27.1. Хариуцлагын даатгалын корпораци дараах үйл ажиллагаа эрхэлж, бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
27.1.1. хариуцлагын даатгалд хамруулах, гэрээ байгуулах, хураамж тооцож төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
27.1.2. даатгалын тохиолдлын дуудлага хүлээн авч хохирогчийн хохирлыг барагдуулах (авто оношлогоо болон авто үйлчилгээ хийх хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээгээр зохицуулна), хуульд заасан үндэслэлээр олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх;
27.1.3. хариуцлагын даатгал хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл солилцох, актуар тооцоолол хийх, хяналт тавих, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх;
27.1.4. зам тээврийн ослыг бууруулах, хариуцлагын даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан жолооч нарыг давтан сургах, мэргэшүүлэх;
27.1.5. Баталгаат сан болон хариуцлагын даатгалын санг бүрдүүлж, хуульд заасны дагуу захиран зарцуулах, улирал жилийн тайлан гаргах, эрх бүхий байгууллагад тайлагнах;
27.1.6. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
27.1.7. хариуцлагын даатгалыг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх.
27.2. Хариуцлагын даатгалын корпорацийн удирдах дээд байгууллага нь хариуцлагын даатгалын Үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэх/ байна.
27.2.1. Үндэсний зөвлөл долоон гишүүнээс бүрдэх бөгөөд дараах этгээд байна:
27.2.1.1. зам, тээвэр хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон албан тушаалтан Үндэсний зөвлөлийн гишүүн бөгөөд дарга;
27.2.1.2. даатгалын бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүн;
27.2.1.3. автотээврийн бүртгэл, техникийн хяналт хариуцсан байгууллагаас томилогдсон удирдах албан тушаалтан нэг хүн;
27.2.1.4. тээврийн цагдаагийн албаны дарга;
27.2.1.5. даатгуулагчийн төлөөлөл нь мэргэшлийн холбоодоос нэр дэвшиж сонгогдсон хоёр хүн;
27.2.1.6. Корпорацийн гүйцэтгэх захирал.
27.2.1.7.
27.2.2. Үндэсний зөвлөлийн гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд тэдгээрийг нэг удаа улируулан томилж болно.
27.2.3. Үндэсний зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:
27.2.3.1. зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
27.2.3.2. ял шийтгэлгүй;
27.2.3.3. даатгал, эрх зүй, эдийн засаг, авто тээврийн аль нэг чиглэлээр мэргэшсэн;
27.2.3.4. санхүү, даатгал, авто тээврийн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай;
27.2.4. Томилогдсон байгууллагын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн нь Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх үндэслэл болно.
27.2.5. Үндэсний зөвлөлийн ажиллах журмыг Үндэсний зөвлөлийн тогтоолоор батална.
27.2.6. Үндэсний зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
27.2.6.1. хариуцлагын даатгалын корпорацийн дүрмийг баталж, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
27.2.6.2. хариуцлагын даатгалын корпорацийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам, заавар баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
27.2.6.3. Хариуцлагын даатгалын корпорацийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
27.2.6.4. Хариуцлагын даатгалын корпорацийн бүтэц, хариуцлагын даатгалын сан болон баталгаат сангийн үйл ажиллагааны төсөв, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн хэмжээг батлах, гүйцэтгэлд хяналт тавих;
27.2.6.5. Хариуцлагын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлыг томилох, түүнтэй гэрээ байгуулах, чөлөөлөх.
27.3. Хариуцлагын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал:
27.3.1. Хариуцлагын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нь Хариуцлагын даатгалын корпорацийн дүрэм болон Үндэсний зөвлөлөөс баталсан стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна;
27.3.2. Гүйцэтгэх захирлаар энэ хуулийн 27.2.3-д заасан шаардлагыг хангасан санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, даатгалын аль нэг чиглэлээр дээд боловсролтой, эдийн засгийн салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалтнаар ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай хүнийг томилно;
27.3.3. Гүйцэтгэх захирлын эрх, үүргийг Хариуцлагын даатгалын корпорацийн дүрмээр тогтооно.