Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 5-р сарын 13 өдөр
Ulaanbaatar city
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь даатгалын тохиолдлын улмаас хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд буруутай этгээдийн учруулсан хохирлыг барагдуулах, хохирогчийн эрхийг хамгаалах зорилгоор автотээврийн хэрэгсэл эзэмшигчийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, уг даатгалыг хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засгийн болон зохион байгуулалтын үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын хууль тогтоомж
2.1. Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгал /цаашид “Хариуцлагын даатгал” гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , Даатгалын тухай , Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай , Автотээврийн тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “жолооч” гэж автотээврийн хэрэгсэл болон мотоциклийг жолоодож яваа хүнийг;
3.1.2. “автотээврийн хэрэгсэл” гэж Автотээврийн тухай хуулийн 3.1.1-д зааснаар зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг;
3.1.3. “автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа” гэж автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалд хамруулах, хохирогчийн хохирлыг барагдуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, энэ хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг;
3.1.4. “даатгуулагч” гэж хариуцлагын даатгалын гэрээ байгуулж шаардлагатай мэдээлэл, шуурхай албаны үйлчилгээ авах, замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг;
3.1.5. “даатгуулагчийн итгэлийн түүх” гэж даатгагчаас даатгуулагчийн талаар хөтөлж байгаа мэдээллийг;
3.1.6. “Хариуцлагын даатгалын нөхөн төлбөр” /цаашид “нөхөн төлбөр” гэх/ гэж хариуцлагын даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу хариуцлагын даатгалын сан болон Хариуцлагын даатгалын баталгаат сангаас хохирогчийн хохирлыг барагдуулахад зарцуулах мөнгөн хөрөнгийг;
3.1.7. “Хариуцлагын даатгалын баталгаат сан” /цаашид “баталгаат сан” гэх/ гэж хариуцлагын даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг;
3.1.8. “хариуцлагын даатгалын шуурхай алба” /цаашид “шуурхай алба” гэх/ гэж даатгуулагч, жолооч, хохирогч иргэнээс хариуцлагын даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, хохирлыг шуурхай, үнэн зөв тодорхойлох, хохирол барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих албыг;
3.1.9. “хариуцлагын даатгалын тохиолдол” /цаашид “даатгалын тохиолдол” гэх/ гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг;
3.1.10. .“хохирогч” гэж даатгалын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг;
3.1.11. .“автотээврийн хэрэгсэл эзэмшигч" гэж тээврийн хэрэгслийн өмчлөгч хувь хүн, хуулийн этгээд, түүнчлэн энэ хуулийн 5.3-т заасан этгээд;
3.1.12. .“тээврийн хэрэгслийн даатгалын түүх” гэж зам тээврийн осолд буруутай эсэхээс үл хамааран тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, түүнийг засварлуулсан түүх;
3.1.13. “Хариуцлагын даатгалын сан” гэж энэ хуулийн 25.1-д заасан эх үүсвэрээс бүрдсэн, энэ хуулийн 25.2-т заасан зориулалтаар зарцуулах мөнгөн хөрөнгийг;
3.1.14. “Хариуцлагын даатгалын корпораци” гэж автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг.
4 дүгээр зүйл. Хариуцлагын даатгалын зарчим
4.1. Хариуцлагын даатгал нь дараах зарчимд үндэслэнэ:
4.1.1. тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр хариуцлагын даатгалд заавал хамрагдах;
4.1.2. хохирогчийн хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох;
4.1.3. хариуцлагын даатгалд даатгуулаагүй авто тээврийн хэрэгсэл эзэмшигч нь уг тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
4.1.4. даатгалыг тохиолдлын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах, хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр бий болгох;
4.1.5. хариуцлагын даатгал нь албан журмаар даатгуулахын зэрэгцээ харилцан тохиролцож, даатгалын үнэлгээг болон хураамжийн хэмжээг нэмэгдүүлэн даатгуулж болно.
5 дугаар зүйл. Хариуцлагын даатгалд даатгуулах этгээд
5.1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр хариуцлагын даатгалд заавал даатгуулна.
5.2. Энэ хуулийн 3.1.11-д заасан этгээд хариуцлагын даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно.
5.3. Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “C”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгсэл өмчлөгч эсэхээс үл хамааран хариуцлагын даатгалд заавал даатгуулна.
6 дугаар зүйл. Хариуцлагын даатгалд үл хамрагдах нөхцөл
6.1. Монгол Улс гишүүнээр нь элсэн орсон олон улсын албан журмын даатгалын гишүүн орны даатгалын эрх бүхий байгууллагад даатгуулсан этгээд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй байж болно.
6.2. Замын хөдөлгөөнд оролцдоггүй байлдааны болон мөрдөх алба, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын тусгай зориулалттай автотээврийн хэрэгсэлд энэ хууль хамаарахгүй.
6.3. Хохирогч нь энэ хуулиар тогтоосон хэмжээнээс давсан хохирлыг жолооч болон буруутай этгээдээс нэхэмжилсэн бол уг давсан хэсэгт энэ хууль үйлчлэхгүй.
6.4. Энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан захиргааны хариуцлага ногдуулах эрх бүхий этгээд нь албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг жолоодон төрийн байгууллагад хүргэх, зөөж, шилжүүлэхэд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ГЭРЭЭ
7 дугаар зүйл. Даатгалын гэрээ, түүний хугацаа
7.1. Автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг барагдуулах зорилгоор энэ хуульд заасан нөхцөлийн дагуу даатгалын хариуцлагын гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна.
7.2. Энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан хариуцлагын даатгалын гэрээг байгуулахын өмнө даатгуулагч батлагдсан маягтын дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдүүлэг бөглөж өгнө.
7.3. Энэ хуулийн 7.2 дахь хэсэгт заасан мэдүүлгийн маягт, хариуцлагын даатгалын гэрээний стандарт нөхцөлийг Үндэсний зөвлөл батална.
7.4. Улсын хилээр түр болон дамжин өнгөрөх авто тээврийн хэрэгслээс бусад автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын гэрээ нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд даатгуулагчаас даатгалын хураамж төлснөөр хүчин төгөлдөр болно.
7.5. Хариуцлагын даатгалын гэрээний хугацаанд бий болсон уг гэрээтэй холбоотой бүхий л мэдээллийг даатгуулагчид үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.
8 дугаар зүйл. Хариуцлагын даатгалын баталгаа
8.1. Хариуцлагын даатгалын гэрээний дугаар нь даатгалын баталгаа болно.
8.2. Хариуцлагын даатгалын баталгааны загвар, хэрэглэх журмыг Үндэсний зөвлөл батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ
9 дүгээр зүйл. Хариуцлагын даатгалын үнэлгээ
9.1. Хариуцлагын даатгалын үнэлгээний хэмжээ буюу даатгалын тохиолдол бүрд 1 удаа олгох нөхөн төлбөр нь дараах хэмжээтэй байна:
9.1.1. энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл;
9.1.2. энэ хуулийн 10.1.3, 10.1.4-т заасан тээврийн хэрэгслийн хувьд арван сая төгрөг хүртэл.
9.2. Даатгалын үнэлгээ нь энэ хуулийн 9.1-д заасан үнэлгээнээс өндөр байхаар харилцан тохиролцож болох бөгөөд энэ тохиолдолд даатгалын хураамж болон үнэлгээг нэмэгдүүлсэн тухай хариуцлагын даатгалын нэмэлт гэрээгээр зохицуулна.
9.3. Энэ хуулийн 9.2 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Үндэсний зөвлөл батална.
10 дугаар зүйл.. Хариуцлагын даатгалын суурь хураамж
10.1. Энэ хуулийн 5.1-д заасан даатгуулагч нь дараах даатгалын суурь хураамжийг төлнө:
10.1.1. .“А” ангиллын автотээврийн хэрэгсэлд 12 500 төгрөг;
10.1.2. .“B” ангиллын автотээврийн хэрэгсэлд 33 000 төгрөг;
10.1.3. .“C” ангиллын автотээврийн хэрэгсэлд 42 500 төгрөг;
10.1.4. .“D” ангиллын автотээврийн хэрэгсэлд 53 000 төгрөг;
10.1.5. .“Механизм” ангиллын автотээврийн хэрэгсэлд 12 500 төгрөг.
10.2. Энэ хуулийн 5.3-т заасан даатгуулагч 33000 төгрөгийн даатгалын суурь хураамжийг төлнө.
11 дүгээр зүйл. Хариуцлагын даатгалын хураамж
11.1. Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг дараах итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцно:
11.1.1. тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил;
11.1.2. өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ;
11.1.3. даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага;
11.1.4. түр болон дамжин өнгөрөх хариуцлагын автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хугацаа;
11.1.5. тээврийн хэрэгслийг ашиглах ээлжийн жолоочийн тоо /нэрээр/;
11.1.6. тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал;
11.1.7. тээврийн хэрэгслийн зориулалт /хүн тээвэр, ачаа тээвэр, онц аюултай ачаа тээвэр/;
11.1.8. чиргүүлтэй эсэх.
11.2. Хариуцлагын даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Үндэсний зөвлөл батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ, НӨХӨН ТӨЛБӨР
12 дугаар зүйл. Даатгалын тохиолдолд үл хамаарах хохирол
12.1. Дараах хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна:
12.1.1. сэтгэл санааны хохирол;
12.1.2. хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
12.1.3. даатгалын тохиолдлын буруутай этгээдийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
12.1.4. энэ хууль болон хариуцлагын даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.
12.2. Энэ хуулийн 12.1-д заасан хохирлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
13 дугаар зүйл. Жолоочийн хүлээх үүрэг
13.1. Даатгалын тохиолдол гаргасан бол жолооч дараах үүрэгтэй:
13.1.1. хариуцлагын даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх;
13.1.2. даатгалын тохиолдлын шуурхай алба, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, талууд маргаантай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах;
13.1.3. даатгалын тохиолдлын болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх.
13.2. Даатгалын тохиолдол гаргасан даатгалд хамрагдаагүй, эсхүл даатгалын гэрээний хугацаа нь дууссан жолооч дараах үүрэг хүлээнэ:
13.2.1. хариуцлагын даатгалд даатгуулаагүй, эсхүл даатгалын гэрээний хугацаа нь дууссан тухайгаа хохирогчид мэдэгдэх;
13.2.2. даатгалын тохиолдлын талаар шуурхай алба, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, талууд маргаантай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх.
13.3. Энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээд нь даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг даатгалын тохиолдол гарсан даруйд бөглөж, гарын үсэг зурна.
13.4. Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч, даатгуулагч мэдэгдэх бөгөөд хариуцлагын даатгалын сангаас эргэн төлүүлэхээр шуурхай албаны зааврын дагуу хохирлыг барагдуулж болно.
13.5. Даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг хариуцлагын даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна.
13.6. Даатгалд хамрагдаагүй, эсхүл даатгалын гэрээний хугацаа нь дууссан жолооч энэ хуулийн 13.2-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг баталгаат сан хариуцахгүй бөгөөд хохирлыг буруутай этгээд өөрөө хариуцна.
14 дүгээр зүйл. Даатгалын тохиолдлыг цагдаагийн байгууллагын оролцоогүй бүртгэх
14.1. Доор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд даатгалын тохиолдлыг шуурхай алба цагдаагийн байгууллагын оролцоогүйгээр бүртгэж болно:
14.1.1. даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй;
14.1.2. автотээврийн хэрэгсэлд учирсан гэм буруугийн талаар автотээврийн хэрэгсэл эзэмшигч хүлээн зөвшөөрсөн.
14.2. Шуурхай алба нь даатгалын тохиолдлыг гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр баримтжуулж даатгалын тохиолдлын тодорхойлолт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулна.
14.3. Даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягт, хэрэглэх журмыг Үндэсний зөвлөл батална.
15 дугаар зүйл. Хохирогчийн хүлээх үүрэг
15.1. Даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан бол хохирогч шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
15.2. Хохирогч нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөдөө учирсан хохирлыг нотлох бүх мэдээллийг шуурхай алба, эрх бүхий этгээдэд гаргаж өгөх үүрэгтэй.
16 дугаар зүйл. Хариуцлагын даатгалын сан, баталгаат сангийн эрх, үүрэг
16.1. Хариуцлагын даатгалын сан, баталгаат сан нь хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч болон энэ хуулийн 13.2-т заасан этгээд, жолооч хохирогчоос шаардах эрхтэй.
16.2. Даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авсан даруйд шуурхай алба нь даатгалын тохиолдол болсон газарт төлөөлөгчөө нэн даруй илгээх үүрэгтэй.
16.3. Хариуцлагын даатгалын сан, баталгаат сан нь энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, жолоочийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр жолоочийг чөлөөлнө.
17 дугаар зүйл. Даатгалын тохиолдлыг шалгах
17.1. Шуурхай алба нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч болон энэ хуулийн 13.2-т заасан этгээд өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгана.
17.2. Даатгалын тохиолдол болсон газар нутгийн байршлыг харгалзан шуурхай алба нь энэ хуулийн 17.1-д заасан хугацааг хохирогч, даатгуулагч болон энэ хуулийн 13.2-т заасан этгээдийн зөвшөөрлийн дагуу 10 хүртэл хоногоор сунгаж болно.
17.3. Хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл үнэлгээний байгууллага нь даатгалын тохиолдлыг шалгах, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор тухайн автоавтотээврийн хэрэгсэлд техникийн үзлэг хийж болно.
17.4. Хариуцлагын даатгалын сан, баталгаат сан нь энэ хуулийн 17.1-д заасан хугацаанд даатгалын тохиолдлыг шалгаагүй бол даатгуулагч, жолооч, хохирогч нь хөндлөнгийн үнэлгээний байгууллагад хандах эрхтэй.
17.5. Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцлагын даатгалын сан, баталгаат сан хариуцна.
17.6. Даатгалын тохиолдлыг энэ хуулийн 14.3-т заасан даатгалын тохиолдлын тодорхойлолтыг үндэслэн тогтооно.
18 дугаар зүйл. Хохирлын хэмжээг тодорхойлох
18.1. Хуульд өөрөөр заагаагүй бол хариуцлагын даатгалын сан, баталгаат сан, хохирол үнэлгээний байгууллага болон хуульд заасан эрх бүхий этгээд нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг дараах журмын дагуу тодорхойлно:
18.1.1. хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу;
18.1.2. хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч болон энэ хуулийн 13.2-т заасан этгээд, хариуцлагын даатгалын сан, баталгаат сан санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;
18.1.3. хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу;
18.1.4. хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч болон энэ хуулийн 13.2-т заасан этгээд, хариуцлагын даатгалын сан, баталгаат сангийн санал зөрсөн бол авто тээврийн хэрэгслийн бүртгэл оношлогоо, авто үйлчилгээний байгууллагаар, эсхүл Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.
19 дүгээр зүйл. Баталгаат сангаас нөхөн төлбөр олгох
19.1. Дараах үндэслэлийн аль нэг нь байвал баталгаат сан хохирогчийн өргөдлийг үндэслэн түүнд нөхөн төлбөр олгоно:
19.1.1. даатгалд хамрагдаагүй этгээд даатгалын тохиолдол гаргасан;
19.1.2. даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан;
19.1.3. бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус;
19.1.4. хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
20 дугаар зүйл. Нөхөн төлбөр олгох
20.1. Хариуцлагын даатгалын сан, баталгаат сан нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд, шаардлагатай бол үнэлгээний байгууллагын дүгнэлт, тодорхойлолт, энэ хуулийн 18 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.
20.2. Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол жолоочийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран хариуцлагын даатгалын сан, баталгаат сан нь энэ хуулийн 18, 19 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 3 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.
20.3. Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол жолоочийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 18, 19 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 3 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгох, эсхүл тээврийн хэрэгслийг засварлах этгээдэд гэрээний дагуу шилжүүлнэ.
20.4. Хариуцлагын даатгалын сан, баталгаат сан нь хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахдаа хохирогчтой тохиролцсoны дагуу даатгалын үнэлгээнд багтаан эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно.
20.5. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоох хүртэл хохирогчийн хүсэлтийн дагуу нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгож болно.
20.6. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоохоос өмнө хэд хэдэн хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохоор бол эхний удаад хохирогч бүрд ижил хэмжээгээр, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсоны дараа хувь тэнцүүлэн олгоно.
20.7. Хэд хэдэн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан хэмжээнээс хэтэрсэн бол олгох нөхөн төлбөрийг хохирогч бүрд хувь тэнцүүлэн олгоно.
20.8. Хариуцлагын даатгалын сан, баталгаат сан нь хохирогчид олгосон нөхөн төлбөртэй холбоотой мэдээллийг сар бүр цагдаагийн байгууллагад ирүүлэх ба мэдээлэл ирүүлэх, түүнийг хэрэглэх журмыг Үндэсний зөвлөл, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
20.9. Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.
20.10. Энэ хуулийн 5.1, 5.3-т заасан этгээдийн аль нэг нь хариуцлагын даатгалд хамрагдаагүй тохиолдолд олгох нөхөн төлбөрийг төлөх хураамжийн хэмжээнд хувь тэнцүүлэн тооцож хариуцлагын даатгалын сан, баталгаат сангаас тус тус олгоно.
20.11. Энэ хуулийн 5.1-д заасан этгээдийн даатгалд хамрагдсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан энэ хуулийн 5.3-т зааснаас бусад жолооч даатгалын тохиолдол гаргавал даатгалтайд тооцож хохирогчийн хохирлыг барагдуулна.
21 дүгээр зүйл. Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл
21.1. Хариуцлагын даатгалын сан нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:
21.1.1. хохирогчид хохирол учирсан нь жолоочийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;
21.1.2. даатгалын тохиолдол гарсан талаар энэ хуулийн 13.1-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос;
21.1.3. жолооч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн жолоочоос;
21.1.4. жолооч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис х‎эрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол тухайн жолоочоос;
21.1.5. хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс.
21.2. Баталгаат сан нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:
21.2.1. хохирогчид хохирол учирсан нь жолоочийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;
21.2.2. даатгалд хамрагдаагүй жолооч, автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэм буруугаас шалтгаалан хохирогчид хохирол учирсан гэдэг нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн жолоочоос;
21.2.3. даатгалын тохиолдол гаргаад зугтаасан жолоочийн учруулсан хохирлын хувьд тухайн жолоочоос;
21.2.4. хуульд заасан бусад үндэслэл.

ТАВДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН БАТАЛГААТ САН, ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН САНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ЗАРЦУУЛАЛТ
22 дугаар зүйл. Хариуцлагын даатгалын баталгаат сан, хариуцлагын даатгалын сан
22.1. Баталгаат сан, хариуцлагын даатгалын сан нь албан журмын даатгалын бусад хэлбэрийн сангаас тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна. Эдгээр сангийн удирдлагыг Хариуцлагын даатгалын корпораци хэрэгжүүлнэ.
22.2. Хариуцлагын даатгалын корпорци нь баталгаат сан, хариуцлагын даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг жил бүр гаргах бөгөөд уг сангийн үйл ажиллагаа, тайланд Үндэсний зөвлөл хяналт тавина.
22.3. Баталгаат сан, хариуцлагын даатгалын сангийн данс байршуулах, хөрөнгө, зарцуулах журмыг Үндэсний зөвлөл батална.
23 дугаар зүйл. Баталгаат сангийн бүрдүүлэлт
23.1. Баталгаат сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
23.1.1. энэ хуулийн 21.2-т заасны дагуу буцаан нэхэмжилсэн нөхөн төлбөр;
23.1.2. мэдээллийн санг төлбөртэй ашиглуулсны орлого;
23.1.3. зээл, тусламж, хандивын орлого, хуулиар зөвшөөрсөн бусад орлого;
23.1.4. Баталгаат сангийн богино хугацаат хөрөнгө оруулалтын орлого.
23.2. Баталгаат сангийн хөрөнгө үндсэн зорилгоо хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй болсон тохиолдолд Үндэсний зөвлөлийн шийдвэрээр Хариуцлагын даатгалын сангаас хөрөнгө татан төвлөрүүлж болно.
24 дүгээр зүйл. Баталгаат сангийн зарцуулалт
24.1. Баталгаат сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
24.1.1. энэ хуулийн 19.1-д заасан нөхөн төлбөр олгох;
24.1.2. хариуцлагын даатгалын мэдээллийн сан хөтлөх;
24.1.3. энэ хуулийн 19.1-д заасан нөхөн төлбөр олгохтой холбогдсон шуурхай албаны болон баталгаат сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэх;
24.1.4. зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх;
24.1.5. нөхөн төлбөрийн найдваргүй авлагын эрсдлийн сан байгуулах.
24.2. Баталгаат сангийн хөрөнгийг энэ хуулийн 24.1-д зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.
24.3. Энэ хуулийн 24.1.4-т заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд баталгаат сангаас зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг Үндэсний зөвлөл тогтооно.
24.4. Энэ хуулийн 24.1.5-д заасан найдваргүй авлагын эрсдлийн сан байгуулах, олгосон нөхөн төлбөрийг найдваргүй авлагад тооцох, данснаас хасах тухай журмыг Үндэсний зөвлөл батална.
25 дугаар зүйл. Хариуцлагын даатгалын сан, түүний эх үүсвэр
25.1. Хариуцлагын даатгалын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
25.1.1. энэ хуульд заасны дагуу даатгуулагчаас төлсөн хураамжийн орлого;
25.1.2. эхлэлтийн хөрөнгө;
25.1.3. хариуцлагын даатгалын сангийн хөрөнгө оруулалтын орлого;
25.1.4. энэ хуулийн 21.1-д заасны дагуу буцаан нэхэмжилсэн нөхөн төлбөр;
25.1.5. хуульд заасан бусад эх үүсвэр.
25.2. Хариуцлагын даатгалын сангийн хөрөнгийг доор дурдсанаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно:
25.2.1. хохирогчийн хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох;
25.2.2. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
25.2.3. Хариуцлагын даатгалын корпорацийн үйл ажиллагааны зардлын баталгаат сангаас санхүүжилснээс бусад зардлыг санхүүжүүлэх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
26 дугаар зүйл. Хариуцлагын даатгалын корпорацийн эрх зүйн байдал
26.1. Хариуцлагын даатгалын корпораци нь хариуцлагын даатгалын үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, төрийн оролцоотой хуулийн этгээд байна.
26.2. Хариуцлагын даатгалын корпораци нь удирдлага үйл ажиллагаандаа бие даасан, олон нийтэд ил тод байх үндсэн зарчмыг баримтална.
26.3. Хариуцлагын даатгалын корпораци нь Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлагатай байна
26.4. Хариуцлагын даатгалын корпорацийн төв Монгол Улсын нийслэлд байна.
26.5. Хариуцлагын даатгалын корпорацийн дүрмийг Үндэсний зөвлөл батална.
26.6. Хариуцлагын даатгалын корпораци нь тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
26.7. Хариуцлагын даатгалын корпораци нь банкинд харилцах болон хадгаламжийн данстай байна.
26.8. Хариуцлагын даатгалын корпораци нь орон нутагт салбар байгуулж болно.
27 дугаар зүйл. Хариуцлагын даатгалын корпорацийн удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаа, бүрэн эрх
27.1. Хариуцлагын даатгалын корпораци дараах үйл ажиллагаа эрхэлж, бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
27.1.1. хариуцлагын даатгалд хамруулах, гэрээ байгуулах, хураамж тооцож төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
27.1.2. даатгалын тохиолдлын дуудлага хүлээн авч хохирогчийн хохирлыг барагдуулах (авто оношлогоо болон авто үйлчилгээ хийх хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээгээр зохицуулна), хуульд заасан үндэслэлээр олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх;
27.1.3. хариуцлагын даатгал хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл солилцох, актуар тооцоолол хийх, хяналт тавих, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх;
27.1.4. зам тээврийн ослыг бууруулах, хариуцлагын даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан жолооч нарыг давтан сургах, мэргэшүүлэх;
27.1.5. Баталгаат сан болон хариуцлагын даатгалын санг бүрдүүлж, хуульд заасны дагуу захиран зарцуулах, улирал жилийн тайлан гаргах, эрх бүхий байгууллагад тайлагнах;
27.1.6. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
27.1.7. хариуцлагын даатгалыг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх.
27.2. Хариуцлагын даатгалын корпорацийн удирдах дээд байгууллага нь хариуцлагын даатгалын Үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэх/ байна.
27.2.1. Үндэсний зөвлөл долоон гишүүнээс бүрдэх бөгөөд дараах этгээд байна:
27.2.1.1. зам, тээвэр хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон албан тушаалтан Үндэсний зөвлөлийн гишүүн бөгөөд дарга;
27.2.1.2. даатгалын бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүн;
27.2.1.3. автотээврийн бүртгэл, техникийн хяналт хариуцсан байгууллагаас томилогдсон удирдах албан тушаалтан нэг хүн;
27.2.1.4. тээврийн цагдаагийн албаны дарга;
27.2.1.5. даатгуулагчийн төлөөлөл нь мэргэшлийн холбоодоос нэр дэвшиж сонгогдсон хоёр хүн;
27.2.1.6. Корпорацийн гүйцэтгэх захирал.
27.2.2. Үндэсний зөвлөлийн гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд тэдгээрийг нэг удаа улируулан томилж болно.
27.2.3. Үндэсний зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:
27.2.3.1. зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
27.2.3.2. ял шийтгэлгүй;
27.2.3.3. даатгал, эрх зүй, эдийн засаг, авто тээврийн аль нэг чиглэлээр мэргэшсэн;
27.2.3.4. санхүү, даатгал, авто тээврийн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай;
27.2.4. Томилогдсон байгууллагын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн нь Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх үндэслэл болно.
27.2.5. Үндэсний зөвлөлийн ажиллах журмыг Үндэсний зөвлөлийн тогтоолоор батална.
27.2.6. Үндэсний зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
27.2.6.1. хариуцлагын даатгалын корпорацийн дүрмийг баталж, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
27.2.6.2. хариуцлагын даатгалын корпорацийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам, заавар баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
27.2.6.3. Хариуцлагын даатгалын корпорацийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
27.2.6.4. Хариуцлагын даатгалын корпорацийн бүтэц, хариуцлагын даатгалын сан болон баталгаат сангийн үйл ажиллагааны төсөв, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн хэмжээг батлах, гүйцэтгэлд хяналт тавих;
27.2.6.5. Хариуцлагын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлыг томилох, түүнтэй гэрээ байгуулах, чөлөөлөх.
27.3. Хариуцлагын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал:
27.3.1. Хариуцлагын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нь Хариуцлагын даатгалын корпорацийн дүрэм болон Үндэсний зөвлөлөөс баталсан стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна;
27.3.2. Гүйцэтгэх захирлаар энэ хуулийн 27.2.3-д заасан шаардлагыг хангасан санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, даатгалын аль нэг чиглэлээр дээд боловсролтой, эдийн засгийн салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалтнаар ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай хүнийг томилно;
27.3.3. Гүйцэтгэх захирлын эрх, үүргийг Хариуцлагын даатгалын корпорацийн дүрмээр тогтооно.

ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД
28 дугаар зүйл. Хариуцлагын даатгалын үйл ажиллагаанд тавих хяналт
28.1. Үндэсний зөвлөл нь хариуцлагын даатгалын үйл ажиллагааны уялдааг хангаж, хяналт тавина.
28.2. Энэ хуулийн 5.1-5.3 дахь хэсгийн заалтын хэрэгжилтэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба болон автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус хяналт тавина.
28.3. Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийг хилийн бүсэд хариуцлагын даатгалд хамруулах журмыг хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөнөөр Үндэсний зөвлөл батална.
29 дүгээр зүйл. Маргаан шийдвэрлэх журам
29.1. Хариуцлагын даатгалтай холбогдон гарсан маргааныг хариуцлагын даатгалын корпораци болон даатгуулагчийн төлөөллөөс бүрдсэн Даатгалын маргаан шийдвэрлэх зөвлөл шийдвэрлэнэ.
29.2. Даатгалын маргаан шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний зөвлөл батална.
30 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
30.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
30.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
31. Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх