Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11-р сарын 18 өдөр
Улаанбаатар хот
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго, зарчим болон төрлийг тогтоох, паркийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, төрөөс үзүүлэх дэмжлэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний удирдлага, нэгжийн үйл ажиллагааны зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна.
3.2. Үйлдвэрлэл, технологийн паркийн хот байгуулалт, дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “үйлдвэрлэл, технологийн парк” /цаашид “парк” гэх/ гэж үйлдвэрлэл, технологийн хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх тусгайлсан нутаг дэвсгэр, бизнесийн таатай орчин, дэд бүтцийн хангамж бүхий, тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан уялдсан үйлдвэрлэл, технологийн цогцолборыг;
4.1.2. .“паркийн удирдлага” гэж паркийн үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг;
4.1.3. паркийн нэгж” гэж паркийн удирдлагатай байгуулсан гэрээний үндсэн дээр паркийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд, бизнес инкубатор, сургалт, судалгаа хөгжлийн болон бусад этгээдийг;
4.1.4. судалгаа хөгжлийн байгууллага” гэж паркт шинжлэх ухаан, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, туршилт, зохион бүтээх ажил явуулах, дэвшилтэт техник, технологийг дамжуулах, нутагшуулах үүрэг бүхий байгууллагыг;
4.1.5. “паркийн дэд бүтэц” гэж паркийн нутаг дэвсгэрт эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам бүхий цогцолборыг.
5 дугаар зүйл. Паркийн зорилго, төрөл, зарчим
5.1. Паркийг дараах зорилгоор байгуулна:
5.1.1. шинэ, дэвшилтэт болон өндөр технологи дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах;
5.1.2. байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
5.1.3. улсын болон бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих;
5.1.4. .жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хөгжих орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох;
5.1.5. хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
5.1.6. экспортын болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
5.2. Парк нь дараах төрөлтэй байна:
5.2.1. Стратегийн ач холбогдол бүхий үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн өмчит парк;
5.2.2. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д зааснаас бусад парк.
5.3. Парк нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.3.1. өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх;
5.3.2. ашиг сонирхлоос ангид байх;
5.3.3. үр ашигтай байх;
5.3.4. ил тод, нээлттэй байх;
5.3.5. тогтвортой, тасралтгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ПАРКИЙН ТАЛААР ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1. Улсын Их Хурал паркийн үйл ажиллагаа эрхлэх нийгэм, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлно.
7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1. Засгийн газар паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. паркийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
7.1.2. энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
7.1.3. энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан паркийн удирдлагыг байгуулах, дүрмийг батлах;
7.1.4. паркийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих асуудлаар холбогдох дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх;
7.1.5. энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан паркийн удирдлагад газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэх;
7.1.6. энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан газрыг Газрын тухай хуулийн 16.1.16-д заасны дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тусгай хэрэгцээнд авах;
7.1.7. паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрлийн жагсаалтыг үйлдвэржүүлэлт, инновацийн бодлого, орон нутгийн дэд бүтцийн хөгжил, түүхий эд, ажиллах хүчний нөөц, зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан тогтоох, шинэчлэх;
7.1.8. хуульд заасан бусад бүрэн эрх.
8 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1. Засгийн газрын тухай хуульд заасан хүнд, хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. харьяалах асуудлаар паркийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, хяналт тавих;
8.1.2. хөгжлийн бодлого, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох;
8.1.3. паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар санал боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлэх;
8.1.4. паркийн удирдлагатай гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, дүгнэх;
8.1.5. паркийн удирдлага болон түүний нэгжийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий зөвлөл байгуулах, түүний дүрмийг батлах;
8.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.
9 дүгээр зүйл. Төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
9.1. Үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. паркийн мэдээллийн сан үүсгэх, түүнийг баяжуулах;
9.1.2. паркийн мэдээллийн сан бүрдүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт бичиг, тайланг паркийн удирдлага, нэгж зэрэг паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хамаарал бүхий этгээдээс гаргуулан авах;
9.1.3. хуулиар хориглоогүй мэдээллийг энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан сангаас нийтэд тогтмол мэдээлэх, төрийн эрх бүхий байгууллагуудтай мэдээлэл солилцох;
9.1.4. паркаас эдийн засаг, нийгмийн салбарт үзүүлж байгаа нөлөөллийг судлах, үнэлэх, дүгнэлт гаргах;
9.1.5. паркийн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн талаар судлах, эрэлт, хэрэгцээ, хэтийн төлөвийг тодорхойлох;
9.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.
10 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
10.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1. тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2-т заасан паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох;
10.1.2. паркийн үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сан байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих;
10.1.3. энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2-т заасан паркийн газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16-д заасны дагуу тусгай хэрэгцээнд авах;
10.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.
11 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
11.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1. паркийн үйл ажиллагааг дэмжих орон нутгийн хөтөлбөр батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
11.1.2. паркийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлд хяналт тавих;
11.1.3. холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн паркийн удирдлагад газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэн, гэрээ байгуулах;
11.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
12 дугаар зүйл. Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах
12.1. Дараах шаардлагыг хангасан хуулийн этгээд парк байгуулах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
12.1.1. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан байх;
12.1.2. Монгол Улсад татвар төлөгч байх;
12.1.3. паркийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүү, эдийн засаг, технологи, менежментийн чадавхтай байх;
12.1.4. энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан паркийн үйл ажиллагаа явуулах этгээд нь төрийн өмчит хуулийн этгээд байх.
12.2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна доор дурдсан баримт бичгийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:
12.2.1. паркийн техник, эдийн засгийн үндэслэл;
12.2.2. паркийн хөгжлийн төлөвлөгөө;
12.2.3. паркийн техник, технологийн түвшний үнэлгээ;
12.2.4. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
12.2.5. гэрээ байгуулах паркийн нэгжийн жагсаалт;
12.2.6. тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын санал.
12.3. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн олгоно.
12.4. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан тусгай зөвшөөрлийг 15 хүртэл жилийн хугацаатайгаар олгоно.
12.5. Тусгай зөвшөөрлийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага паркийн удирдлагатай тусгай зөвшөөрлийн хугацаагаар гэрээ байгуулна.
12.6. Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасан гэрээг жил бүр дүгнэж, Засгийн газарт танилцуулна.
12.7. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасан хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтээ, холбогдох баримт бичгийн хамт төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
12.8. Төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д заасан хүсэлтийг хүлээн авч, гэрээг дүгнэн, үр ашигтай хэрэгжүүлсэн гэж үзсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг 15 хүртэл жилийн хугацаагаар сунгах саналыг гаргаж, Засгийн газар уг саналыг үндэслэн сунгах эсэхийг шийдвэрлэнэ.
13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
13.1. Холбогдох хуульд заасан эрх бүхий байгууллага паркийн үйл ажиллагаанд дараах зөрчил илэрсэн талаар дүгнэлт гаргасан тохиолдолд тухайн хуулийн этгээдэд олгосон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналаа төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
13.1.1. паркийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа эрхлээгүй болон төлөвлөгөөнд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн;
13.1.2. төрөөс үзүүлсэн дэмжлэгийг зориулалтын бусаар ашигласан;
13.1.3. гэрээнд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа эхлээгүй;
13.1.4. хууль болон гэрээнд заасан бусад тохиолдолд.
13.2. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан дүгнэлтийг үндэслэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, сэргээнэ.
13.3. Энэ хуулийн 18 дугаар зүйл, эсхүл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
13.4. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу хүчингүй болсон тусгай зөвшөөрлийг шүүхийн журмаар сэргээсэн эсхүл энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан бол тусгай зөвшөөрлийн хугацааг үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан хугацаагаар тооцож сэргээнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ПАРКИЙН УДИРДЛАГА, НЭГЖ ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
14 дүгээр зүйл. Паркийн удирдлага, түүний эрх, үүрэг
14.1. Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компанийн хэлбэртэй байна.
14.2. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан паркийн удирдлагад дараах шаардлага тавигдана:
14.2.1. төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гурваас доошгүй хараат бус гишүүн байна;
14.2.2. төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газар болон түүнээс эрх олгосон холбогдох этгээд томилж чөлөөлнө;
14.2.3. төлөөлөн удирдах зөвлөл дэх төрийн өмчийн төлөөлөл нь тусгай зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналт тавих төрийн захиргааны төв байгууллага, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон паркийн үйл ажиллагаатай холбоотой бусад төрийн захиргааны байгууллагын төлөөллөөс бүрдэнэ;
14.2.4. паркийн гүйцэтгэх удирдлагыг дөрвөн жилийн хугацаагаар төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө;
14.2.5. хуульд заасан бусад шаардлага.
14.3. Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4-т заасан паркийн гүйцэтгэх удирдлага нь хуульд зааснаас бусад ажил давхар эрхлэхийг хориглоно.
14.4. Паркийн удирдлага дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
14.4.1. төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах;
14.4.2. паркийн нэгжтэй техник, эдийн засгийн үндэслэл, техник, технологийн түвшний үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах
14.4.3. энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасны дагуу гэрээ байгуулснаар паркийн нэгжид үйлчилгээ үзүүлсний хураамж авах;
14.4.4. паркийн үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх;
14.4.5. паркийн зориулалтаар олгогдсон тусгай хэрэгцээний газрыг зориулалтын дагуу ашиглах, паркийн нэгжид газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулах;
14.4.6. энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан мэдээллийн санд холбогдох, мэдээллийн сангаас паркийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх, авах;
14.4.7. энэ хуулийн дагуу үзүүлэх дэмжлэгийг авах.
14.5. Паркийн нэгж дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
14.5.1. паркийн удирдлагатай энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, 14.4.5-д заасан гэрээ байгуулж, паркийн удирдлагыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
14.5.2. энэ хуулийн дагуу үзүүлэх дэмжлэгийг авах;
14.5.3. энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан мэдээллийн санд холбогдох, мэдээллийн сангаас паркийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх, авах;
14.5.4. энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-т заасан гэрээний дагуу холбогдох хураамжийг төлөх;
14.5.5. паркийн удирдлагатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах.
14.6. Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.5-д заасан гэрээнд ашиглуулах газрын хэмжээ, байршил, хугацааг тусгасан байна.
14.7. Паркийн нэгжээс паркийн удирдлагад төлөх хураамжийн хэмжээ, төлөх журмыг Засгийн газар тогтооно.
14.8. Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан этгээд нь паркийн удирдлагаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.
15 дугаар зүйл. Паркийн үйл ажиллагааны орлого
15.1. Паркийн удирдлагын үйл ажиллагаа нь дараах орлогоос санхүүжнэ:
15.1.1. өөрийн үйл ажиллагааны орлого;
15.1.2. паркийн нэгжид үйлчилгээ үзүүлсний хураамж;
15.1.3. хуулиар зөвшөөрсөн бусад.

ТАВДУГААР БҮЛЭГ
ПАРКТ ТАВИГДАХ ШААРДЛАГА, ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
16 дугаар зүйл. Паркт тавигдах шаардлага
16.1. Парк нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
16.1.1. бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;
16.1.2. хот байгуулалтын норм, дүрэм, стандартыг хангасан байх;
16.1.3. паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах этгээдэд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа явуулах таатай, тогтвортой орчинг бүрдүүлсэн байх;
16.1.4. байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай байх;
16.1.5. төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах;
16.1.6. хуульд заасан бусад.
16.2. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан парк нь энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна:
16.2.1. паркийн нутаг дэвсгэр нь авто зам, төмөр зам зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой байх;
16.2.2. паркийн нутаг дэвсгэрт хэрэгжих төсөл хөтөлбөр, түүний дэд бүтэц, бүтээн байгуулалтад шаардлагатай усан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдсан байх;
16.2.3. улс, орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх;
16.2.4. хуульд заасан бусад.
16.3. Парк нь сургалт, судалгаа хөгжлийн болон бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай байж болно.
17 дугаар зүйл. Паркийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дэмжлэг
17.1. Паркийн үйл ажиллагаанд төрөөс дараах төрлийн дэмжлэгийг үзүүлж болно:
17.1.1. паркийн удирдлага, паркийн нэгжийн үйл ажиллагаанд татварын дэмжлэг үзүүлэх;
17.1.2. паркийн үйл ажиллагааг төрөөс дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;
17.1.3. паркийн дэд бүтэц, барилга байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгүүлэх;
17.1.4. стратегийн ач холбогдол бүхий үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын бонд болон холбогдох бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх;
17.1.5. паркийн нутаг дэвсгэрт гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат үйлдвэр байгуулах;
17.1.6. төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор шаардлагатай зөвшөөрөл, авахад дэмжлэг үзүүлэх;
17.1.7. гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;
17.1.8. паркийн удирдлага, нэгж үйлдвэрлэлийн ажилчдыг сургах, дадлагажуулах зорилгоор гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ үзүүлсэн бол ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх;
17.1.9. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах;
17.1.10. хууль заасан бусад дэмжлэг.
17.2. Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үзүүлнэ.
17.3. Доор дурдсан тохиолдолд паркийн нэгжид төрөөс үзүүлсэн дэмжлэгийг цуцалж, төсөвт бий болсон татварын зарлагыг буцаан төлүүлнэ:
17.3.1. паркийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө дампуурснаас бусад шалтгаанаар татан буугдсан;
17.3.2. паркийн нэгж нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 12 сарын хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй;
17.3.3. паркийн нэгж нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дараалсан 24 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь тасалдсан, зогссон.
17.4. Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.2, 17.3.3-т заасан нөхцөл байдал нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан бий болсон бол паркийн нэгж нь татварын зарлагыг буцаан төлөхгүй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
18 дүгээр зүйл. Паркийн үйл ажиллагаанд хориглох зүйл
18.1. Паркт дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
18.1.1. согтууруулах ундааны үйлдвэрлэл;
18.1.2. тамхины үйлдвэрлэл;
18.1.3. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын үйлдвэрлэл;
18.1.4. хуулиар хориглосон химийн хорт, цацраг идэвхт бодис ашиглах үйлдвэрлэл;
18.1.5. байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх боломжгүй үйл ажиллагаа;
18.1.6. хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа.
18.2. Паркийн удирдлага нь паркийн нэгжид хувь эзэмших, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцох, паркийн нэгжтэй ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэн явуулахыг хориглоно.
19 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох