15.1. Удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй байх бөгөөд Улсын Их Хурлаас томилж, чөлөөлнө.
15.2. Удирдах зөвлөлийн дарга нь орон тооны, бусад гишүүд (цаашид хамтад нь “гишүүн” гэх) орон тооны бус байна.
15.3. Гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд нэг удаа улируулан томилж болно.
15.4. Гишүүний бүрэн эрх Улсын Их Хурлаас томилсноор эхэлж, дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно.
15.5. Удирдах зөвлөлийн дарга нь Улсын Их Хурлын Даргын нэр дэвшүүлсэн орон тооны гишүүн байна.
15.6. Гишүүн нь банк, санхүү, эдийн засаг, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн, эдгээр салбарын хяналт зохицуулалт, ажлын дадлага туршлагатай, ёс зүйн хувьд төлөвшсөн, дараах шаардлагыг хангасан иргэн байна:
15.6.1. Монгол Улсын 30 нас хүрсэн иргэн, ял шийтгэлгүй;
15.6.2. банк, санхүү, эдийн засаг, хууль зүйн мэргэжлээр магистрын болон түүнээс дээш зэрэг, цолтой.
15.6.3. Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, төрийн улс төрийн бусад албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, төрийн захиргааны албан тушаалтан бус байх;
15.6.4. сүүлийн таван жилийн хугацаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй байх.
15.7. Гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран батална.
15.8. Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
15.9. Энэ хуулийн 15.7-т заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.
15.10. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо нь ажлын хэсэг байгуулж, 60 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна.
15.11. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, гишүүнээр томилох саналаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
15.12. Гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол 14 хоногийн дотор энэ хуульд заасан журмын дагуу дахин сонгон шалгаруулалт зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан иргэдээс дарааллын зарчмаар өөр иргэний нэрийг дэвшүүлнэ.
15.13. Гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол тухайн иргэнийг дахин нэр дэвшүүлэхгүй.
15.14. Гишүүнийг томилохдоо жендэрийн тэгш байдлыг харгалзан үзэх бөгөөд энэ хуулийн 15.1-д заасан гишүүний 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.
15.15. Гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө хуульд заасан үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, огцорсон, нас барсан тохиолдолд Улсын Их Хурал 60 хоногийн дотор энэ хуульд заасны дагуу нөхөн томилно.
15.16. Удирдах зөвлөлийн даргын түр эзгүйд гишүүдээс хамгийн удаан жил ажилласан гишүүн, энэхүү шаардлагыг хэд хэдэн гишүүн хангаж байвал тэдгээрийн хамгийн ахмад настай гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
15.17. Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг дор дурдсанаас бусад тохиолдолд үүрэгт ажлаас чөлөөлөхийг хориглоно:
15.17.1. ёс зүйн ноцтой зөрчил гаргасан;
15.17.2. эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
15.17.3. өөрөө хүсэлт гаргасан;
15.17.4. гэмт хэрэг үйлдсэн болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон.
15.18. Удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь омбудсманы маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглоно.
15.19. Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.19.1. омбудсманы хараат бус, бие даасан байдлыг хангах;
15.19.2. омбудсманы үйл ажиллагааны үр дүн болон үр ашигт байдалд хяналт тавих;
15.19.3. омбудсман болон ажлын албаны орон тоо, цалин хөлсний хэмжээг үндэслэлтэй тогтоох;
15.19.4. омбудсманы сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, омбудсманыг томилох, чөлөөлөх;
15.19.5. омбудсманы ёс зүйн дүрэм, маргаан шийдвэрлэх журмыг батлах;
15.19.6. санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын гүйцэтгэлийн жилийн төлөвлөгөөг батлах;
15.19.7. санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Улсын Их Хуралд хүргүүлэх;
15.19.8. Зохицуулагч байгууллагатай зөвшилцөн Санхүүгийн омбудсманы үйл ажиллагааны журмыг батлах.
15.20. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дэгээ өөрөө тогтооно.
15.21. Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
15.22. Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага гомдол, маргаан шийдвэрлэсэн талаарх статистик мэдээллийг улирал тутам гаргаж дараа улирлын эхний 10 хоногийн дотор Улсын Их Хурал, Зохицуулагч байгууллагад хүргүүлнэ.
15.23. Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага энэ хуулийн 15.22-т заасан статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж санал, дүгнэлтийг Зохицуулагч байгууллагад хүргүүлнэ.