14.1. Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компанийн хэлбэртэй байна.
14.2. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан паркийн удирдлагад дараах шаардлага тавигдана:
14.2.1. төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гурваас доошгүй хараат бус гишүүн байна;
14.2.2. төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газар болон түүнээс эрх олгосон холбогдох этгээд томилж чөлөөлнө;
14.2.3. төлөөлөн удирдах зөвлөл дэх төрийн өмчийн төлөөлөл нь тусгай зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналт тавих төрийн захиргааны төв байгууллага, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон паркийн үйл ажиллагаатай холбоотой бусад төрийн захиргааны байгууллагын төлөөллөөс бүрдэнэ;
14.2.4. паркийн гүйцэтгэх удирдлагыг дөрвөн жилийн хугацаагаар төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө;
14.2.5. хуульд заасан бусад шаардлага.
14.3. Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4-т заасан паркийн гүйцэтгэх удирдлага нь хуульд зааснаас бусад ажил давхар эрхлэхийг хориглоно.
14.4. Паркийн удирдлага дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
14.4.1. төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах;
14.4.2. паркийн нэгжтэй техник, эдийн засгийн үндэслэл, техник, технологийн түвшний үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах
14.4.3. энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасны дагуу гэрээ байгуулснаар паркийн нэгжид үйлчилгээ үзүүлсний хураамж авах;
14.4.4. паркийн үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх;
14.4.5. паркийн зориулалтаар олгогдсон тусгай хэрэгцээний газрыг зориулалтын дагуу ашиглах, паркийн нэгжид газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулах;
14.4.6. энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан мэдээллийн санд холбогдох, мэдээллийн сангаас паркийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх, авах;
14.4.7. энэ хуулийн дагуу үзүүлэх дэмжлэгийг авах.
14.5. Паркийн нэгж дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
14.5.1. паркийн удирдлагатай энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, 14.4.5-д заасан гэрээ байгуулж, паркийн удирдлагыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
14.5.2. энэ хуулийн дагуу үзүүлэх дэмжлэгийг авах;
14.5.3. энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан мэдээллийн санд холбогдох, мэдээллийн сангаас паркийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх, авах;
14.5.4. энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-т заасан гэрээний дагуу холбогдох хураамжийг төлөх;
14.5.5. паркийн удирдлагатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах.
14.6. Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.5-д заасан гэрээнд ашиглуулах газрын хэмжээ, байршил, хугацааг тусгасан байна.
14.7. Паркийн нэгжээс паркийн удирдлагад төлөх хураамжийн хэмжээ, төлөх журмыг Засгийн газар тогтооно.
14.8. Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан этгээд нь паркийн удирдлагаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.