Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 4-р сарын 09 өдөр
Ulaanbaatar city
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.7 дахь заалт нэмсүгэй:
“3.1.7.“хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүгч, прокурор, шүүгчийн туслахаар ажиллах, нотариатчийн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулийн этгээдэд хуульч ажиллахаар заасан ажил, албан тушаал эрхлэхийг.”
2 дугаар зүйл. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 57, 58 дугаар зүйлийг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:
“57 дугаар зүйл.Эрх зүйн бакалаврын сургалтын хөтөлбөр
57.1. Эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллага нь үндсэн ангийн сургалтын хөтөлбөрөөр эрх зүйч бэлтгэхэд бакалавар, эчнээ, оройн сургалтын хөтөлбөрөөр суралцагчид дэд бакалавр зэрэг олгоно.
57.2. Эрх зүйн бакалаврын хөтөлбөр нь суралцагчаас Дээд боловсролын тухай хуульд заасан багц цагийн хүрээнд судлах ерөнхий суурь хичээлээс гадна хууль зүйн мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг 90-ээс доошгүй багц цаг судлахыг шаардана.
57.3. Суралцагч энэ хуулийн 57.2-т заасан хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх хичээлийг хууль зүйн сургуульд гурваас доошгүй жил судална.
57.4. Эчнээ, оройн сургалтын хөтөлбөрөөр суралцаж дэд бакалаврын зэрэг авсан этгээд нь үргэлжлүүлэн суралцаж, энэ хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр бакалаврын зэрэг авч болно.
57.5. Энэ хуулийн 57.3-т заасан хөтөлбөрийн багц цагийн заавал судлах болон сонгон судлах хичээлийн 40 хувь нь хувийн эрх зүйн чиглэлийн хичээл байна.
57.6. Суралцагч энэ хуулийн 57.3-т заасны дагуу хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшиж төгсөхдөө судалсан нийт багц цагийн 30-аас доошгүй хувь нь хувийн эрх зүйн чиглэлийн хичээл байна.
58 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
58.1. Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөр нь энэ хуульд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн байна.
58.2. Энэ хуулийн 58.1-д заасан магадлан итгэмжлэлийг Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэх ажлын хэсэг байгуулах замаар хэрэгжүүлнэ. Магадлан итгэмжлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуульч эрдэмтэд, магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр бүхий хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл ажиллана.
58.3. Магадлан итгэмжлэх ажлын хэсгийн ажиллах журам, сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, магадлан итгэмжлэлийн төлбөрийн хэмжээг Хуульчдын холбооны саналыг үндэслэн хууль зүйн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
58.4. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг 5 жил тутамд хийлгэнэ.
58.5. Магадлан итгэмжлэл хийлгэхээр хүсэлт гаргасан хууль зүйн сургууль энэ хуулийн 58.2-т заасан сургалтын хөтөлбөрт тавих шаардлагын дийлэнх шаардлагыг хангасан бөгөөд цаашид хоёр жилээс ихгүй хугацаанд шаардлагыг бүрэн хангах талаар үндэслэл бүхий төлөвлөгөө, хүсэлт ирүүлсэн тохиолдолд тухайн хөтөлбөрийг тодорхой болзолтойгоор магадлан итгэмжилж болно.”

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

П. САЙНЗОРИГ

П. САЙНЗОРИГ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх