4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. .“кибер орон зай” гэж интернэт болон бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, тэдгээрийн ажиллагааг хангах мэдээллийн дэд бүтцийн харилцан хамааралтай цогцоос бүрдсэн биет болон биет бус талбарыг;
4.1.2. “кибер орчин” гэж мэдээлэл, өгөгдөлд хандах, нэвтрэх, цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг;
4.1.3. “өгөгдөл” гэж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төхөөрөмж, программ хангамж, цахим үйлчилгээний ажиллагаанд үүссэн, боловсруулагдсан, хадгалагдсан, дамжуулагдсан, ашиглагдсан цахим буюу машин унших боломжтой хэлбэрээр илэрхийлэгдсэн мэдээллийг;
4.1.4. “мэдээллийн систем” гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.1-т заасныг;
4.1.5. “мэдээллийн сүлжээ” гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.2-т заасныг;
4.1.6. .“мэдээллийн дэд бүтэц” гэж мэдээлэл, өгөгдөл боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, хамгаалах, үйлчилгээ үзүүлэх зориулалттай мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, дата төв, үүлэн үйлчилгээ, тэдгээрийн үйл ажиллагааг хангах харилцан хамааралтай техникийн болон зохион байгуулалтын цогцыг;
4.1.7. “мэдээллийн хөрөнгө” гэж байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, шийдвэр гаргалт, эрх, үүргийн хэрэгжилтэд үнэ цэн бүхий мэдээлэл, өгөгдөл, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, баримт бичиг, үйлчилгээ болон тэдгээртэй холбоотой эрх, хандалт, тохиргоог;
4.1.8. “үндсэн үйлчилгээ” гэж тасалдах, доголдох, эсхүл ашиглах боломжгүй болох тохиолдолд онц чухал буюу чухал мэдээллийн дэд бүтэцтэй этгээдийн үндсэн чиг үүрэг, хэрэглэгчийн эрх, олон нийтийн үйлчилгээ, нийгэм, эдийн засгийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлөх үйлчилгээг;
4.1.9. “үндсэн өгөгдөл” гэж онц чухал буюу чухал үйлчилгээний тасралтгүй ажиллагаа, хэрэглэгчийн эрх, төрийн мэдээллийн сан, төлбөр тооцоо, бүртгэл, шийдвэр гаргалт, мэдээллийн дэд бүтцийн хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай өгөгдлийг;
4.1.10. “кибер сөрөн тэсвэрлэх чадавх” гэж кибер орчин дахь халдлагыг сөрөн зогсох, даван гарах, хариу арга хэмжээ авах, тасралтгүй ажиллагааг хангах, сэргээн ажиллуулах, мэдээлэл, өгөгдөл, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, үйлчилгээ, мэдээллийн дэд бүтцийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй болон тасралтгүй байдлыг хангах цогц үйл явцыг;
4.1.11. “кибер занал” гэж мэдээлэл, өгөгдөл, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, үйлчилгээ, мэдээллийн дэд бүтцийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй болон тасралтгүй байдалд сөрөг нөлөөлөл учруулж болзошгүй нөхцөл, үйлдэл, үйл ажиллагаа, техникийн арга хэрэгсэл, эмзэг байдал ашиглах боломжийг;
4.1.12. .“кибер эрсдэл” гэж кибер орчин дахь кибер занал, эмзэг байдал, алдаа, буруу тохиргоо, хүний хүчин зүйл, гуравдагч этгээд, байгалийн болон техникийн шалтгаанаас мэдээлэл, өгөгдөл, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, үйлчилгээ, мэдээллийн дэд бүтэц, байгууллага, хүн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл учрах магадлал болон түүнээс үүдэн гарах үр дагаврыг;
4.1.13. “кибер зөрчил” гэж мэдээлэл, өгөгдөл, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, үйлчилгээ, мэдээллийн дэд бүтцийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдалд зөвшөөрөлгүй хандах, нөлөөлөх, өөрчлөх, устгах, саатуулах, эсхүл уг эрсдэлийг бодитоор үүсгэсэн үйлдэл, эс үйлдэхүйг;
4.1.14. .“кибер халдлага” гэж мэдээлэл, өгөгдөл, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, үйлчилгээ, мэдээллийн дэд бүтцийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдалд зөвшөөрөлгүй нэвтрэх, нөлөөлөх, өөрчлөх, устгах, хуулбарлах, саатуулах, тасалдуулах, хяналт тогтоох зорилготой санаатай үйлдлийг;
4.1.15. .“ноцтой кибер халдлага, зөрчил” гэж энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан кибер халдлага, зөрчлийг;
4.1.16. “онц чухал мэдээллийн дэд бүтэц” гэж тасалдах, алдагдах, гэмтэх, халдлагад өртөх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэнд, санхүү, эрчим хүч, харилцаа холбоо, төрийн үйлчилгээ, нийгэм, эдийн засгийн хэвийн ажиллагаанд ноцтой хохирол учруулж болзошгүй мэдээллийн дэд бүтцийг;
4.1.17. “онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй этгээд” гэж энэ хуульд заасан шалгуурын дагуу онц чухал мэдээллийн дэд бүтэц ашиглаж, эзэмшиж, эсхүл хариуцаж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.18. “чухал мэдээллийн дэд бүтэц” гэж тасалдах, алдагдах, гэмтэх, халдлагад өртөх тохиолдолд олон нийт, эдийн засаг, тодорхой салбар, үйлчилгээний хэвийн ажиллагаанд энэ хуулийн 7.1.4-т заасан журмын босго үзүүлэлтэд хүрэх сөрөг нөлөө үзүүлэх боловч онц чухал мэдээллийн дэд бүтцийн шалгуурт бүрэн хамаарахгүй мэдээллийн дэд бүтцийг;
4.1.19. .“чухал мэдээллийн дэд бүтэцтэй этгээд” гэж энэ хуульд заасан шалгуурын дагуу чухал мэдээллийн дэд бүтэц ашиглаж, эзэмшиж, эсхүл хариуцаж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.20. “кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төв” гэж кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, мэдээллийн системийг нөхөн сэргээх, шинжлэх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төв, нэгжийг;
4.1.21. .“салбарын эрх бүхий байгууллага” гэж тухайн салбарын бодлого, зохицуулалт, хяналт, бүртгэл, зөвшөөрөл, эсхүл үйл ажиллагааны уялдааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн байгууллагыг;
4.1.22. .“салбарын мэдээлэл солилцоо, дүн шинжилгээний төв” гэж тухайн салбарын байгууллагууд кибер занал, эмзэг байдал, халдлагын үзүүлэлт, сургамж, сайн туршлага, эрсдэлийн мэдээллийг итгэлцэл, нууцлалын дэглэмийн хүрээнд солилцох, нэгтгэн дүн шинжилгээ хийх, түгээх зорилготой төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтцийг;
4.1.23. “аюулын мэдээлэл” гэж кибер халдлага, кибер занал, эмзэг байдал, халдлагын үзүүлэлт, арга барил, нөлөөлөл, эрсдэлийн түвшин, нөхцөл байдлын үнэлгээ, хамгаалах арга хэмжээний талаарх мэдээллийг;
4.1.24. .“халдлагын үзүүлэлт” гэж кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таних, баталгаажуулах, хянах, хариу арга хэмжээ авахад ашиглагдах интернэт протоколын хаяг, домэйн нэр, холбоос, файл, хэш утга, команд удирдлагын хаяг, техникийн бүртгэлийн мэдээлэл, халдлагын арга барил болон бусад техникийн шинж тэмдгийг;
4.1.25. .“мэдэгдэл” гэж кибер халдлага, зөрчил гарсан, эсхүл гарах бодит эрсдэл бий болсон талаар энэ хуульд заасан этгээдээс Кибер аюулгүй байдлын үндэсний төв, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх холбогдох төв, эсхүл эрх бүхий байгууллагад хүргүүлсэн мэдээллийг;
4.1.26. .“интернэт протоколын хаяг” гэж интернэт протоколд суурилсан мэдээллийн сүлжээнд холбогдсон төхөөрөмж, мэдээллийн систем, үйлчилгээний хаягийг танихад ашиглах тоон болон тэмдэгтийн хаягийг;
4.1.27. .“техникийн бүртгэлийн мэдээлэл” гэж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төхөөрөмж, программ хангамж, үйлчилгээ, хэрэглэгчийн хандалт, холболт, үйлдэл, алдаа, тохиргоо, аюулгүй байдлын үйл явдлын огноо, цаг, эх үүсвэр, чиглэл, төлөв, үйлдлийн төрлийг автоматаар бүртгэсэн мэдээллийг;
4.1.28. .“хортой урсгал” гэж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, үйлчилгээний хэвийн ажиллагааг саатуулах, зөвшөөрөлгүй хандах, өгөгдөл өөрчлөх, устгах, дамжуулах, хортой код ажиллуулах, команд удирдлагын холбоо тогтоох шинж бүхий өгөгдлийн урсгал, холболтын оролдлого, дамжуулалтыг;
4.1.29. .“эмзэг байдал” гэж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, программ хангамж, техник хангамж, үйл ажиллагааны дараалал, хүний хүчин зүйлд байгаа бөгөөд кибер халдлага, зөрчил, доголдол үүсгэхэд ашиглагдаж болзошгүй сул тал, алдаа, буруу тохиргоог;
4.1.30. “техникийн эмзэг мэдээлэл” гэж кибер халдлага үйлдэх, хамгаалалтын арга хэмжээг тойрч гарах, мэдээлэл, өгөгдөл, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, үйлчилгээ, мэдээллийн дэд бүтцэд зөвшөөрөлгүй хандахад ашиглагдаж болзошгүй эмзэг байдал, тохиргоо, нэвтрэх эрх, түлхүүр, сүлжээний бүтэц, хамгаалалтын арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг;
4.1.31. “эмзэг байдлыг зохицуулалттай ил болгох” гэж эмзэг байдлыг олж тогтоосон этгээд түүнийг энэ хуульд заасан сувгаар хариуцсан этгээдэд мэдээлж, засварлах боломж олгох, мэдээлэл, өгөгдөл, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, үйлчилгээ, мэдээллийн дэд бүтцэд хор хохирол учруулахгүйгээр шийдвэрлэх ажиллагааг;
4.1.32. .“кибер эрсдэлийн үнэлгээ” гэж мэдээллийн хөрөнгө, кибер занал, эмзэг байдал, магадлал, нөлөөлөл, эрсдэлийн түвшин, эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхойлох үйл ажиллагааг;
4.1.33. “кибер сөрөн тэсвэрлэх чадавхийн аудит” гэж байгууллагын мэдээлэл, өгөгдөл, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, үйлчилгээ, мэдээллийн дэд бүтэц, үйл ажиллагааны дараалал, удирдлага, хяналт, хамгаалалтын арга хэмжээ хууль, стандарт, гэрээ, дотоод бодлогын шаардлага хангаж байгаа эсэхийг хараат бус байдлаар үнэлэх үйл ажиллагааг;
4.1.34. .“нийлүүлэлтийн сүлжээний кибер эрсдэл” гэж нээлттэй эхийн болон хаалттай программ хангамж, техник хангамж, үүлэн үйлчилгээ, гуравдагч этгээд, туслан гүйцэтгэгч, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч, программ хангамжийн ашиглах эрх, засвар, шинэчлэлт, үйлчилгээтэй холбоотой кибер эрсдэлийг;
4.1.35. “томоохон өөрчлөлт” гэж үндсэн үйлчилгээний тасралтгүй ажиллагаа, өгөгдлийн боловсруулалт, хандалтын удирдлага, мэдээллийн сүлжээний бүтэц, гуравдагч этгээдийн хамааралд нөлөөлөх өөрчлөлтийг;
4.1.36. .“кибер хямрал” гэж энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан нөхцөл үүссэний улмаас үндэсний хэмжээний кибер сөрөн тэсвэрлэх чадавх, онц чухал болон чухал мэдээллийн дэд бүтцийн тасралтгүй ажиллагаанд ноцтой эрсдэл үүссэн байдлыг;
4.1.37. .“идэвхтэй кибер ажиллагаа” гэж Монгол Улсын батлан хамгаалах зорилгоор эрх бүхий удирдлагын бичгээр олгосон шийдвэр, хууль зүйн дүгнэлт, эрсдэлийн үнэлгээ, хяналтын дэглэмийн үндсэн дээр кибер орчинд зорилтот нөлөөлөл үзүүлэх, саармагжуулах, таслан зогсоох, хязгаарлах, хууран саатуулах зорилготой ажиллагааг;
4.1.38. “Кибер командлал” гэж Зэвсэгт хүчний тухай хуулийн 7.3-т заасан кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан төрлийн цэргийн командлалыг.