөөлөгчийн газар байгуулах, татан буулгах, тэдгээрийн болон дагнасан танхимын үйл ажиллагааны журмыг батлах;
14.5.9. Үндэсний танхимын санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
14.5.10. хуульд худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл оролцохоор заасан байгууллагад нэр дэвшүүлэх;
14.5.11. Удирдах зөвлөлийн ажиллах журмыг тогтоох;
14.5.12. аж ахуй эрхлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулан гишүүнчлэлийн хураамжийн хэмжээ, түүнээс чөлөөлөх, хөнгөлөх нөхцөл, журмыг тогтоох;
14.5.13. Үндэсний танхимын үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;
14.5.14. хууль, Үндэсний танхимын дүрэмд заасан бусад бүрэн эрх.
14.6. Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
14.7. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг Ерөнхийлөгч, эсхүл Аудитын хорооны саналаар, эсхүл Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй гишүүдийн саналаар зарлан хуралдуулна.
14.8. Удирдах зөвлөл хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
14.9. Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
15 дугаар зүйл. Үндэсний танхимын Ерөнхийлөгч
15.1. Үндэсний танхимын Ерөнхийлөгч (цаашид “Ерөнхийлөгч” гэх) нь аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэгч, Үндэсний танхимын үйл ажиллагааг манлайлан чиглүүлэгч байна.
15.2. Ерөнхийлөгчөөр төрийн албан хаагч бус Монгол Улсын иргэнийг Их хурлаас нууц санал хураалтаар нэг удаа таван жилийн хугацаагаар сонгоно.
15.3. Ерөнхийлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.3.1. Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх;
15.3.2. Үндэсний танхимын нэрийн өмнөөс гэрээ байгуулах, хууль, Үндэсний танхимын дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд Үндэсний танхимын хөрөнгийг захиран зарцуулах;
15.3.3. Их хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулах;
15.3.4. Удирдах зөвлөлтэй зөвшилцөн Их хурлыг зарлан хуралдуулах;
15.3.5. Үндэсний танхимын Удирдах зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэх;
15.3.6. Үндэсний танхимын Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчийг тодорхойлж томилох эсхүл чөлөөлөх асуудлаар Удирдах зөвлөлд санал оруулах;
15.3.7. Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
15.3.8. хууль болон Үндэсний танхимын дүрэмд заасан бусад бүрэн эрх.
15.4. Ерөнхийлөгч дараах үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах зөвлөлд гаргаж болно:
15.4.1. эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
15.4.2. төрийн албан тушаалд томилогдохоор болсон, эсхүл бүх шатны сонгуульд нэр дэвших болсон.
15.5. Энэ хуулийн 15.4-т заасан нөхцөл бий болсон, эсхүл Ерөнхийлөгч энэ хуулийн 15.2-т заасан шалгуурыг хангахгүй болсон, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон бол Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, ээлжит бус Их хурлыг дүрэмд заасан хугацааны дотор зарлан хуралдуулна.
15.6. Энэ хуулийн 15.5-д заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд Ерөнхийлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Үндэсний танхимын дүрмээр зохицуулна.
16 дугаар зүйл. Аудитын хороо
16.1. Үндэсний танхимын Удирдах зөвлөлийн дэргэд Үндэсний танхимын эд хөрөнгийн бүртгэл, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаа болон Үндэсний танхимын үйл ажиллагааны талаарх санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх аудитын хороо (цаашид “Аудитын хороо” гэх) ажиллана.
16.2. Аудитын хорооны гишүүдийг Их хурлаас нууц санал хураалтаар нэг удаа таван жилийн хугацаагаар сонгоно.
16.3. Аудитын хороо нь үйл ажиллагаагаа Их хурлын өмнө хариуцан тайлагнана.
16.4. Үндэсний танхимын санхүүгийн асуудал хариуцсан ажилтан, Удирдах зөвлөлийн гишүүн болон Ерөнхийлөгч нь Аудитын хорооны гишүүн, дарга байхыг хориглоно.
16.5. Аудитын хорооны гишүүнд тавигдах шаардлага, ажиллах журмыг Үндэсний танхимын дүрмээр тогтооно.
17 дугаар зүйл. Үндэсний танхимын санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт
17.1. Үндэсний танхимын санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
17.1.1. гишүүний хураамж;
17.1.2. гишүүн болон бусад этгээдийн хандив, тусламж;
17.1.3. үйлчилгээний орлого;
17.1.4. төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд зориулж хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт;
17.1.5. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
17.2. Үндэсний танхим нь гишүүнчлэлийн хураамж болон үйл ажиллагааны орлогоо зөвхөн хууль, дүрэмд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд зарцуулна.
17.3. Үндэсний танхим нь жил бүр санхүүгийн тайландаа аудит хийлгэх бөгөөд аудитлагдсан санхүүгийн тайлан нь гишүүд, олон нийтэд нээлттэй байна.
17.4. Үндэсний танхимын гишүүнчлэлийн хураамжийн 10 хувийг гишүүн хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий санд төвлөрүүлнэ.
17.5. Энэ хуулийн 17.4-т заасан сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг Удирдах зөвлөл батална.
17.6. Үндэсний танхим нь өөрийн зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хуульд заасны дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
17.7. Үндэсний танхим нь дагнасан танхимын үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх зорилгоор гишүүний төлсөн хураамжийн 30-аас доошгүй хувийг түүний харьяалагдах нэг, эсхүл хэд хэдэн дагнасан танхимд шилжүүлж болно.
17.8. Үндэсний танхим нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлсний хэмжээг тусгасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгож, төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ДАГНАСАН ТАНХИМЫН ЧИГ ҮҮРЭГ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТ,
18 дугаар зүйл. Дагнасан танхим үүсгэн байгуулах, бүртгүүлэх
18.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-аар тогтоосон тодорхой нэг эдийн засгийн үйл ажиллагааны салбарт үйл ажиллагаа явуулдаг Үндэсний танхимын 50-иас доошгүй тооны гишүүн хуулийн этгээд нь тухайн салбарын дагнасан танхимыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу үүсгэн байгуулж болно.
18.2. Эдийн засгийн үйл ажиллагааны нэг салбарт зөвхөн нэг дагнасан танхим байгуулж болно.
18.3. Дагнасан танхим үүсгэн байгуулах аж ахуй эрхлэгчид дараах шаардлагыг хангасны үндсэн дээр салбар дундын дагнасан танхим байгуулж болно:
18.3.1. салбар тус бүрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчдийн тоо энэ хуулийн 18.1-д заасан шаардлагыг хангаж байх;
18.3.2. салбар дундын танхимын хамаарах аль ч эдийн засгийн үйл ажиллагааны салбарт дагнасан танхим үүсгэн байгуулагдаагүй байх.
18.4. Дагнасан танхим үүсгэн байгуулах сонирхолтой Үндэсний танхимын гишүүд нь энэ тухай хүсэлтээ Үндэсний танхимд гаргана.
18.5. Үндэсний танхим энэ хуулийн 18.4-т заасан хүсэлтийг хүлээн авч, татгалзах үндэслэлгүй бол энэ тухай хүсэлт гаргагчид 14 хоногийн дотор хариу мэдэгдэх ба дагнасан танхим байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана.
18.6. Энэ хуулийн 18.5-д заасан мэдэгдэл хүлээн авсан хүсэлт гаргагч нь тухайн эдийн засгийн үйл ажиллагааны салбарт байгуулагдах дагнасан танхимын үүсгэн байгуулагчаар оролцох хуулийн этгээдийг мэдээллээ ирүүлэхийг Үндэсний танхимын цахим хуудас болон бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдэгдэнэ.
18.7. Дагнасан танхимын үүсгэн байгуулагчаар оролцохоор холбогдох мэдээллээ ирүүлсэн хуулийн этгээдийн тоо энэ хуулийн 18.1-д заасан шаардлагыг хангасан бол үүсгэн байгуулах хурлын тов болон хэлэлцэх асуудлын танилцуулгыг үүсгэн байгуулах хурлаас 30-аас доошгүй хоногийн өмнө үүсгэн байгуулагчдад хүргүүлэх, энэ хуулийн 18.6-д заасан журмаар олон нийтэд зарлан мэдээлнэ.
18.8. Дагнасан танхим үүсгэн байгуулах хурал нь энэ хуулийн 18.1-д зааснаас доошгүй тооны хуулийн этгээдийн төлөөлөл оролцсоноор хүчинтэйд тооцогдож, олонхийн саналаар шийдвэр гаргана.
18.9. Дагнасан танхим үүсгэн байгуулахтай холбоотой зардлыг үүсгэн байгуулагчид хариуцна.
19 дүгээр зүйл. Дагнасан танхимын гишүүнчлэл
19.1. Дагнасан танхимд тухайн эдийн засгийн үйл ажиллагааны салбарт үйл ажиллагаа явуулдаг Үндэсний танхимын гишүүд гишүүнчлэлтэй байна.
19.2. Дагнасан танхимд элсэх хүсэлтэй аж ахуй эрхлэгч нь энэ тухай хүсэлтээ дагнасан танхимд гаргах ба дагнасан танхим энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангаагүйгээс бусад үндэслэлээр гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзахгүй.
20 дугаар зүйл. Дагнасан танхимын санхүүжилт
20.1. Дагнасан танхимын санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
20.1.1. үндэсний танхимаас хуваарилсан гишүүний хураамж;
20.1.2. өөрийн гишүүнээр элссэн Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүний гишүүний хураамж;
20.1.3. гишүүн болон бусад этгээдийн хандив, тусламж;
20.2. Дагнасан танхим нь үндэсний танхимын гишүүнээс давхар хураамж авахгүй.
20.3. Дагнасан танхим нь энэ хуулийн 20.1-д заасан санхүүжилтийг зөвхөн хууль, дүрэмд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд зарцуулна.
20.4. Дагнасан танхимын санхүүгийн тайлан нь гишүүд, олон нийтэд нээлттэй байна.
21 дүгээр зүйл. Дагнасан танхимын бүх гишүүдийн хурал
21.1. Дагнасан танхимын удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал /цаашид “бүх гишүүдийн хурал” гэх/ байна.
21.2. Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг гурван жилд нэг удаа хуралдуулна.
21.3. Бүх гишүүдийн хуралд дагнасан танхимын гишүүдийн олонхи оролцсоноор хүчинтэйд тооцогдох ба гишүүн тус бүр саналын нэг эрхтэй оролцоно.
21.4. Бүх гишүүдийн хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.4.1. Дагнасан танхимын дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
21.4.2. Дагнасан танхимын Тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх;
21.4.3. Дагнасан танхимын Тэргүүн, Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, зөвлөмж, даалгавар өгөх;
21.4.4. хууль болон дүрмээр тогтоосон бусад асуудал.
21.5. Бүх гишүүдийн хурал асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.
22 дугаар зүйл. Дагнасан танхимын удирдах зөвлөл
22.1. Дагнасан танхимын удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хурлын чөлөө цагт дагнасан танхимын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.
22.2. Удирдах зөвлөл нь 9-өөс доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 500 ба түүнээс дээш гишүүнтэй дагнасан танхимын удирдах зөвлөлийн гишүүдийн тоо нь нийт гишүүдийн хоёр хувиас доошгүй, 50-иас дээшгүй байна.
22.3. Удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг дагнасан танхимын дүрмээр зохицуулна.
22.4. Удирдах зөвлөлийн хурлын даргын үүргийг бүх гишүүдийн хурлаас сонгогдсон тэргүүн гүйцэтгэнэ.
22.5. Дагнасан танхимын тэргүүнийг бүх гишүүдийн хурлаас нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
22.6. Дагнасан танхимын тэргүүн нь хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
22.7. Дагнасан танхимын Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.7.1. дагнасан танхимын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
22.7.2. дагнасан танхимын бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;
22.7.3. тэргүүний санал болгосон дагнасан танхимын гүйцэтгэх захиралд нэр дэвшигчийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэх;
22.7.4. дагнасан танхимын бүтэц, орон тоо, ажилтны тоог батлах;
22.7.5. дагнасан танхимын санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
22.7.6. хууль, дагнасан танхимын дүрэмд заасан бусад бүрэн эрх.
22.8. Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
22.9. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг Тэргүүн, эсхүл Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй гишүүдийн саналаар зарлан хуралдуулна.
22.10. Удирдах зөвлөл хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМААС БУСАД ЭТГЭЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА
23 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах
23.1. Үндэсний танхим нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын зорилгод хамаарах аливаа асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах эрхтэй байна.
23.2. Дагнасан танхим нь өөрийн хамаарах эдийн засгийн үйл ажиллагааны салбарын асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтантай харилцахдаа Үндэсний танхимын дүрэмд заасан журмын дагуу харилцах бөгөөд Үндэсний танхим болон гуравдагч этгээдтэй чөлөөтэй харилцана.
23.3. Танхимын гишүүн хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх баталгааг төр хангана.
24 дүгээр зүйл. Үндэсний танхим болон дагнасан танхим хоорондын харилцаа
24.1. Үндэсний танхим нь энэ хуулиар заасан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тухайн эдийн засгийн үйл ажиллагааны салбарыг хариуцсан дагнасан танхимаас, шаардлагатай бол өөрийн салбар, төлөөлөгчийн газраас санал, дүгнэлт, зөвлөмж гаргуулах болон хууль тогтоомжид заасны дагуу Үндэсний танхимаас төрийн байгууллагын дэргэд байгуулагдах зөвлөл, хороо, комисст томилогдох төлөөлөлд нэр дэвшүүлэх хүсэлтийг хүргүүлж болно.
24.2. Энэ хуулийн 24.1-д заасан хүсэлтийг хүлээн авсан этгээд нь өөрийн харьяа гишүүдийг хуралдуулах буюу хуралдуулахгүйгээр саналыг авч нэгтгэн Үндэсний танхимаас тогтоосон хугацааны дотор хариу хүргүүлнэ.
24.3. Үндэсний танхимаас төрийн байгууллагын дэргэд байгуулагдах зөвлөл, хороо, комисст томилогдох төлөөлөлд нэр дэвшүүлэхдээ хууль тогтоомжоор тавьсан шаардлагыг хангахын зэрэгцээ нэр дэвшүүлж буй этгээд нь ашиг сонирхлын зөрчилгүй болохыг нотолсон мэдэгдлийг тухай бүр гаргуулж авна.
24.4. Үндэсний танхим болон дагнасан танхим хоорондын харилцааг зохицуулсан нарийвчилсан журмыг Үндэсний танхимын Удирдах зөвлөлөөс тогтооно.
25 дугаар зүйл. Дагнасан танхимыг өөрчлөн байгуулах, татан буулгах
25.1. Хоёр ба түүнээс дээш тооны дагнасан танхим нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулж салбар дундын танхим, эсхүл салбар дундын танхимыг хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулж хэд хэдэн дагнасан болон салбар дундын танхим байгуулж болно.
25.2. Энэ хуулийн 25.1-д заасан шийдвэрийг дагнасан танхимын дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлаас гаргана.
25.3. Энэ хуулийн 25.1-д заасны дагуу өөрчлөн байгуулсан дагнасан танхимын хөрөнгийг хэрхэх асуудлыг дагнасан танхимын дүрэмд зааснаар зохицуулна.
25.4. Хуульд заасан зорилго, чиг үүргээ удаа дараа зөрчсөн, эсхүл энэ хуулийн 18.1-д заасан шаардлагыг хангахгүй болсон удирдах зөвлөлийг татан буулгах шийдвэрийг Үндэсний танхимын удирдах зөвлөл гаргаж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ
ТАНХИМЫН ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
26 дугаар зүйл. Арбитрын үйлчилгээ
26.1. Үндэсний танхимын дэргэд байнгын арбитрыг байгуулж ажиллуулна.
26.2. Энэ хуулийн 26.1-д заасан арбитрын үйл ажиллагаатай холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
27 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ
27.1. Үндэсний танхимын дэргэд аж ахуй эрхлэгчийн хооронд үүссэн маргаан, эсхүл аж ахуй эрхлэгч ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн ганчаарчилсан маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу дэмжлэг үзүүлэх эвлэрүүлэн зуучлалын төв ажиллана.
27.2. Салбар болон дагнасан тахимын дэргэд эвлэрүүлэн зуучлагч ажиллаж болно.
27.3. Үндэсний танхимын гишүүд маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд иргэний хэрэг, арбитрт маргаан үүсэхээс өмнө болон хойно аль ч үед энэ хуулийн 27.1-д заасан эвлэрүүлэн зуучлагчид гаргаж болно.
27.4. Үндэсний танхимын дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн зардал, ажлын хөлсний хэмжээг Удирдах зөвлөл тогтооно.
27.5. Үндэсний танхимын дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, эсхүл иргэний хэрэг үүссэн маргааны хувьд тухайн шатны шүүхийн шүүгч баталгаажуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 74.6 дахь хэсэг, 741, 75 дугаар зүйлд заасан журмын дагуу захирамж гаргана.
27.6. Үндэсний танхимын дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах журмыг Үндэсний танхимын Ерөнхийлөгч болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.
28 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх зардлын дэмжлэг үзүүлэх
28.1. Гишүүн хуулийн этгээд шүүхэд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх зардлыг санхүүжүүлэх боломжгүй бөгөөд хүсэлт гарагасан тохиолдолд энэ хуулийн 17.5-д заасан журмын дагуу төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх зардлын санхүүжилт олгож болно.
29 дүгээр зүйл. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгох
29.1. Аж ахуй эрхлэгчид нь Монгол Улсын хуулиар зохицуулагдахаар байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгэх явцад тухайн гэрээнд эсхүл Монгол Улсын хуульд заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал бий болсон, эсхүл гэрээнд заасан хүнд нөхцөл байдал үүссэн эсэх талаар дүгнэлт, гэрчилгээ гаргуулах хүсэлтийг Үндэсний танхимд гаргаж болно.
29.2. Энэ зүйлд заасан дүгнэлт, гэрчилгээг захиргааны гэрээтэй холбоотойгоор гаргахгүй.
29.3. Энэ хуулийн 29.1-д заасан хүсэлтэд дараах баримт бичиг, мэдээллийг хавсарган ирүүлнэ:
29.3.1. гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, эсхүл хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзэж буй гэрээ болон түүнд холбогдох баримт бичгийн баталгаажсан хуулбар;
29.3.2. гэрчилгээ гаргуулах нөхцөл байдал бий болсон талаар эрх бүхий байгууллагаас гаргасан нотлох баримт, мэдээлэл;
29.3.3. шаардлагатай бол үүссэн нөхцөл байдлын талаар нөгөө талд мэдэгдсэн тухай нотлох баримт;
29.3.4. гэрчилгээ гаргуулах хураамж төлсөн баримт;
29.3.5. гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичгийн албан ёсны орчуулга;
29.3.6. талуудын болон Үндэсний танхимын шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг, материал.
29.4. Гадаад улсад үүссэн нөхцөл байдлыг гэрчлүүлэх хүсэлт гаргасан бол тухайн нөхцөл байдлыг нотлох гадаад улсад үйлдэгдсэн нотлох баримтын үнэн зөвийг апостиль гэрчилгээгээр гэрчлүүлсэн байна.
29.5. Энэ хуулийн 29.3.1-29.3.3-т заасан гэрээ, баримт бичгийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу эх хувь байхгүй, эсхүл нотариатаар гэрчлүүлээгүй тохиолдолд ирүүлсэн хуулбар нь үнэн зөв эсэх талаар гэрээний нөгөө талаас тодруулга авсны үндсэн дээр дүгнэлт гаргаж болно.
29.6. Хүсэлт гаргагч нь гэрчилгээ гаргуулахаар Үндэсний танхимд хүргүүлсэн бүх баримт бичиг, мэдээллийн үнэн зөвийг хариуцах бөгөөд нотлох баримт хуурамаар бүрдүүлсэнтэй холбоотой хариуцлагыг бие даан хүлээнэ.
29.7. Хүсэлт хүлээн авсан Үндэсний танхим, эсхүл түүний салбар нь гэрчилгээ гаргуулах тухай шаардлага хангасан хүсэлтийг хүлээн авсан, эсхүл бүрдүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор Үндэсний танхимын дэргэдэх үндэсний арбитрт дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.
29.8. Хүсэлт хүлээн авсан Үндэсний танхим, түүний салбар болон үндэсний арбитраас хүсэлт гаргагчаас нэмэлт баримт бичиг, мэдээлэл шаардсан боловч заасан хугацааны дотор шаардлага хангасан материал ирүүлээгүй бол дүгнэлт гаргахаас татгалзаж болно.
29.9. Хүсэлт хүлээн авсан арбитр нь тухайн гэрээний талууд болон маргаан бүхий асуудлаар ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй болохоо бичгээр илэрхийлсэн ...-аас доошгүй арбитрчдын зөвлөгөөнөөр асуудлыг хэлэлцүүлнэ.
29.10. Арбитрчдын зөвлөгөөн нь олонхийн саналаар шийдвэр гаргах ба гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, эсхүл хүнд нөхцөл үүссэн гэж үзсэн бол дүгнэлт гаргана.
29.11. Арбитрын дүгнэлтээр “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал”, эсхүл “хүнд нөхцөл байдал” бий болсон гэж дүгнэсэн бол Үндэсний танхимын холбогдох нэгжийн дарга холбогдох гэрчилгээг хоёр хувь гаргаж, хүсэлт гаргагчид хүргүүлнэ.
29.12. Гэрчилгээнд “гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл”, эсхүл “хүнд нөхцөл байдал” үүссэн гэрээний нэр, огноо, дугаар, талуудын нэр, регистрийн дугаар, үүссэн нөхцөл байдлын тухай мэдээлэл, үргэлжилж буй хугацаа болон дүгнэлтийн үндэслэл болсон баримт бичгийн мэдээллийг дурдсан байна.
29.13. Арбитрчдын зөвлөгөөнөөс дүгнэлт гаргахаас татгалзсан бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг Үндэсний танхимаас хүсэлт гаргагчид хүргүүлнэ.
29.14. Гэрчилгээний загвар, гэрчилгээ гаргахтай холбоотой нарийвчилсан журам, хүсэлт гаргагчийн төлөх хураамж, зардлын хэмжээг Үндэсний танхимаас тогтооно.
29.15. Шүүхээс Үндэсний танхимыг шинжээчээр томилсоны дагуу дүгнэлт гаргах бол энэ зүйлд заасан журмын дагуу дүгнэлт гаргаж хүргүүлнэ. Дүгнэлт гаргахтай холбоотой зардлыг хуульд заасны дагуу хэргийн оролцогчдоос төлүүлнэ.
30 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах бичиг баримт олгох
30.1. Үндэсний танхим нь Монгол Улсын нэгдэн орсон Барааг түр хугацаагаар оруулах тухай конвенцийн B1, B2, B3, B5, C хавсралтуудад заасан бараа, тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлэхэд таслах хуудас бүхий дагалдах дэвтэр /карней/ олгох, бүрдүүлэлт хийх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
30.2. Энэ хуулийн 30.1-д заасан Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах журмыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон Үндэсний танхимын Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батална.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
31 дүгээр зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хараат бус байдал
31.1. Үндэсний танхим, салбар болон дагнасан танхимын үйл ажиллагаа нь улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байна.
31.2. Үндэсний танхим, салбар болон дагнасан танхимын үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
31.2.1. улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаа, нэр дэвшигчийг дэмжсэн буюу эсэргүүцсэн аливаа үйл ажиллагаа явуулах;
31.2.2. энэ хууль болон дүрэмд заасан зорилгоос ангид үйл ажиллагаа явуулах.
32 дугаар зүйл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны тайлан
32.1. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан олон нийтэд нээлттэй, ил тод байна.
33 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
33.1. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
34 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
34.1. Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Х. ГАНХУЯГ

Х. ГАНХУЯГ

Initiator of the draft law
Х. ГАНХУЯГ

Г. АМАРТҮВШИН

Initiator of the draft law
Х. ГАНХУЯГ

П. АНУЖИН

Initiator of the draft law
Х. ГАНХУЯГ

Д. ӨНӨРБОЛОР

Initiator of the draft law
Х. ГАНХУЯГ

Б. ЖАРГАЛМАА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх